ИРАН БӨХИЙН ОРОН ГЭДГЭЭ ДАХИН БАТАЛЛАА

2015 оны 04 сарын 20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо чөлөөт бөхийн Дэлхийн цомын эрэгтэй багийн 43 дахь удаагийн тэмцээн боллоо. 1973 оноос эхлэн жил болгон зохиогдож ирсэн энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байрт шалгарсан багууд оролцсон юм. Өнгөрсөн жил Узбекистаны Ташкент хотноо болсон дэлхийн аваргад манай Монголын эрэгтэй баг 1985 оноос хойш анх удаа хос медаль хүртэн, багаараа шагналт зургадугаар байрт орон Дэлхийн цомд оролцох болзлыг биелүүлсэн билээ.

Манай чөлөөтийнхөн маань Дэлхийн цомоос 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөвдүгээр байрт, 2014 онд тавдугаар байрт шалгарч байсан түүхтэй. Дэлхийн шилдгүүд дундаас шилдгээр шалгарч аваргалах хувь энэ олон жилийн турш ердөө л тавхан оронд олдсон бөгөөд ЗХУ-ОХУ нийтдээ хамгийн олон буюу 21 (15+ 6) тэргүүлж, АНУ 13, Иран тав, Азербайжан хоёр, Куба нэг удаа түрүүлжээ, Дэлхийн цомд. Бөхийн хөгжил өндөр орнуудын л өрсөлдөөн гэдэг нь эндээс харагдана. Энэ жилийн тэмцээнд Монгол, Иран, ОХУ, Беларусь, Куба , АНУ,Азербайжан , Турк гээд шилдэг найман баг оролцох бөгөөд, “А” хэсэгт Монгол, АНУ, ОХУ, Куба, “Б” хэсэгт Иран, Турк, Беларусь, Азербайжаны багууд хүч үзэх. Манай эрэгтэй чөлөөт бөхийн баг маань Дэлхийн цомд сүүлийн хоёр жил дараалан оролцож буй нь нэг хэсэг амжилт нь зогсож, бараг л сураггүй болоод байсан чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн амжилт дахин дэлхийн хүчтэнүүдийн тоонд багтах болсны нотолгоо.


Энэ жилийн тэмцээний хувьд 2016 оны Олимпийн эрх олгох ,дэлхийн аваргын өмнөх том сорилго болж буй учир багууд янз бүрийн л тактиктай, харилцан адилгүй бүрэлдэхүүнтэй ирсэн байв. Ялангуяа Оросууд бол томоохон тэмцээнд анх удаа орж байгаа залуу бөхчүүдээр буюу шигшээ багийн 3-5 номероо авчирсан бол Иран дэлхийн аваргууд, залуу бөхчүүдтэй тэнцүүхэн баг илгээсэн байх жишээтэй. Манайх ч бас 57, 61, 86 зэрэг жингүүдэд “гол хүмүүсээ” барилдуудсангүй ээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ч энэ жилийн гол тэмцээн бол дэлхийн цом биш, харин Азийн аварга, дэлхийн аваргын тэмцээн байх болно гэж мэдэгдсэн нь ч үүнтэй холбоотой.

МОНГОЛ- ОХУ 3:5 Эхлээд манай бөхчүүд ОХУ-тай барилдах оноолт таарсан нь нэг бодлын хэцүү ч нөгөө талаар хүчтэй өрсөлдөгчөө хожвол медалийн төлөө өрсөлдөх боломж гарч ирэхээр байсан билээ. Хэдийгээр ОХУ-н олимп, дэлхийн медальтнууд нь ирээгүй ч жин тус бүрт хэзээд л жигдхэн 6-8 хүнтэй байдаг багийн хувьд хэзээ ч хүчтэй байх нь ойлгомжтой. Өнгөрсөн жил манайх үүнээс илүү хүчтэй багтай нь тэнцүүхэн өрсөлдөж байсан болохоор бас боломж ч байсан.

Ц.ЭНХТҮВШИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
80.110.15.194 Энэ мэдээг бичсэн сэтгүүлч орон гаран байхаа

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.