Үнэртэй усны музей байгуулна гэв

2014 оны 11 сарын 10

Үнэртэй усанд дурлагсдын клубын нэг насны төрсөн өдөр өнгөрсөн баасан гаригт тохиов. Тэд баяраа зүгээр нэг тэмдэглээд өнгөрөхийг зорьсонгүй. Иймээс үдэшлэг зохион байгуулж, тасалбарынхаа орлогоор сайн үйлс хийхээр болжээ. Үдэшлэгийн үеэр тэмцээн зохион байгуулж, ялагчдад сүрчиг гардуулав. Түүнчлэн “Бишрэлт”, BOJSS, “Наран” компани ивээн тэтгэгчээр ажиллаж, зочдод гарын бэлэг өгсөн юм.

Үнэртэй усанд дурлагсдын клубын админ Н.Орчлон энэ үеэр “Манай гишүүдийн тоо 50 мянга гарч, дэлхийн хамгийн том клуб боллоо. Өнгөрсөн хоёрдугаар сард манай гишүүдийн тоо дөнгөж 2000 байсан. Өдөрт нэг л хүн гишүүнээр элсдэг байлаа. Харин дөрөвдүгээр сараас гишүүдийн тоо эрс нэмэгдэж, өдөрт 1000 хүн гишүүнд болдог болсон. Энэ бол ашгийн төлөө бус, хоббигоороо нэгдсэн хүмүүс дуртай үнэртнээ нөгөөтэйгээ хуваалцдаг клуб. Бид үнэрийн соёлыг Монголд бий болгон, үнэртэй усны үзэсгэлэн гаргаж, музей байгуулна. Үнэртэй ус бол урлагийн бүтээл. Үнэртэй усны мастеруудыг авчирч, хичээл заалгана” гэлээ. Тэрбээр 2013 онд хоббигоо бусадтай хуваалцах зорилгоор фейсбүүк групп байгуулж байсан бөгөөд 200 гаруй үнэртэй усны цуглуулгатай гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба