И.Стравинскийн“тахилга” Монголд

2015 оны 06 сарын 16

Хаврын намуухан нэгэн үдэш “Улаанбаатар” чуулга руу тусгай заллагатай хүмүүсийн тоонд багтан“Ариун хаврын тахилга” үзэхээр очлоо.

Уригдан ирсэн зочдын байдал, тоглолтын өмнө ба хойнох үзэгчдийн сэтгэхүй, орчин нөхцлийг ажихад аядуу нам хэрнээ уулзалдаагүй удсан байж болох урлаг соёлын зүтгэлтнүүд биесээ харан баясаж нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь яах аргагүй шинэ уран бүтээлийн нээлтийн баяр гэдгийг илтгэнэ.

Энэхүү гайхамшигтай бүтээлийг монголын тайзнаа “амилахад” бид бүхний хэзээний танил, урлагт ээлтэй “Төгөлдөр сан”(хатагтай Х.Отгонтуяа) ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулагчаар ажилласан ажээ.

Тэртээ 100 жилийн өмнө багагүй хэмжээний шуугиан дагуулан гарч ирсэн хөгжмийн зохиолч И.Стравинскийн “Весна священная” хэмээх бүтээлийг өнөө цаг дор бид бүхэн шүүн хэлэлцвэл “саваагүй нохой саранд хуцах”-ын үлгэр болох биз. Гэсэн ч И.Стравинский гэх энэхүү эрхэм хөгжмийн зохиолч нь уран бүтээлийнхээ эхэн үедээ л өрнө дахиныг байлдан дагуулсан төдийгүй, өнөөгийн бидний ярьдагаар бол “XX зууны хөгжмийн урлагийн загалмайлсан эцэг” хэмээн мэргэжлийнхний хүрээнд авгайлуулах болсон байна.

Орос оронд төрж мэндлэн хөгжмийн зохиолч болсон хэрнээ хожмоо Швейцарь, Америкийн иргэншлийг авч байсан И.Стравинскийг оросын, америкийн гэхээсээ илүү “космополитик” хөгжмийн зохиолч (даяаршил гэдэгтэй ойролцоо) гэж судлаачид дүгнэсэн байдаг юм. Энэ бүхнээс үзвэл И.Стравинский нь уран бүтээлчийн хувьд XX зууны хөгжмийн урлагийн голлох чиг хандлагыг тодорхойлж өгсөн бол орон зайн хувьд хил хязгаараас үл хамаарах эрх чөлөөт уран бүтээлч байсан.

Харин монголчууд бидний хувьд И.Стравинскийн энэхүү алдарт бүтээлийг тайзнаа гаргаж тавьсан нь анхных биш хэдий ч монголын үндэсний хөгжмийн бүрэлдэхүүнд хөрвүүлэн тоглосон гэдгээрээ сонин содон сонсогдож байлаа. Хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл үнэхээр авъяас чадал заан байжИ.Стравинскийн “Весна священная”  гэдэг хөгжмийг үндэснийхээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнд зориулан “Ариун хаврын тахилга” болгон хөрвүүлсэн нь гайхалтай, эрсдэлтэй ч сонин. Энэ бол нэгдүгээрт манай залуу хөгжмийн зохиолчийн чадал чансааг, хоёрдугаарт үндэсний найрал хөгжмийн маань боломж бололцоог нээн харуулж байгаа хэрэг юм. Зүй нь И.Стравинскийд бага мэт санагдаад байсан симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг (дунджаар 120 хүн) хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл маань зоригтойгоор, үндэснийхээ 25 хөгжимчнөөр сольсонд л гайхамшиг нь байгаа юм. Эндээс 25=120 гэсэн харьцуулалт буюу дорно ба өрнийн гэх тэнцвэргүй “тулаан” анзаарагдана. Дахиад л “Улаанбаатар” чуулгынхаа хэдэн хөгжимчдийг өрөвдмөөр байсан ч тэднээрээ бахархах хэрэгтэй гэж бодогдлоо. И.Стравинскийн “Весна священная” хэмээх зохиолын хөгжим ямар билээ, нот нь гэж юу байдаг билээ гэдгийг нь мэддэг учраас л үүнийг бичээд байгаа хэрэг шүү дээ. Мөн энд хөгжимчдийг нэгтгэж, эвлүүлж, нэгэн цул болгон дуугаргаж чадсан удирдаач МУУГЗ Н.Туулайхүүгийн хөдөлмөр, ур чадварыг дурсах нь зүйн хэрэг.

Үндэсний хөгжимд найруулсан И.Стравинскийн хөгжимд тааруулан бүжиг дэглээч Д.Энхгэрэлөөрийнхөө өвөрмөц дэглэлтээр тамгалсан “архаика” бүжгийг тайзнаа тавьлаа. Магадгүй үүнийг л, ийм л бүжгийг И.Стравинский тухайн үедээ хүссэн байж болох юм. Энэхэн хоромд үүнийг бичигчийн санаанд “хэрвээ” ... И.Стравинский, Д.Энхгэрэл нар нэгэн үед байсан бол ... гэсэн сонин бодол орж ирж байсныг тэмдэглэе. Харин бүжгийн найруулгын тал дээр анзаарахад зохиолын өрнүүлэг (драматург гэдэг санагдана), явц нэгэн хэвийн буюу гадаадаар бол “монотонный” гэдэгтэй утга дүйхээр байсан нь үзэгчийн хувьд таагүй санагдаж байсныг нуух юу билээ.

Санаа.

Нэг. “Весна священная” гэдэг нь монголоор бол “Ариун хавар” гэх боловч одоо орчуулсан байгаагаараа И.Стравинскийн зорьсон, өгсөн нэр, агуулга биш болж байгаа юм.И.Стравинский зохиолдоо “Весна священная” гэдэг нэр өгсөнөөс бус “тахилга” гэдэг үгийг оноож хэрэглээгүй. Энэ үгийг орчуулгын нэрэнд хэрэглэснээрээ зохиолын санааг хэт задгайруулчихлаа. Тахилгадаа гол нь бус “ариун хавар” гэдэгт л гол сүнс нь байсныг бас л бодолцох хэрэгтэй юм. Бид ч юмыг монголчлох, дэгсдүүлэхдээ сайн шүү...Мөн энэ бүтээлд ямар нэгэн Хүннүгийн гэх бүжиг ч байхгүй гэдгийг, байх ч учиргүй гэдгийг зарим нэг хүмүүс бодмоор.

Хоёр. Цөөхүүлээ ч гэсэн энэ том бүтээлийг хөгжимдөж чадсан уран бүтээлчид болох авъяаслаг хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч байна, чадварлаг хөгжимчид, бүжигчид, найрал хөгжмийн удирдаач нь байхад заавал И.Стравинскийг (хэдийгээр тэр агуу ч гэлээ) хэрэг нь юу байсан юм бол хэмээсэн бяцхан атаа төрж байлаа. Харин үнэхээр монголчуудад И.Стравинский хэрэгтэй байгаа бол ДБЭТеатр, Улсын филармонийн симфони найрал хөгжмүүд жинхэнэ утгаар нь хөгжимдвөл сонсогчидод таатай байх биз.

Гурав. Үндэсний, монгол уран бүтээл гэж нэлээд хүчтэй яригдаж буй цаг үед хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон бусад уран бүтээлчид хамтраад хадны зургаас санаа авч байгаад, нүүдэлчин ахуйгаас санаа авч байгаад (хэрвээ “архаизм” хэрэгтэй бол шүү...) үндэсний гэж болох шинэ уран бүтээл хийхэд болохгүй гэх газаргүй мэт.

Дөрөв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод сонгодог урлагийн театр байна, үндэсний дуу бүжгийн чуулга, төмөр замчдын дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулга гээд байна. Харин өнөөдөр монголын соёл урлагийг олон улсад сурталчилаад гайхуулаад байгаа, монголчууд өөрсдийн маань сонсох дуртай байдаг “этно” буюу үндэсний, язгуурын чиглэлийн уран бүтээл, нэмэх нь орчин үеийн хөгжил дэвшлийг шингээсэн electro music-тэй 5D гэдэг шиг хөгжмийн театр дутагдаад байгаа мэт санагдана. Энэ бол тус чуулгын уран бүтээлд шинэ өнгө аяс оруулж болох санаа юм.  

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг дээ. Улаанбаатар чуулгын байр өнгө засаж, шинэ уран бүтээл хийж байгаад баяртай байна. Дараа дахин шинэ сонин, сайхан уран бүтээл хийж үзэгч дүүрэн байхыг хүсье.

Хөгжим судлаач С.Энхбулаг.

2015.04.30

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

С.Энхбулаг

Самбуугийн Энхбулаг 1963.01.07. Дорнод аймагт төрсөн. 1970 онд УБ хотын Найрамдлын районы 30-р дунд сургуулийн 1-р ангид орж суралцсан. 1975 онд ХБДСургуульд орж суралцаад 1982 онд хөгжимчин, хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад ажилласан. 1984-1989 онд ОХУ-ын Екатерининбург хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжим судлаач мэргэжил эзэмшжээ. 1999 онд СУИС-д магистр хамгаалсан. 2012 онд МУИС-д докторантаар суралцаж буй. 1989 онд УБДСургуулийн Урлагийн факультет, 1990-1994 онд СУИСургууль, 1993-1999 он хүртэл “Хөгжмийн индэр” ТББ-ын тэргүүн, 1999 оноос ХБКоллежд хөгжмийн ухааны тэнхимийн багш, 2011 оноос тус сургуулийн уран сайхны удирдагчаар ажиллаж байна.