Л.Цэцэгээ: Золоо өөрийгөө Х.Бидструпийн зургуудаар хүмүүжүүлсэн

2016 оны 04 сарын 19

Эд мөнгөнд биш, зөвхөн хүсэл, зорилгодоо л шунан үүнийхээ төлөө хөдөө хөхөрч, гадаа гандаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгэдгээ юман чинээ боддоггүй хүмүүс бол уран бүтээлчид. Ар гэрийн ажлаас өөрөө өөртөө “чөлөө өгчихдөг” тэдэнд амжилт гаргахад асаалттай танк шиг ар тал чухал. Соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, баримтат киноны найруулагч Ч.Гомбо агсан, түүний хүү Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, ач найруулагч, зураглаач З.Батбилэг нарын үе дамжсан “уран бүтээлийн хэнээтний” арын албыг залгуулсаар ирсэн хүн бол Л.Цэцэгээ гуай.

20 настайгаасаа л энэ ажлаа нэр төртэйгөөр хийж яваа тэрбээр “Завгүй хань, хүү, ачийнхаа хоол цайг хийчихээд хүлээж суух шиг жаргал байдаггүй” гэсэн. Түүний дунд охин Буянжаргал “Ээж минь бидний арын зохион байгуулагч шүү дээ. Ямар сайндаа л уран бүтээлч хүүхдүүдээ шөнө ажлаа дуусгаж хүнд аппарат үүрч ирэхэд нь олон давхар мацуулахгүй гэсэндээ жижүүртэй найзархаж “Лифт зогсоохоо азнаарай” гэж гуйж байх вэ дээ” хэмээсэн. Энэ л ижий хүний сэтгэл юм даа. Л.Цэцэгээ гуайтай ярилцсанаа хүргэе.

- З.Батбилэг “Эмээгээс хүүхэд насных нь тухай асуувал сонирхолтой юм ярьж магадгүй” гэж байсан.

-За яршиг даа. Миний хүүхэд насанд сонин юу байх вэ дээ. Эцэг, эх минь Сэлэнгийнх, ээж бүр Хиагтын буриад. Гэхдээ би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Замын цагдаагийн газрын зүүн хойно “Дундголын чийдэнгийн хороо” гэж байдгийн ойролцоо Боржигондов гэдэг газар хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ. Ээж минь насаараа сувилагч, бага эмчээр, аав Үйлдвэр комбинатын ноосны үйлдвэрт моторчноор ажилласан. Хоёрдугаар сургуульд 10 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаас болж дээд сургуульд оролгүй шууд ажилчин болсон.

-Кино үйлдвэрт монтажчинаар ажиллаж байгаад ханьтайгаа танилцсан байх аа?

-Эмнэлэгт хэвтэж байхдаа Кино үйлдвэрийн монтажчин Далайхүү гуайтай танилцаж, тэрбээр намайг ажилд оруулсан юм. Баримтат кино, мэдээний монтажчинаар найман жил ажилласан. Гомбо Германд сурч байсан болохоор “Алтан өргөө” киноны гадаад уран бүтээлчдийн орчуулагчаар ажилласан. Үүнээс хойш кино урлагтай холбогдсон юм. Тэр үед л нөхөртэйгөө танилцсан.

-Яагаад түүнийг насан туршийн ханиараа сонгохоор шийдсэн бэ?

-Германаар ус цас ярихыг нь ангайтал хардаг байлаа. Хэлтэй болохоор нь их л номтой хүү гэж бодож. Аав эрт нас барсан, амьдралын бололцоо тиймхэн, хэлж зөвлөх ахмад хүн ч ховор болохоор тэр үү, 20 настайдаа хүнтэй суусан даа. Тэглээ гээд муудсангүй. Хүүгээ тэр жилээ төрүүлж, будаан дотроос нэр шигшихээр болж, эгчийн бичсэн Золжаргал нэрийг хайрласан.

-Та “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд Дамдин, Долгор хоёрыг ярилцаж байхад ирээд “Сайн байцгаана уу. Ажил гараад, хүрээд ирээч гэж байна” хэмээн халтихан үзэгдээд өнгөрдөг Цэрмаа бүсгүйн дүрд тоглосон. Залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн тухайгаа ярина уу?

-Д.Жигжид гуайн гэргий Бадамцэрэн эгч манай аав ээжийг таньдаг болохоор найруулагчтай мэнд устай байлаа. Нэг өдөр ажлаа хийж суутал Жигжид гуай намайг дуудуулдаг юм байна. “Чи кинонд жижигхэн дүрд тоглоно” гэхээр нь “Үгүй ээ, би чадахгүй шүү дээ” хэмээсэн. Залуу байсан болохоор түүнийг чанга дуугаар зандрахад нь айгаад зөвшөөрсөн. Хожим киногоо үзээд “Овоо зоригтой, цовоо жүжиглэж ээ, тэр жаахан хэсгийг аятайхан гаргачихаж” гэж бодож байлаа.

Арваадхан хоногийн өмнө зурагтаар гарч байхад харах нь ээ, дунд охин Буянжаргалтайгаа их адилхан харагдсан. Байрны хөгшчүүд анзаарчихаад “Яасан залуу байгаа вэ. Ямар эвтэйхэн тоглочихсон юм бэ” гэж байна лээ. Залуу нас шиг сайхан юм даанч алга.


-Залуужиж болно гэвэл хэдэн насандаа эргэж очих байсан бэ?

-Аливааг сонор сэргэгээр шохоорхож, тэмүүлэлтэй амьдарч эхэлдэг насыг 25 гэж боддог. Энэ насандаа очиж болдог бол англи, герман хэл сурмаар байна. Залуу байгаа дээрээ л амжиж ихийг сурч, хөдөлмөрлөж бүтээх хэрэгтэй гэж хүүхдүүдэд захимаар байна. Сан-Францискод амьдардаг хүүхдүүд дээрээ хэд хэдэн удаа очсон. Тэр үед “Эмээ нь залуу байсан бол хэл сурах юм сан” гэнэ. Зүрх дэлсээд, өндөрт хамаагүй гарч болохгүй болсноос хойш тийш явсангүй.

-Та 70 дугаар тусгай сургуульд насаараа багшилсан гэсэн үү?

-Гурван хүүхэд гаргасныхаа дараа Багшийн дээд сургуулийн сурган, сэтгэл судлалын ангид орсон. Манай ангийн Пүрэвсүрэн бид хоёр хамгийн олон хүүхэдтэй оюутан байлаа. ЕБС-д зургаан жил ажиллаж байтал Багшийн дээд сургуульд тусгай сургуулийн багш бэлтгэх анхны сургалт зохион байгуулж буйг дуулаад элссэн. Хэл заслын багшаар мэргэшиж, 70 дугаар сургуульд 33 жил ажиллажээ. Сонирхож байж сурсан мэргэжил минь болохоор их дуртай байсан.

Хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдээ бусдын дунд нийгэмшүүлж, төлөвшүүлэх бидний гол зорилго. Шавь нар минь амралтын өдөр хүртэл “Багш дээрээ очмоор байна, бушуухан сургуульдаа явъя” гэдэг сэн. Одоо зарим шавь нарын эцэг эх тааралдаад “Дүү нартаа туслаад, гэр орныхоо бүх л ажлыг хийдэг болсон” гэхийг нь сонсох сайхан байдаг.

Тусгай сургуулийн багш нар ЕБС-ийнхнаас 20 хувийн нэмэгдэл цалин авдаг юм. ЕБС-ийн багш нар “Танай сургуульд багшлах юм сан. Их өндөр цалинтай” гэдэг. Үнэндээ их хүнд, тэвчээр шаарддаг ажил шүү дээ. Хөдөлмөрийг минь үнэлээд Ардын гэгээрлийн боловсролын тэргүүний ажилтан болгосон доо.

-Ч.Гомбо гуай “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа”, “Их замын тоос”, “Хааны сүүлчийн хатан” гээд л Монголдоо киноны зохиол хамгийн олон бичсэн хүн. Таныг киноныхоо ямар нэгэн дүрээр дүрсэлж байв уу?

-Гэрийн эзэгтэй, эмэгтэйн дүр дүрслэхдээ үр хүүхдээ өсгөж байгаа миний байр байдал, гэр орноо ажигласан байлгүй дээ. Тэрбээр энгийн амьдрал дундаас зохиолын санаагаа олдог, ажигламтгай болохоор кино нь үзэгчдэд ойр байдаг болов уу. Дөрөв, таван цагт сэрээд л юм бичээд суучихдаг сан. Хамгийн түрүүнд надад уншиж өгнө. Юм мэдэхгүй би яах вэ дээ, шууд л шүүмжилчихдэг. 200 гаруй баримтат киноны тайлбар бичиж найруулсан.

Түүний ганц дүү Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд насаараа их эмч хийж, тэтгэвэрт гарсан хойноо ч зөвлөхөөр ажилласан. Түүн шиг олон жил суманд ажилласан эмч ховор байх. Өвгөн минь дүүгийнхээ амьдралаас сэдэвлэж “Хүний төлөө” киногоо бичсэн юм. “Гацуурхан” хүүхэлдэйн киноны зохиол, дууны үгийг ач Батбилэгтээ зориулсан.

             Л.Цэцэгээ 1961 он

-“Багаасаа хүнд амьдрал туулсан болоод ч тэр үү хүний дотоод сэтгэлийн нарийн ширийнийг их сайн ойлгодог” гэж Золжаргал ах аавынхаа тухай хэлж байсан. Тийм чанар нь танд хэрхэн мэдрэгддэг байв?

-Багадаа айлын мал хариулдаг байсан гэнэ лээ. Бид нэг ч удаа ам зөрж байгаагүй. “Эцэг хүн уурладаг гэдгийг мэдээгүй өсчээ. Төрөл бүрийн нөхөр байдаг гэдгийг багадаа ойлгодоггүй, аав шиг минь байдаг гэж бодож явжээ” гэж дунд охин хэлсэн. Их аж ахуйч хүн шүү дээ. Золжаргалыг есдүгээр ангид байхад хүүтэйгээ хамтарч Кино үйлдвэрийн зусландаа (Гоодойн ам) анхны хувийн байшин барьсан. Хоёр давхар, мансардтай болохоор тэр хавийнхан “Муурын байшин” гэнэ.

“Танай байшинд орж үзэх мөрөөдөлтэй байлаа” гэж хүүхдүүдийн минь зуслангийн найзууд хожим дурссан гэсэн. Дашрамд дурдахад, Кино үйлдвэрийн зуслан тэр үедээ соёлыг түгээж байсан юм шүү. Зусландаа Кино үйлдвэрийн клубтэй, тэндээ кино гаргаж, томчууд нь бильярдаж, залуучууд дискодож, хүүхдүүд теннис тоглодог байсан. Өөр зуслангийн багачууд манай клубт их ирдэг сэн.

-Таны хүүг “Мэргэжилдээ үнэнч, мөнгөний төлөө ажилладаггүй” гэж магтацгаадаг. Энэ нь түүний мэргэжлээсээ олж авсан хүмүүжил үү, эсвэл аав ээжийгээ дуурайсан уу. Ямар хүү байсан бэ?

-Хүү минь зураач Бидструпийн номыг үзэж өөрийгөө хүмүүжүүлсэн юм. Таван настайд аав нь Бидструпийн ном авч өгсөн. Золоо номоо үзэж ганцаараа тачигнатал хөхөрдөг сөн. Тэгээд гэрт зочин ирвэл цаас, харандаа барьж очоод “Зураг зураад өг” гэдэг байлаа. Өөрөө ч хүний хөрөг их сайхан зурна. Мэргэжлийн зураачид хүртэл “Зураач болох байсан хүн” гэдэг юм билээ. Багадаа зурсан зургуудыг нь жижиг чемоданд хадгалдаг байсан ч нүүж суухдаа айлд түр үлдээгээд алга болгочихсон.

Дандаа л инээж явдаг, нийтэч, хүнд тусархүү, гэр амьтай, зөөлөн хүн шүү дээ. Монгол сургуульд сурч байсан хэрнээ орос, герман хэл бие даагаад үзсэн. Жуковын музейн ойролцоо манайх нэг хэсэг амьдарсан. Золоо хичээл тараад тэндхийн шуудангийн газарт орж орос сонин уншиж, даалгавраа хийгээд суучихдаг байлаа. Нэг удаа тийш ортол ажилтан нь “Энэ танай хүү байсан юм уу. Өдөр бүр энд сууж байдаг юм” гэсэн. Одооны залуучууд “Яаж хэл сурах вэ” л гэх юм. Итгэл, зүтгэл байхад бололцоо, материал нь ховор үед ч сурч болж л байсан шүү дээ.

-Таны хүүхдүүд ямар мэргэжилтэй вэ?

-Том, дунд охин Өнөржаргал, Буянжаргал орчуулагч мэргэжилтэй. Нэг охиноо заавал эмч болгох хүсэл биелж Хишигжаргал уламжлалт эмнэлэг, бариа, заслын чиглэлээр төгссөн. Гурвуулаа Сан-Францискод амьдарч байгаад дундах нь гурван жилийн өмнө нутагтаа ирсэн. Одоо Үлэг гүрвэлийн музейд тайлбарлагчаар ажилладаг.


Хань Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбын хамт 1975 он

-Таны амьдралын хамгийн гоё үе хэзээ вэ?

-Залуу нас сайхан л даа. Өвгөнийхөө буянаар Орос, Польш, Чехэд очиж байлаа шүү дээ. Хоёр юм нэг болчихоор хэцүү юм аа. Биенээ харж инээж хөхөрч, түшиж суух шиг сайхан юм хаана байх вэ. Түүнийг өнгөрсний эхний хоёр жил хэцүү байсан ч орчиндоо дасдаг бололтой. Хүүхдүүдийн минь ажил үйлс бүтэмжтэй, ач зээ нар ч зах зухаасаа мэргэжил эзэмшиж байхад өөр юу хүсэх вэ дээ. Тэднийхээ хоолыг хийгээд гэртээ телевизээ үзээд суух амар юм аа.

Эдэндээ түвэг бололгүй хэдэн жил хань болох сон. Өөрөө хоолоо хийж, хүнсээ цуглуулна шүү дээ. Манай байрны хөгшчүүд “Чи үгүй мөн их явах юм аа” гэдэг. Өдөрт гадагшаа хэд хэдэн удаа гардаг тулдаа л эрүүл саруул, хөнгөн шингэн байгаа юм. Зүрх хааяа “бөнжигнөдөг” болсноос хойш эмч нар “Сайн алх” гэж зөвлөсөн. Өдөр бүр шуудангийн газраас сонингоо авч унших бас миний үндсэн ажил. Танай сонингийн улаан фэн.

-Тэгвэл амьдралын тань хамгийн хэцүү үе хэзээ байв?

-Туулах ёстойгоо л туулж байгаа болохоор шантрах юу байх вэ дээ. Нөхөр минь өөд болохоосоо дөрвөн жилийн өмнөөс хэвтэрт ороход хүнд байсан. Түүнээс биш хань минь архи, тамхи хэрэглэж, мөнгөөр гачигдуулж байсангүй. Амьдралд жаргал, зовлон ээлжилдэг ч өвчин эмгэгүй, ерөнхийдөө түвшин байна.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба