ОЛИМПИЙН НААДМЫГ ЗОХИОХОД ХЯМД БӨГӨӨД ХЯЛБАР БОЛНО

2014 оны 12 сарын 11

Монакод болсон ОУОХ-ын 127-р чуулганы үеэр хорооны гишүүд 40 зүйлээс бүрдсэн “Олимпийн хэлэлцүүлэг-2020” шинэтгэл төлөвлөгөөг баталснаар олимпийн наадмыг зохиох хүсэлтийг хүлээж авах журманд өөрчлөлт оруулах тал дээр санал нэгджээ. Ингэснээр эх орондоо зуны болон өвлийн олимпийг зохиох хүсэлтэй улсад энэ ажил хялбар болох төдийгүй хямдхан тусах нь. Олимпийн түүхэнд анх удаагаа эл спортын наадмыг олон хот болон улс оронд зэрэг явуулах боломжтой болов. Үүнээс гадна дээрх төлөвлөгөөнд ОУОХ өөрийн телевизийн сувагтай болох тухай багтсан байна.

Олон улс орныг Олимпийн наадмын өндөр өртөг айлгадаг. Чухамхүү энэ асуудал 50 тэрбум ам.долларын өртөгөөр зохион байгуулагдсан Сочигийн олимпын дараа маш хурцаар хэлэлцэгдэх болжээ. 2022 онд өвлийн Олимпийг зохион байгуулах хүсэлтээ гаргасан зургаан хотын дөрөв нь хүсэлтээ буцаасан байна. Осло, Львов, Краков, Стокгольм зэрэг хотуудыг өндөр өртөг сүрдүүлж орхижээ. Одоогийн байдлаар “Олимп-2022” наадмын төлөө АлмаАты, Бээжин хотууд л өрсөлдөхөөр болов. Герман болон Швейцар улс иргэдийнхээ дэмжлэгийг аваагүй тул хүсэлт гаргаагүй аж. Олимпийн тэмцээнийг илүү хямд төсвөөр явуулахын тулд ОУОХ одоо байгаа спортын байгууламжаа ашиглахыг идэвхтэй уриалж байна. Уг хороо өвөл, зуны олимпийн спортын төрлүүдийг олон болгох шийдвэр гаргасан ч тэмцээнд орох тамирчдын тоог 10,5 мянга гэсэн хэмжээ тогтоожээ. Ийм тооны тамирчид Лондоны Олимпод оролцсон байдаг. 2012 оны Олимпод 26 спортын төрөлд шагнал гардуулж байсан бол 28 болгож өөрчилжээ. Энэ нь Токиод болох 2020 оны наадамд бейсбол болон софтболын төрөл багтах боломжтой аж.

ОУОХ тамирчид болон үзэгчдийг ямар нэгэн байдлаар ялгалварлан гадуурхахгүй байх гэсэн зарчимдаа утгын өөрчлөлт оруулсан байна. Энэ шийдвэр гаргахад Сочигийн наадмын өмнөхөн гарсан насанд хүрээгүй хүүхдүүдэд гомосексуализмын тухай сурталчилахгүй байх тухай хуулийн талаар бий болоод байсан маргаан нөлөөлсөн аж. “Олимпийн наадам арьс өнгөөр, бэлгийн чиг хандлагаар, хэл яриагаар, улс төрийн үзэл бодлоор, шашин шүтлэгээр, нийгмийн гарал үүслээр, ядуу баянаар, төрсөн газар нутгаар болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахаас ангид байна” гэж Олимпийн хартид бичигджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.