СУРГУУЛИЙН ГАЗАРТ төрийн байгууллага орон сууц барих уу

2015 оны 04 сарын 21

Өдөр бүр шахам гардаг газрын маргаан нийслэлийнхэнд сонин байхаа больсон. Гэтэл иргэдийн гомдлыг хүлээн авч, тэдний төлөө шийдвэр гаргах ёстой нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан нь өөрсдөө ардын хүүхдийн сургууль, ногоон байгууламж бүхий газарт ажилтнуудынхаа орон сууцыг барихаар санаархаж байх юм. МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей сургууль, Экологийн боловсролын төв нь хотын А зэрэглэлийн бүсэд Ардчиллын ордны хойхно байрладаг. Тус төв нь анх Залуу байгальчдын төв станц нэртэйгээр 1957 онд байгуулагдсан цагаасаа нэр, харьяалагдах байгууллагаа сольсноос бусдаар үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд Сэлбэ гол хүртэлх эзэмшлийн томоохон газар нь л хумигдсаар ирж. Харин барилгыг нь 1998 онд нийслэлийн өмчид шилжүүлсэн байна.

11.389 ам метр газрыг нь 2009 оны зургадугаар сарын 8-ны тогтоолоор Экологийн боловсролын төвийн зориулалтаар МУИС-д 15 жилийн хугацаатай өгчээ. Гэтэл хоёр жилийн дараа буюу 2011 онд 10.589 ам метрийг нь нийслэлийн Өмчийн харилцааны газар МУИС-тай хамтран эзэмшихээр, үлдсэн 800 ам метрт хүүхдийн экологийн цэцэрлэг байгуулахаар газрын гэрчилгээг нь өөрчилжээ. Гэхдээ энэ талаараа МУИС-ийн удирдлагад мэдэгдээгүй гэнэ. Дараа нь 2014 онд цэцэрлэгийн зориулалтыг өөрчлөн, ажилтнуудынхаа орон сууц барихаар болжээ. Ингээд барилга барих “Их тайга” компанитай гэрээ байгуулан, өөр нэг компаниар хөрсний шинжилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн ням гаригийн үүрийн 04.00 цагт сургуулийн төмөр хашааг буулган, өөр хашаа татах гэснийг багш, ажилчид эсэргүүцэн болиулжээ. Энэ нь нийслэлийн Өмчийн харилцааны газар тус сургууль, Экологийн боловсролын төвд халдсан анхны тохиолдол биш гэж МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей сургуулийн нийгмийн ажилтан О.Орхонбаатар хэллээ.

Тодруулбал, 2008 онд хичээл амарсан үед тус газрынхан барилгыг битүүмжлэн шалыг нь ховхолж байсан удаатай гэнэ. Түүнчлэн “Газар чөлөөлж өгөхгүй бол нийслэлийн өмчийн барилгыг суллаарай” гэсэн албан бичиг МУИС-ийн удирдлагуудад хүргүүлсэн гэдгийг сургуулийнхан ярьсан. Иймээс энэ бүгдийг эсэргүүцэн “Байгаль эх” лицей сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл, Экологийн боловсролын төвийн ажилтнууд жагсаал хийхээ мэдэгдээд байна. Сургуулийн гадна хавтгай төмөр давхарлан тавьсан нь барилгын компанийн татах гэж байсан хашаа нь гэнэ. Барилга барихаар санаархаж буй газарт багш, ажилтнууд галтбор, монос, нарс, гацуур суулгаж байв. Цаашид эмийн ургамал тарих гэнэ. Энэ нь тэдний хийх ёстой ажил ч гэлээ газраа алдахаас сэргийлэн яаран тарьж буй нь илт. Ядаж ингээд ч болов газраа хамгаалахыг хүссэн аж. “Байгаль эх” лицей сургууль 2001 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Өдгөө 10, 11 дүгээр ангийн 12 бүлэгт 300 орчим хүүхэд суралцдаг. Харин Экологийн боловсролын төв нь амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэнэ.

Монгол орны модлог ургамлын санг бүрдүүлэх нь тэдний зорилго. Манайд модлог ургамлын 140-190 төрөл зүйл байдгаас 30 зүйлийн 3000 орчим мод, сөөг цэцэрлэгт хүрээлэнд ургаж байгаа аж. Хүүхэд мэддэг зүйлээ л хайрладаг. Тиймээс тэднийг байгаль, экологийн талаар мэдлэгтэй, түүнийгээ хайрладаг байхад зориулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн сургалт явуулдаг. Долоо хоногт дунджаар 60 хүүхэд үйлчлүүлдэг гэсэн. МУИС-ийн багш нар энд судалгаа, оюутнууд дадлага хийдэг. Японы GNC байгууллагатай 10 жил хамтарч ажиллаж байгаа бөгөөд модны төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд япончууд жил бүр хөрөнгө оруулдаг аж. Экологийн боловсролын төвийнхний бас нэг зорилго нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хотын төвд байгуулах. Үүний тулд модныхоо тоог нэмж, хайлаас, шар хуайсаар хашаа “барих” ажлаа эхэлжээ. Цэцгийн хүлэмж нь л гэхэд 30 гаруй жил болж буй. Өвөл, зунгүй ажилладаг, хоолны амтлагч, чимэглэлийн ургамал тарьж, томоохон ресторануудад нийлүүлдэг байна.

Хүлэмжийг Герман улсын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвөөс 90 гаруй сая төгрөгөөр тохижуулж өгчээ. Харин сургуулийн хашаан дахь хүлэмжинд үрээр мод тарьдаг. Музей нь Монгол орны зэрлэг амьтдын 300 орчим үзмэртэй юм билээ. МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа “Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд байгаа амьтан, ургамлын олон төрөл зүйлтэй танилцах боломжтой цорын ганц газар нь манайх. Иймээс энэ бүхнийг устгаж болохгүй” гэлээ. Мэдээж орон сууцны барилга ганц, хоёр давхар байхгүй нь тодорхой. Сургуулийнхны нар харах боломжийг хязгаарласан өндөр барилга босохоос гадна автомашины зогсоол барьж таарна. Хамгийн гол нь тэнд байгаа мод, сөөгийг устгахгүйгээр барилга барих боломжгүй.

Улаанбаатар хотод ус, агаар шиг хэрэгтэй, юугаар ч үнэлж барамгүй ногоон байгууламжаа энэ мэтээр төрийн байгууллага нь өөрсдөө устгаж боломгүй санагдана. Бид мэдээллээ тэнцвэртэй хүргэх үүднээс нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас энэ талаар тодруулахад:

-“Байгаль эх” лицей сургуулийн газар болон барилга нь УИХ-ын 1998 оны тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн. Тиймээс бид өмчөө хамгаалах үүднээс хашаа хатгах гэсэн юм. Гэтэл сургуулийнхан үүнийг бидний газрыг булаах гэлээ гэж буруу ташаа мэдээлэл цацаж байгаа учраас бид шүүхэд хандахаар боллоо.

-Танайх энэ газарт орон сууц барих гээд байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Тэр чинь зүгээр л ярьж байсан зүйл.

-2009 онд тус газрыг МУИС-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн юм билээ. Харин танайх газрыг нь хуваан, нэг хэсгийг нь өөрийн эзэмшил болгосон гэдэг үнэн юм уу?

-Тэрийг мэдэхгүй. Сургуулийн удирдлагатай уулзаж, санал нийлээгүй учраас бид шүүхэд хандахаар болсон. Сургууль төрийн өмчийн байр ашиглаж байж, хувийн сургууль шиг хүүхдүүдээс сургалтын төлбөр авдаг. Ингэж болдог эсэх зэрэг хууль эрх зүйн орчныг судална.

-Гол нь тэнд сургуулиас гадна бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн, мод сөөг байгаа шүү дээ.

-Ямар үйл ажиллагаа явуулдаг нь хамаагүй. Нийслэлийн өмчид бүртгэлтэй л бол нийслэлийн өмч.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба