НАР “ГАЗАРДСАН” ЛАС ВЕГАСТ АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛТЭЙ “НААДСАН” ЧӨЛӨӨТИЙНХӨН

2015 оны 09 сарын 21

Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин тус бүрд эхний зургаан байр эзэлсэн тамирчдад ирэх жил Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох олимпийн наадамд оролцох эрх олгох байсан болохоор оролцсон орны тоо олон, барилдсан хүчтэнүүд шигшигдмэл байлаа.

Аагим халуун элсэн цөлд сүндэрлэн боссон , үлгэрийн мэт гайхамшигт Лас Вегас жил жилийн энэ л саруудад ёстой л нар газарт буугаад ирсэн мэт байдаг бөгөөд тэмцээний үеэр ч цельсийн 40 хэм орчим байсан гэдгийг цаг агаарын мэдээ, дулааныг хэмжигч багажууд тодорхой хэлээд өгч байв. Харин дэлхийн аваргын дэвжээн дээрх өрсөлдөөн чухам хэдэн хэмийн “халуун” байсныг хэлэхэд хэцүү.

Медалийн тавцанд зогсож, дэлхийн хүчтэнүүдийн дансанд орох, дээр нь тамирчин хүний мөрөөдөл болсон олимпийн наадамд орлцох эрхийн төлөө давхар зорилготой, далд тактиктай өрсөлдөөн барилдаан бүрт өрнөж байсан болохоор тэмцээнийг өглөөнөөс орой болтол бараг л завсарлах завгүй шахам хэдэн өдрийн турш үзэхэд уйдаах барилдаан огтхон ч гарсангүй ээ. Манайхан энэ удаа чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүтэн багаар дэлхийн аваргыг зорьсон.


Мэдээж нэжгээд медаль авах, гол нь олимпийн хэд хэдэн эрх авах зорилготой байсан байх. Чухам өөрсдөө яг ямар зорилготой явсан, түүнийгээ биелүүлсэн эсэхээ тайлагнах нь мэдээж. Чөлөөтийн эрэгтэйчүүдийн баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль,олимпийн дөрвөн эрхтэй, багаараа дөрөвт орсон бол эмэгтэйчүүд нэг алт, нэг мөнгөн медаль, олимпийн хоёр эрхтэй багаараа долдугаар байрт шалгарсан. Аль аль багт медалийн тоогоо нэмэх, өнгийг нь хувиргах боломж байсан.

Гэхдээ чөлөөт бөхийн түүхэнд тодоор бичигдэх амжилтыг гаргалаа, манайхан. Хүний аз хийморийг сорьж байдаг Лас Вегас хотноо тэнгэр заяат, хийморьлог монголчууд ийм амжилт гаргалгүй ч яахав. Өмнө нь энд мэргэжлийн боксоор Д.Лхагва маань дэлхийн аварга болж, сүмочид маань сүр хүчээ гайхуулж явсан.

Тэгвэл энэ удаа Монголын чөлөөтийнхөн амжилтаа дэлхийд нартай хамт мөнхлөөд буцлаа. Тэмцээний сонин хачинаас уншигч нартаа сонирхуулах тэмдэглэлээ хойш тавиад, энэ удаа манай бөхчүүд хэрхэн барилдсан тухай өгүүлье.

ХОШОЙ АВАРГАТАЙ, ХОС МЕДАЛЬТАНТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД

-Манай эмэгтэйчүүд олимпийн зургаан жингийн хоёрт нь эрх авлаа-

Одоо жин тус бүрт хэн хэрхэн барилдсаныг сонирхуулья!

58 кг-ийн жинд 35 орны бөх хүч сорьсноос Эрдэнэсүхийн Нарангэрэл эхлээд дэлхийн хошой аварга Японы Эри Тосакатай учраа таарч, 0:10 оноогоор цэвэр ялагдсан. Японы бөх учраа бөхчүүдээ ялсаар алтан медалийн төлөө шалгаран үлдсэн тул Э.Нарангэрэл дагах барилдаан хийхээр болсон. Гэвч ОХУ-ын бөх В.Исламоватай таарч 0:10-аар цэвэр ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг дуусгав. Хэдийгээр хүчтэй өрсөлдөгчтэй дараалан учраа таарсан ч хоёр барилдаанд нэг ч оноо авч чадахгүй байна гэдэг хангалттай дүн биш ээ.

53 кг-д 40 бөх барилдсанаас Даваасүхийн Отгонцэцэг тэгшитгэлийн барилдаанд Польшийн К.Кравчикийг 10:0-ээр цэвэр , дараагийн тойрогт Мексикийн В.Эскотаг 12:0-ээр цэвэр ялаад шөвгийн наймд үлдэхийн төлөө БНХАУ-ын Шю Чун Зоүд 3:5-аар хожигдсон. 55 кг олимпийн жин бус тул харьцангүй цөөн, 16 бөх барилдлаа. Сүндэвийн Бямбацэрэн эхлээд Тунисын М.Амрид 8:9 буюу ганцхан онооны зөрүүтэй ялагдсан.

58 кг-д (31 бөх) Баатаржавын Шоовдор тэгшитгэлийн барилдаанд АНУ-ын А.Раганд 2:4-өөр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

60 кг-д 15 бөх барилдсанаас дэлхийн аварга, Сүхээгийн Цэрэнчимэг эхлээд Шинэ Зеландын Т.Фордыг 12:5-аар, дараа нь БНХАУ-ын бөх Я Жэнь Сунг 12:2-оор цэвэр, хагас шигшээд Болгарын Ж.Маноловаг 10:0-ээр цэвэр ялж, аваргын төлөө Украины О.Херхельтэй сайхан довтолж, барилдсан ч 7:10-аар ялагдав. Өмнөх өдөр нь С.Батцэцэг дэлхийн хошой аварга болоод байсан бөгөөд хэрэв Цэрэнчимэд маань ялсан бол хошой аварга хосоороо төрөх л байлаа. Гэхдээ дэлхийд үзүүрлэж, түрүүлнэ гэдэг хосгүй амжилт.

63 кг-д 26 бөх барилдсанаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тэгшитгэлийн барилдаанд Унгарын Г.Слейшийг 12:1, дараа нь Туркийн Б.Тосуныг 10:0, Латвийн А.Григорьеваг мөн 10:0-ээр тус тус цэвэр ялж, хагас шигшээд Болгарын Т.Юсэйнийг 11:1-ээр дийлж, аваргын төлөө Японы Р.Кавайтай барилдан ердөө 36-хан секундэд цэвэр дарж, дэлхийн хошой аварга боллоо.Аварга болох замдаа тэр учраа болгоноо цэвэр ялсан юм.

69 кг-д 32 бөх хүч үзсэнээс дэлхийн аваргын гурван хүрэл медальт Очирбатын Насанбурмаа эхлээд Унгарын В.Вильсоныг цэвэр дарж, дараа нь Польшийн А.Воячикийг 10:6-гаар, шөвгийн дөрвийн төлөө барилдаанд Казахстаны Э.Сыздыковаг 8:6-гаар ялж, хагас шигшээд шалгаран үлдлээ. Ингээд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын Фэнь Жоүд 4:14-өөр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Насанбурмаа Японы С.Дошотой барилдахдаа 5:6 буюу ганцхан онооны зөрүүтэй ялагдлаа. Гэхдээ манай бөх тавдугаар байр эзэлж, олимпийн эрхээ өвөртөллөө.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд 24 бөх барилдлаа. Гэлэгжамцын Нарангэрэл тэгшитгэлийн барилдаанд, АНУ-ын А.Грэйд оноогоор цэвэр , дагах барилдаанд Беларусийн В.Марзалюктэй 3:3-аар тэнцээд, онооны чанараар манай бөх ялалт авч, олимпийн эрхээ өвөртөллөө.


ХОС МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛТЭЙ ЭРЭГТЭЙЧҮҮД

Эрэгтэйчүүдийн 57 кг-д 54 бөх барилдсан бөгөөд Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Эстонийн Алексей Баскаковыг оноогоор цэвэр хожиж, дэлхийн аваргыг өнгөтэй эхлүүлэв. Бэхээ дараагийн даваанд Монакогийн Геннадий Тулбяг мөн л оноогоор цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр ¼ шигшээд шалгарахын төлөө Японы Юүки Такахашитэй хүч үзэж тэнцүүхэн барилдсан бөгөөд эцсийн мөчид манай бөх өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авлаа. Бэхбаяр их шөвөгт олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Владимир Хинчегашвилитэй таарч, 10:1-ээр дийлдэв. Гэхдээ манай бөх хүрлийн төлөө Казахстаны Артас Санатай барилдаж, 5:1-ээр буулган авснаар өнгөрсөн жил Ташкентын дэвжээнд атгаад алдсан ДАШТ-ий хүрэл медалиа зүүсэн юм. Бэхээг хагас шигшээд хожсон гүрж эр аваргын төлөө дэлхийн хошой аварга Ираны Хассан Рахимиг өвдөг сөхрүүлж, ДАШТ-ийг манлайлав.

61 кг олимпийн бус жин тул харьцангуй цөөн буюу 30 бөх барилдлаа. Батболдын Номин энэ жилээс жин өгсөн 61 кг-д хүч үзэх болсныг манай уншигчид андахгүй. Шинэ жиндээ хурдан дассан тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс энэ жинд хүрэл авсан Э.Ням-Очирыг орлон Лас Вегасыг зорьсон Номин нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Бажран Кумарыг оноогоор цэвэр, дараа нь АНУ-ын Рис Хамфриг 6:0, Гүржийн Бэка Ломтазег 10:5-аар тус тус хожсон. Манай бөх хагас шигшээд Украины Василий Шуптарыг 8:4-өөр буулган авч, чөлөөтийн эрэгтэйчүүдийн сүүлийн наймд үзүүлээгүй амжилтыг гаргалаа. 2007 онд Б.Наранбаатар ДАШТ-д шигшээд барилдаж байснаас хойш манай эрэгтэйчүүд дэлхийн аваргын финалд шалгараагүй байсан юм. “Ооска”-гийн шавь финалд дэлхийн аварга Азербайжаны Гажи Алиевтэй гар зөрүүлсэн ч 10:0-ээр дийлдэв. Гэхдээ мөнгөн медаль хүртсэн түүний амжилт цаашид Номинг их ирээдүй хүлээж байгааг илтгэж буй.

65 кг-д 62 бөх хүч үзсэнээс Ганзоригийн Мандахнаран эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Камерун, Венесуэлийн бөхчүүдийг хожиж, шөвгийн наймд үлдсэн ч Узбекистаны И.Навризовт 1:11-ээр ялагдан дагах барилдаан хийх болсон. Манай бөх торгуулийн тойрогт Украины Т.Жахафарианг 13:12-оор ялсан ч хүрлийн төлөө 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын С.Рамоновд 1:6-гаар хожигдлоо. Хэдийгээр тэр энэ жилийн дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй ч “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Сүүлийн гурван ДАШТ дараалан хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран жиндээ олимпийн наадмаас медаль авах бөхчүүдийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байгаа.

70 кг-ийн жинд 34 хүчтэн барилдсан юм. Тус жинд хүч үзэх байсан Батчулууны Анхбаяр эхний тойрогт ОХУ-ын Магомедрасул Газимагомедовтой таарсан ч барилдаан эхлээд удаагүй байхад гэмтэл авч дэвжээг орхисноор ДАШТ-ийг дуусгалаа.

74 кг-д 52 бөх барилдсанаас Пүрэвжавын Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж, удаах даваанд БНСУ-ын бөх Буингмин Гонгтой маш хүнд барилдаан хийж 7:2-оор хожсон. Улмаар Вэнэсуэлийн бөх Кристиан Солменназезийг (10:0), Францын Зелимхан Хажиев (6:1) нарыг хожиж, их шөвөгт Энэтхэгийн бөх Н.Панча Ядавтай барилдлаа. Манай бөх Энэтхэгийн бөхөд 3:4-өөр хожигдож явсан ч барилдаан дуусахаас таван секундын өмнө нэг оноо салгаж, өрсөлдөгчөө буулган авлаа. Манай бөх шигшээд эзэн орны бөх олимп, дэлхийн хошой аварга Жордан Барроузтай хүч үзсэн ч оноогоор цэвэр хожигдож мөнгөн медалийн эзэн болсон юм.

86 кг-ийн жинд (54 бөх) Оргодолын Үйтүмэн эхний тойргоос Польшийн М.Радослав, Кыргызстаны Д.Кобонов нарыг дараалан хожсон ч дараа нь ОХУ-ын Абдулрашид Садулаевт ялагдсан юм. Гэхдээ Оросын босоо аварга А.Садулаев бүх өрсөлдөгчөө хожин финалд хүрсэн тул манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарч ирлээ. О.Үйтүмэн дагах тойрогт Японы Ш.Мацүмотог 5:4-өөр хожсон Болгарын Михаил Ганевт дийлдсэн.

97 кг-д барилдсан Доржхандын Хүдэрбулга тэгшитгэлийн барилдаанд Туркийн Б.Ибрахимд 8:1-ээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн хамгийн дээд жинд 32 бөх барилдсанаас Жаргалсайханы Чулуунбат эхний тойрогт хийлж, Грекийн А.Йоннас, Египетийн Диа Эл дин Камал нарыг хожсон ч Азарбайжаны Ж.Магомедовт цэвэр хожигдов. Азербайжаны бөх шигшээд шалгарсан тул Ж.Чулуунбат дагах барилдаан хийж, Японы Нобиуши Аракидаг 2:1-ээр сөхрүүлэн олимпийн эрхээ авав. Тэрбээр хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилитэй барилдсан ч оноогоор цэвэр ялагдав. Хүнд жинг олон жил “тахалж” яваа Чукадаа бөх сонирхогчид талархаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

ТЦ-ийн тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН

(АНУ, Лас вегас)

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.