Гурвуулаа ирсэн ГЭНЭТИЙН БЭЛЭГ

2015 оны 04 сарын 17

Их хотын баруунаа оршдог нэгэн айлын хашаанд хаваржих дөрвөн ханатад таван ам бүл аз жаргалаар бялхан байна. Үр хүүхдээ тойруулаад элэг бүтэн, эрүүл энх суухаас илүү жаргал гэж хаана байх билээ. 24 настай В.Цэгмид, М.Сувд-Эрдэнэ нар Анхмаа, Тэмүүлэн, Ангирмаа гэх гурван хүүхдийн эцэг, эх. Хоёр охин, нэг хүү. Тэд ихэр. Үеийнхнээсээ арай эрт гурван үрийн аав, ээж хэмээгдэх болсон тэд үүргээ сайн гүйцэтгэж яваа. Анх Цэгмид найзынхаа нэгэн гэрэл зургаас ирээдүйн эхнэрээ олж харсан гэдэг. Эгэл жирийн энэ охины төрх яагаад ч юм түүнийг татсан нь таван жилийн тэртээ. Тэр даруйдаа л найзыгаа “Танилцуулаад өг” гэж шалж, зургийг нь хайчилж аваад халаасалчихаж.


Харин эхнэр нь хэн нь үл мэдэгдэх залуугийн “Танилцъя” гэх зурваст хариу бичилгүй уджээ. Найз нь учир байдлыг хэлж, гуйснаар тэд танилцсан байна. Анхны болзоонд өндөр, туранхай залуу найзыгаа дагуулан очжээ. Байгаа байдал нь нүдэнд тусахааргүй ч “Оройтчихлоо, харилаа” гэхэд нь “Хүргээд өгье” гэсээр хамт алхсан тэр үдэш тэдний амьдралын түүх эхэлжээ. Тэд хүүхэдтэй болсноо мэдэж, эмчийн хяналтад орохдоо л ихэр гэдгийг нь дуулжээ. Гэхдээ гурав биш хоёр ихэр хэмээн эмч хэлсэн аж. Харин таван сарын дараа хөл хүнд бүсгүй эмнэлэгт хэвтэхэд нь ЭХО-ны эмч “Ямар сонин юм бэ” хэмээн дуу алджээ.

“Хүүхдүүдэд минь муу зүйл тохиолдоогүй байгаа” гэж айх, гайхах зэрэгцэхэд хоёр биш, гурван ихэр байжээ. Энэ тухайгаа дурсан “Бид хоёр маш их баярласан” гэж хэлэхэд нь Сувд-Эрдэнийн нүдэнд нулимс цийлэгнэв. Гэрийнхэн нь түүнийг амаржих хүртэл ураг гурван ихэр гэдэгт итгээгүй гэнэ лээ. Уг нь тэд хоёулаа ихрийн удамтай. Нөхрийнх нь хуланц эцэг 21 хүүхэдтэй байснаас гурван ихэр хүүхэд хоёр удаа төрүүлжээ. Харин Сувд-Эрдэнийн удамд ихэр түүний мэдэхийн тав бий. Хуланц эмээ нь л гэхэд хоёр ихрийн нэг байсан гэнэ. “ЭХО-ны эмчийн “Ямар ч байсан нэг нь хүү. Бусдынх нь хүйсийг мэдэж болохгүй байна” гэдгийг сонссоноосоо хойш би хүүгээ бөх болгоно гэж ярьж байгаа.

Миний нагац ах их бяртай, адуу, тэмээ өргөчихдөг хүн байсан. Улсын арслан Бандийн Ганбаатар манай эхнэрийн хамаатан. Тиймээс хүүдээ их найдаж байгаа” хэмээн Цэгмид хүүгээ хэзээний бөх болчихсон мэт итгэлтэйгээр өгүүлэв. Сувд-Эрдэнэ ч багадаа самбо, жүдогоор хичээллэн, аймагтаа хоёр удаа хүрэл медаль хүртэж байжээ. Эмэгтэй хүүхэд гэмтчихвэл хэцүү гэж ээж, эмээ нь эсэргүүцсэнээр барилдахаа больсон байна. Цэгмид Төв аймгийн Дэлгэрхаан, Сувд-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх. Тэд гэрлэлтээ хараахан батлуулаагүй. Одоо амьдарч байгаа дөрвөн ханатай гэрийг нь Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өгчээ. “Үнэндээ энэ гэр чинь бид хоёрынх биш, манай хүүхдүүдийнх” гэж тэд хошигноно.


Гурван ихэр хүүхэдтэй болсон гэж төрөөс тэдэнд есөн сая төгрөг өгчээ. Хүн сонсоход их мөнгө ч гэлээ хүүхдүүд нь бүтэн хайрцаг нэмэлт тэжээлийг гурав хоног л иддэг байсан гэхээр есөн сая төгрөг юу ч болоогүй нь илт. Гэхдээ л тэд энэ мөнгөөр сургалтын төлбөрөө төлж, гэртээ тавилга авчээ. Өөрийн гэсэн хашаагүйгээс тэд хүүхдүүдээ төрүүлснээс хойших гурван жил орчмын хугацаанд хэдэнтээ буйр сэлгэсэн ч Сувд-Эрдэнийн туулж өнгөрүүлсэн амьдралынх нь хамгийн аз жаргалтай мөч нь ханьтайгаа учирч, хүүхдүүдээ өсгөсөн эдгээр өдрүүд. Харин хамгийн хэцүү байсан үе нь аавыгаа алдсаны дараах тэр жилүүд.

Тэрбээр “Би гуравдугаар ангид байхдаа аавыгаа алдсан. Ханьтайгаа учрахаас өмнө аавыгаа санаж их уйлдаг байлаа. Аав маань явахаа мэдэж байсан юм шиг л “Миний хүүхдүүд ээжийгээ битгий зовоогоорой. Ачийг нь хариулдаг юм шүү” гэж захисан. Дөнгөж зургадугаар сар гарч байхад л эгч бид хоёрын сургуульд өмсөх хувцсыг авч, аймгийн төв ороод ирэхдээ захисан бүх зүйлийг маань авчирч өгсөн дөө. Айлд хурдан морь унадаг ахыг эргэхээр явж байгаад, мотоцикльтойгоо жижигхээн хад мөргөөд нас барсан. Хүний орон зай гэнэт үгүй болох их хэцүү. Хаа нэг газар амьд яваа юм шиг санагддаг. Аавыг өнгөрсний дараа Цагаан сараар ах ууц засаж чадахгүй, ээж уйлаад л...” гэж ярихдаа түүний нүд дүүрэн нулимстай байв. Тэр хүүхдүүдээ нутагтаа олж, аавынхаа газрыг тахисан өдөр амаржсанаа бэлгэшээдэг юм билээ.

СУРГУУЛИА ТӨГСӨӨД СУМАНД АМЬДАРНА

Сувд-Эрдэнэ МУБИС-ийн Багшийн сургуульд бага ангийн багш мэргэжлээр сурдаг. Энэ жил төгсөнө. Харин нөхөр нь Төв аймаг дахь МСҮТийн мужаан, сийлбэрчийн анги төгссөн ч хүүхдүүдээ хардаг учраас ажил хийх боломжгүй. Өнгөрсөн намар хүүхдүүдээ цэцэрлэгт оруулахаар хөөцөлдсөн ч харьяаных нь цэцэрлэг гурваас дээш насны хүүхэд авна гээд аваагүй аж. Тэдний хоол хүнсийг хоёр талынх нь аав, ээж хөдөөнөөс явуулдаг. Монгол, Хятадын соёл, боловсролын сан энэ сарын 3-нд МУБИС-ийн гурван оюутанд нийт 9000 юань олгоход М.Сувд-Эрдэнэ тус тэтгэлгийг хүртсэн юм. “Манай хүн их дайчин, амьдралын төлөө гэсэн хүсэл, сэтгэлтэй. Зовлон, жаргалын алийг нь ч дааж чаддаг” хэмээн Цэгмид эхнэрээ магтсан бол Сувд-Эрдэнэ нөхрийнхөө талаар “Намайг хичээлдээ яваад ирэхэд гэрээ цэвэрлээд, хоолоо хийчихсэн угтдаг. Их халамжтай” гэж ярив.

Тэд хоёр ой долоон сартай хүүхдүүдээ төмөр орон дээрээ суулган, ханынхаа толгойноос уячихаж. Орчин үед хүүхдүүдээ ингэж уядаг айл байдаг чинээ санасангүй. Ихрүүд хоорондоо тоглож, уйдахаараа уяагаа тайлаад буучихдаг болсон ч аав, ээжийнхээ усанд явах, дэлгүүр орох зэрэг эзгүй хооронд “Орноосоо бууж болохгүй” гэх үгнээс нь гарна гэж үгүй. Нүүр өгсөн хүн бүрт наалдаж, хүнээс бишүүрхэхийг мэддэггүй гурван ихрийн ээжтэй ярилцлаа.

-Сувд-Эрдэнэ гэж хэн бэ?

-Энгийн л нэг, хүний хань, гурван хүүхдийн эх. Бас айлын дөрвөн хүүхдийн гурав дахь нь.

-Ганц бие, хэн нэгнээс хамааралтай бус, эрх дураараа байсан хүн ээж болох, тэр тусмаа гурван хүүхдийн өмнө хариуцлага хүлээх амаргүй байсан биз дээ?

-Хүүхдүүдээ төрүүлчихээд нэг хэсэг өдөр, шөнөгүй нойргүй явсан. Гурван зэрэг уйлна, гурван зэрэг хөхүүлэх хэцүү. Эхний нэг сар өөрөө хөхүүлж, дараа сараас нь нэмэлт тэжээл өгдөг болсон. Нөхөр маань тэр үед ажилтай байсан ч шөнө нь хүүхдүүдээ асарна. Эхний таван сар бид ийм маягаар амьдарсан. Нөхрийн маань аав, ээж тусалсан тулдаа болсон доо. Би аравдугаар сарын 6-нд төрөх байсан ч наймдугаар сард амаржсан. Төрчихөөд л хичээлдээ явна гэж бодож байлаа. Ангийнхан маань сургалтын албанаас гуйж, нэг сарын чөлөө авч өгсөн. Аравдугаар сарын 1-нд сургуульдаа явдаг “баатар” болоод очтол, сар гаруй нойр муутай явсан хүн чинь суугаагаараа унтаад болдоггүй. Тэгээд яах аргагүй болж, жилийн чөлөө авсан даа.

-Үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулбал, чи тэдний хаана нь явна вэ?

-Үеийнхнээсээ түрүүлээд яваа юм алга. Бас бүр хойно нь үлдээд, хоцорчихоогүй. Хөл нийлүүлэн, зэрэгцэн алхаж байгаа гэж боддог.

-Сургууль төгсөх дөхлөө. Хаана, юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид хөдөө амьдрах бодолтой байгаа. Гэхдээ хэн хэнийхээ нутагт амьдрахгүй.

-Яагаад?

-Эртнээс биеэ даачихвал зүгээр юм болов уу гэж бодож, ийм шийдвэр гаргасан.

-Суурьшихаар төлөвлөсөн газар байгаа хэрэг үү?

-Бий. Төв аймгийн Бүрэн суманд амьдаръя гэж бодож байгаа. Хүнээр ажил асуулгасан ч хариу ирээгүй байна. Бүрэн сум бид хоёрын нутагтай ойр. Тэгээд ч хөдөө нэг үеэ бодвол амьдрах орчин сайжирч, хотоос дутахааргүй болсон. Хотод хоёр зэрэг ажиллаад ч амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэцүү. Гэрээс гарвал л мөнгө хэрэг болно. Махаа жижиглэнгээр авахаар хорон, дорхноо дуусчихна. Тэгээд ч амт муутай. Хөдөө юм бүхэн бэлэн. Автобус, унаанд суух шаардлагагүй. Суманд хэдэн малаа хариулж, нэг нь ажлаа хийгээд явбал амьдралд ч нэмэртэй.

-Хүүхдүүдээ гадуур яаж авч явдаг вэ?

-Бараг гардаггүй юм. Унаа тэрэг байхгүй болохоор ихэвчлэн гэртээ л байдаг. Эмнэлэг явахдаа такси хөлсөлнө.

-Өөр цаг үед төрсөн хүүхдээ хүмүүс өөр шигээ байлгахыг хүсдэг гэдэг. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлье гэж бодож байна вэ?

-Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө бүх зүйлээ зориулж, хүссэнийг нь хийлгэнэ. Гэхдээ би хүүхдүүдээ эрхлүүлдэггүй. Чихэр ч авч өгдөггүй. Хүүхдүүд маань цагаан идээнд их дуртай. Тийм болохоороо ч тэр үү, өвчин бага тусдаг. Элдэв чихэрнээс цагаан идээ нь дээр. Хүмүүс хүүхдээ тэврэхгүй л бол унтдаггүй муу занд сургадаг. Би бол хүүхдүүддээ сүүг нь өгөөд хэвтүүлчихдэг байсан. Тэгээд л унтаад өгнө. Манай гурав чинь тусдаа унтдаг.

-Орноосоо уначихгүй юу?

-Уячихдаг юм. Ер нь уясан хүүхэд хүмүүжилтэй, гэр амьтай, сайн хүн болдог гэдэг юм билээ.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 Huurhun yumaa. Az jargal sain saihan buhniig husen eruue!
75.37.28.30 Та юу гэж бодож байна ...huu ni yag aav, ohid ni eejteigee adilhan yum,
75.37.28.30 huurhum uymaa, iim engiin humuus jimheme az jargaltai baidag baihaa, baigaadaa setgel hangaluun
202.179.20.81 Та юу гэж бодож байна ...мундаг аав ээж бна. Бас сайхан хүмүүжилтэй гэр бүл бна. Үнэхээр бахархууштай бна. Энэ сайхан гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе
103.23.51.1 Юуууун хөөрхөнийййн?
124.158.90.13 Та юу гэж бодож байна ...Сайхан хүүхдүүд байна.Аз жаргал, эрүүл энхийг хүсье
202.179.20.113 хөөрхөн хүүхдүүд минь сайхан хүн болоорой
180.149.78.20 Та юу гэж бодож байна .Сайхан гэр бүл байна.Аз жаргал хүсэе.
202.170.69.75 Та юу гэж бодож байна ...Энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба