150 мянга орчим хүн С хепатитын идэвхтэй халдвартай

2015 оны 04 сарын 15

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан С хепатитын халдварын эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн шуурхай хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар салбарын сайд нь С хепатитыг эмчлэх эмчлгээний удирдамж боловсруулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн удирдамжаа боловсруулан сайдад танилцууллаа. Удирдамжинд эмийг хэрхэн оруулж ирэх, хадгалах, шинжилгээгээ яаж хийх, эмчилгээг хүн бүрт хүргэхийн тулд эмч нарыг бэлтгэх, эмчилгээний орчин хэрхэн бүрдүүлэх зэргийг тусгасан байв.

Мөн С хепатитын идэвхитэй халдвартай хүмүүсийн тоог ДЭМБ болоод мэргэжлийн эмч нарын баг, ажлын хэсгийнхний хийсэн судалгаан дээр тулгуурлан тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга орчим хүн С хепатитын идэвхтэй халдвартай нь тогтоогдож, үүнээс 52.500 нь нэн тэргүүнд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэнэ. С хепатитын халдвар авсан хүн ойролцоогоор 20 жилийн дараа элэгний хатуурал, хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Иймээс идэвхтэй халдвартай гэж тогтоогдоод байгаа 150 мянга орчим хүнээ ойрын 5-6 жилийн хугацаанд эмчилж, эдгэрүүлэх зорилт тавьж буйгаа ажлын хэсгийнхэн танилцууллаа. Ийнхүү ажлын хэсгийнхэний боловсруулсан С хепатитыг эмчлэх эмчилгээний удирдамж дахин хянагдан батлагдаснаар нэгдсэн цогц хөтөлбөрийн хүрээнд С хепатитын эмчилгээ хийгдэх юм.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба