Царайлаг хочит Флойд Мейвейзер

2015 оны 03 сарын 26

1977 хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Мичиган мужид амьдардаг Флойд Мейвезерын гэрт хүү төрөхөд бүгд түүнийг боксчин болно гэцгээж байлаа. Арга ч үгүй биз, учир нь эцэг Флойд Мейвейзер, авга ах Рожер, Жефф нар нь бүгд мэргэжлийн боксчид байлаа. Ингээд шинэ мэндэлсэн хүүг эцэгтэй нь адил Флойд хэмээн нэрлэжээ. Олны тааварласнаар 16 жилийн дараа боксын ертөнцөд бага Флойд Мейвезер гэдэг нэр гарч ирэх болно. Хүү Флойд Мейвезерын бага нас ядуу зүдүү нөхцөлд өнгөрсөн аж. “Бид наймуулаа наад захын ямар ч тохь тухгүй нэг умгар өрөөнд амьдардаг байлаа” гэж тэрбээр дурссан байдаг. Түүний аав 80-аад онд хэд хэдэн удаа мэргэжлийн боксын дэвжээнд гарч тулалдаж байсан ч ихэнх цагаа хар тамхины наймаанд зориулсаар 1993 онд шоронд оржээ авчээ. Ээж, нагац эгч нар нь ч хар тамхины хамааралтай хүмүүс байж. Бага Флойд энэ аймшигт хүрээллээс мултран гарч, өнөөдрийн өндөрлөгтөө хүрч чадсан нь түүний тууштай, мятрашгүй тэмцэгч чанартай холбоотой.

Хүүгийн авьяасыг анх олж харсан эмээ нь “Элдэв зүйл руу савчилгүй зөвхөн боксоор хичээллэ” гэж зөвлсний дагуу 15 настай Флойд сургуулиа хаян боксын ертөнц рүү эргэлт буцалтгүй оржээ. Түүний анхны дасгалжуулагчдаар хамгийн ойр дотных нь хүмүүс болох аав, авга ах нар байв. Флойд үнэхээр авьяастай хүүхэд байлаа. Анхныхаа ялалтыг тэрбээр 16 настай байхдаа сонирхогчдын дунд явагддаг “Алтан бээлий” тэмцээнд түрүүлээд авчээ. “Алтан бээлий” тэмцээний түрүүг Флойд гурван удаа хүртсэн аж. Сонирхогчдын бокст тэрбээр 84 ялалт байгуулж ердөө 6 удаа хожигдсон байдаг. Флойд өвөрмөц хамгаалалтын арга барилтай бөгөөд түүнийхээ ачаар нүүрэндээ ямар нэгэн бэртэл авдаггүй байв. Тиймдээ ч “Царайлаг” гэдэг хочтой болсон түүхтэй. Авьяслаг залуу боксчин Америкийн шигшээ багийн бүрэлдхүүнд багтаж Атлантад болсон Олимпийн наадмаас хүрэл медалийг хүртсэн юм. Хагас шигшээ тоглолтонд Болгарын тамирчин Серафим Тодоровт 12:11 харьцаатай хожигдсоныг Америкийн шигшээ баг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эсэргүүцэл мэдүүлсэн ч шүүгчдийн шийдвэрийг өөрчилж чадаагүй билээ.


