МАНГАСЫН ЗөН

2015 оны 08 сарын 09

Миссури мужийн Скидмор бол АНУ-ын жижиг хотуудын нэг. Тус хотод 300 гаруй хүн л амьдардаг учраас бие биенээ танина. Гаднын хүн тэнд бараг үзэгдэхгүй. Тиймээс хотод нууц гэж үгүй. Шатахуун түгээх станцын ажилтан Бекки Харпер ээлжийн ажлаа дуусаад, охиноо хүлээж байлаа. Охин Боби нь саяхан хуримаа хийсэн бөгөөд удахг үй төрөх аж. Ээж, охин хоёр дэлг үүр явж шинэ мэндлэх хүүхдэд юм авахаар тохиролцжээ.

Ямарваа юманд хариуцлагатай ханддаг, ямагт цаг баримталдаг охин нь ирэхгүй удахад Бекки гар утас руу нь залгатал хариу өгсөнгүй. Охин нь төрөх гээд өвдөж, сандарч байгаа юм болов уу хэмээгээд гэр рүү нь явлаа. Беккийг аймшигтай зүйл хүлээж байв. “Ямар ч эх хүн амьдралдаа тийм зүйл бүү хараасай” гэж хожим хатагтай Харпер уйлан байж нэгэн сонинд ярилцлага өгсөн байдаг. Түүнийг охиныхоо гэрт явж ороход Боби зочны өрөөний шалан дээр цусандаа хутгалдан хэвтэж байв. Сандарсандаа яахаа мэдэхээ байсан Бекки ямар ч байсан 911 дуудах хэрэгтэйг санав. Хамгийн түрүүнд цагдаагийнхан ирж Бобид хиймэл амьсгал хийж, ухаан оруулахаар хичээв.

Эх нь охиноо жирэмсэн гэж хэлэхэд цагдаагийн офицер золтой л ухаан алдчихсангүй. Бүсгүйн гэдсийг хүүлээд ургийг нь гаргаад авчихсан байв. Бобийг зэрлэгээр хөнөөжээ. Шинжээчид цогцост үзлэг хийхэд хохирогч эцсээ хүртэл тэмцсэн нь илт. Түүний гар, тохой хурц зүйлээр юу ч үгүй сийчигдсэнээс гадна, алуурчных бололтой туг үс атгажээ. Хүзүүнд нь улаан гувруу үлдсэн нь боомилсоны шинж аж. Харин хэвлийд байсан хүүхэд хаачив? Гэрийнх нь хавь ойрыг ч нэгжээд олсонгүй.

Хүүхдийг нь авах гэж л Бобийг алжээ гэсэн дүгнэлтэд мөрдөгчид хүрлээ. Юуны түрүүнд хүүхдийг олох хэрэгтэй байлаа. Алуурчин нь эмэгтэй, өмнө гэмт хэрэгт холбогдож байсан байх магадлалтай гэж тэд үзэв. Хэрэв алуурчин хүүхдийг авах гэж ийм хэрэг үйлдсэн бол тэрбээр хохирогчтой адилхан арьсны өнгөтэй байх учиртай. Түүнээс гадна хэдэн сарын хугацаанд өөрийгөө жирэмсэн гэдгийг гэр бүл, ойр дотнынхондоо итгүүлсэн байж таарна.

Тиймээс хүүхэд амьд гэдэг найдвар цагдаа нарт байв. Гэхдээ зохих ёсоор эмнэлэгийн тусламж аваагүй бол Бобигийн хүүхэд амьд гэх баталгаа маш бага. Алуурчин хүүхдийг эмнэлэгт авч очихгүй нь лавтай. Учир нь олон асуултад хариулах болно шүү дээ. Хэрэв хүүхэд үхсэн бол алуурчин түүнээс ямар нэгэн аргаар сална. Цагдаа нар гол, ойн суулгац, цэцэрлэг, барилга гээд хотын булан тохой бүрийг шалгасан ч ул мөр олсонгүй. Хүн амины хэрэг гарахад хамгийн түрүүнд хохирогчийн ойр дотнынхон, гэр бүлийн гишүүдийг шалгадаг. Энэ утгаараа эхлээд Бобигийн нөхрийг шалгажээ.

Гэвч аллага гарах үед нөхөр нь ажил дээрээ байсан нь тогтоогдов. Эхнэр, нөхөр хоёулаа энэ хотод төрж, өссөн, багаасаа бие биедээ хайртай болсон, аз жаргалтай гэр бүл байжээ. Тэд охинтой болохоо гэдгээ мэдэж байсан учраас Виктория гэж нэрлэхээ хүртэл тохирсон байв. Тэд худалдаж авсан тусгай төхөөрөмжөөрөө хэвлийд байгаа хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох дуртай байж. Хамгийн сүүлд охиныхоо зүрхний цохилтыг аав нь аллага болохын өмнөх шөнө сонссон аж. Гэр бүлийн бусад гишүүнийг сэжиглэх ямар ч үндэслэл олдсонгүй. Боби нэг сонирхолтой хообийтой байжээ.

Тэрбээр давжаа терьер үүлдрийн нохой үржүүлдэг байв. Өөрийн гэсэн жижиг товчоо хүртэл байгуулжээ. Америк даяар зохиодог олон янзын үзэсгэлэнд тэдгээр нохойтойгоо оролцон, хэд хэдэн шагнал хүртсэн аж. Энэ сонирхол нь түүнд дайсан бий болгосон юм биш биз. Давжаа терьер сонирхдог, тэжээдэг хүн тийм ч олон биш аж. Тэд ихэвчлэн хоорондоо холбоотой байдаг гэнэ.

Эл холбоо нийгмийн сүлжээгээр холбогддог тул мөрдөгчид Бобигийн компьютерийг судлах болов. Дээрээс нь аллага болдог өдрийн өглөө Боби “Гөлөг худалдаж авахаар хүн ирэх ёстой” гэж байсныг эх нь санав. Хөршүүдийнх нь нэгний мэдүүлснээр гэмт хэрэг гардаг өдөр Бобигийн гэрийн гадаа улаан өнгийн машин зогсож байжээ. Харамсалтай нь марк болон дугаарыг нь тогтоогоогүй аж. Улаан өнгийн машинтай хүн Скидмор хотод байхгүй.

Тэгэхээр өөр хотоос ирсэн байх нь. Улаан машиныг аллага гарахаас хоёр цагийн өмнө харсан гэдэг нь мөрдөгчид алуурчнаас хоёр цаг хоцорч байна гэсэн үг. Хэрэв гэмт этгээд өөр хотоос ирсэн бол тэрбээр Скидмороос хэдийнэ гарсан нь тодорхой. Ямар ч байсан хотоос гарч байгаа улаан машин болгоныг шалгах үүрэг өглөө. Гэтэл нэг улаан машин хотын захад явж байгаад цагдаагийн хараанд өртжээ.

Зогсох дохио өгсөн боловч жолооч эсрэгээрээ хурдаа нэмэн, зугтав. Хоёр талаас нь шахаж байж, улаан машиныг зогсоогоод, жолоочийг нь баривчлав. Хэсэг хугацааны дараа ердөө л үнэмлэхгүй байсандаа айн, зугтсаныг тогтоожээ. Бас л хугацаа алдаж байгаа нь энэ. Аллага гарснаас найман цагийн дараа мөрдөгчид анхны баримт оллоо. Бобигийн компьютерийг судалсны эцэст тэдний анхаарлыг Жейсон Долсен, Дарлин Фишер гэдэг хоёр цахим хаяг татсан байна. Хохирогч хамгийн сүүлд тэдэнтэй харилцсан байв.

Жейсон Долсен давжаа терьер сонирхогч Бобитой зөвхөн сүлжээгээр холбогдож байснаа хэлэв. Хамгийн сүүлд тэрбээр Дарлин Фишер гэдэг хүнийг Бобитой холбож өгчээ. Дарлин Фишер өөрийгөө давжаа терьер сонирхогч, Скидморын зэргэлдээх Белвилл хотод амьдардаг гэж Жейсонд танилцуулаад, тийм үүлдрийн гөлөг зарж байгаа хүн байна уу гэж асуужээ.

Жейсон хариуд нь түүнийг Бобитой холбож өгсөн байна. Дарлин Фишер, Боби хоёрын захидлаас үзвэл тэд терьерийн гөлөг авч, өгөлцөхөөр тохиролцсон байв. Харин тэд уулзсан үгүйг хэн ч мэдэхгүй. Хэрэв уулзсан бол Фишер Бобийг хамгийн сүүлд харсан хүн байж таараа. Белвилл хотод Дарлин Фишер гэдэг нэртэй хүн бүртгэлгүй байсан нь мөрдөгчдийн сэжгийг төрүүлэв. Фишер гэгч хэн бэ. Хаана амьдардаг болохыг тогтоох шаардлага гарав.

Гэтэл тэр үед цагдаагийн газарт өөрийгөө Бетси Хью гэж танилцуулсан эмэгтэйгийн өгсөн мэдээлэл эрлийн явцыг өөр тийш эргүүлж орхив. Тэрбээр “Бобигийн хүүхдийг Лиза Монтгомери гэдэг эмэгтэй хулгайлсан байж магадгүй” гэж мэдээлжээ. Тэрбээр Лиза Монтгомерийг таньдаг аж. “Өнөө өглөө Лиза Монтгомери хүүхдээ төрүүлчихлээ гэж охиндоо хэлж байхыг би сонслоо. Лизаг жирэмсэн байхыг би огт хараагүй” гэж Бетси ярьжээ.

Мөрдөгчид Лиза Монтгомерийг судлав. Хамгийн түрүүнд тэрбээр давжаа терьер сонирхдог нь цагдаа нарын сонирхлыг татав. Монтгомери Бобигийн адил олон янзын үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд магадгүй тэд биенээ таньдаг байж болох юм. Ингээд бүсгүйг нарийвчлан судалсны эцэст Дарлин Фишер гэсэн хаягаас явуулсан захидлыг Лиза Монтгомери бичсэнийг тогтоов. Мөрдөгчид алуурчны мөрөөр орсон гэдэгтээ эргэлзэхгүй болов.

Бобигийн хүүхдэд ямар нэгэн муу зүйл учруулахгүйн тулд тэд маш болгоомжтой байх хэрэгтэй гэдгээ ч ойлгож байлаа. Монтгомерийн гэрийн гадаа ажиглалт хийж байтал улаан өнгийн машин тэдний гадаа ирээд зогсох нь тэр. Лиза нөхөр Кевиний хамт буугаад ирэв. Бүсгүй нялх хүүхэд тэвэрчээ. Мөрдөгчид “Бобигийн аллагын талаар Лиза Монтгомеригаас асуух хэдэн зүйл байна” гэж хэлэхэд нөхөр нь гайхсан бол эхнэр нь тайван байлаа.

Тэрбээр хүүхдийг тэврээд буйдан дээр суулаа. Мөрдөгчид юуны түрүүнд хүүхдийг Лизагийн гараас салгаж авах хэрэгтэйг мэдэж байв. Бүсгүйн гар хүүхдийн өлгийн доогуур байсан тул зэвсэгтэй, үгүйг цагдаа нар мэдэхгүй бас Лизагийн нөхөр энэ хэрэгт холбоогүй гэх баталгаа байхгүй. Тиймээс яриагаа Лиза болон хүүхдийн биеийн байдлыг асууж, холоос эхэлжээ. Лиза “Дэлгүүрт явж байтал гэнэт өвдөөд, ойролцоох эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн” гэж ярив. Нөхөрт нь ч гэсэн энэ явдал гэнэтийн байсан бөгөөд эхнэрээ өчигдөр эмнэлгээс гаргаж авсан гэв. Туршлагатай мөрдөгч хүүхдийн толгойн хэлбэрийг хараад л өөрөөрөө биш, кесерево хагалгаагаар төрсөн хүүхэд байна гэдгийг мэдэв.

Тэгээд Лизатай ганцаарчилж ярихаар гадагш гарахдаа хүүхдийг өөр мөрдөгчөөр тэврүүлэхээр тохирч байгаа дүр эсгэжээ. Үүнийхээ дараа л тэд бага зэрэг тайвширсан аж. Лиза эмнэлэгт төрсөн гэдгээ батлах ямар ч баримт үзүүлсэнгүй. Нөхөр нь бага цалинтай учраас мөнгө хэмнэх үүднээс гэртээ төрсөн, төрөхөд нь найз бүсгүй нь тусалсан гэж мэлзэв.

“Шүүх яагаад ийм хэрэг хийв гэж асуухгүй. Бүгд л чамайг мангас гэж үзэх болно” гэж мөрд өгч хэлтэл Лиза “Би тэр мангас чинь мөн” гээд хэргээ хүлээжээ. Мөрдөгчдийн тааварлаж байснаар Лиза Монтгомери гэр бүл, ойр дотнынхондоо өөрийгөө жирэмсэн гэж итгүүлж чадсан байжээ. Бүр ихэр хүүхэд тээж яваа гэж ярьдаг байж.

Лизад итгээгүй ганц л хүн байсан нь түүний хуучин нөхөр. Тэрбээр өргөж, өсгөж байсан дөрвөн хүүхдийнхээ тэжээгч байх эрхийг булаацалдан Лизатай шүүхээр маргалдаж байжээ. Тэгээд Лизаг жирэмсэн болж жүжиглэж байгааг шүүх хурлын үеэр хэлнэ гэж сүрдүүлсэн байна. Дөрвөн хүүхэд нь эцэг дээрээ байдаг ч Лиза хүүхдийн татвараа төлдөггүй байв.

Ингээд Лиза ямар нэгэн аргаар хүүхэдтэй болох хэрэгтэй болжээ. Түүнд яг тохиорсон бай нь Боби Жошуа байв. Давжаа терьер сонирхогчид бие биеэ мэддэг учир Лиза Монтгомери ч Бобийг таньдаг байж. Тэд нэгэн үзэсгэлэнгийн үеэр танилцсан бөгөөд яагаад ч юм нэг нэгэндээ таалагдаагүй гэнэ. Гэхдээ Боби үргэлж эелдэг, хүнд тусархуу хүн байсан учраас элдэв ааш гаргадаггүй байж. Лиза Монтгомери Бобийг жирэмсэн гэдгийг мэдэж байжээ.

Тэгээд тэрбээр аймшигт төлөвлөгөө боловсруулсан аж. Нэг өдөр Лиза нөхөртөө ихрийн нэг нь хэвлийдээ амьгүй болсон учраас аравдугаар сарын 17-нд хагалгаанд орох хэрэгтэй гэж байна гэсэн таагүй мэдээ дуулгав. Нөхөр нь хагалгааны үеэр хамт байхыг хүсэж байна гэхэд Лиза төлөвлөгөөгөө гэнэт өөрчилжээ. Нэг өдрийн өмнө “төрөх” хэрэгтэй гэж тэрбээр боджээ. Ингэхдээ кессрево хагалгааны талаар, дутуу төрсөн хүүхдийн арчилгааны талаар сайтар судлахаа мартаагүй. Тэрбээр өөртөө Дарлин Фишер гэдэг нэр бодож олоод сүлжээгээр Бобитой холбогдсон байна. Уриалгахан, тусч Боби түүнд гөлгөө өгөхөөр болж. Ингээд Лиза шинэ төрсөн хүүхдэд зориулан хувцас хэрэгсэл, мэс заслын хутга, олс худалдаж аваад Скидмор хотыг зорив.

Тэрбээр 300 км замыг ердөө цагийн дотор туулж, аравдугаар сарын 16-ны үдэд Бобигийн гэрийн хаалгаар оржээ. Түүнийг хараад Боби бага зэрэг гайхсан ч Лиза “Дарлин Фишер миний найз. Тэрбээр одоо ирж яваа” гэж хэлэхэд итгүүлсэн байна. Ингээд алуурчин тохирох мөчийг хүлээж байгаад хохирогчийг араас нь олсоор боожээ. Боби хэсэг тийчигнэж байгаад ухаан алджээ. Хэвлий хэсгийг нь зүсэж байтал бүсгүй ухаан ороод ноцолдож гарчээ.

“Тэрбээр зөвхөн өөрийнхөө амины төлөө биш, хэвлий дэх хүүхдийнхээ төлөө улангасан тэмцэж байх шиг санагдсан” гэж алуурчин байцаалтын үеэр хэлсэн байдаг. Тэгээд Лиза хөөрхий жирэмсэн бүсгүйн цээжинд хэд хэд хутгалж байж дийлжээ. “Хүүхдийг хэвлийгээс нь гаргаж байхдаа яг л миний хүүхэд хорвоод мэндэлж байгаа мэт санагдсан” гэж алуурчин ярихыг сонсоод цагдаа нарын нуруугаар хүйт даасан гэдэг.

Лиза хүүхдийн хүйг таслан, өлгийдөөд өөрийн хот руу дахижээ. Тэгээд хотын төрөх эмнэлгээс нөхөр рүүгээ утасдаад “Би гэнэт өвдөөд төрчихлөө, ирж ав” гэжээ. Тэр оройдоо Лиза ах, дүү, хамаатнуудаа урьж, хүүхэдтэй болсны баяр тэмдэглэсэн аж. Хэн ч түүнийг хэдхэн цагийн өмнө хүний цусаар гараа угаасан гэдгийг мэдээгүй, таах ч аргагүй юм. Шүүх Лиза Монтгомерид цаазаар авах ял оноосон байна.

Энэ шийдвэрийг хатуудлаа гэх хүн нэг ч гарсангүй. Лизагийн нөхөр хүртэл хүлээн зөвшөөрчээ. Бяцхан охин гэр бүлдээ эргэж ирсэн юм. Түүний нүүрэн дээр маш хүнд нөхцөлд төрснийг нь гэрчлэх сорви байдаг. Бурхан түүнд гайхалтай сайхан бас сонирхолтой ирээдүй бэлэглэх биз ээ. Энэ хэргийн бас нэг эмгэнэлтэй тал нь Виктория охин төрсөн өдрөө тэмдэглэх болгондоо эхийнхээ үхлийг санах байх даа.

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.