Х.Алтангэрэл Хөгжмийн зохиолчдын холбоог тэргүүлнэ

2015 оны 07 сарын 06

МХЗХолбооны 13-р чуулган (их хурал) өнгөрөгч 07-р сарын 4-ний бямба гарагийн 13-19 цагийн хооронд Улсын филармоний концертын танхимд болж өндөрлөлөө.

1957 онд нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн санаачлагаар “Хөгжмийн зохиолдчын хэрэг эрхлэх товчоо” нэртэйгээр анх удаа байгуулагдаад 1964 оны анхдугаар их хурлаараа “Монголын Хөгжмийн Зохиолдчын Холбоо” гэдэг нэртэй болсон энэ удаа 13 дахь удаагаа их хурлаа хийлээ.

Монголын хөгжмийн зохиолчдын энэ байгууллагыг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа 26 жил удирдахдаа юм юмтай, тэр үеийнхээр бол нэгэн томоохон аж ахуйн нэгжийн дайтай байгууллага болгон авч явсан байдаг. Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа болон түүний удирдсан МХЗХолбоо нь монголдоо төдийгүй гадаад орнуудад нэр хүндтэй, монголынхоо хөгжмийн урлагийг сурталчилан таниулах чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Өнөөдрийн, монголын хөгжмийн амьдралын “гол дүрд тоглож” буй хөгжмийн уран бүтээлчдийг тэр үеийн МХЗХолбооны бодлогоор гадаадад бэлтгэсэн байдаг.

1983 оноос хойш МХЗХолбоо өнөөдрийг хүрч 5-6 дарга, ерөнхийлөгчийн нүүрийг үзэхдээ аль ч талаас нь харсан хаясаар, гээсээр, хассаар, танасаарбайгаад СТӨргөөний 1 өрөөг коридортой нь хаасан ажлын ганц мухартай үлджээ.

Энэ удаа монголдоо ганцхан гэх хөгжмийн уран бүтээлчдийн 13-р чуулган нь мордохын хазгай гэгчээр эхэлсэн юм. Зуны дэлгэр цаг, амьтан хүн хөдөө хээр, нар салхинд гараад завгүй, наадам болох гээд сэтгэл хөөрсөн, нар халаад дотор бүгчим.

Хурал ч эхэллээ. Гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч нарын илтгэл хоорондоо зөрчилдөөнтэй байсандаа ч тэр үү унших, уухилахын завсараар ээрч муурсан тийм л нэг юм боллоо.“Алтан намар”, “Морин хуур” хөгжмийн наадмыг эс тооцвол сэтгэлд хоногших юм үлдсэнгүй. Харин хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийн хэлснээр Б.Бямбабаяр ерөнхийлөгчийн үед нийтийн дууны урлаг мэргэжлийн төвшинд хүрсэн гэдэгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Бас нэг оролцогч, төлөөлөгчдийн сэтгэлийн “утсыг” хөндсөн, татсан нэг зүйл бол “хөгжмийн зохиолчдын ордон” барих тухай санал, барилгын нүүр зургийг ерөнхийлөгч Б.Бямбабаяр илтгэлийнхээ төгсгөлд  гаргаж үзүүлсэн нь түүнийг сонгох, хугацааг нь сунгах тухай маргааны үндэс болж хуралдагсдыг хоёр хэсэгт хувааж орхив(энэ бол аль ч сонгуулийн үед байдаг, сонгогчдын “судсыг барих” нэг арга биз дээ).

Гадаа халуун, дотор бүгчим, хурлын санал, шүүмж бүүр ч халуун боллоо. Энэ удаагийн хурлын зорилго нь холбооны дүрмийг өөрчлөөд одоогийнхоо ерөнхийлөгчийг дахин сонгох төлөвлөгөө байсан бололтой. Зарим нэг ахмадууд, нэр хүнд бүхий хөгжмийн зохиолчид Б.Бямбабаярыг дахин сонгохыг уриалахын зэрэгцээ энэ байгууллагыг толгойлоод авч явах авъяастай, чадалтай, эх оронч залуу байгаа эсэхийг, арыг нь даагаад мөнгө, санхүү босгож чадах эсэхийг асуусан, басамжилсан өнгө аястай асуулт тавьж “айлгаж” байлаа.

Санал асуулгаар энэ цаг үед холбооны дүрмийг өөрчлөхгүй гэдэг дээр хурлын дийлэнх нь үгээ хэллээ. Ингэсэн тохиолдолд одоогийн ерөнхийлөгч Б.Бямбабаяр ажлаа өгч таарч байгаа юм. Үүнээс үүдээд шинээрерөнхийлөгч сонгох асуудал гарч ирэв. Нөгөө басамжлуулаад байсан залуучууд өөрсдийн үгийг хэлж хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, “Анир” студийн Б.Алтанхуяг нарын нэр дэвшсэнээр сонгууль нууц байдалд явагдлаа.

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны 14-р чуулган хүртлэх ерөнхийлөгчөөр хөгжмийн залуу зохиолч Хишигтогтохын Алтангэрэл сонгогдож тус байгууллагыг жинхэнэ уран бүтээлчдийн холбоо байлгах үүрэг хүлээж, ажлаа авлаа. Галтай, цогтой, эх оронч, авъяаслаг залуучууд байдаг л юм байна. Монголын хөгжмийн ирээдүйг авч явах залуучууд урагшаа. Монголын хөгжмийн урлаг мандан бадраг.

Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэл.1977 онд төрсөн. Хөгжим Бүжгийн Коллежийг 1997 онд морин хуурч болон хөгжим судлаач мэргэжлээр төгссөн. 2004 онд ОХУ-ын Москва хотын Гнесины нэрэмжит Хөгжмийн багшийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. 2010 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Б. И Тищенкогийн удирдлага дор төгссөн. 2004 оноос эхлэн ХБКоллежийн Хөгжмийн Ухааны Тэнхимд хөгжмийн зохиомжийн багшаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.88.56 Мундаг. Монголын мэргэжлийн хөгжмийн урлагт цоо шинийг хийж бүтээх, урлах, удирдах ухаан энэ хүнд бий гэдэгт итгэлтэй байна.

С.Энхбулаг

Самбуугийн Энхбулаг 1963.01.07. Дорнод аймагт төрсөн. 1970 онд УБ хотын Найрамдлын районы 30-р дунд сургуулийн 1-р ангид орж суралцсан. 1975 онд ХБДСургуульд орж суралцаад 1982 онд хөгжимчин, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад ажилласан. 1984-1989 онд ОХУ-ын Екатерининбург хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжим судлаач мэргэжил эзэмшжээ. 1999 онд СУИС-д магистр хамгаалсан. 2012 онд МУИС-д докторантаар суралцаж буй. 1989 онд УБДСургуулийн Урлагийн факультет, 1990-1994 онд СУИСургууль, 1993-1999 он хүртэл “Хөгжмийн индэр” ТББ-ын тэргүүн, 1999 оноос ХБКоллежд хөгжмийн ухааны тэнхимийн багш, 2011 оноос тус сургуулийн уран сайхны удирдагчаар ажиллаж байна.