48 хүүхэд энд алга

2015 оны 04 сарын 13

Эрх чөлөөний талбайд эгнүүлэн зассан ширээ, сандал дээр суух ёстой эзэн нь алга. Учир нь тэд зам тээврийн ослоор амиа алдаж, энэ хорвоогоос буцжээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнгөрсөн баасан гаригт хоёр дахь жилдээ тэмдэглэв.

Ийн 2014 онд зам тээврийн ослоор нас барсан 48 хүүхдийн суух ёстой байсан ширээ, сандал, хэрэглэх байсан дэвтэр, үзэг, тоглох байсан тоглоомуудыг тавьж, зул бадамлуулан дурсгалыг нь хүндэтгэсэн нь энэ. Мөн тэдэнд зориулж Жанчивдэчинлин хийдийн лам нар ном айлдсан бөгөөд ерөнхий боловсролын 24, 50, 57 дугаар сургуулийн сурагчид, Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо авто замын хөдөлгөөнд оролцогчдод хүргэлээ.

Хүүхдүүд “Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Монголчууд бид цөөхүүлээ”, “Жолооч таны гарт бидний ирээдүй байна”, “Ахаа та дүрэм зөрчихөө болиоч” зэрэг үгтэй лоозон барьж, уриа хэлэн Эрх чөлөөний талбайг тойрон алхсан. Зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон ажил нэн даруй хийх шаардлагатай ч үүнийг дан ганц Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар гүйцэтгэх боломжгүй гэдгийг үйл ажиллагааг зохион байгуулагчид хэлсэн.

Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд гээд замын хөдөлгөөнд оролцогчид хамтран ажиллабал зам тээврийн ослыг бууруулах боломжтой гэнэ. Бяцхан үрс маань томчуудын хайхрамжгүй байдлаас шалтгаалан амиа алдаж, насан туршдаа тахир дутуу болон ирээдүй нь гуниг харууслаар дүүрэн байхаас сэргийлж, замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг үүнд хандуулах, эрх бүхий хүмүүсээр шаардлагатай шийдвэр гаргуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулжээ.

Дашрамд дурдахад, 2015 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдаж, 44 хүүхэд гэмтсэн байна. Үүнээс нийслэлд гурван хүүхэд нас барж, 25 хүүхэд гэмтжээ.

Э.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба