ОЛИМПИЙН ЦАГАРИГ ИРЛАНДЧУУДААС БОЛЖ ДЭЛГЭГДЭЭГҮЙ

2014 оны 12 сарын 09

Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн ерөнхий захирал Констатин Эрнст Сочигийн Олимпийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааны зохиогч бас зохион байгуулагч билээ. Тэрбээр Олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр таван цасан ширхэг дэлгэгдэн олимпийн цагариг болох ёстой байсны нэг нь дэлгэгдээгүйн шалтгааны буруутныг илрүүллээ хэмээн мэдэгджээ. Констатин Эрнстийн үзэж байгаагаар бол үүнд ирландын мэргэжилтнүүдийн буруу аж. “Тэдгээр цагариг дээр ажиллаж байсан ирландын техникийн мэргэжилтнүүд нэг цагаригийг унагаасан байна. Тэгээд таван шөнө нойргүй хонож маш их ядарсан намайг хараад айсандаа хэлэлгүй нуусныг би хожим олж илрүүллээ” гэж тэрбээр ярьжээ.

Зурагтаар олимпийн нээлт бага зэрэг хоцорч дамжуулагдаж байсан тул найруулагчид уг хэсгийг ерөнхий бэлтгэл дээрээс хийсэн бичлэгээр нөхөж амжсан байна. Гэвч эл бүтэлгүйтлийн тухай интернэтээр хэдийнэ шуугиж, онигооны сэдэв болгож орхижээ. “Цагариг дэлгэгдэхгүйг хараад бид бэлтгэлээс хийсэн бичлэгээр нөхөхөөр шийдсэн. Энэ аргыг ердөө ганцхан удаа л ашигласан юм шүү. Бидний хувьд энэ тийм ч их эмгэнэлтэй зүйл биш байлаа” гэж Эрнст арга хэмжээний дараа хэлсэн байдаг. Тэрбээр цааш нь “Зен буддизмд төгс зүлгэж гөлийлгөн бөмбөлөгийг ямар сайхан төгс зүлгэж гөлийлгөснийг ойлгохын тулд бяцхан эмтэрхий үлдээж бай гэсэн үзэл санаа байдаг. Энэ явдал тэр эмтэрхий нь байсан” хэмээн нэмж ярьжээ.

Сочигийн олимпийн нээлт болон хаалтын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсныхаа төлөө Констатин Эрнст GQ сэтгүүлийн хувилбараар жилийн хүнээр тодорч мөн Ерөнхийлөгч В.Путинаас “Эх орны өмнө хийсэн гавьяны төлөө” II зэргийн одонг гардаж авсан юм. Олимпийн түүхэнд Сочигийн өвлийн олимп хамгийн өндөр өртөгтэйд тооцогджээ. Түүнийг зохион байгуулахад 50 тэрбум ам. доллар зарцуулсан бөгөөд энэ нь өмнөх бүх “цагаан олимп”-ийг нийлүүлснээс ч илүү аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.