Хүний эрхийн үндэсний комиссыг дахин А статусаар магадлан итгэмжилжээ

2014 оны 11 сарын 11

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо өнгөрсөн сарын 27-31-нд манай Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-д магадлан итгэмжлэл явуулсан. Тэгвэл тус хороо А статусаар магадлан итгэмжлэхээ мэдэгдсэн байна.

Ингэснээр ХЭҮК нь Парисын зарчимд бүрэн нийцсэн А статустай хүний эрхийн үндэсний байгууллага болохоо гурав дахь удаагаа баталгаажуулав.  Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай бөгөөд тэднийг таван жил тутамд магадлан итгэмжилж, А, B, С ангиллаар үнэлдэг. А буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага нь Олон улсын зохицуулах хорооны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй болдог. Ингэснээр ХЭҮК-ын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэмжээнд өргөжин тэлж, Комиссын чадавх олон улсын хэмжээнд хүрэх ач холбогдолтой. Тодруулбал, бусад гишүүн байгууллагуудын дунд хүлээн зөвшөөрөгдөн харилцан туршлага солилцох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг улс хоорондын болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах зэрэг боломж нээгддэг. Мөн гишүүн үндэсний байгууллагын боловсон хүчин, ур чадварын хувьд бэхжихэд ихээхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2003 онд тус байгууллагад гишүүнээр элсэн, тухайн жилээ болон 2008 онд А статусаар магадлан итгэмжлэгдэж байсан. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба