Логоны уралдаан зарлалаа

2015 оны 02 сарын 02

 Баянзүрх дүүрэг байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 2015 онд тохиож буй. Тус дүүргийн ЗДТГ-аас ойн баярыг угтаж дүүргийн бэлэг тэмдэг бүхий логоны шинэ загварын уралдаан зарлаж байна. Ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарлаж буй уг уралдаан олон нийтэд нээлттэй болох бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, уран бүтээлчид өргөнөөр оролцож, 2.5 сая төгрөгийн эзэн болох боломжтой аж. Уралдаанд ирүүлэх бүтээл нь дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас ихгүй  өнгө хосолсон энгийн өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны хувьд төгс бүтээл байх ёстой юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг зарласан хугацаанд багтааж дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, №215 тоотод хүлээн авах аж.

Логоны уралдаанд ирүүлэх бүтээлд дүүргийн түүх, уламжлал, үйл ажиллагааны онцлогийг тусгасан, дүүргийн нэр бичигдсэн, арслангийн дүрс орсон байх ёстой. Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр бичих боломжтой. Лого дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээж болно.

 Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцоно. Бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бүтээлүүдийг хүлээн авахгүй. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын, уралдаанд шалгарсан лого нь дүүргийн өмч болно. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба