Багтай ХҮМҮҮС

2015 оны 03 сарын 15

Хүмүүс хаашаа ч юм бэ яарна. Тэд бүгд багтай болохоор хэн болохыг нь мэдэх аргагүй. Их хотын хэмнэлд дасаж ядан буй залуу гэр бүл захын дүүрэгт, айлын хашаанд гэр түрээслэн аж төрнө. Ихэвчлэн хүмүүсийн завгүй байдаг тэр л цагаар эхнэр, нөхөр, нэг насны зөрүүтэй хоёр хүүтэйгээ дулаахан хөнжилдөө дуг нойрондоо дугжирна.

Ерөөс тэд цаг хугацаанд захирагдахаа болиод удаж буй. Нэг л мэдэхэд өглөө, орой болчихсон байдаг нь сургуулиа төгссөний дараа өдрийг арай ядан бардаг байсан үе шиг нь хэцүү санагдахаа больчихсон. Торомгор алаг нүд, тэгш сайхан биетэй, хэний ч хараа булаам бүсгүйг эхнэрээ болгож чадсан тэр азтай, бас сүйхээтэй залуу.

Олон ч эр тэр бүсгүйн төлөө амиа өгөхөд бэлэн гэж байсан ч түүн шиг түлхэх тусам улам бүр наалддаг залуутай таарч байсангүй. Өдөр бүр сургуульд нь хүргэж, бас тарахад нь авдаг залууд бага багаар дассаар эр нөхрөөрөө сонгон, хүү төрүүлж шагнасан. Бүх зүйл үлгэрийн мэт үргэлжилж, анхны хүүхдээ олоод тэд хязгааргүй ихээр баярласан.

Харин хоёр дахь хүүгээ тэд хүсээгүй. Тогтсон ажил, орлоготой болж, амьдралаа тогтворжуулсны дараа дахин хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн ч санаандгүй түүнийг олчихсон. Нэгэнт олсон амийг таслах зүрх бүсгүйд байгаагүй учраас төрүүлэхээр шийдэв.

Сургуулиа дөнгөж төгссөн залууг дадлага, туршлагагүй гээд хаана ч ажилд авсангүй, бүсгүй хоёр хүүхдээ орхиод ажил хийж зүрхэлсэнгүй. Харин хоног хугацаа өнгөрөх тусам нөхөр нь танихгүй нэгэн болж хувирав. “Ажил хий. Амьдрал ахуйгаа дээшлүүлье” гэсэн бүсгүйд “Чамаас л болж би ингэж амьдарч байна. Яах гэж хүүхэд төрүүлсэн юм. Минийх яг мөн юм уу” хэмээн гар хүрнэ.

Эхэндээ бүсгүй үг бүрийг нь сөрж хэрэлддэг байсан бол яваандаа дуугарахаас ч эмээж, түүний, хөвгүүдийнх нь зүрхэнд айдас хурах болжээ. Хоёр жил үерхсэн залуугийнхаа багийг арай эрт хуулж чадаагүй тэр азгүй бүсгүй. Гэлээ гээд одоо түүнийг хаяад явах зориг дутна.

Өдөр бүр хүчирхийлэл хардаг хоёр хүү ирээдүйн хүчирхийлэгсэд болон хүмүүжиж буй. Багтай хүмүүс хотын гудамжаар нэг холхино. Тэдний багийг хуулж, хэн гэдгийг мэдэх нь хорвоог танихаас ч хэцүү.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба