Анхны генералууд

2016 оны 04 сарын 28

Өнөөдөр Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ой тохиож байна. 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосноос хойш 160 гаруй хүн хүртжээ. Тэднээс тав нь (Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Ж.Гүррагчаа) Монгол Улсын баатар, Ж.Жамъян Хөдөлмөрийн баатар болсон аж. Генерал дундаас гавьяат цолтон найм төрсний дөрөв нь буюу Гавьяат хуульч Б.Пүрэв, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Пүрэвдорж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Мягмар, Ш.Арвай нар өдгөө амьд сэрүүн байна.

Цэргийн дээд цолтнуудаас 20 орчим нь доктор, профессор болжээ. Энэ удаагийн “Нэр нэгтийн чих нэг” буландаа эцэг, эхээс оноосон нэрээрээ биш цолоороо нэр нэгдсэн, эдүгээ амьд сэрүүн буй 88 генералаас Н.Жалбажав, Н.Энхбаялаг, Д.Баярсайхан нарыг зочноор урилаа.

Хошууч генерал Н.Жалбажав УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны генерал бол Н.Энхбаялаг бригадын генерал цол хүртсэн эхний, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажилласан анхны монгол хүн юм билээ. Генерал гэж ямар хүн байдаг тухай тэд хэрхэн хариулсныг сонирхуулъя. Энэ дашрамд, Монголын генералууддаа баярын мэнд хүргэе.

1. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг. Та хэдэн оны цэрэг вэ. Генерал болно гэж төсөөлж байв уу?

2. Генерал болохдоо “Би энэ цолыг авах эрт байна гэж бодсон уу, эсвэл байгуулсан гавьяатай хүн” гэж бодсон уу?

3. Генерал байхын хамгийн сайхан хийгээд хэцүү нь юу вэ?

4. Дээхнэ үеийн генералууд болон одоогийн ийм цолтнуудын ялгаа юу вэ?

5. Улс эх орныхоо төлөө биелүүлсэн хамгийн том даалгавар юу байв?

6. Гаргахад хэцүү байсан шийдвэрийнхээ тухай ярихгүй юу?

7. Та хэр шударга хүн бэ?

Н.ЖАЛБАЖАВ: Тэнгэр муухайрахад генералын дотор ч муухайрдаг

1. Захуй, Зармангийн говьд Агаарын довтолгооноос хамгаалах анги байгуулагдахад 1970 онд тэнд алба хаасан юм. Энэ ангид цэргүүдийг шилж авдаг болохоор аравдугаар анги төгссөн, их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаанаас татагдсан, боловсролтой хүүхдүүд ирдэг байлаа. Одооны цэргүүд шиг халагдах өдрөө тоолж суулгүй, гурван жилийн албаа яаж үр ашигтай хаах вэ гэж бодож, орос хэл сурдаг, мэргэжлийнхээ дагуу ном сурах бичиг гэрийнхэндээ захиж аваад уншдаг байв. Би багадаа геологич, эмч мэргэжил эзэмшинэ гэж боддог байснаас биш, генерал болно гэж төсөөлөөгүй.

Тэнд алба хаахдаа маршал Г.К.Жуковын “Дурдатгал, бодол” номоос цэргийн хүн ямар байдгийг ойлгож, насан туршдаа алба хааж болох юм гэж бодсон. Ингээд Москва хотын Цэрэг, улс төрийн академид элсэн, алтан медальтай төгслөө. Ирээд Өмнөговьд гурван жил алба хаагаад сургуульдаа дахин гурван жил сураад академийнхаа адьюнтантурт элсэн, философийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Миний төрсөн нутаг, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Жамган хэмээх алдартай хурандаа байлаа. ЗХЖШ-ын даргын албанд томилогдох гэж байхдаа гэнэтийн өвчнөөр өөд болсон юм. Нутагтаа амралтаар ирсэн түүний барааг дунд сургуулийн сурагч байхдаа холоос харахад их жавхаатай сүрлэг харагддаг, цэргийн хүнийг түүгээр төсөөлдөг байсан сан.

2. Юу гэж өөрийгөө генерал болох хүн гэж бодох вэ дээ. Ёндон, Жадамбаа, Авхиа нарын сүр жавхаатай, гайхамшигт даргатай өөрийгөө эн зэрэгцүүлбэл нүгэл болно шүү дээ. Генералуудын биеэ авч яваа байдал, соёл, мэдлэг боловсрол нь цэрэг хүнд үлгэр дуурайл болдог. Оросын цэргийн алдарт жанжин А.М.Василевский “Насан туршийн үйлс” номондоо “Эх орноо хамгаалах ажил бол цэргийн амьдралыг сонгосон хүний насан туршийн үйлс” гэж бичсэн нь сэтгэлд их ойр буудаг.

Цэргийн албыг насан туршийн үйлсээ болгосон хүн генерал болохыг мөрөөдөхгүй байна гэж юу байх вэ. Би тэтгэвэрт гарах нас дөхсөн үедээ буюу 2005 онд Батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилогдоод удалгүй Монгол Улсын 130 дахь генерал болсон.

3. Хариуцсан анги, салбар амжилт арвинтай, хүмүүсийн сэтгэл санаа тэнүүн, доод хүмүүс өсөж хөгжиж буйгаа мэдэрч байхыг удирдагч хүн олж харах шиг жаргал байхгүй. Гэхдээ хэдэн зуугаас олон арван мянган хүний бүрэлдэхүүнтэй салбар удирдаж, командална гэдэг амаргүй. Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдлынхан гээд аюулаас хамгаалах чиглэлийнхнийг дандаа генералууд удирддаг. Тиймдээ ч хариуцлагын ачаа нуруун дээр нь ямагт тэгнэж, сэтгэлийг нь чилээдэг. Яг алба хааж байхад бүтэн нойртой, санаа амар хононо гэдэг хэцүү.

БХИС-ийн захирал байхдаа шөнө утас дуугарахад палхийтэл цочдог болоод, сүүлдээ мэдрэлийн ядаргаанд орсон. Сайн, муу ямар нэгэн юм болсон болоод л утасдсан байж таарна. Тэнгэр муухайрахад генералын дотор ч муухайрах жишээтэй. Тийм үед хөдөө яваа хэдэн цэрэг минь, үр тариа, мал яаж байгаа бол гэж зовнино. Ер нь цэрэг захирсан хүмүүсийн хариуцлага шат ахих тусам улам өндөрсдөг. Сайхан цол зүүсэн, сүр жавхаатай, амарлингуй амьтад байдаггүй юм. Би генерал шиг байх сан гэж хүсэж, өглөө бүр “Төрийн генерал цол зүүж байгаа шүү” гэж өөртөө сануулдаг.

4. Ахмад үеийн дарга нар хийморь жавхаа, цэргийн гүн мэдлэг, үлгэрлэх чадвараараа бусдыг эрхгүй бишрүүлмээр байсан. Харин бидний болон дараа үеийнхэн цэрэг захирах ажлыг эрдэм судлалтай хослуулснаараа онцлогтой. 170 гаруй генералын 1/3 нь эрдмийн зэрэг цолтой байсан. Амьд байгаа 88 генералын 20 орчим нь шинжлэх ухааны, боловсролын доктор, 40 гаруй нь ном бүтээлтэй.

Манай ахмад генералууд Оросын цэргийн сургууль дүүргэсэн бол орчин үеийнх нь барууны, америкчуудын арми удирдах эрдэмд суралцсан, орос, англи болон бусад гадаад хэлний өргөн мэдлэгтэй, мэдээлэл технологийн арга ухаан сайн эзэмшсэн. Энэ нь дээхнэ үеийн генералуудаас оюун ухаанаараа илүү гарсан гэсэн үг биш, нийгмийн хөгжлөө дагасан үйл явц. Даниэл Дидров “Бид ахмадуудаасаа илүү алсыг харж байж болно.

Яагаад гэвэл бид тэдний мөрөн дээр зогсож байгаа юм шүү дээ” хэмээж байсан. Ахмадуудын хуримтлуулсан дадлага туршлага, эх оронч хичээл зүтгэлийн үлгэр дуурайл, манлайллын сан хөмрөг нь өнөө үеийн генералуудын өсөн дэвжих, хөгжих ширгэшгүй ундарга байхгүй юу. Бид ч гэсэн хойч үеийнхэндээ гишгүүлэх мөртэй байх сан.

5. Цэргийн алба хааж байгаа хүнд үүрэг нь томдоно, жижигдэнэ гэж байх ёсгүй, бүгд л эх орны тушаал. Хилийн дээгүүр дуунаас хурдан яваа онгоцуудыг радиолокаторын станц илрүүлдэг юм. Завханы цэргийн ангид алба хааж байхдаа нэгэн дадлага, сургуулилалтын үеэр радиолокаторын станцын хамгийн дээд хүчин чадлыг ашиглан 400 км зайд буй нэг онгоцыг илрүүлж, хорооны захирагчдаа шагнуулсан удаатай. Түүнээс хойш авсан гавьяа, шагнал олон ч тэр үеийнх шиг их баярлаж байснаа санадаггүй юм.

6. Бусдыг зэмлэж, буруутгах л их хэцүү дээ. Доод тушаалын хүн алдаа гаргасан нь надаас шалтгаалаагүй байгаа даа, түүний буруу, зөрүү юм хийж, алдаж эндэх нь миний дадлага туршлага дутсанаас, би сэргийлж чадаагүйгээс байх вий дээ гэж их зовдог байсан. Цэргийнхэн хатуу дэг, хариуцлага тооцох нарийн журамтай. Үргэлж хариуцлага тооцож ажиллахгүй бол цэргийн захиргаадах ёсонд суурилсан систем үйлчлэхээ болино.

7. Хүн өөрийнхөөрөө байж чадахаа больсон цаг үед бид амьдарч байна. Жирийн нэг иргэн аль нэг улс, төрийн нам хүчин, эрх мэдэлтнийг бараадахгүй л бол хохирдог нийгэм. Ийм нөхцөлд шударга байна гэдэг өөрөө өөртэйгөө тэмцэл хийнэ гэсэн үг. Хүний нэг мөрөн дээр чөтгөр суучихсан, нөгөөд нь бурхан заларч байдаг гэдэг. Хүн өөртэйгөө зөрчилддөг амьтан байхгүй юу. Тиймээс над шиг шударга хүн байхгүй гэж би хэлж чадахгүй. Би энэ цагийн л бүтээгдэхүүн. Хүнд хар буруу санаж, хохирол учруулан, гомдоох минь цөөхөн байгаасай, намайг шударга байхад туслаасай гэж бурханд залбирч явах юм.

Н.ЭНХБАЯЛАГ: Хүний төлөө гэсэн сэтгэлээр гаргасан

шийдвэр л хамгийн зөв

1. 1974 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийн артиллерийн курсэд анх сонсогч болсноос хойш 42 жил армид алба хашиж байна. Ийм эрхэм дээд цолонд хүрэхэд амаргүй, боломжгүй байх гэж боддог байлаа.

Сургуулиа төгсөөд зэвсэгт хүчний 120 дугаар ангид салаан захирагч, Цэргийн ерөнхий дээд сургуульд курсийн дарга, батерейн захирагч, Ховд аймгийн 123 дугаар ангид дивизионы захирагч, артиллерийн дарга, Батлан хамгаалах яаманд мэргэжилтэн, Артиллерийн командлалын штабын дарга, 120 дугаар ангид захирагч, БХЯ-ны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад одоо Батлан хамгаалах удирдлагын академийн захирлын алба хашиж байна.

Дээхнэ үеийн генералууд үнэхээр өндөр боловсролтой, амьдралын арвин баялаг туршлагатай, хүнийг үнэлж, дүгнэж, нэвт харж чаддаг мундаг хүмүүс байсан. Тэднийг хараад ийм хүн болж чадах болов уу гэж боддог байлаа.

2. 2006 оны гуравдугаар сард цэргийн дээд цолны ангилалд өөрчлөлт орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол бий болсон. Ийн тэр оныхоо наймдугаар сарын 3-нд би анхны бригадын генерал болж байлаа. Монгол Улсын 133 дахь генерал болсондоо тухайн үед сайн итгэж өгөөгүй. Би 1995 оноос хойш 11 жил хурандаа цол зүүсэн юм.

3. Хүний амьдралд сайхан ч, хүнд ч үе тохиолдоно. Генералууд ч бас амьдралын бүх л эрээн барааныг туулдаг. Генерал байхын сайхан нь энэ, хэцүү нь тэр гэж зааглаж хэлэх түвэгтэй л дээ. Цэргийн албанд цол ахих тусам зовлон, үүрэх хариуцлага нь нэмэгддэг.

4. Биднээс өмнөх үеийн генералууд цэргийн хэргийг маш сайн мэддэг, ажлын өндөр туршлагатай, бүх шатны албан тушаалаар дамжсан. Одоогийн генералууд орчин үеийн техник технологийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй учир их эрдэмжсэн, судалгаа шинжилгээний ажилд оролцдог, онолоор өөрийгөө боловсруулдаг болсон.

5. Мөрдэс зүүснээс хойш эх орны төлөө гэсэн сэтгэлээр үүргээ биелүүлж ирсэн болохоор хийснээ том, жижиг гэж ялгаж болохгүй. Үргэлж буу сум, тэсэрч дэлбэрэх бодистой харьцдаг тул цэргийнхний ажил хүний амь настай холбоотой. Хээрийн сургуулилалт хийж байгаад алдаа гаргахад амь эрсдэж, улсын үнэ цэнэтэй техник хэрэгсэл эвдэрч болзошгүй. Хүлээсэн үүрэг бүхнээ чухал гэж бодож ажилласны үндсэн дээр улам хариуцлагатай, тууштай, үнэнч хандаж, өдий өндөрлөгт хүрнэ.

6. Өөрт захирагдаж буй хүмүүстэй холбоотой гаргасан шийдвэр бүр хэцүү. Миний шийдвэрийн дагуу тухайн хүний ажил, амьдрал, хичээл сургууль, цалин, албан тушаал шийдэгдэнэ шүү дээ. Хүний төлөө гэсэн сэтгэлээр гаргасан шийдвэр л хамгийн зөв гэж боддог.

7. Бүх юм харьцангуй болохоор шударга гээд сэлэм эргүүлэн цавчаад байж болохгүй. Амьдрал баялаг, янз бүрийн асуудал тулгарна. Хамгийн гол нь үндсэн чиг шугамаа баримталж, шударга ажиллахыг л эрмэлзэж байна. Гэхдээ шударга хандаж байна гээд амьдралын нарийн ширийнийг ойлгохгүйгээр шийдвэрлэж болохооргүй үе гардаг.

Д.БАЯРСАЙХАН: Генерал хүн цэргүүддээ хэн гэдгээ

бодит амьдрал дээр харуулах ёстой

1. Би 1979 онд аравдугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд явахдаа хожим өөрийгөө генерал болно гэж бодоогүй. Энэ бол хүн бүрт тохиохгүй хувь. Миний аав дэд хурандаа, ээж хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Зүүнбаянгийн цэргийн ангид хүүхэд нас минь өнгөрсөн. Тэнд арван хэдэн мянган цэргийн дунд нэг генерал байлаа. Зүүнбаянгийн ганц генерал их ховорхон харагдана. Намайг тэнд байхад Т.Баатар, Э.Цэрэндорж тэргүүтэй генерал ээлжлэн захирсан.

Генерал гэдэг ийм мундаг хүн байдаг шүү гэж харагдахаар үлгэр жишээч улс. БХИС-д багшлахаар очиход нэг профессор “Дээд сургуулийн багш явж байвал тухайн чиглэлийнх нь шинжлэх ухаан тэр чигээрээ “явж байна” гэж харагдахаар байх ёстой. Генералыг бүх цэргийн хэргийг мэддэг том хүн гэж харах ёстой” гэж билээ.

2. 2004 онд Иракт Г.Аззаяа гэж ахлагч тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчийн террорист ажиллагааг таслан зогсоосныг хүмүүс мэднэ. Би тэр ээлжийг ахалж явсан юм. Хүмүүсийн мэддэг халдлагаас гадна бидэнд олон зүйл тохиолдож, цэргүүдээ амьд мэнд гаргаж байсан. Байгуулсан гавьяаныхаа төлөө генерал боллоо, намайг тэгж үнэлэх ёстой л гэж бодсон.

Харин эргүүлээд генерал байхын гавьяаг харуулах ёстой. Салаан дарга цэргүүддээ “Намайг дуурайгаад гүй, бууд” гэж үлгэрлэдэг. Цэргүүдийн хувьд салаан дарга үлгэр авах хүн нь бол генерал зэвсэгт хүчний толь байх ёстой. 2010 онд Монгол Улсын 149 дэх генерал болсон.

3. Цэргийн хэргийг бүгдийг мэддэг, чаддаг, олон аавын хүүгээс тодорсон хүнийг генерал гэж ойлгодог. Би өөрийгөө тийм байлгах юм сан гэж хичээдэг ч чаддаггүй байх. Өөрийгөө дутуу үнэлдэг байж ч мэдэх юм. Бага тушаалын офицерууд “Танаар бид үнэхээр бахархдаг, тантай адилхан байх сан гэж боддог” хэмээхэд би үнэхээр хэлээд байгаа шиг нь байж чаддаг болов уу гэж эмзэглэдэг юм.

Иракт манай байрны ойролцоо пуужин харвахад бид мэнд гарч чадсан. Дараа нь Иракийн Ал-Хилла гэдэг газраас Кувейт рүү цэргээ амжилттай гаргасан. “Цуваагаа энэ замаар явуулна. Гэхдээ тэр нь нөөц зам” гэх зэргээр төлөвлөгөө зохиодог юм. Орой нь халуун усны газарт очтол цэвэрлэгч ирак эр “Маргааш танайхан эрт явах гэж байгаа гэсэн үү” гэхээр нь тэр тухай яаж мэдсэнийг лавлахад “Ал-Хилла даяараа мэдэж байгаа шүү дээ” хэмээсэн.

Бид нэг хүнийг нь алчихсан болохоор отно гэдгийг мэдэж байсан л даа. Тэгээд орлогч Эрдэнэ-Очир хурандаатай ярилцаад, баазаас гарах гэж байхдаа командаа өөрчилж, нөөц замаар явна гэдгээ дуулгасан. Зорьсон газраа очтол бидний зорчих гэж байсан замаар явсан польшууд “Та нар дажгүй ирэв үү, манайх отолтонд орж, нэг цэрэг үрэгдэн, гурав нь шархадсан” гэсэн. 2004 оны дөрөвдүгээр сарын 18-нд болсон халдлагыг би урьдчилж зөнгөөрөө мэдрээд байх шиг санагдсан.

Тэгээд бүх цонхоо скочдуулсан болохоор дэлбэрэлт болоход шил олон хэсэг болж хагараагүй. Тухайн үед гадаадын олон цэрэг шилний хэлтэрхийд зүсэгдэж, таяг тулахад хүрсэн. Өмнөд Суданд хэд хэдэн улсын 4000 орчим цэрэг командалж байгаад ирлээ. Засгийн газрын сөрөг хүчнийхэн Бангладешийн хэдэн цэргийг барьцаалж, тэднийг аврах зэрэг олон асуудал бидэнд тохиолдсон. “Сур сур бас дахин сур” гэдэг бол лоозон. Тийм маягаар биш, генерал хүн бодит амьдралд цэргүүддээ хэн гэдгээ харуулах ёстой. Би цэргүүдээрээ бахархдаг. Намайг хараад цэргүүд баярлаж байвал надад таатай байдаг.

4. Дээхнэ үеийнхэн одоогийнхоос олон цэрэг командалдаг байсан болохоор генералууд илүү чанартай байсан болов уу. Хээрийн сургуулилалт олон хийдэг тийм үед л цэргүүдэд хамаг эрдмээ зааж өгөх боломжтой. Улсын эдийн засгийн байдлаас шалтгаалж манайд одоо хээрийн сургуулилалт цөөн хийдэг болсон.

5. 2004 онд Иракт “Чарли” баазад найман орны цэргийнхэн байсан юм. Манайхаас бусад улс бүрийн нэг, хоёр цэрэг үрэгдсэн нь сэтгэл зүйд айхтар нөлөөлдөг юм билээ. Манайхнаас хэн нь үрэгдэх бол доо гэж айж, болох үйл явдлыг урьдчилж төсөөлөхийг оролдож суух их хэцүү. Сая Өмнөд Суданд ажиллахдаа секторын командлагч бүрт өгөөд байдаггүй онцсайн гэсэн үнэлгээтэй ирснээ гавьяа л гэж ойлгож байна.

6. Цэргийн дарга цэргүүдээ хүнд байдалд ороход нь хүч нэмэгдүүлэн тусламж үзүүлж чадахгүй бол их хэцүү юм билээ. Энэтхэг цэргүүд бидний байрласан газраас 200 км зайд байлдаж байгаа хоёр талын галын шугам дунд орчихсон. Аль талаас нь сум ирж байгааг мэдэхгүй бөмбөгдүүлж, хамгаалалтад байсан энгийн иргэд амиа алдаад л. Ялсан тал нь бидний байгаа газарт ирэхээр байсан.

Ерөнхий командлагчдаа байдлыг илтгэж, “Тийш яв гэвэл явлаа, яах вэ” гэтэл “Битгий наанаасаа цэргүүдээ гарга. Бид тийш 100, та нар луу 300 цэрэг явуулъя” гэсэн. Тэр нь ч бүтээгүй. Ингээд тийш цэрэг илгээе гэхээр миний эрх мэдэл хязгаарлагдчихсан. Азаар энэтхэг цэргүүд амьд гарсан.

7. Өөрийгөө шударга гэж боддог. Гэхдээ жинхэнэ шударга хүн байна уу гээд хайвал олдохгүй. Би хэн нэгэнд шударга, өөр хүнд шударга бус байсан. Хэрэв олонх нь намайг шударга гэж зөвшөөрвөл шударга гэгдэх байх. Хоёр цэрэг сахилга бат алдахад нэгд нь арга хэмжээ аваад, нөгөөг нь шийтгээгүй гэж бодъё. Яагаад гэвэл гэмт хэргийг харж зогссон боловч үйлдээгүй болохоор өршөөсөн байж болно. Шударга, шударга биш хандана гэдэг их адармаатай.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.34.137 Tseden_ish generaliig martahiin argagui baatar hun baisan. Odoo martagdaj bagaa yum baij dee huurhii. Tuuhee martaj bn daa
202.25.83.2 Энхбаялаг генерал 60 хүрчихэж байгаа юм байна штээ одоо өөрөө саналаараа, нэр төртэйхөн шиг, ухамсартайхан шиг тэтгэвэртээ суучихмаар юмаа
202.25.83.2 Чамайг хэлсэн хэлээгүй гарах өдрөө гарах байлгүй. Тамын тогооны нэг гишүүн байна уу гүй юу чи чинь харин. Их юманд санаа зовж хүний нас тоолж суудаг чам шиг гар хол явахгүй ээ. Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн байна чиний дэргэд.
  • 2016 оны 04 сарын 28
202.131.234.242 сайхан, сайн ч болжээ
180.149.93.14 Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Цэдэн-Иш гуайг мартаа юу

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба