Хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг

2015 оны 11 сарын 19

Хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг бол монголын, хөгжмийн урлагийн тэнгэрт харвасан нэгэн од байжээ. Амьдралын тийм богино хугацаанд, хөгжмийн тийм их авъяас билгийг монгол түмэндээ харуулж, мэдрүүлж орхиод тэрээр бурхныхаа оронд явжээ.

Манай хөгжмийн түүхэнд тэр хүн шиг богинохон насласан, тэр хүн шиг билэг танхай дууч-хөгжмийн зохиолч байхгүй бизээ. Тэр хүн уран бүтээлчийнхээ хувьд, хөгжмийн зохиолчийнхоо хувьд бидэнд ихийг амласан байсан юм.Тэрүүхэн хугацаанд хийсэн уран бүтээлээрээ амлаад байсан юм. Түүний уран бүтээлийн жагсаалтыг хараад, анзаараад үзвэл хэдийгээр цөөхөн ч атугай хөгжмийн бүхий л төрлөөр уран бүтээлээ хийж амжсан байдаг. Дуу, оратори, дуурь, симфониетта, концерт, квартет, төгөлдөр хуур болон дан хөгжмийн бүтээлүүд гэх мэт олон тооны зохиол, туурвилуудыг тэрээр үлдээсэн байна.

                    Харин өнөөдөр монголын ард түмэн энэхүү авъяаслаг хөгжмийн зохиолчийнхоо цөөхөн хэдхэн дуунаас хэтрэхгүй байгаа нь магадгүй манай хөгжим судлал, сурталчилгааны идэвхгүй алхмын нэг тал нь байж болох юм. Тиймээс түүний дуунаас дуурь хүртлэх бүхий л зохиол, бүтээлүүдийг нь судлах, тодорхой хэмжээнд байр суурийг тодотгож олон түмэнд хүргэх, хойч үеийнхэндээ таниулах хэрэгтэй юм. Энэ талаас нь үзвэл хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганмягмарын эмхэтгэж 2 удаа хэвлүүлсэн “Уйлж дуулах хорвоо” дууны түүвэр, түүний арын хуудаснуудад буй хэдэн нөхдийн дурсамжаас өөр Цэдэн-Ишийн Чинзоригийн тухай унших, мэдэх юм ер хомс юм. Хайгаад ч үл олдоно. Түүний тухай нэгээхэн ч судалгааны өгүүлэл байхгүй байнаа гэдгийг бид анхаарах хэрэгтэй болжээ.

Хөгжим судлалын ухаанд, ялангуяа Оросын нэрт хөгжим судлаач Борис Асафьевын эрдэм шинжилгээний нэгэн ажилд дотоод сонсгол буюу “внутренний слух” гэдэг ухагдахуун – ойлголтын тухай бичсэн байдаг. Тэнд бичсэнээр бол аливаа хөгжмийн зохиолчийн бага насны хөгжмийн хүмүүжил: тэрээр багадаа ямар орчинд, ямар хөгжмийн хүрээлэлд өсч торнисон байна тэр нь хожуу үедээ уран бүтээл дээр нь шууд илэрч байдаг гээд М.И.Глинка, П.И.Чайковский нараар жишээ татсан байна. Тэдний аль аль нь бага насандаа тосгоны тариачдын дунд байж, орос ардын дууны ид шидийг мэдэрч, түүгээр амьсгалж байсан нь эцсийн дүндээ ирээдүйн суут хөгжмийн бүтээлүүдийнх нь эх үндэс болж өгсөн байдаг. 

                   Дээрх ухагдахууныг монголын хөгжмийн зохиолчдын хувьд, тухайлбал хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн амьдрал, уран бүтээлийн жишээн дээр олж харж болох мэт санагдана. Түүний ээж Дэндэвийн Намжилцэрэнгийн ярилцлага болон бусад дурсамжаас үзвэл Ц. Чинзориг“босон суун дандаа дуу аялж явдаг, бүр 3 настай байхдааүгийг нь сайн хэлж чадахгүй мөртлөө л тэр үеийн хөдөөний хүмүүсийн мэддэг дуу болгоныг аялна. Бүр 5 настайдаа Могод сумын концертонд дуулж байлаа” гэсэн байна. Мөн тэрээр цааш нь “миний төрсөн дүү Шагдар заан их дуулна, түүнийг шөнөжин дуулсан ч хажууд нь суугаад хонодог байсан, хүү маань хожим ярихдаа тэр ахаасаа жаал юм сурсан гэдэг байж билээ” хэмээн дурссан байдаг. Энэ бүхнээс үзвэл Ц. Чинзоригнь хар багаасаа л дуулдаг, дуу сонсдог байж. Хэлд ороод л дуулж, хөлд ороод л найр хэсэж эхэлсэн байж таараад байгаа юм. Энэ нь түүний хожмын, аялгуу сайхан дууны уран бүтээлээр илэрхийлэгдэж байдаг. Үүнийг л “дотоод сонсгол” гээд байгаа юм.

Түүнийг дээр дурдсанчлан дууч – хөгжмийн зохиолч гэдэг ухагдахуунд хамааруулахад болохгүй гэх зүйлгүй мэт. Харин дуучин – хөгжмийн зохиолч гэвэл асуудал өөрөөр эргэнэ.

Та бүхэн анзаарсан бол дээр нэгэнтээ Ц. Чинзоригийг билэг танхай дууч - хөгжмийн зохиолч гээд нэрлэчихсэн байгаа. Дуучин хөгжмийн зохиолч гээгүй дууч – хөгжмийн зохиолч гэсэн байгаа. Дууч – хөгжмийн зохиолчийн бүтээл нь заавал дотоод ертөнцдөө дуулахыг шаардаад байдаг. Тэгж байж л түүний бүтээл амьсгалж эхэлдэг, амьдарч эхэлдэг. Яагаад гэвэл хөгжмийн зохиолч маань өөрөө аливааг дуулан байж зохиосон, туурвисан, бүтээсэн.Дууч – хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн аль ч бүтээл нь дуучинд зориулсан “дуу” мэт байдаг. “Дуу”, тэр дундаа уртын дууны аялгуулан дуулал, аялан дуулал, уртын дууны намба төрх суусан байдгийг анзааран судалбаас зохилтой юм. Жишээлбэл Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдний говь” дуу нь бэсрэг уртын дууг санагдуулах мэт байхад зарим дуунуудын дунд үггүйгээр аялан дуулах шаардлага олонтаа тааралдана.

                  Дууны аялгуу гэдэг дан ганц хөгжмийн зохиолчийн авъяас хүчээр бий болж гарч ирэхээсээ гадна шүлэг түүний агуулга, үгийн байршил сонголтоос ихээхэн хамааралтай байдаг. Тэгэхээр үгийн урлаачид, яруу найрагчдын үүрэг, оролцоо хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн дууны уран бүтээлд чухал ач холбогдолтой юм. 

                  Хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн 400 орчим дуу байдаг гэх боловч олоод үзсэн нь “Уйлж дуулах хорвоо” эмхтгэлд орсон 60 дуу. Тэдгээрийг үзвэл хот маягийн зохиомол “нийтийн дуу”, хүрээ маягийн ардын дуу тэр бүр сонсогдоод байхгүй юм. Харин 80-90-д оны шүлэг яруу найргийн агуулгатай, аялгатай ойролцоо сэтгэлгээ бүхий дуунууд байх юм. Зөвхөн “дуу” төдийхнөөр ангилах нь учир дутагдалтай мэт санагдаж байна. Яагаад гэвэл зарим нэг дууг мэргэжлийнхний хэлдэгээр “романс”(Цэрэг чи үхээгүй) эс бөгөөс мэргэжлийн төвшний дуу (“Ус мөрөн олон чиг”), туульсын (“баллада”) гэх мэтээр ангилж судалж үзэх хэрэгтэй юм.

Ц. Чинзориг хөгжмийн зохиолчийн хамтран туурвил хийж байсан яруу найрагчид гэвэл Б.Лхагвасүрэн, Д..Цоодол, З.Түмэнжаргал, С.Оюун, Ж.Саруулбуян, Г.Мэнд-Ооёо, С.Доной гээд олноор нь нэрлэж болно. Сайхан агуулгатай, сайхан үгтэй шүлэг олныг тэрээр сонгож авсан байдаг. Гэхдээ судалгааны явцад анзаарагдсан харамсмаар, бас ч өрөвдмөөр нэгэн зүйл бол олон ч дууны шүлэгт гардаг мөрүүд юм.

Б.Дашзэвэгийн шүлэг Хүслээр болдоггүй хүний тавилан дуунд:

Бодлоор болдоггүй богинохон амьдрал

С.Донойн шүлэг Эргээд санахаар дуунд:

Хүний амьдрал богинохон ч юм даа.

З.Түмэнжаргалын шүлэг Дууны хорвоо дуунд:

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юмаа

Айзам яруухан энэ хорвоод

Ахин дахин төрмөөр байх юмаа

Энэ бүхэн бол амьдралд даанч их хайртай хүний сонголтын шүлэгүүд. Даан ч богинохон наслахаа цаанаасаа л илэрхийлээд, уран бүтээлдээ тусгаад байсан хэрэг. Тэгээд ч түүний  дуунууд нь хөнгөхөн гунигтай, уйтгартай, гиюүрсэн, гэгэлзсэн өнгө аястай байдаг нь ч энэ бүхэнтэй холбоотой байж болох юм. Мөн үүнтэй холбоотойгоор түүний гармони, дуурьслыг судалбаас зохилтой. Энэ бол зөвхөн судлаачийн ажил төдий бус, залуу уран бүтээлч, хөгжмийн зохиолчдын хувьд сонирхолтой сэдэв юм. Дорно, өрний хөгжмийн дуурьслын зохирол, шинэ өнгө аясыг Ц. Чинзоригийн дууны уран бүтээлээс олж харж, олж авч болно. 

                    Хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн дууны уран бүтээл бол бүхний эхлэл. Тэрээр “Илдэн уулын цуурай” оратори бичсэн бол хүүхдэд зориулсан “Тэмүжин” дуурь бичиж тоглуулсан юм. Уг илтгэлийн эхэн хэсэгт дурдсанаар энэ бол түүний монголын ард түмэнд өгсөн, өгч байсан амлалт гэж ойлгож болох юм. Учир нь тэрээр бүрэн хэмжээний дуурь бичих түвшний “урлаач” гэдгээ дуугаараа харуулсан байсан. Мөн тэрээр “симфони”-оороо, квартетаараа харуулсан байсан юм.

 

 

1955 онд Булган аймгийн Могод сумын “Дэрстийн гүвээ” гэдэг газар малчин ард Цэдэн-Ишийн хүү болон мэндэлсэн.

1963-1967 онд Булган аймгийн нэгдүгээр бага сургуульд

1967-1971 онд Булган аймгийн Булган хотын 8 жилийн сургуульд

1971-1975 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд тус тус ёуралцан төгссөн.

1975-1979 онд Багшийн сургуульд багшаар ажиллав.

1979-1986 онд ЗХУ-ын Уралын хөгжмийн их сургуульд суралцаж хөгжмийн зохиолч мэргэжилтэй төгсжээ.

1986-1988 онд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багшаар

1988-1996 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дууны уран бүтээлийн даргаар ажилласан.

1996 оноос чөлөөт уран бүтээл эрхлэх болсон.

1990 онд "Илдэн уулсын цуурай" оратори нь Азийн шилдэг бүтээлээр шалгарч ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн.

1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.

1994 он “Морин хуур” наадмын шагналыг “Дууны хорвоо” дуугаараа хүртэв.

1996 онд “Илдэн уулсын цуурай” оратори, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Учран золгохын ерөөл” дуунууд зэрэг бүтээлүүд туурвисны учир МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ хүртжээ.

2000 оны 12-р сарын 12-ны өдөр таалал төгсжээ. 

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нь Дууны хорвоо, Хорвоод ганцхан ээждээ, Ус мөрөн олон чиг, Чингис хааны говь, Бэрийн өглөө, Сэлүүн дэнжийн яргуй, Бүргэд, Эргээд санахаар, Дундрашгүй хайр, Санаа тэгшхэн яваарай зэрэг 200 гаруй дууны бүтээл, найрал дуу, найрал болон цөөхүүл хөгжим, тайз дэлгэцийн бүтээл гээд нийт 400 гаруйг туурвижээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.151 Агуу Чинзориг гэхгүй бол нүгэл болно. Үнэхээр агуу шүү.
202.9.42.214 Энэ хүн бол монголын моцарт гэж хэлэхэд багадах юм байна даа
66.58.202.7 mundag hyn bsn.saihan hyn bsn.
103.229.121.106 Saihan humuus baihiimaa ungursun ch uil hereg ni baij l baih yum

С.Энхбулаг

Самбуугийн Энхбулаг 1963.01.07. Дорнод аймагт төрсөн. 1970 онд УБ хотын Найрамдлын районы 30-р дунд сургуулийн 1-р ангид орж суралцсан. 1975 онд ХБДСургуульд орж суралцаад 1982 онд хөгжимчин, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад ажилласан. 1984-1989 онд ОХУ-ын Екатерининбург хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжим судлаач мэргэжил эзэмшжээ. 1999 онд СУИС-д магистр хамгаалсан. 2012 онд МУИС-д докторантаар суралцаж буй. 1989 онд УБДСургуулийн Урлагийн факультет, 1990-1994 онд СУИСургууль, 1993-1999 он хүртэл “Хөгжмийн индэр” ТББ-ын тэргүүн, 1999 оноос ХБКоллежд хөгжмийн ухааны тэнхимийн багш, 2011 оноос тус сургуулийн уран сайхны удирдагчаар ажиллаж байна.