МУИС Ойн генетик, экофизиологийн лабораторитой боллоо

2015 оны 01 сарын 28

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль Ойн генетик, экофизиологийн лабораторитой боллоо. Тус сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхимийн багш доктор, дэд профессор Н.Батхүү 2008 онд БНСУ-д докторын зэрэг хамгаалж ирэхдээ эл лабораторийн суурийг тавьжээ. Төгссөн сургуулийнх нь багш, эрдэмтэд  20 мянган ам.доллар хандивласнаар тоног төхөөрөмж авч байсан аж. Ийн бусдын дэмжлэг нэмэгдсэнээр 90 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжтэй болсон байна. Гэвч лабораториар ашиглах анги танхим байсангүй. Харин төсөл бичсэнээр БСШУЯ дэмжиж, 47 сая төгрөгийн тусламж үзүүлэн, өмнө нь багш нарын өрөө байсан 34 ам метр байрыг тохижуулан, шинэ тоног төхөөрөмж авч өгчээ. Н.Батхүү “Зөвхөн судалгаа биш сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдлээ. БСШУЯ-ны санхүүжилтээр задлан шинжилгээний нарийн багаж авлаа. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн хэт ягаан туяаны спектрофотометр багаж байна. Ингэснээр олон төрлийн судалгаа хийх нөхцөл бүрдсэн” гэв. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба