П.ЖИГЖИДСҮРЭН: БИ ИХ МАСТЕР ЦОЛ МӨРӨӨДӨӨГҮЙ

2016 оны 04 сарын 04

Тэрбээр номхон команд авсан бага ангийн сурагч шиг гараа дээр, дээрээс нь давхарлаж хөдлөлгүй суугаад, ярихдаа нүд рүү цоо ширтэж, өөдөөс нь эгцэлсэн ч харцаа огтхон ч буруулалгүй харсаар намайг бүр сандаргачих юм. Магадгүй шатарчид тоглохдоо гүн бодолд орж, оюундаа өчнөөн нүүдэл хийдэг шигээ ярих зүйлээ ч дотроо тооцоолсоор хаашаа харж буйгаа мартдаг, илүү хөдөлгөөн ч хийдэггүй бололтой.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, шатрын олон улсын мастер, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Москвагийн Биеийн тамирын дээд сургуулийг шатрын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн юм билээ. Шатрын дасгалжуулагчаар номын дуу гадаадад сонссон хүн тухайн үед ховор байсан уу?

-Би 1970 онд Дэлхийн шатрын олимпод оролцсон юм. 60 гаруй орны шатарчин өрсөлдсөнөөс манай баг 16 дугаар байрт шалгарч, монгол тамирчид шатрын спортоор дэлхийд анх удаа өндөр амжилт үзүүллээ гэж биднийг Улс төрийн товчооныхон хүлээн авч уулзсан юм. Тухайн үед Ж.Самбуу дарга “Та нарын амжилт муугүй байна. Энэ спортыг хөгжүүлэхэд юу шаардлагатай вэ” гэж бидэнтэй санал солилцсон. Шатрын мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх хэрэгтэй гэдгийг ийн ойлгож, дэмжин, намайг Москвагийн Биеийн тамирын дээд сургуулийн шатрын дасгалжуулагчийн ангид суралцуулахаар явуулсан юм.

Би сургуульдаа шатрын ангид суралцсан анхны гадаад оюутан. Энэ ангийг хариуцсан багш нь дэлхийн шатрын олон удаагийн аварга Ботвиникийн дасгалжуулагч Гольдберг байлаа.

-Та олон улсын мастер болсон Монголын гурав дахь шатарчин юм билээ. Анхнаасаа л олон сайн шавь төрүүлье, багшилъя гэж зорьсон уу, эсвэл амжилтад хүрэх бодол байв уу?

-1963 онд Завханд долдугаар ангиа төгсөн, Худалдааны техникумд нягтлан бодогчийн ангид суралцаж, 1966 оноос Төв бараа баазад гурван жил ажиллаад улсын шигшээ багийн тамирчин болсон. Намжил багш намайг улсын шигшээ багт оруулах санал дэвшүүлсэн юм. Өдий зэрэгт явах жим мөрийг минь гаргаж өгсөн хүн гэж болно. 1963 онд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Завханаас шалгарч оролцоод мөнгө, дараа жил нь алтан медаль хүртсэн.

Техникумд суралцаж байхдаа ч, нягтлан бодогчоор ажиллахдаа ч чөлөөт цагаараа үргэлж шатар тоглодог байсан. Хообийгоо орхилгүй явсны нөлөөгөөр шатарчин болсноос биш, энэ замаараа амьдаръя гэж анхнаасаа бодоогүй юм. Би нэлээд нас ахисан хойноо буюу 40 гарсан хойноо амжилт гаргасан л даа. 1985-1987 онд олон улсын тэмцээнд оролцож, олон улсын мастер цол авах норм биелүүлсэн юм.

-Шатрын спортоор Гавьяат тамирчин болсон хүн цөөн юм билээ. Гавьяат дасгалжуулагч болсон нь ганцхан та юу?

-Манай өсвөрийн шатарчид олон амжилт гаргалаа. Тэднийг бэлтгэж байгаа олон сайн дасгалжуулагч бий. Тиймээс миний араас олон гавьяат дасгалжуулагч төрөхөд ойрхон байна. Манай шатарчид Ази, дэлхийн оюутны аварга, их мастер болсон зэрэг амжилтуудад миний үүрэг оролцоо байгаа гэж үнэлж, дүгнэж 2003 онд энэ цолыг өгсөн. Хэд, хэдэн удаа улсын аварга шатарчин болсон, олон улсын тэмцээнд түрүүлсэн гээд миний хувийн амжилт муугүй байсан л даа.

Гэхдээ хүүхдүүдтэй ажилласан амжилт үнэхээр бодитой, нүдэнд харагдаж гарт баригдахуйц болохоор үүндээ сэтгэл хангалуун, Гавьяат дасгалжуулагч нэрэндээ илүү хайртай байдаг.

-Монголын анхны олон улсын мастер Т.Үйтүмэн цаг үеийн байдлаас болж гадаадын тэмцээнүүдэд оролцох боломжгүй байсаар их мастер болж чадаагүй гэдэг юм билээ. Таны их мастер болоогүй шалтгаан бас тухайн үеийн нийгмийн нөхцөл, байдалтай холбоотой юу?

-Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн нар тухайн үед биднээсээ тасархай сайн тоглодог шатарчид байсан. Биднийг олон улсын тэмцээнд жилд ганц, хоёрхон оролцуулдаг, зарим онд санхүүгийн боломжгүйгээс явуулалгүй өнжөөж ч байлаа. Хэрвээ тэр үед гадаадын тэмцээнд оролцох нөхцөлийг сайн хангадаг байсан бол олон улсын мастер олон төрөх боломжтой, Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн хоёул их мастер болох зиндааны хүмүүс байсан.

Гэхдээ уралдаанд оруулалгүй илэрхий хасдаг асуудал байгаагүй юм шүү. Тамирчдыг оролцуулах арга хэмжээ, тэмцээнийг Намын төв хороо, Засгийн газраас боломжоороо баталж төлөвлөдөг байсан. Биднийг гадаадад тэмцээнд явуулдаггүй байснаас л болж их мастер болох ёстой хүн чадаагүй гэж тайлбарлахад учир дутагдалтай.

-Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн хоёрын тухай л яриад байх юм. Харин та их мастер болж чадах байсан болов уу?

-Их мастер болох болзолд миний чансаа дөхсөн байсан шүү. 2500 оноотой байж их мастерын болзол хангадаг. Миний оноо 2450 орчим байсан. Гэхдээ үүнээс гадна чухал шалгуурууд бий. Түүнийг биелүүлэхэд их хүнд. Ер нь одоогийнхтой харьцуулбал тухайн үеийн их мастер цолны болзол хатуу байсан. Тухайн үедээ би ч их мастер болъё гэж зорьж, хичээгээгүй. 1988 онд олон улсын мастер цол авсан нь надад хангалттай, миний шатрын карьер энд хүрээд болчихож ээ гэсэн дүгнэлт тухайн үедээ гаргаж байжээ гэж одоо эргээд боддог.

Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний дараа улсын шатрын шигшээ багийнхан ажилгүй болж, тараад, би хүүхдүүдэд хуваариа хичээл зааж, цалингүй ажилласан үе хүртэл бий. Тийм донсолгооны үед их мастер болох тухай бодох завгүй явсан. Харин ч шатраа хаялгүй, хүүхдүүддээ хичээл зааж, завсраар нь амьдрал ахуйгаа зохицуулж явсны хүчинд одоо нэртэй цолтой, шатарчдын дунд хүндтэй хүн болсон гэж боддог.

-С.Зориг агсан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч байхдаа тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах мөнгө босгохын тулд машинаа хүртэл худалдаж байсан юм билээ. Та тийм эрсдэл гаргаж байв уу?

-Надад зарах юм ч байгаагүй. Бусдаас мөнгө зээлж тэмцээнд хүүхдээ оролцуулах, өөрөө хамт явах зардлаа олох үе олон байсан. Эдийн засаг хүндрэлтэй байсан ч ОХУ-ын хотууд болон хил залгаа орноос нь зохион байгуулдаг шатрын тэмцээнд манайхан шавь нараа оролцуулдаг байсан нь энэ спорт Монголд хөгжихөд нөлөөлсөн юм шүү. Хүүхдүүдээ шатарчин болгох сонирхолтой эцэг, эх ч нэлээд олширсон.

Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Лхагвасүрэн, Т.Батчимэг, Б.Мөнгөнтуулын ээж аав өөрсдөөсөө мөнгө гаргаж, компаниудаас дэмжлэг авах зэргээр бор зүрхээрээ хөөцөлдөн, хүүхдүүдээ өсвөрийн Азийн болон дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээнд оролцуулж өнөөгийн үр дүнд хүргэсэн.

-Дэлхийн алдартай, шилдэг тамирчид шатрыг өөрсдийнхөөрөө тайлбарладаг, зарим нь үүнийг бясалгал гэх нь бий. Таныхаар шатар юу вэ?

-Амьдралд сургадаг хэрэглүүр гэж дүгнэдэг. Шатар тоглодог хүн амьдралаа аятайхан зөв зохиож, тооцоолдог гэж ойлгодог. “Монхангай”-н С.Сэргэлэн, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар зэрэг хэд хэдэн бизнесмэн шавь бий. Тэд “Мундаг шатарчин болоогүй ч сайн менежер, удирдагч болоход энэ спорт тусалсан.

Шатар тоглодог болсноор бизнес хийх арга ухаан, тооцоонд суралцсан. Шатрын стратеги, тактик бизнес хийхэд хэрэг болдог” гэсэн. УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж “Улс төр удирдах нарийн ухааныг шатар хөгжүүлдэг” гэж хэлсэн удаатай.

-Нүүдэл бүр тооцооллын үр дүн байдаг. Та амьдралаа ч тооцоолсоор өдий хүрсэн үү?

-Улс төр, бизнес хийхэд шатрын ухаан нөлөөлдөг гээд би үүнийг сонирхсонгүй. Яг л өөрийнхөөрөө, дундаж амьдрал туулсан жирийн дасгалжуулагч. Шатрын стратеги миний амьдралд ингэж хэрэг болсон гэж тодорхой жишээ хэлж чадахгүй байна. Их мастер цолыг би мөрөөдөөгүй шигээ Гавьяат дасгалжуулагч болоод л сэтгэл ханасан. Гэхдээ энэ спортын төлөө цаашдаа зүтгэж, шатар сонирхож буй хүүхдүүдэд чаддагаараа тус болох зорилготой.

“Би шатарт өөрийгөө зориулсан, үүнд л зориулагдах гэж төрсөн. Тиймээс энэ спортын төлөө явах хэрэгтэй юм байна” гэж бодож, үүндээ ч сэтгэл хангалуун амьдардаг. Харамсалтай нь миний нас нэлээд явжээ. Гэхдээ насаа тооцож, нэг их ач холбогдол өгдөггүй.

Хүн амьдралынхаа төгсгөлийг их бодож, тооцоолох ёстой. Шатраар зүйрлэвэл би гараагаа тавьж, тоглолтынхоо дунд үеийг дуусгаад төгсгөлийн үедээ орсон. Төгсгөлөө аятайхан хийчих юм сан гэж бодож явна.

-Шатрын дасгалжуулагч хөлслөхөд гадаадад өндөр үнэтэй байдаг юм билээ. Юм хөгжсөн өнөө цагт цахим ертөнцөөс шатрын стратеги, өрөг судалж, тэндээс шилдэг тоглогчдын бичлэг үзэж, сүүлийн үеийн программуудаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Тэгэхээр өнөө цагт дасгалжуулагч хэр шаардлагатай вэ?

-Дасгалжуулагчгүйгээр программыг нь бие даан суралцаж яваа хүмүүс бий. Орчин үеийн программ судлахгүйгээр дэлхийн чансаатай шатарчин болохгүй. Гэхдээ үүнээс гадна зөв, буруу явааг нь хэлж өгөх зөвлөгч, туслагч зайлшгүй шаардлагатай. Хэт хүнд программ судлах гээд бие нь хүрэхгүй, ядаргаанд орж болно.

Зохих бэлтгэл сургуулилалт, амралтын цагийн хуваарь, дэглэм баримталж байж амжилтад хүрнэ. Өөрөө өөртөө хуваарь гаргасан хүмүүс байдаг. Гэхдээ тийм тамирчид тодорхой амжилтад хүрээгүй л байна.

-Шатар хүчний спорт биш хэрнээ эрэгтэй, эмэгтэй тамирчид өөр ангилалд тоглодог. Эмэгтэй шатарчдын хамгийн дээд цол нь эрэгтэйчүүдийн их мастер. Тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс ухаан богинотой гэсэн үг үү?

-Тийм биш гэдгийг батлахын тулд олон эмэгтэй мундаг шатарчин энэ спортод амьдралаа зориулсан. Шведийн Крамлинг, Унгарын эгч дүү гурван Полгар, Хятадын Ху Ян Пин бүгд эрэгтэйчүүдийн төрөлд шилдэг болсон ч энэ ангилалд эмэгтэй дэлхийн аварга төрөөгүй л байна. Энэ бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү тоглож чадна гэдгийг илэрхийлж байгаа хэрэг.

Гэхдээ 100 шилдэг шатарчин байлаа гэхэд үүний 20 хувь нь эмэгтэй. 10 мянган шатарчны 1000 нь эмэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй шатарчин цөөн байдгаас шалтгаалж тэдний амжилтын хувь эрэгтэйчүүдийнхээс бага байгаа болохоос ухаанаараа ялгаатай гэсэн үг биш.

-Шатрын спорт том талбай, үнэтэй техник төхөөрөмж шаарддаггүй. Манайхан чансаагаа ахиулахад юу шаардлагатай байна вэ?

-Шатар тоглоход том танхим хэрэггүй, дөрвөн улирал ч нөлөөлөхгүй. Орчин үеийн өндөр үзүүлэлттэй компьютер, программ, сайн дасгалжуулагч, бас хөрөнгө хэрэгтэй. Дэлхийн аварга болж магадгүй, байгалиас заяасан оюуны өндөр чадамжтай хүүхэд манайд олон байдаг ч тэднийг олж, хөгжүүлж чадахгүй байна. Олсон ч дэлхийн зиндаанд хүргэж хөгжүүлэх нөхцөл муу байна. Тэдэнд туслах мэргэжлийн хүн, орчин үеийн программ, эдийн засгийн хөшүүрэг дутагдалтай.

-Та шавь нарынхаа амжилтаас дурдахгүй юу?

-Хар мянган хүүхэд цуглуулж, зай завсаргүй хичээл зааж явсангүй. Энэ л амжилтад хүрэх юм байна гэсэн хүүхдийг шалгаж, сонгож авдаг. Миний тэгж сонгосон хүүхдүүдээс Б.Хатанбаатар, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Ц.Батчулуун нарын дөрвөн их мастер, зөндөө олон улсын мастер төрсөн.

-Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болох гэж байгаа гэсэн үү?

-Олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэл бидэнд их байсан. Өнгөрсөн жил дэлхийн шатрын хүүхдийн олимп зохион байгууллаа. Энэ жил Дэлхийн болон Азийн шатрын холбоо энэ тэмцээнийг зохион байгуулж чадна гэж бидэнд итгэл хүлээлгэлээ. Маргаашнаас энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тэмцээнд 20 гаруй улсын 500 гаруй хүүхэд өрсөлдөнө. Нэг хүүхдийг тэмцээнд явуулах гэж бид махаа иддэг бол эх орондоо зохион байгуулснаар олон хүүхдийг хамруулах боломж бүрдэж байгаа.

Энэ бол Монголын шатрын хөгжлийг Азид таниулсан тэмцээн болно. Уг тэмцээнээс манайх шатрын олон аваргатай болох учиртай. Гадаадын шилдэг найман шүүгч шүүнэ. Гадаадаас ирэх 200 гаруй хүний байр, хоол, унааны зардлыг хариуцах бидэнд хүндрэлтэй байсан ч бусад компани, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр энэ асуудлыг шийдсэн.

Хэрвээ үүнийг нэр төртэй зохион байгуулбал ирэх онд Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн хийх эрхийг бидэнд өгөх юм. Тэр тэмцээний оролцогчид зардлаа өөрсдөө даадаг болохоор бидэнд хүндрэл багатай, Монголоос дэлхийн аварга төрөх боломж бүрдэнэ.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.49 Жигжидсүрэн бол төрмөл сайн шатарчин. Онолд шунахгүй мэдрэмжээрээ баргийн хүнийг давна. Жигээ мастертай олон тоглож басхүү нэгбус удаа хожижи явлаа. Эрдэмтэн Тогмид агсан түүнийг их үнэлдэгсэн, шатарчных нь хувьд. Гавъяатдаа эрүүл энх сайн сайхан бүхниЙг хүсье. Г. Чулуун

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба