Метротой болох МӨРӨӨДӨЛ ҮҮ

2015 оны 02 сарын 03

Улаанбаатарын авто замаар машин, яст мэлхий хоёрын аль нь хурдан явах вэ. Ярвигтай асуултын хариултыг олох гэж яарах хэрэггүй. Харин автомашинаа хурдлуулах боломжийг эрэлхийлэх нь л чухал. Эс бөгөөс бид түгжрэлээс болж цаг хугацаа, шатахуунаараа хохирохоос гадна агаар, хөрсний бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байх болно. Нийслэлийн удирдлагууд үүнийг шийдэх арга саамыг нэлээн эртнээс сүвэгчилсэн. Гэвч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын төвлөрөл, автомашины ачааллыг зам нь дийлэхээ больсныг дугаарын хязгаарлалт хийгээд ч буурахгүй байгаа түгжрэлээс харж болно. Энэ бүгдийг шийдэх цорын ганц гарц нь метро. Ази, Номхон далайн орнуудын дийлэнх нь метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдаг. Япон гэхэд л нэг саяас дээш хүн амтай хотууддаа метро ашигладаг гэнэ. Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр автомашинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэлх хувиар буурч, зам тээврийн осол багасахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Мөн авто замын хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурч, автомашины хурд 25 хувиар нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах зэрэг олон давуу талыг дагуулна. Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метро нэвтрүүлэх зорилт тавин, Японы ЖАЙКА байгууллагын төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн 2012 онд эхлүүлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилт хувилбар болсон метрог Улаанбаатарт бий болгоход долоон жил хангалттай гэж төслийн багийнхан үзэж байсан юм. Түүнчлэн 2010 онд 1.1 сая байсан Улаанбаатарын хүн ам 2030 онд 1.7 саяд хүрч, 1.5 дахин нэмэгдэх гэнэ. Үүгээр зогсохгүй зам тээврийн эрэлт, хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Төслийн багийнхан судалгааны ажлын тайлан болон урьдчилсан ТЭЗҮ-ийг 2013 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн. Ингээд мөн оны зургадугаар сард “Улаанбаатар метро”-г тэмдэгжүүлэх ёслол болсон.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалт. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид олимп зохион байгуулах тухай ярьж чадна” хэмээж байв. ЖАЙКА-гийн төслийн багийнхан Толгойтоос Амгалан хүртэл нийт 14 өртөөтэй, өртөөний зайг 800-1500 метр байхаар төлөвлөжээ. Мөн автобус нэг цаг гаруй явах энэ 17.7 км замыг метро 20-30 минут туулах гэнэ. Түүнчлэн метро нь автобуснаас тав дахин их буюу цагт 20 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Метро хоорондын хугацаа таван минут бөгөөд нэг удаа зорчиход 500-600 төгрөгийн үнэтэй байна. 2020 онд Улаанбаатарт метрогоор зорчигчдын тоо 300 мянга, 2030 онд 500 мянгад хүрч, оргил цагтаа 18.000 зорчигч тээвэрлэх төлвийг ч төслийн багийнхан гаргажээ. Тэрчлэн Саппорогийн тойрог нь метроны өртөөний хамгийн ачаалал ихтэй хэсэг байх гэнэ.

Харин метроны замыг газар доогуур болон замын дээгүүр гүүр хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6.6 км зайд газар доогуур, хотын хоёр захаар газраас өргөгдсөн гүүр хэлбэрээр явж, авто замаас бүрэн тусгаарлагдсан байхаар тооцсон байна. Газар доогуур метроны зам тавих нь өртөг өндөртэй ч авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй, өвөл ч зам тавих боломжтой гэдгээрээ онцлогтой. Метро барих ажил эхэлснээр 156 мянган шинэ ажлын байр бий болох гэнэ. Улаанбаатар хот метротой болоход нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Японы Засгийн газраас метро хийх төсөлд зориулан 600 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Метротой уялдуулан газар доогуур автомашины зогсоолууд болон томоохон үйлчилгээний төв бүхий цогцолбор барихаар төлөвлөжээ.

Ингэснээр эдийн засагт шууд бусаар олон үр өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой аж. Давхруудын талбайн ам метрийн үнийг 850 ам.доллар гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болох юм. Улсад төвлөрүүлэх татвар ч нэмэгдэнэ. Түүнчлэн өртөө орчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц барих гэнэ. Үүнээс харахад Улаанбаатар метротой болох нь мөрөөдөл биш бололтой. Зөвхөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө л үүнд саад болж болзошгүй.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Н.ГАНТӨМӨР: Метро бол эдийн засгийг сэргээх хамгийн том хөрөнгө оруулалт “Улаанбаатар метро” төслийн судалгааны тайланг 2013 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс метроны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хэрвээ метро байгуулах ажлыг эрчимжүүлбэл бэлтгэлийг 2014 оноос эхлэн, 2016 онд дэд бүтэц, барилга угсралтын ажлаа хийж 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой гэж байсан. Метро байгуулах ажлын явц ямар байна вэ?

-Манайх эхний ээлжинд Японы засгийн газраас инженерийн зээл авах хүсэлтээ гаргасан. Японы Засгийн газар судалгаа хийсний үндсэн дээр 47 сая орчим ам.доллар зээлээр өгөх юм. Үүнийг авч, судалгаа хийн 2016 оны намар олон улсын тендер зарлана. Мөн ажлын нарийвчилсан ТЭЗҮ-г гаргана. Ингээд 2016 оны намраас метроны замаа тавьж эхэлнэ. Японы гурван яамны хамтарсан Ажлын хэсэг энэ сардаа багтаан ирж, судалгаа хийхээр болсон.

-Метронд 2014 он болон энэ жил хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Нийслэлийн төсөвт өнгөрсөн жил гурван тэрбум төгрөг суулгасан. 2015 оны төсвийн тодотголоор 1.2 тэрбум орчим төгрөг суулгахаар ярьж байгаа. Энэ нь Төслийн хороо байгуулах зардал юм. Японы Засгийн газар хөнгөлөлттэй нөхцөлөөр 600 сая орчим ам.долларын зээл олгохоор ярьж байна. Зээл 40 жилийн хугацаатай, эхний найман жил хүүгүй, ес дэх жилээс 0.8-1 хувийн хүүтэй байх юм.

-2020 он гэхэд метро ашиглалтад орох уу?

-Төсөл анх нэлээн эрчимтэй явсан. 2014 онд эдийн засгийн хямрал үүссэн. Гэхдээ бид 2020 онд метрог ашиглалтад оруулахаар зорьж байна. Мэдээж улс орны эдийн засаг хүнд байгаа ч метро бол эдийн засгийг сэргээх хамгийн том хөрөнгө оруулалт. Олон хүнийг ажилтай болгоно. Улсын төсөвт жилдээ 300 сая орчим ам.долларын татвар оруулна.

-Метро хоорондын хугацаа таван минут байна гэсэн. Ингэхээр нийт хэдэн метро үйлчилгээнд явах вэ?

-Ажлын нарийн зураг гарсны дараа үүнийг хэлэх боломжтой болно. Хэдэн метро байх вэ гэдгийг тухайн үед нь шийднэ. Метроны замыг 200 сая орчим ам.доллараар тавьж байгаа. Газраас дээшээ дөрөв орчим метр өндөр, доошоо 15 метр гүн байхаар төлөвлөсөн. Энхтайвны өргөн чөлөөний дагуу худалдаа, үйлчилгээний том цогцолбор ашиглалтад орох юм. Ингэснээр үнэтэй үл хөдлөх хөрөнгө бий болно.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.41.104 davhar trambai tavih heregtei taralebusnii chugmaar yvchihdag tusdaa gerlen dohiotoi gatsah ymgui zardal baga orno hurdan unaa
202.21.112.34 Бат-Үүл олимп зохион байгуулах хотхон байгуулна гэж хэнийг хошгоруулаад байнаа. Тэр Олимпийг чинь хөгжсөн баян орнууд зохиодог бус уу, эсвэл манай орон тийм баян болцийм уу
37.220.130.61 Metrotoi boloh tsag ny bolson odoo daruihan ehluulehgui bol oroitono shuu. Ajiliin amjilt husie.
76.26.157.193 Та юу гэж бодож байна ...Metroniihoo gazar dooguur uah ajildaa Hoid Solongosuudiig oroltsuulval ted ih l hymd buguud tsergiinhee hamag nuuts bazaa gazar dooguur hiiseer bgaad buun turshlaga boltson bnlee shyy!
76.26.157.193 Та юу гэж бодож байна ...Metroniihoo gazar dooguur uah ajildaa Hoid Solongosuudiig oroltsuulval ted ih l hymd buguud tsergiinhee hamag nuuts bazaa gazar dooguur hiiseer bgaad buun turshlaga boltson bnlee shyy!

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба