Г.ЗАНАБАЗАР: “Хүчирхэг жүжигчин гэдгээ нотолж чадлаа” гэж “Вашингтон пост”-д нийтэлсэн

2016 оны 04 сарын 20

Өнгөрсөн сард Америкийн “Синетик” театрт тавьсан “Ромео Жульетта” орчин үеийн бүжгэн жүжгийн Ромеогийн дүрд монгол залуу тоглосон талаар дуулаад фэйсбүүк хаяг руу нь олон захиа явууллаа. Хүлээгээд л байлаа, хэд хоног өнгөрсөн ч тэр цахим хаягаа шалгасан шинж ер алга. Тиймээс аавынх нь хаягийг олж, түүгээр дамжуулан ярилцах зөвшөөрөл авсан юм.

“Уйдаад байна, юу хийх вэ. Миний зурагны дор сэтгэгдэл үлдээвэл чинийхэд бүгдэд нь лайк даръя” гэх зэргээр үеийнхэн нь цахим ертөнцөөр аялж, цаг нөгцөөж байхад Г.Занабазар дэлхийн алдартай жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр фэйсбүүкээр шагайх байтугай, залуу насны зугаа, цэнгэлийг умартан алхам алхмаар урагшилж явна. Түүнтэй цахимаар холбогдож, ярилцсанаа хүргэе.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Намайг Ганхуягийн Занабазар гэдэг. Би долоон настайдаа буюу 2002 онд гэр бүлийнхнээ даган Америкт ирсэн. Миний ээж Д.Мөнхбаяр нүдний их эмч мэргэжилтэй, аав цамын баг, хувцас хэрэглэл, бурхан урлаач. Америкт Монголоо сурталчлах төрөл бүрийн арга хэмжээнд аав минь оролцож, бүтээсэн цамын багаараа үзэсгэлэн гарган тоглолт хийдэг байлаа.

Тиймээс гэр бүлийнхнээ, энд байдаг монголчуудыг үүндээ татан оролцуулж, багаа өмсгөн бүжиглүүлэх үе гарна. Би бүжиглэж чаддаггүй байхдаа Цамын бүжигт Хашин хааны хүүхдийн дүрд оролцдог байсан юм. Багаасаа харьд амьдрахаар эх хэл, соёлоо мартаж болзошгүй тул “Иорктаун”-д сурахын хажуугаар Вашингтоны монгол сургуульд бямба гариг бүр хичээллэдэг байсан.

Тэнд ҮДБЭЧ-ын бүжигчин Пүрэвжав гуай монгол бүжгийн хичээл заадаг байсан юм. Анхандаа бүжгийн ангид аавын шахалтаар орсон ч удалгүй бүжиг, тайзны урлагт дурласан. Пүүжээ багшийн уйгагүй хичээл зүтгэлээр эндхийн хүүхдүүд хэд хэдэн бүжиг сурч, Франц, Герман, Бельги, Шведэд болсон олон арга хэмжээнд уригдан Монголоо сурталчилсан. Би монгол бүжгээр дамжуулж урлагийн амтыг мэдэрч, зургадугаар ангиасаа жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдээд сургуулийнхаа театрын ангид орсон юм.

Олон хоногийн эрчимтэй, хүнд сургуулилалтын дараа хөдөлмөрийн үр шимээ үзэгчдэд толилуулж, нижигнэсэн алга ташилт, тэвэр дүүрэн цэцэгс, баярын мишээлээр шагнуулах уран бүтээлчийн аз жаргал.

-“Синетик” театрын босго өндөр байв уу?

-Сургуулиудиас авьяаслаг сурагч шалгаруулж, Засгийн газрын тэтгэлэг олгодог хөтөлбөрт X ангидаа шалгарч, театрын гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан. Мөн хувиараа тэквандо, монгол бүжгээр хичээллэж байсан минь “Синетик” театрын жүжигчин болоход нөлөөлсөн болов уу. “Синетик” театраас өсвөрийн авьяастнуудыг шалгаруулж, “Ромео, Жульетта” жүжигт тоглуулсан юм. Хэд хэдэн шалгуур давж, Меркуциогийн дүрд тоглосон.

Жүжгийн дараа театрын дарга намайг ажилд урихад өөртөө ч итгээгүй шүү. Мэдээж эхлээд жил гаруйн хугацаанд бэлтгэл хийж, туслах жүжигчнээр ажилласан. Ахлах сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн театрт туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллаж, тэднээс ихийг сурах боломж олдсон болохоор өөрийгөө их азтайд тооцдог.

-Театраа танилцуулахгүй юу?

-Техник технологийн дэвшлийг ашиглан хүний бие бялдрын хүч, чадварын гайхамшгийг орчин үеийн бүжгэн жүжгээр илэрхийлдгээрээ манай театр бусдаас онцлог. 2001 онд байгуулагдсан, 500 гаруй үзэгчийн суудалтай, 30 гаруй уран бүтээлчтэй. Шекспирийн эмгэнэлт жүжгүүдээс олныг найруулан тавьж байсан. Уран бүтээлүүдээ дэлхийн олон улс, хотод тоглож байлаа. Хамгийн сүүлд гэхэд театрын шилдгийг шалгаруулдаг “Хелен Хауес” наадмын шилдэг чуулга, хамт олон төрөлд “Ромео, Жульетта” жүжгээрээ шагнал авсан.

-Ази хүн учир жүжгийн гол дүрд сонгогдоход америк уран бүтээлчээс хэд дахин илүү хүчин чармайлт гаргадаг уу?

-Урлаг бол цусгүй дайны талбар. Жүжигчин бүр л амжилт гаргахын тулд бүхнээ дайчилдаг тул ази гэлтгүй гол дүрд сонгогдох амаргүй. Мэдээж ази хүн тоглох ёстой гэж жүжгийн зохиолд бичээгүй л бол гол дүрд сонгогдох маш хэцүү, үндэс угсаа нөлөөлөх үе бий. Гэхдээ уран бүтээл нэг талаараа бизнес болохоор үзэгчдийг татахын тулд үнэхээр чадвартай хүнийг л сонгоно.

-Ямар ямар дүрд тоглосон бэ?

-Меркуциод тоглосны дараа “Сар руу аялсан нь” жүжгийн Ерөнхийлөгч Барбонфойллис, “Алиса гайхамшгийн оронд”-ын Дормауз, “Цэргийн гэр”-ийн хүү, “Зуны дунд сарын шөнийн зүүд”-ийн могой, “Гамлет”-ийн Гильденстерн, “Хоосон шуугиан”-ы Вергесийн дүрд болон “Шадар гурван цэрэг”, “Араатан ба гоо үзэсгэлэн” гээд олон алдартай бүтээлд тоглосон.

-Таны бүтээсэн Ромео бусад жүжигчний амилуулснаас юугаараа онцлог вэ?

-Урьд нь олон мундаг жүжигчин амилуулсан, бүхний танил дүрд тоглох амаргүй. Өмнөх жүжигчдээс дордуулахгүйн тулд өндөр хариуцлага өөртөө ногдуулна. Сэтгэл зүйгээ ч сайн бэлтгэх чухал. Залуу, халуун насны хайр дурлалдаа шатаж, үүнийхээ төлөө атаа хорслын дунд шантралгүй тэмцэж яваа Ромеогийн дүрийг хайр татам өвөрмөц байдлаар гаргахыг хичээсэн.

Бүжгийн эрчимтэй ритм, хөдөлгөөнөөр дамжуулан баяр, гуниг, догдлол зэрэг сэтгэл хөдлөлөө агшин төдийд өөр өөрөөр гаргах амаргүй. Үгээр биш биеэрээ бүхнийг илэрхийлдгээрээ манайх онцлогтой тул бусад театрынхаас хурд хүч, хөдөлгөөнөөрөө илүү гарсан байх.

-Тэгвэл өөртэйгөө ойролцоо зан, байдалтай дүрд тоглож байв уу?

-Би монгол хүн болохоор өөрийгөө дайчин, хөдөлмөрч, тэвчээртэй, зөөлөн сэтгэлтэй, зарим үед хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог. Энэ мэт миний онцлогийг театрын ерөнхий найруулагч олж хараад тохирсон дүр оноодог байх.

-Театртаа ажиллахын хажуугаар хаана сурдаг вэ. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Жорж Майсоны их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Хичээлээ тараад шууд театр руугаа явдаг болохоор 07.00-23.00 цаг хүртэл завгүй. Даваа гаригт театр амардаг тул хичээлийн дараа жаахан зав гарна. Амралтын өдөр заавал дасгал, сургуулилалт хийдэг. Зуны амралтын үеэр театр аялан тоглолтоор явдаг болохоор миний амьдрал ерөнхийдөө гэр, сургууль, тайзны хооронд л өнгөрдөг.

Аав хичээл тармагц ирж театрт хүргэж өгөх зуур машиндаа хоолоо идэх маягтай гурван жил явсан. Энэ үед “Хоолоо хэзээ ширээн дээрээ сууж, тухтай иддэг болох бол доо” гэж боддог байлаа. Театрын урлаг өөрийн гэсэн хатуу хууль, хариуцлагатай.

-Төгсөөд театртаа ажиллах уу. Таны зорилго юу вэ?

-Америкт олонд танигдвал дэлхийн од боллоо гэсэн үг учраас энд их өрсөлдөөнтэй. Би жилийн дараа төгсөөд Лос-Анжелес руу явж, кино урлагт хүчээ сорих хүсэлтэй байна. Тэнд байдаг олон кино компаниас зарладаг дүрийн сонгон шалгаруулалтад оролцоно гэсэн үг. Нэлээд олон жүжигт тоглосон болохоор найруулагчдын анхаарлыг татаж, дүрд сонгогдох боломж их байх гэж найдаж байна.

Би Чарли Чаплиныг биширдэг. Зөвхөн хөдөлгөөн, нүүрний хувирал, үйлдлээрээ үзэгчдийн хайрыг татдагаараа тэрбээр гайхамшигтай. Би түүн шиг инээдмийн дүр бүтээхийг хүсдэг.

-Таны тухай гадаадын хэвлэлд гарч байв уу?

-Шинээр тавьсан жүжгүүдийг хэн хэрхэн найруулж, тоглосон тухай олон сэтгүүл, цахим хуудаст нийтэлдэг. Миний талаар “Вашингтон пост”, “Театр”, “Вийк” гээд цөөнгүй хэвлэлд гарч байсныг “Гүүгл”-ээс Zana Gankhuyag нэрээр хайж үзэж болно. Ааваас зурах авьяас өвлөсөн болохоор театрынхаа олон жүжгийн тайз, чимэглэлд давхар ажилласан юм. “Араатан ба гоо үзэсгэлэн” жүжгийн сүүдэр шийний хэлбэр ашигласан хэсэгт зарим дүрийг би хайчилбараар бүтээсэн.

“Вашингтон пост” сонинд тэр тухай магтаж, Занаа жүжиглэх, урлах ур чадвараараа хүчирхэг уран бүтээлч гэдгээ нотолж, өөрийгөө тод харуулж чадлаа” гэж бичсэн.

-Монголдоо хэр их ирдэг вэ?

-Нутагтаа аль болох ойр ойрхон очихыг хүсдэг ч тэр бүр боломж олддоггүй. Бид хамгийн сүүлд 2014 онд Монголд очсон. Хөдөө морь унаад давхих сайхан шүү. Очихоороо ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч, гавьяат жүжигчин А.Даваахүү ахаар бүжиг заалгадаг. Үнэхээр бахархмаар бүжиглэдэг, багшилдаг хүн. Монгол бүжигчид их эрч хүчтэй. Америкт жүжигчин болоход монгол бүжиг минь суурь болсон. Монголоороо бахархдаг.

-Монгол бүсгүйтэй гэрлэнэ гэж боддог уу, эсвэл хайр сэтгэлд нас, шашин шүтлэг, арьс өнгө хамаагүй юу?

-Одоогоор зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай тул гэрлэх тухай бодож амжаагүй явна.

-Интернэтээр Монголын тухай элдэв мэдээ уншдаг уу. Монголд болж байгаа үйл явдал, нийгмийн байдлын талаар ямар бодолтой вэ?

-Зав муутай болохоор тэр бүр уншиж амждаггүй. Гэхдээ санаа зовох, эргэцүүлэх асуудал ихтэй юм шиг санагддаг. Үнэн зөвөөр, шударга хэлж байхыг Америкийн сургууль хүүхдүүдэд багаас нь сургадаг болохоор энд шударга ёс зонхилдог. Монголд шударга ёс дээр, доргүй орхигдсон мэт санагддаг. Монголчууд бид өвөг дээдсээс ариун сайхан ёс заншил, ажилч хичээнгүй, тэсвэр тэвчээртэй, шударга дайчин, төлөв даруу зан чанар өвлөсөн сайхан ард түмэн. Сонгосон ажилдаа дур сонирхолтой байж, байгаа газар бүртээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.187.195 Занаа ахдаа урлагийн өндөр амжилт хүсье маш гоё ярилцлага байна
103.9.90.195 Minii duu mundag ba. Amjilt khusye
59.153.115.184 Estoi mundag.urlagiin undur amjilt husie.
59.153.114.173 Занаадаа ажлын их өндөр амжилт хүсье.
122.201.26.130 Гоё ярилцлага болсон байна.амжилт

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба