ОЮУНЫ ГЭГЭЭ ЦАЦРУУЛАГЧ НЯМААНУУД

2016 оны 02 сарын 24

Утга зохиолын армид байдаг

Нямаануудын тухай:

“Долоон Нямаа байдаг гэнэ

Долгорын Нямаа байдаг гэнэ

Бас нэг Нямаа байдаг гэнэ

Батын Нямаа гэдэг гэнэ

Дахиад Нямаа байдаг гэнэ

Данзангийн Нямаа гэдэг гэнэ

Гоё Нямаа байдаг гэнэ

Готовын Нямаа гэдэг гэнэ

Цэвэрхэн Нямаа байдаг гэнэ

Цэндийн Нямаа гэдэг гэнэ

Лут Нямаа байдаг гэнэ

Ломбын Нямаа гэдэг гэнэ

Жаахан жаахан Нямаанууд гэнэ

Жамбын Нямаа л биерхүү гэнэ

Найрагтаа дөмөг нь Долгорын Нямаа

Найруулалдаа дөнгүүр нь Данзангийн Нямаа

“Ормоондоо” дөнгүүр нь Батын Нямаа

Оросдоо дөнгүүр нь Цэндийн Нямаа

Хөдөөдөө дөнгүүр нь Ломбын Нямаа

Хөвсгөлдөө дөнгүүр нь Жамбын Нямаа

Өгүүлэлдээ дөнгүүр нь Готовын Нямаа

Үнэндээ гэхэд цөмөөрөө ямаа”

гэсэн элэглэл шүлэг бий.

Энэ удаагийн “Нэр нэгтийн чих нэг” буландаа найраглал, найруулал, хөдөөдөө дөнгүүр гурвыг нь онцоллоо. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн ахыг Давааням гэдэг байж. Хожим Дундговьдоо нэртэй их эмч болсон ахыгаа зургаан настайд тэрбээр мэндэлжээ. Гэрийнхэн нь түүнд ямар алдар хайрлахаа ярилцаж байхад ах нь “Би нэрнийхээ хагасыг өгөх үү” хэмээсэн гэдэг.

Давааням нэрийг ширээт лам хайрласан учир гэрийнхэн нь ч энэ санааг дэмжсэн байна. Уг нь тэрбээр Ням нэртэй байсан ч сургуульд ороход багш нь журнал дээр Нямаа гэж бичсэнээр өөрчлөгдсөн түүхтэй.

Харин Ломбын, Данзангийн хөвгүүдэд тус тусын нутгийн эрдэмтэй лам төвдөөр нар гэсэн утга бүхий нэрийг түүн лугаа гэрэл, энерги цацруулж, бусдын оюун санааг гийгүүлж байх болтугай хэмээн бэлгэдэж “тарнидсан” учиртай юм билээ. Долгорын, Ломбын Нямаа ижил нэртнүүдтэйгээ андуурагдаж байсан удаагүй гэсэн бол Данзангийн Нямаад ийм явдал хэд хэд тохиолдож байжээ.

Тэрбээр “Овгийн эхний үсэг ижил болохоор Долгорын Нямаа гуайтай хааяа хүмүүс андуурна. Түүнийг соёлын гавьяат зүтгэлтэн болоход надад өчнөөн хүн баяр хүргэж ярьсан. Зарим зохиолч хоолойг минь таньж, “Өө чам руу залгачихав уу, за яах вэ ерөөл бат оршиг ээ” гэцгээсэн.

Хааяа радио, телевизээр бидний бүтээлүүд ч андуурагддаг” гэсэн. Долгорын Нямаа гуай Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж ирээд МУИС-ийн дэргэдэх утга зохиолын дугуйланд очиж, залуу уран бүтээлчидтэй ярилцлага хийжээ.

Энэ үеэр тэрбээр “Манайхан хайрын шүлэг цөөн бичиж байна. Та нар шиг залуу улс ийм сэдэвтэй бүтээл их зохиох хэрэгтэй” гэж хэлэхэд нь нэг нөхөр “Сансар огторгуйн тухай хүн төрөлхтөн ярилцаж, их бүтээн байгуулалт болж байхад янаг амрагийн тухай бичих зохимжгүй” гэх маягтай үг хэлж, сөргөж л дээ.

Тэр нь Ломбын Нямаа байсныг тэрбээр хожим мэдсэн гэдэг. Харин Данзангийн Нямаатай “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч байхдаа танилцжээ. Данзангийн Нямаа “Алс цагийн аяс” анхны шүлгийн түүврээ хэвлүүлэхээр Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн гишүүдээр батлуулах болжээ.

Ийн До.Нямаа гуай номонд нь дүгнэлт бичиж, “Дэндүү олон шүлэг оржээ, хагасыг нь хасвал сайн ном гарна. Миний анхны ном гэхэд л энэ гэж “Галуун цуваа” нэртэй жижиг нимгэн бүтээлээ үзүүлсэн байна.

Ломбын Нямаа 10 гаруй жилийн өмнө Монголын үндэсний радио телевизийн байранд Данзангийн Нямаатай танилцаж, ах дүү шиг дотноссон гэнэ.

1 Нас ахихад уран бүтээлийн шим, ургац ундардаг уу, дундардаг уу. Сайн уран бүтээл туурвиж чадахаа болих вий гэх айдас төрж байв уу?

2 Хүн, ялангуяа уран бүтээлч үргэлж хөгжих ёстой. Та хамгийн сүүлд юу сурсан бэ?

3 Хүний амьдралд ямар нэгэн чухал зүйл тохиолдоход түүнээсээ элдвийг эргэцүүлж, ойлгодог. Таны амьдралд тохиолдсон ямар чухал үйл явдлаас юуг ухаарсан бэ?

4 Хүн яах гэж амьдардаг тухай асуудалд хүн төрөлхтний мөнхийн маргаан бий. Та энэ талаар юуг ойлгож, нээлт хийв. Та юуг амьдралын зорилгоо болгосон бэ?

5 Таны мэдэх хамгийн агуу хүн хэн бэ. Түүнийг бишрэх болсон шалтгаан юу вэ?

6 Дээхнэ үед бүгд яруу найрагчдын бүтээлээр амьсгалдаг, цээжилдэг байсан. Одоо тэгэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Сайн уран бүтээл төрөхгүй байна уу, эсвэл хүмүүсийн мэдээлэл хүлээн авах хэрэгсэл олширч, баргийн зүйлийг гайхахаа больсонтой холбоотой юу?

7 Сүүлийн 25 жилийн хугацаанд монголчуудын хийсэн хамгийн зөв хийгээд буруу алхам юу вэ?

Долгорын НЯМАА: Ахмадаа хүндэтгэж, үлгэр дуурайл авч явсан үеийг би үгүйлдэг

1. Үгүй дээ. Нас ахихаар харин ч сэтгэх, бодох сайжраад байх шиг. Би бичгийн машин хэрэглэж заншаагүй. Гараараа бичсэн доод тал нь 10 гаруй хуудас бие даасан нэг бичвэр болно. Тиймээс техник талаас нь, гараар бичихээс жаахан халшрах, залхах асуудал байгаа болохоос биш, бодож, сэтгэж чадахаа болихоос түгших, дутагдаж гачигдсан нь мэдрэгдэх юм алга.

2. Зөв, бурууг ялгах их чухал байдгийг бага залуудаа нэг их анзаарч явсангүй. Одоо л энэ нийгмийн дэвсгэр суурин дээрээс ажиглах боллоо. Би 77 настай. Мэдэхгүй болохоор ирээдүйн тухай нэг их боддоггүй, энэ тухай ярих юмгүй. Харин өнгөрсөн үе миний хамгийн сайн мэдэх юм.

Орчин цагийн залуучууд миний мэдэх өнгөрснийг мэдэхгүй хэрнээ харааж, хүний толгой авдаг шахам муухай үе байсан гэж байна. Би социализмын үед сурч, бойжсондоо баярладаг. 20 гаруй жил сургуульд явахдаа ямар ч төлбөр төлөлгүй, харин ч оюутны тэтгэлэг авч, тэр байтугай Москвад сурсан.

Хэрвээ одоо цагт би хүүхэд байсан бол говьд хэдэн тэмээ хариулдаг ижий минь юугаараа миний сургалтын төлбөрийг хийх вэ дээ. Тэгэхээр хуучин нийгэм л эрдэм, ном үзэх боломж олгож, намайг хөтөлсөн гэж боддог.

3. Хүүхдүүдээ ажиглаж суухад энэ нь ийм, тэр нь тийм юм гэж алдаа, оноо нь аяндаа харагддаг. Багаас нь зөв залж, хөтлөхгүй бол эхнээсээ л буруудвал 50, 60 нас хүрсэн ч замаа зөвтгөж чадахгүй царайтай байдгийг хүүхэд, залуучуудын амьдралаас ойлгож байна.

4. Ийм том асуултад би хариулах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Орчин үеийн залуучуудыг ажиглах нь ээ, зөв бурууг ялгахаа байж, онож алдаад явна. Багаас нь л зөв, бурууг ялгадаг үзэл, төлөвшилтэй болговол өөрт нь ч, дэргэдэх хүмүүст, нийгэмд ч хэрэгтэй.

Зөв, бурууг ялгахгүй байгаа болохоор л хэвлэлд нийтлэгддэг санаанд оромгүй элдвийн хачин хэрэг зөрчил гарч, хүмүүс амьдралд хөл алдах юм байна шүү дээ. Үзэл бодлын төлөвшил гэхээр марксизм, ленинизм гэж ойлгов уу зай. Өөрийгөө зөв удирдах үзэл бодол байсан цагт амьдралын учир олдоно.

Намайг багад хөдөөнийхөн хүүхдээ хатуу гараар хүмүүжүүлдэг байлаа. Зодох хэрэг гарвал зодож, мориор туулгаж, шилбүүрдэнэ. Хаана үг дуугарч болох, үгүйг хэлж, бусдын дэргэд ямар аяг зан гаргавал эвгүй, эсвэл зүйтэйг зөвлөж, багаас л төлөвшүүлдэг.

Би гайгүй алба хашиж, уран бүтээл хийж, намайг зохиолч гэж та нар ярилцаж байгаа явдал бол хууччууд зөв удирдан залж явсны үр.

5. Хөдөөний надад эрдэмтэн, сэхээтнүүд бүгд мундаг гэж ойлгогддог байлаа. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн Монголын орчин үеийн сэхээтнүүдийн оройд яваа улс. Тэдний араас Д.Намдаг, С.Буяннэмэх, Ч.Лодойдамба жагсана.

Надад ойр үеийнхнээс бол бичиж бүтээсэн, уншиж боловсорсны хувьд ч Л.Түдэв гуайг хүндэлж, үлгэр авахсан гэж боддог. Хөдөө төрсөн, 21, 22 настай залуу роман бичлээ гэхэд миний үеийнхэн бие бие рүүгээ гайхах шахам харж байлаа. Одоо ч тэрбээр хөдөлмөрч хэвээрээ, сониноо гаргаад, номоо ботилоод гялалзаж явна.

6. Ном уншихаа больчихоор юун шүлэг манатай. Шинэ үеийнхэн ямар сайхан шүлэг бичиж, залуучуудад хүргэж байгааг би мэдэхгүй, тэдний өмнөөс хэлэх юм байхгүй. Бодвол, сайхан шүлэг бий биз.

Монголын яруу найраг бидний амьдралын хэрэгцээ байсан юм. Хуримлаж, гэр, гүү барьсан ч ерөөл, магтаал хэлнэ. Гэтэл гадаадынхныг дуурайж, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг багасгаж, Монголынхоо онцлогийг яруу найргаас нь салгачихвал шүлэг уншина гэж санаанд нь яаж буух вэ дээ.

7. Амьдралаа бие даан төвхнүүлэх, нийгэмд өөрийгөө авч явах хариуцлага, ачаа нуруун дээр ирсэн нь бидэнд уг нь хэрэгтэй. Даанч олон хүн тэгж чадахгүй, гудамжаар хог түүсэн шиг явна. Урьд нь миний нүдэнд харагдаж байсан гудамжны амьдралыг одоогийнхтой харьцуулахад энэ нийгэм зөв явж байна гэж харж чадахгүй нь ээ.

Ахмадаа үнэлж, хүндэтгэхээ болино гэдэг их том алдаа. Ахмадаа хүндэтгэж, үлгэр дуурайл авч явсан үеийг би үгүйлдэг. Гудамжинд залуучууд бараг дайрах шахаад зөрдөг. Тэр байтугай автобусанд суух гэхэд мөнгө төлдөггүй болохоор хаяад явчихдаг байлаа. Ахмаддаа элэггүй нийгмийг би лав сайхан гэж хэлж чадахгүй.

Ломбын НЯМАА: Пикассо намайг нэг удаа унагаад

татаж босгосон

1.Дэлхийн утга зохиолын түүхэн хандлагаас харахад зохиолчид насжих тусам сэтгэлгээ нь далайцтай тэлж, чанартай, сайн бүтээл бичдэг. Гэхдээ уран бүтээлийн өгсөх, уруудах тавилан тухайн уран бүтээлчээс хамаарна. Идэр залуу наснаасаа л ихийг бодож, сэтгэж уншиж байвал бүтээлийн чанар буурахгүй.

Би өдгөө “насныхаа” хэдэн бүтээлийг бичиж байгаа. “Гүн ухааны ганц мод”, “Хадны зураг” эсээ, яруу найргийн ном бичиж байна. “Миний амьдардаг ертөнц” шүлэг, дурсамж, эсээний номоо хэвлүүлсэн. Цаашдаа “Пикассо бид хоёр” нэртэй эсээ, шүлгийн ном хэвлүүлнэ. Энэ бол их учиртай ном.

Би сургуулиа төгсөөд Хэнтийн Өндөрхаанд ажилласан юм. Түргэн зургийн уралдаан зарлахад нь би Пикассогийн “Болзоо” таталбарыг зурж түрүүлсэн. Маргааш нь Дотоод яамны Хэнтий аймаг дахь тагнуулууд, Намын хорооныхон намайг дуудаж, хөрөнгөтний хийсвэр зураг сурталчилсан гэж буруутгаж, Өндөрхааны бүх сэхээтний хурлаар оруулан хөдөө хөөсөн.

Яг тэр хэцүү цагт Пикассогийн 70 насны ой тохион, “Правда” сонинд “Пикассо бол амьдралынхаа турш коммунист байсан” гэсэн утгатай өгүүлэл нийтлэгдэж би аврагдсан. Ингэж л Пикассо намайг нэг удаа унагаж, бас нэг удаа татаж босгосон.

Тэр үеэс л түүний уран бүтээлийг сонирхож эхэлсэн. Дэвтэр материал цуглуулж, бүх зургийг нь харж эргэцүүлж бодомж, тайлбар хийж байгаа.

2. Гүн ухаанд суралцаж байна. Амьдралыг, хүнийг, ертөнцийг зөв таних гэж хүмүүс гүн ухаан судалдаг. Монголчууд бүгд гүн ухааны анхны мэдэгдэхүүнтэй болж хүн төрөлхтөний хамт мөр зэрэгцэж чадахгүй бол үндэстэн мөхөхөд ойрхон байна.

3. “Хүн гэж хэн бэ” гэдгийг ойлгохгүй улс Монгол орноор дүүрэн байна. Хүн гэдгийг мөнгөний хүүдий шиг ойлгох нь ч бий. Ийм болохоор яаж эх орноо улсын дайтай, монголчуудаа хүний дайтай болгох вэ гэдэгт их санаа зовдог.

Энэ надад маш их ухаарал өгсөн. Хүн яагаад эвдэрдэг, хүний амь бүрэлгэдэг, амьдралаас зугтдаг вэ. Цагаан уут үүрээд, траншейнд хоног төөрүүлж яваа хүмүүс бол өөрийнхөө амьдралаас зугтагсад. Хайр дутахаар хүн амьдралаас зугтдаг. Аав ээж, ах дүү, амраг хань, төрийн хайр дутсанаас болж өөрийгөө амьдралын золиос болгодог.

Яавал тэднийг өөд татах вэ гэж уран бүтээлчийн хувьд шаналдаг. Тэдний заримтай нь яриа өрнүүлэхэд Архангай, Ховд, Хэнтийнх гэж байсан. Болдогсон бол бүх хүнийг сайхан амьдруулах сан. Уг нь бол амархан шүү дээ.

Манай төрд ард түмнээ хайрлах хайр дутаж байна. “Ард түмнээ нялх хүүхэд шиг хайрладаг” гэж Чингис хаан хэлсэн байдаг. 60 сая малтай, 1.5 сая ам км нутаг дүүрэн баялагтай улс ийм байдалтай байна гэдэг ард түмэн хариуцлагагүй, ухамсаргүй, ёс суртахуунгүй төр байгуулсны л гай.

4. Бид амьдралаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зориулах гэж төрдөг юм. Би тэр зорилгодоо хүрэхийн төлөө л яваа. Амьдрал өргөн агуулгатай. Нэг хүний амьдрал хүн төрөлхтөний амьдралын нэгээхэн хэсэг.

Эртний еврейчүүдийн “Талмуд” сударт “Нэгэн хүнийг өөд татах нь нийт хүн төрөлхтөний амьдралыг дээш татсан шиг гавьяатай үйл хэрэг мөн” гэсэн байдаг. Нэг хүнийг ухааруулж, сайн хүн болгож чадвал хүн төрөлхтөний тусын тулд их зүйл хийсэн гэж үздэг. Би 46 жил түмний хүүхдэд хичээл зааж байна.

Миний хичээлд амьдралын үнэн, хүн байхын утга учрыг ойлгуулсан агуулга, түүнийг ойлгосон шавь байгаа байх. “Амьдралын утгыг таниагүй хүн амьдрахын хэрэггүй” гэж Сократ хэлсэн байдаг.

Хүн төрөлхтөн амьдралаа зөв авч явахын тулд ирээдүй, ертөнц, хүний тухай шинэ гүн ухаантай болохыг эрхэм зорилго болгох хэрэгтэй. Дэлхийгээ, хүн хүнээ хэрхэн хайрлах тухай шинэ үзэл санаа бидэнд хэрэгтэй байна.

5. Гадаадаас Махатма Гандиг хүн төрөлхтөний тусын тулд төрсөн агуу хүн гэж боддог. Хүчирхийлэлгүйгээр эрх чөлөө, аз жаргалд хүргэх, хүнийг гэгээрүүлж үнэд хүргэж агуу үйл хэргийг бүтээх гэдэг бол түүний гол онол.

Тийм ч учраас Энэтхэгийг хэдэн зуун жил эрхшээлдээ байлгасныг нь тэрбээр буу дуугаргалгүй англичуудад ухамсарлуулж, улсаа колончлолоос гаргаж чадсан. Монголоос Чингис хааныг агуу гэж нэрлэнэ. Би “Чингис Соосэ” олон улсын харилцааны сургуульд багшлахдаа Модунь Шаньюй хаанаас Ц.Элбэгдорж хүртэлх Монголын удирдагчдын тухай хичээл заасан.

Тийм болохоор тэдний хэн нь жинхэнэ удирдагч, хэн нь эх орноо устгахыг оролдож, аварсныг мэднэ. Аливаа ард түмний түүх гэдэг тэнэг удирдагчийн түүх, бас нөгөө талаас цэцэн мэргэн удирдагчийн түүх гэх ойлголт олон улсад бий.

Манайх Модунь Шаньюй хаанаас Ц.Элбэгдорж хүртэл гайгүй удирдагчтай байсан учир одоо ч оршин тогтнож байгаа юм. Манж бол Азийг эрхшээсэн том эзэнт гүрэн байсан ч одоо үгүй. Улсыг сайн удирдагч л авардаг гэж би ойлгодог.

Гэхдээ сүүлийн 25 жилд хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулахын төлөө тэмцэж, үүнийгээ олсон ч ашиг буяныг нь үзэж чадахгүй байна. Энэ нь удирдагчдаас л шалтгаалдаг. Ард түмэн хийдгээ хийж, бүтээдгээ бүтээгээд зовохдоо зовж, жаргахдаа жаргаад л явж байна.

Тэгэхээр 1990-ээд оноос хойш “төрсөн” дөрвөн ерөнхийлөгчөөсөө Монголын ард түмний хувь заяаг нэхэх ёстой, тэд бидэнд үгээ хэлэх хэрэгтэй.

6. Интернэтийн үндсийг тавьсан эрдэмтэн “Би хүн төрөлхтөнд юу бүтээгээд өгчихөв дөө” гэж санаа зовж амьсгал хураасан гэдэг. Интернэт хүн төрөлхтөний танин мэдэхүйн оргил, сайхан зүйл мөн л дөө. Гэхдээ бид хог новшийг нь л ухаад байна.

Ганц монголчууд ч биш, бүгд үнэт зүйлээ хаяад, интернэтийн хуурамч мэдээлэлд “орж”, дэлхийн шилдэг утга зохиол уншихаа больсон. XX зуун хүртэл яруу найраг, уран зохиол, хөгжим гээд агуу ихийг бүтээсэн нь хүн төрөлхтөнийг өдий зэрэгт авч яваа. Энэ л оюун санаа, уураг тархи хөгжүүлдэг.

Үүнээс салбал хүн юу ч биш болно. Жишээлбэл, Доголон Төмөр хаан ордондоо Уран уншигчдын газар байгуулж, өөрөө суудаг, хүүхдүүдэд Азийн үлгэр домгийг сонсгодог байсан. Тэр үлгэрийн оронд аялж байсан хүмүүсээс агуу их одон оронч Үлэг бэх төрсөн. Төмөр хааны ач хүү тэрбээр Самаркандад одон орны том төв байгуулсан гэдэг.

7. Нийтлэг жам ёсыг дагаж, хөгжлийн өөр шатыг сонгоно гэдэг зөв алхам байсан. Гэхдээ ерөөс социалист, капиталист хүн төрөлхтөний хөгжлийн замын аль аль нь хад мөргөсөн. Бидний хөрөнгөтөн гэж нэрлэдэг орнуудад 1960-аад онд капиталист, социалистын үнэт зүйлийг нийлүүлсэн гуравдагч замыг гаргая гэсэн онол гарсан.

Коммунист дэглэмтэй орны улс төрийн зүтгэлтэн, гүн ухаанчид үүнийг эсэргүүцсээр байгаад түүхийн тоосонд хаячихсан. Одоо тэр онол сэргэж байна. Өдгөө социалист төлөвлөгөөт, капиталист чөлөөт эдийн засгийг зөв хослуулж яваа орон бол Швейцарь, Норвеги.

Манайх эдийн засаг, улс төр, гүн ухаан, шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжлийн замаа зөв тодорхойлж чадалгүй, үзэл онолгүй харанхуйгаар зах зээлийн нийгэмд шилжсэн. Шинжлэх ухааныг үнэлдэггүй.

Уг нь тав, таван жилээр явсан мөрөө шинжлэх ухааны үндэстэйгээр дүгнэж, засаж явах ёстой байсан. 25 жил гэдэг бага хугацаа биш. Зөв замаар явсан бол Монгол алтан дээр суусан баячууд болох боломжтой байсан.

Данзангийн НЯМАА: Учрал, тохиол бүрээсээ ухаарал авч чаддаггүйд л бидний хамаг дутагдал оршиж байгаа юм

1. Яг үнэндээ бол уран бүтээл шинээр төрөх бүрт өмнөхөөсөө дордуулсан юм биш биз гэх айдас дагадаг. Ийм айдас л уран бүтээлчийг үргэлж урагш далладаг.

Ерөөс сэтгэл ханасан, өөрийгөө тайвшралаар шагнасан, айдасгүй уран бүтээлч л ургацгүй болдог. Эцэстээ сайн уран бүтээл гэдэг зохиолчийн гараас гараад л өөрийнхөө хувь тавиланг хөөн оддог юм даа. Нас ахихын тухайд бол

...Насыг минь битгий асуу, бүсгүй минь

Нямаа гэдэг настай, би

Дуртмал зүрхний шигшиг

Дурлалынхаа тоогоор зүстэй, би...гэж бичсэн хүн шүү дээ.

2. Амьдралаас ч суралцаж дуусахгүй юм аа. 2012 оноос хойш өдөр тутам тэмдэглэл хөтөлж байгаа шүү. Сүүлд сурсан зүйл минь энэ л байх.

3. Учрал, тохиол бүрээсээ ухаарал авч чаддаггүйд л бидний хамаг дутагдал оршиж байгаа юм. Зуслангийн байшин бариулахаар Хэнтий аймгийн Батширээт сумд байдаг барилгын компанид жилийн өмнө мөнгөө өгөөд алдчихсан.

Шүүх, цагдаагаар хөөцөлдөж байж саяхан мөнгөнийхөө хагас, хугасыг олж авсан. Тэгээд, ямар ч ажил даатгах болоход ойр оршдог компани сонгох нь зөв юм байна гэдгийг ухаарсан. Үгүй дээ л алхаад оччихно шүү дээ.

4. Жаргах гэж амьдардаг. Гэхдээ юуг жаргал гэх вэ. Хүн бүрийн хариулт өөр. Угтаа амьдрал бол шатрын хөлөг шиг алаг эрээн талбар. Тэр хөлөг дээр хүү ч, бэрс ч нүүдэг. Миний гол зорилго бол зөв, сайн сайхан, хүнд гэмгүй ажиллаж, амьдрах.

Түүнийхээ зам мөрийг л эвхэж явна. Ганц сайхан шүлэг бичих юмсан гэсэн зорилго бол үүрд мөнхийнх дөө.

5. Ээж минь. Өөрөө бичиг үсэг сураагүй байхдаа надад шүлэг цээжлүүлж байсан малчин хүн шүү дээ. Хаанаас, хэнээс сонссон шүлэг юм, өөрөө зохиодог ч байсан уу, бүү мэд. Хөдөөгийн сургуулийн нэгдүгээр ангийн хүү байхдаа багшаас “Шүлгээ хэзээ заах юм бэ” гэж асууж байсан гээд бод доо.

Сургуульд шүлэг л заадаг гэж ойлгосон хэрэг. Тав, зургаан настайдаа цээжилсэн шүлгийн мөрүүд намайг яруу найрагчийн замд хөтөлсөн юм. Ээжийн минь надад заасан зам одоо ч урд минь гэрэлтэн тосдог.

6. Сайхан шүлэг, уран бүтээл төрж байна. Морьд эргэлээ гэдэг шиг харин ч уншигчид айсуй. Гэхдээ нэг юм хэлье. Цахим ертөнц дүүрэн шүлэг, тайз дүүрэн яруу найрагч. Алийг нь шүлэг биш, хэнийг нь яруу найрагч биш гэх вэ. Мөн ч хэцүү.

Үүнийг ялгахын тулд уншигчид боловсрох ёстой. Гэтэл бас нөгөө талаар боловсролтой уншигчдыг яруу найрагч бид бэлтгэж, бий болгох ёстой байдаг. До.Нямаа гуайн “Самаркандын шөнө” шүлэг санаанд орчихлоо.

Тэр шүлгийн хоёр бадгийн ганц, нэг үгийг өөрчлөөд энд жишээ авч, хэлэх гээд байгаа санаагаа ойлгуулах гэж оролдъё.

Яруу найрагч:

Будагтай энэ олон өндөгнүүдийг хар

Бусдаас ялгарах өнгө өнгийн хэрнээ

Ярж , хагалж үзвэл аль нь илүү байх вэ?

Яруу найраг гэдэг чинь ийм л ижилхэн зүйл шүү дээ

Уншигч:

Адилхан энэ болор жүнзэнд

Архи, ус хоёрыг нэг нэгээр нь хий

Шүүрс алдуулж аль нь намайг согтоох вэ?

Шүлэг гэдэг чинь ийм л өөр юм шүү дээ.

7. Бидний хамгийн зөв алхам бол ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон явдал. Харин байгуулснаа сүйтгэж, босгосноо нурааж байгаа нь хамгийн буруу.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба