“Дунгаамаа” Д.Баасанжавын дууны хорвоо (хөгжим судлаачийн үг)

2015 оны 06 сарын 16

XXI зууныг давсаар бидний монголчууд нэгэнтээ 15 жилийг ардаа орхисон байх юм. Урлаг соёл маань мандан бадарсаар. Хөлтэй нь дэвхцэн бүжиж, хоолойтой нь хашгичин дуулсан шуугиант он жилүүд урсан хөвөрсөөр. Гадна, дотны гээд үзэх, харах урлагийн тоглолт мундахгүй их. Заримыг нь үзэж амжилгүй өнгөрөөх нь энүүхэнд.

Харин энэ удаа ажил албын ойрыг бодож, ая эгшгийн дөхүүг санагалзан “Дунгаамаа” дуун цэнгүүнийг зорин очсон юм.

Монгол үндэсний дуу хуурыг, тэр дундааардын богино дуугуламжлалт тэр л хэв маягаар нь залгамжлан авч хойч үедээ үлдээх нь өнөө цагийн уран бүтээлч хүний нэр төрийн хэрэг гэхээсээ илүү уран бүтээлчийн үүрэг гэмээр цаг үе тохиож байна. 1934 онд Магсар хурцын Дугаржав нэгэнтээ “тус улсын тусгаар тогтносон байдлыг үүрд тасралтгүй бэхжүүлэхийн тулд өөрийн үндэсний уран сайхныг хөгжүүлэн соёл боловсролыг дээшлүүлэх” тухай бичсэн байдаг(“Үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай” өгүүлэл, “Үндэсний соёлын зам” сэтгүүл №1). Одоо цагт дээрх үгс хамгаас чухал болж байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх цаг нь даруй мөн билээ. Үндэсний уран сайхан, уламжлалт дуу хөгжим гэдэг бол үндэсний бахархал төдийгүй улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа юм. Дуучин Д.Баасанжав дуулсан дуугаараа, дуулах арга барилаараа уран бүтээлийнхээ 30 шахам жил “үндэсний тусгаар тогтнолын манаан”-д зогсчээ.

СУИСургуульд дуучны мэргэжил эзэмшиж нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын урилгаар ҮДБЭЧуулгад уригдан ажиллаж байсан гэдэг. Өдгөө нийслэлийн “Улаанбаатар” чуулгад ажиллаж байгаа хэдий боловч энэ хугацаанд “Харцны хайлган Дунгаамаа”, “Гурван зүртийн уянга”, “Ухаан урласан аялгуу”, “Ухаарал тээсэн аялгуу” болон энэ удаа “Дунгаамаа” гээд долоон удаа бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн гээд тоочвол түүний уран бүтээлийн намтар түүх цааш үргэлжилнэ.

Дуулсан дуугаараа ард түмний дунд нэрлэгдэн хүндлэгдэнэ гэдэг тэр бүр уран бүтээлч хүнд, дуучин хүнд олдоод байдаггүй аз завшаан. Энэ аз завшаан гэх үгийн цаана дуучны дундаршгүй их авъяас, нөр их уран бүтээлч хөдөлмөр, уран бүтээлч жаргал, зовлон, эцэс төгсгөлгүй эрэл хайгуулбайдаг гэдэгийг энд дурдахаас өөр аргагүй мэт. Дуучин Д.Баасанжав энэ бүх замыг туулан байж энэ өндөрлөгт хүрч чадсан байх юм. Үүнийг түүний “Дунгаамаа – дуун хорвоо” нотлоно. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Д.Маамын шүлгээр бүтсэн энэхүү дууг дуучин Д.Баасанжав хоолойн өвөрмөц дуугаралтаараа, дуулах өөрийн гэсэн донж маягаараа дуулсан нь ард түмний сэтгэлд хүрсэнээр “Дунгаамаа Баасанжав” хэмээн алдаршжээ. Хэдийгээр хөгжмийн зохиолчтой, орчин цагийн дуу боловч түүнийг ардын дууны хэмжээнд хүргэн амилуулж чадсан нь дуучин Д.Баасанжавын гавъяа юм.

Орчин үеийн монголын хөгжим судлалд нэн тэргүүн эгнээнд тавигдаж байдаг “ардын” гэх, “хүрээ дуу” гэх, “уламжлалт” гэх олон хувилбарт ухагдахуунуудынтодорхойлолтыг дуучин Д.Баасанжавын уран бүтээлээс олж мэдэж, мэдэрч болно. Учир нь түүний дуулсан дуунуудад бусдын адил “хүрээ дуу”гэдэг нэрийн дор ямар нэгэн гадаад, тэр дундаа хятад маяг, аялга үл сонсогдох аж.Учир хэмээвээс орчин үеийн манай зарим нэгэн дуучид “хүрээ дуу” нэрийн дор 20-30-д оны өмнө орны соёлын нөлөөн дор дуулангдаж байсан дуунуудыг тэр янз маягаар нь дуулж байдаг бол дуучин Д.Баасанжавын “хүрээ донж маяг” гэдэг бол монгол үг хэлийг “цэвэр” дуудлагаар (дикц хэмээн гадаадаар нэрлэх), үүнээс үүдээд “цэвэр” монгол аялгууг ургуулан дуулсан байдагаараа онцлог юм.    

Мөн түүний дуулах донж маяг нь өвөрмөц бөгөөд хэн нэгнийг хуулбарлан дууриах гэдэг агуулагаас огт хол аж. Одоо цагт бас л элбэгших хандлагатай байгаа өөрөө бус бусдын дуулсныг, дуулахыг дууриах, өөрөөр хэлбэл УГЖ Д.Банзрагчийг, эс бөгөөс Адарсүрэнг, Түмэндэмбэрэлийг хуулбарласан дуучид нэг бус нэлээд олон байгааг энд дурдах нь зүйтэй юм. Харин дуучин Д.Баасанжавын дуулах арга барил, донж маяг цорын ганц “хувь” гэдэгийг зориуд тэмдэглэе.   

Дуучин Д.Баасанжавын уран бүтээл нь “фонограм” гэх нэртэй “амьгүй” хөгжмөөс хол хөндий гэдэг санааг энд мөн дурдъя. Тэрээр дуугаа дуулахдаа заавал ардын хөгжимчидтэй хамтран дуулдаг нь түүний дуулах арга барилын бас нэгэн онцлог. Ажлын амрыг үл ойшоон уран бүтээлийн чанарт анхааран ажилладагийн нэг тод жишээ энэ гэж болно. Ийнхүү хөгжимчидтэй хамтран дуулдаг хөдөлмөр нь эргээд үзэгч, сонсогчдын сэтгэлийн байлдан дагуулах нэгэн шалтаг болж байдаг хэрэг.

Энэ бүхэн нь дуучин Д.Баасанжавынгүдэс шулуун аялгатай, “сайхан” монгол хэлтэй, түүнийгээ дагаад сайхан монгол аялгуутай дуунууд төрөн гарахын учир холбоос болж байх юм. Үүнийг л үндэсний уламжлалт монгол ардын дуу хэмээн хэлж болно.

 “Дунгаамаа” Баасанжав бол уламжлалт монгол ардын дууг тэр л богино гэх тодотголтойгоор нь, тэр л ая аялгууны хэв маягаар нь, тэр л дуулах донж төрхөөр нь дуулж байгаа гарын таван хуруунд багтах цөөхөн тооны дуучдын нэг аж. Тэрээр ард түмэндээ үнэнч байж ардын богино дууны уламжлалт дэгийг “Баасанжавын” гэх өвөрмөц нэгэн арга барилаар өргөжүүлэн хөгжүүлсэн гэхэд хилс хэрэг үл болно.

Дуучин Д.Баасанжав нь “Аргагүй амраг”, “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Цонхон дээр суусан ялаа” гээд монгол ардын дууны оргил дээжсээс авахуулаад ардын дуу мэт эвлэгхэн дуулсан зохиогчтой дуунууд гээд тоолж баршгүй олон дууг урын сандаа багтааж амжжээ. Энэ нь хэдийгээр түүний урын сангийн цар хүрээг хэмжих гэсэн оролдлого боловч нөгөө талдаа ардын дууны тэр их сан хөмрөгийг хойч үедээ уламжлуулан үлдээх гэсэн санаа гэдгийг уран бүтээлч хэн боловч ойлгох буйзаа.

Уламжлах, өвлөх гэдэг бол он цагийн түүхийн хэлхээс мөнөөс мөн. Дуучин Д.Баасанжавын дууныхааарвин урын санг өөрийнхөөрөө дуулж ардтүмэнд хүргэн хүндлэгдэхийн зэрэгцээ шинэ залуу уран бүтээлчдэд ардын дууг дуулах арга барилыг заан сургадаг туршлагатай нэгэн багш болжээ. 500 гаруй шавьтай гэдэг яриа бол түүний баримжаалсан тоо. Тоо гэхээсээ чанар буюу “чихнээ чимэг болсон” үндэсний монгол ардын дуугаа мэргэжлийн уран бүтээлчдэд төдийгүй дуулах урлагт дуртай залуучуудад зааж сурган уламжлуулж байгаа нь бахадмаар, бахархмаар ариун үйлс мөн.

 Дуучин Д.Баасанжав “...улсын тусгаар тогтносон байдлыг үүрд тасралтгүй бэхжүүлэхийн тулд ... үндэсний уран сайхныг хөгжүүлэн ... дээшлүүлэх” их үйлсийн манаанд найдвартай зогссоор байна.

Хөгжим судлаач С.Энхбулаг

2015.06.03

 

С.Энхбулаг

Самбуугийн Энхбулаг 1963.01.07. Дорнод аймагт төрсөн. 1970 онд УБ хотын Найрамдлын районы 30-р дунд сургуулийн 1-р ангид орж суралцсан. 1975 онд ХБДСургуульд орж суралцаад 1982 онд хөгжимчин, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад ажилласан. 1984-1989 онд ОХУ-ын Екатерининбург хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжим судлаач мэргэжил эзэмшжээ. 1999 онд СУИС-д магистр хамгаалсан. 2012 онд МУИС-д докторантаар суралцаж буй. 1989 онд УБДСургуулийн Урлагийн факультет, 1990-1994 онд СУИСургууль, 1993-1999 он хүртэл “Хөгжмийн индэр” ТББ-ын тэргүүн, 1999 оноос ХБКоллежд хөгжмийн ухааны тэнхимийн багш, 2011 оноос тус сургуулийн уран сайхны удирдагчаар ажиллаж байна.