Энэ шуугиан тарьсан, эргэлзээтэй ялагдлынхаа дараа Флойд сонирхогчдын боксыг орхиж мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдсэн байна. Энэ тухай Флойд Мейвезер “Авах ёстой ялалтаа хүнд алдах нь сонирхогчдын ч, мэргэжлийн бокст ч байдаг зүйл. Би Рой Жонсон, Майкл Карбахал, Эвандер Холифилд, Фернандо Варгас нарын адил Олимпын алтан медалиа булаалгасан олон амеркчуудын нэг. Энэ нь намайг мэргэжлийн бокс руу түлхэх бас нэг том шалтгаан болсон” гэж хожим ярьсан байдаг. Мэргэжлийн дэвжээнд бага Флойд 1996 оны аравдугаар сарын 11-нд гарчээ. Энэ тулаанд тэрбээр Роберт Аподакаг ердөө хоёрдугаар үе дээрээ дараалан хүнд цохилтод оруулан буулгаж авсан бол дараа нь нь Режи Сандерсийг оноогоор ялсан байна. 1997 он түүний хувьд өндөр ачаалалттай жил болжээ. Тэр жил Мейвезер 10 тулаан хийсний есөд нь нокаутаар, нэгд нь оноогоор өрсөлдөгчөө дийлсэн байдаг. Энэ үед хийсэн тоглолтоос Тони Дюран, Луис Лейхо, Анжело Нуньес нартай хийсэн тулаанууд олны сэтгэлд үлдсэн аж. Мэргэжлийн боксын аваргын бүсийг зүүтлээ залуу тамирчин 17 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулжээ. Энэ үеэр Мейвезерын тоглолтын арга хэлбэр бүрэлдэн тогтсон үе байлаа. Ингээд 1998 оны аравдугаар сарын 3-нд Флойд Мейвезер WBC-ийн хөнгийн жингийн дэлхийн аварга Женаро Эрнандестай тулалдсан юм.

Флойд мэргэжлийн бокст хөл тавиад ердөө хоёрхон жил болж байв. Энэ тулаан найм дах үе дээрээ дууссан бөгөөд мэргэжилтнүүд Мейвезерын мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн шилдэг тулааны нэг болсон гэж үздэг. Цохилтын статистик тоо Мейвезерын илт давуу талыг ойлгомжтой харуулсан байдаг. Мейвезерын 412 цохилт хийсний 221 нь оновчтой байсан бол өрсөлдөгч нь ердөө 314 цохилт хийж 103 удаа л оносон байна. Мэргэжлийн боксын жин харгалзахгүйгээр хамгийн шилдэг тамирчдын нэгэнд тооцогддог байсан Ж.Эрнандес эл тоглолтын дараа “Би ингэж хожигдоно чинээ санасангүй. Флойд техник сайтай цохилт нь гайхалтай хурдан юм” гэжээ. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сард Мейвезер Анжела Манжреди гэдэг маш ширүүн боксчинтай тулгарч хоёрдугаар үе дээр өрсөлдөгчөө буланд шахан угсраа цохилтуудыг хийхэд, шүүгчид тулааныг зогсоон, ялалтыг Флойдод өгсөн байна. Хэдий энэ тулаан мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсэн ч хэдэн долоо хоногийн дараа “Ринг”, “Нокаут” сэтгүүлүүд Флойд Мейвезерыг оны шилдэг боксчингоор шалгаруулсан аж.

2000 онд Флойд гэнэт өөрийн эцэг Мейвезертэй хамтран ажиллахаас татгалзан менежер болон дасгалжуулагчийн албан тушаалаас нь халж, оронд нь авга ах Рожер Мейвезерыг урьжээ. Рожер мэргэжлийн боксийн дэвжээнд олон удаа гарч Рафаэль Пинеде, Хулио Чавес, Константин Цзю зэрэг агуу тамирчидтай тулалдаж явсан арвин их туршилгатай нэгэн аж. Түүнийг Флойдын бэлтгэлийн техникийг бүхэлд нь өөрчилж, авьяас чадварыг нь бүрэн нээж, хөгжүүлсэн хүн гэдэг. Шил шилээ дарсан ялалтууд Флойдыг хагас хөнгөн жингээс дээш дөрвөн шат ахихад хүргэсэн байна. Харин жин ахихаасаа өмнө 2002 онд Мейвезер хэд хэдэн чухал ялалт байгуулснаас хоёр тулаан олны анхаарлыг их татсан байдаг. Түүний хурдтай давшилт болон баруун гарын өлгөсөн цохилт Диего Карлос, Хесус Чавес нарын багийг тулааны үеэр цагаан алчуур шийдэхэд хүргэсэн юм. Ялангуяа өмнө нь ялагдал хүлээж байгаагүй, илүү хүч чадалтай гэж тооцогдож байсан Корралесыг буулгаж авсан нь олны бахархалыг төрүүлжээ. Мөн Эммануэль Бертонтой хийсэн тулаан Флойдын тамирчны намтарт чухал байр эзэлдэг.

Ес дэх үе дээрээ Мейвезер өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг, угсраа цохилтуудыг зогсолтгүй хийхэд Бертоны багийнхан дэвжээн дээр гүйлдэн гарч ирж тамирчнаа аймшигт зодуураас авран, тулааныг зогсоосон билээ. Энэ гутамшигтай ялагдалынхаа дараа Бертон нэрээ Огастеса гэдэг нэрээр солиход хүрсэн юм. 2001онд Карлос Эрнандестэй хийсэн тоглолт Флойдын хүнд тулаануудын нэг байв. Тулааны турш Мейвезер онооны давуутай явж байсан нь түүнийг ялагдлаас аварсан юм. Зургадугаар үе дээр Карлос өрсөлдөгчөө баруун гарын хүчтэй цохилтоор нокдаундад оруулсан ч Мейвезер шүүгчийг тоолж дуусахаас өмнө хөл дээрээ босож, тулаанаа үргэжлжүүлсэн юм. 2002 онд Флойдын Хосе Кастильотай хөнгөн жинд хийсэн анхны тоглолт бөөн хэл ам дугуулсан билээ. Түүний өрсөлдөгч Хосе хурдаараа илүү байсан ч гурван шүүгч гурвуулаа Мейвезерт ялалтыг өгсөн бол НВО телевизийн сувгийн албан бус шүүгч Харольд Ледерман ялалтыг нөгөө талд өгчээ. Мейвезерт тулааны дүн таалагдаагүй нь ойлгомжтой. Тиймээс тэрбээр даагаа нэн даруй нэхэн тэр жилийнхээ арванхоёрдугаар сард Кастильотай дахин гар зөрүүлэн WBC хувилбарын хөнгөн жингийн аварга цолоо баталсан юм. Ер нь 2000-2007 онууд Флойд Мейвезерын оргил үе.

Энэ он жилүүдэд тэрбээр WBC хувилбарын хөнгөн болон дунд жингийн дэлхийн аварга, WBC, IBA, IBF-ийн хагас дунд жингийн дэлхийн аваргын бүсийг гайхамшигтай, сонирхолтой тулаануудаараа олж авсан билээ. Ялангуяа Флойдын IBF-ийн хагас дунд жингийн дэлхийн аваргын төлөөх тулаан олныг шуугиулсан тоглолт болсон билээ. Дэвжээнд гайхамшигтай техниктай хоёр агуу тамирчин үзсэлцсэн юм. Дэлхийн аваргын бүсээ хамгаалж буй Заба Жуд нь солгой гартай боксчин бөгөөд эхний дөрвөн үе Мейвезерыг багагүй сандаргасан аж. Гэвч тавдугаар үеэс эхлээд Флойд өрсөлдөгчийнхөө арга барилыг ойлгон, илүүрхэн долдугаар үе дээрээ Жудын хамарыг хугалж орхижээ. Үүнд уурссан Жуд аравдугаар үе дээр өрсөлдөгчийнхээ бүсэлхийнээс доогуур цохилт хийж дараа нь хамгаалалтгүй дагз руу нь цохиход шүүгч тулааныг зогсоогоогүйд Мейвезерын дасгалжуулагч Рожер дэвжээн дээр гарч ирж шүүгч рүү дайрчээ. Түүний араас Жудийн булангаас хүмүүс гарч ирэн бөөн зодоон болсон аж. Энэхүү эмх замбараагүй байдлыг цагдаа нар ирж зохицуулснаар байж тулаан үргэлжилсэн юм.

Ингээд 12 үе дуусахад Мейвезер онооны илүүтэйгээр ялсан билээ. Тоглолтын дараа Флойд “Миний баруун гар гэмтсэн байсан учир би тулааныг хугацаанаас нь өмнө дуусгаж чадсангүй” гэжээ. 2007 онд Мейвезер дунд жинд шилжсэн байна. Тэр жил тамирчин ердөө хоёрхон тоглолт хийсэн ч маш үр дүнтэй тоглолтууд болсон юм. WBC-ийн дунд жингийн аварга Де Ла Хойя Мейвезераас насаар ч, туршлагаар ч илүү нэгэн. Хоёр тамирчны тулаан бүтэн 12 үеийн турш үзэгчдийг өндөлзүүлсэн тун өрсөлдөөнтэй тоглолт болсон юм. Тоглолтын төгсгөл үе рүү Де Ла Хойя цуцан, идэвх нь буурч эхэлэхэд, залуу Мейвезер боломжийг ашиглан, өөрийн алдартай угсраа цохилтуудаа хийж, өрсөлдөгчөө буулган, аваргын бүсийн эзэн болсон билээ. “Хэдий ялалт байгуулсан ч миний хувьд Де Ла Хоятай хийсэн тулаан их хүнд тулаан байсан. Тэгэхэд би боксчин болсоор оруулж байгаагүй олон цохилтыг амсаж үзсэн шүү” гэж Флойд хожим дурсжээ. Тэр жилийнхээ сүүлээр Мейвезер WBC-ийн хагас дунд жингийн аваргын бүсийг хожигдол хүлээж байгаагүй Хаттоныг нокаутаар ялан олж авчээ. Эл тулаанаас хойш Мейвезер хоёр жил дэвжээнд гаралгүй байж байгаад 2009 онд эргэж иржээ.

Мэргэжлийн бокс нь спорт гэдэг утгынхаа хажуугаар асар их мөнгө дагуулж байдаг шоу. Харин Мейвезер эргэж ирэхдээ мөнгөний амтыг мэдэрсэн байлаа. Түүний “Царайлаг” хэмээх хоч яваандаа “Мөнгө” гэдэг хочоор солигдох болжээ. Мэргэжлийн боксын түүхэнд хамгийн өндөр үнэтэй тоглолтыг Мейвезер хийсэн байдаг. Түүний Альварестай хийсэн тулаанд 150 сая ам. доллар цугларсан. Хэдий энэ тулаанд Мейвезер ялалт байгуулсан ч анх удаагаа шүүгчдийн санал зөржээ. 12 үеийн аравт нь Флойд илт давуу байсан ч Америкийн шүүгч Си Росс тэнцсэн үнэлгээ өгч үзэгчдийг гайхшруулсан билээ. Энэ явдлаас хойш тун удалгүй Росс шүүгчийн сэнтийгээсээ халагдсан аж. Тулаанаас Мейвезер 41,5 сая доллар олсон юм. 2014 он хүртэл Мейвезер ердөө зургаан тулаан хийжээ.

Тэрбээр хөлс цусаа урсган байж олсон мөнгөө үрж, үржүүлэх ажилд ихээхэн цаг зарцуулах болсон байна. Хувийн амьдрал нь тун ч нууцхан байдаг түүнийг хоёр бүсгүйгээс дөрвөн хүүхэдтэй гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл үгүй аж. Харин 2012 онд найз бүсгүйгээ зодож гэмтээсэн хэргээр шүүхийн хаалга татаж, буруутайд тооцогдон, 1,6 жил хорих ял авчээ. Түүний алдар гавьяаг нь харгалзан шүүх ялыг гурван сар шоронд, бусдыг нь тэнсэн харгалзах болгосон ч Флойд ердөө нэг сар суугаад гарчээ. Хэдий хувийн амьдрал нь эрээнтэй бараантай ч дээрх зургаан тулаанд Флойд аваргаа хамгаалж чадснаас гадна, WBA супер шагнал,, WBC ийн алмазан бүсийн эзэн болж ялагдашгүй агуу тамирчин гэдгээ дахин нотолсон юм. Одоо дэлхийн нийт Мейвезерын Пакьяотай хийх 200 сая ам. долларын шагналын сантай тулааныг тэсэн ядан хүлээж сууна.

Н.ЭНХТҮВШИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.