“ХАТАГТАЙ ЗАЛУУ”

2016 оны 02 сарын 19

Холимог тулааны хөнгөн жингийн дэлхийн аварга Ронда Роузи 1987 оны хоёрдугаар сарын 1-нд Калифорнийн Риверсайд хотод Рон Роузын гурав дахь охин болон мэндэлжээ. Түүний ээж 1984 онд жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Америкаас алтан медаль авсан анхны эмэгтэй тамирчин болжээ.

Рондагийн ээжийн аав афро-венесуэль гаралтай бол аавын талынхан нь англи, польш хольцтой. Тамирчин бүсгүй зургаан нас хүртлээ өвчинтэйгөө тулалдсан бол хожим тулааны урлагт амжилт олтлоо өөртэйгөө тэмцжээ.

Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд байхад хүй хүзүүг нь ороосноос шалтгаалж, тархины мэдрэлийн систем нь гэмтэн, хэл яриандаа гажигтай болсон байна. Түүнийг Минот их сургуульд эрчимтэй эмчлүүлэхээр эцэг эх нь гурван настайд нь Хойд Дакотагийн Жэймстаун хот руу нүүсэн юм.

Тамирчин бүсгүй багадаа аавынхаа хүсэлтээр усан спортоор хичээллэж байжээ. Аав нь охидтойгоо чаргаар гулгаж байгаад осолдож, хоёр хөл нь мэдээгүй болж, амиа хорлосон гэнэ. Ийн тэднийх Калифорнийн Санта Моника руу нүүж, ээж нь охиддоо гэрээр боловсрол олгожээ.

Ронда ээжийнхээ ятгалгаар 11 настайгаасаа жүдогоор хичээллэж, түүнээс алдарт өчих мэхээ сурсан гэдэг. Охин 13 настайдаа санамсаргүй ээжийнхээ бугуйг гэмтээж байсан удаатай. Ээжийнхээ жүдогийн клубт хуучин багийнхантай нь хичээллэж, бас “Хаяастан” холимог тулааны сургуульд Манни Гамбуриан, Каро Парисиан нарыг дасгалжуулсан Когор Чивичианы удирдлага дор суралцсан байна.

Япон техник хэрэглэдэг жүдотой харьцуулахад энэ нь түүнд бохир хэв маягтай санагдсан гэнэ. Ронда өөрөөсөө биеэр хамаагүй том эрчүүдтэй бэлтгэл хийж, шантарснаасаа болж олон удаа уйлсан тухайгаа хожим дурссан байдаг. Энэ үед түүнийг үеийнхэн нь “Хатагтай залуу” гэж хочилдог байсан гэнэ.

Гамбуриан түүнийг дотночлон, хувийн бэлтгэл хийлгэж байгаад 16 настайд өвдгийг нь гэмтээж байжээ. Жүдочин найзууд нь “Холимог тулаан охидыг “алдаг”. Нүүр рүүгээ цохиулахад чи дэндүү хөөрхөн” хэмээн түүнийг “бохир” спорт сонирхохоо болихыг ятгаж байжээ. Гэсэн ч Ронда Гамбурианыг Нэйт Диазтай тулалдахыг хараад энэ спортод дурласан аж.

Холимог тулаанаас өөр ямар ч спорт түүний сэтгэлийг тэгж их догдлуулж байгаагүй гэнэ. Тэрбээр 2004 онд 17-тойдоо Афинд болсон Олимпод оролцож, тухайн үед жүдогийн төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчнаар шалгарч байжээ.

Мөн ондоо Унгарт болсон жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, 2006 онд Их Британид зохион байгуулсан “Бирмингам” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

2007 онд 70 кг-ийн жинд барилдаж, чансаагаараа дэлхийн шилдэг гуравт жагссан байна. Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дунд жингийн төрөлд мөнгө, мөн ондоо Пан Америкийн тэмцээнээс алтан медаль авчээ. 2008 онд болсон Бээжин гийн олимпоос мөн төрөлд хүрэл медаль хүртэж, энэ наадмаас жүдогийн медаль авсан анхны америк эмэгтэй болсон гэнэ.

21 насандаа жүдогийн карьераа орхиж, машиндаа амьдарч байснаа найзтайгаа өрөө хөлсөлж, бартендер, коктейль зөөгчөөр ажиллажээ. Ийн ирээдүйгээ төлөвлөж, мутай боксын улсын аварга Эдмонд Тарвердиан дасгалжуулагчийн удирдлага дор “Глендайл” тулааны клубт бэлтгэл хийж эхэлжээ.

2010 оны наймдугаар сарын 6-нд хамгийн анх сонирхогчдын холимог тулааны тэмцээнд оролцож, Хайдн Мунозыг 23, гурван сарын дараа 66 кг-ийн жинд туршлагатай тулаанч Аутм Ричардсоныг 57, 2011 онд Тайлор Страффордыг 24 секундэд ялжээ. Түүний анхны мэргэжлийн тэмцээн 2011 оны гуравдугаар

нсарын 27-нд байв. Ронда Бразилийн Эдиан Гомезийг 25 секундийн дотор өчих мэхээр ялжээ. Ийн олон тулаанд өрсөлдөгчөө буулгаж, 2012 онд эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Миша Тейттэй тулалдан ялснаар UFC-гийн ерөнхийлөгч Дана Уайтын анхаарлыг татсан байна.

Мөн оныхоо сүүлчээр Дана Уайттай гэрээ байгуулж, удалгүй Лиз Кармушийг ялж, холимог тулааны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга болжээ. Энэ төрөлдөө нийт 12 удаа ялсны 10-т нь өрсөлдөгчөө нэгдүгээр үед буулгаж авсан тэрбээр Кэт Зинганотой тулалдахдаа 14 секундийн дотор түрүүлж, UFC-гийн түүхэнд дээд амжилт тогтоож байв.

Түүний өрсөлдөгчдөөс Миша Тейт гуравдугаар үе хүртэл тэссэн удаатай. Ийм амжилттай явсан тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Холли Холмстой тулалдаж, хоёрдугаар үед толгойдоо өшиглүүлэн хүнд цохилтод орж, анхны ялагдлаа амссан. 50 мянган үзэгч цугларч тэдний тулааныг сонирхсон бөгөөд хоёр тамирчин тус бүр 50 мянган ам.долларын бонус авчээ.

Үүнээс хойш Ронда эрүүл мэндийн шалтгаанаар 60 хоног тулаанд оролцохгүй болсноо зарласан. UFC-гийн удирдлагууд Холли Холм болон Ронда нарын удаах тулааныг ирэх долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов зарласан нь энэ спортыг сонирхогчид тэсэн ядан хүлээхэд хүргэжээ.

Хэдий эршүүд ч үзэсгэлэнтэй, шаргал үстэй түүнийг ESPN сэтгүүл олон нийтийн саналаар бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодруулжээ. Олон сэтгүүлийн нүүрийг чимсэн тулаанч бүсгүй “Expendables-3” “Галзуу хурд-7” кинонд тоглож, чамгүй авьяаслаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан. 2018 онд нээлтээ хийх “Ахмад Марвел” киноны гол дүрд түүнийг сонгож магадгүй гэсэн цуурхал гараад буй.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба