Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль дуусахад дөрвөн хоног үлдлээ

2015 оны 04 сарын 21

 

МЗХ 12 жилийн дараа буюу өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд V их хурлаа зохион байгуулж, 37 тогтоол баталсан. Үүний нэг нь Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах тухай тогтоол юм. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах сонгууль дуусахад дөрвөн хоног үлджээ.  Монголынхоо хөгжлийг хөтлөх зуун зуун залуус өөрсдийн нэрийг дэвшүүлж сонгуульдаа идэвхтэй оролцсоор байна. Тэдгээрийн нэг бол МУ-ын Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү. Тэрбээр МЗХ-ны дэд ерөнхийлөгчид өөрийн нэрийг дэвшүүлжээ. Үндэсний залуучуудын зөвлөл залуучуудын эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай монгол залуусын хамгийн том нэгдэл байх юм. Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар олон олон асуудлыг хэлэлцэхийн  нэг нь улс төрчдийн хар жагсаалт. Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж цугласан залуус хар жагсаалтыг боловсруулан баталж, олон нийтэд танилцуулна. Энэ нийгмийн болж, бүтэхгүй болгоны уг үндэс нь улс төр, улстөрчид юм бол шинэчлэлийн их ажил ч тэр зүгээс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль залуу хүн бүрт нээлттэй тул та өөрийн нэрийг дэвшүүлээрэй.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба