Боловсрол үнэгүй эзэмших боломж бүрдэж байна

2015 оны 04 сарын 15

Дэлхий дахин шинэ зуунд мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын бодлогоо чиглүүлж байна. БСШУЯ-наас энэ чиглэлд үе шаттай олон ажил хэрэгжүүлж буй. Тухайлбал, БСШУЯ-ны  захиалгаар "Нээлттэй мэдлэг" боловсролын сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэгүй, онлайн, нээлттэй сургалтын арга хэлбэр болох АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын видео хичээлийг монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн бөгөөд "НЭГ МОНГОЛ" хэмээх тус төслийнхөө үр дүнг танилцууллаа. Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Орчин үеийн  техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм учраас  Монгол Улсын өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг шийдэж, үр дүнтэй нь  нотлогдож байгаа  цахим  сургалтын технологи дэлхий дахинд өргөн ашиглагдаж байна. Технологийн энэхүү боломжийг бид боловсролд чанарын шинэчлэл хийхэд ашиглах зайлшгүй шаардлагатай. Тус хөтөлбөрийн хүрээнд хүссэн хүн бүр үнэ төлбөргүйгээр нээлттэй ашиглах боломжтой монгол хэлний онлайн тайлбар толь, монголын тухай онлайн нэвтэрхий толь бүтээж, багш, сурагчид, бие даан суралцагчдад зориулсан ерөнхий боловсролын видео хичээлүүдийг мэргэжлийн багш орчуулагчдын оролцоотойгоор орчуулж интернэтэд байршуулаад байна.  Өнгөрсөн онд  Хан Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглаж, хүүхдүүд  виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ" гэлээ.

Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр болгож, сургалтын хөтөлбөрт  суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж,  сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжих ажлууд 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжлэх юм.      

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба