Од эрхсийн ОНГОДООР

2016 оны 02 сарын 01

...Холхи газарт гялалзан харагдах өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв... хэмээн их зохиолч Д.Нацагдорж магадгүй монгол хүн сансарт нисэхийг зөгнөж, “Од” шүлгээ бичсэнээс хойш манай олон уран бүтээлч од эрхсээр онгодоо хөглөн, энэ сэдвээр арвин бүтээл туурвижээ.

Ялангуяа 1961 онд хүн анх сансарт ниссэнээс хойш олон улсын утга зохиол, урлаг, оюун сэтгэлгээний ертөнцөд сансрын сэдэв байраа эзэлж, олон мянган дуу шүлэг, роман тууж, өгүүллэг мэндэлсэн билээ.

1967 онд ЗХУ-ын “Гадаадын уран зохиол” сэтгүүлд дэлхийн уран зохиолын сансрын сэдэвтэй бүтээлүүдийг эмхтгэж бүтэн дугаар гаргасан түүхтэй. Үүнд Монголоос Л.Түдэвийн “Дэлхийн зураг”, “Жигүүрт морин” шүлэг багтсан байдаг.

Монгол хүн сансарт нисэхэд энэ сэдвээр уран бүтээл туурвисан Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Р.Энхбазар нараас тухайн үеийн дурсамжийг нь сөхсөнөө хүргэе.

Ш.СҮРЭНЖАВ: Р.ГАМЗАТОВ “МОРЬТОН АРДЫН ХҮҮ САНСАРТ НИССЭНД ИХ БАЯРЛАЖ БАЙНА” ГЭСЭН

Монгол хүн сансарт нисэх түүхэн мөчид шууд дамжуулах нэвтрүүлгийг надаар хөтлүүлэхээр болж, Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцаж байхад минь Намын төв хорооны гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Дашдаваа гуай захиралтай уулзаж, хичээлээс түр чөлөөлүүлсэн.

Дугуй ч унаж үзээгүй би сансарт хүн ниснэ гэдгийг гэрэл цацруулаад л хөөрчихдөг гэж ойлгож байснаас энэ тухай нэвтрүүлэг дамжуулна гэж бодож явсангүй.

1980 онд Чойжилын Чимэд гуай өөд болоогүй бол энэ ажлыг хийх байлаа. “Сансрын хөлөг газрын татах хүчээс тасрах энэ үйл явдлыг өмнө нь бэлтгэсэн зохиолын дагуу нэвтрүүлдэггүй. Тухайн байдлыг нүдээр харж, дамжуулдаг юм.

Чех, Вьетнамын сансрын нисэгч хөөрөхөд нэвтрүүлэг дамжуулсан туршлагатай Александр (Саша) Тихомировтой хамт хөтөлнө” гэж Оросын талаас хэлсэн.

Ямар ч тэмдэглэлгүй орно гэдэг ёстой л “Чиний өмнө өргөн гол бий. Арай ч живээд үхчихгүй байх аа. Сэлээд гараад ир” гэх шиг л санагдаж, манайхан дал руу нэг алгадаад нэвтрүүлэгт оруулсан. “Останкино” студи гэдэг ачаатай тэрэг ч ормоор том юм билээ.

Тэр орос хөтлөгч уургын морь шиг л, олон удаа сансрын нислэгийн тухай шууд дамжуулсан болохоор дэргэд нь би сансрын хөлөг ийм, тийм техниктэй гэж ярих дэмий. Бидний ширээн дээр байсан Монгол Улсын далбаа “Морин дэл дээр өссөн монгол хүү сансрын хөлөгт дөрөөлөөд нисэж байна.

Монгол орон сансрын өндөрт байна” гэх омогшил төрүүлэн, намайг хөглөж, хэлэх үг аяндаа л ундарсан. “Бид дайны цагт нэг экипажид, энх үед нэг бригадад байсан бол сансарт нисэхэд хоёулаа нэг бүхээгт сууж байна шүү дээ, Саша” гэж өнөөх рүүгээ хандан ярьж байлаа.

Энэ үед яруу найрагчийн мэдрэмжээ их ашигласан. Заримдаа микрофоноо булаацалдаад л, ана мана байж үгээ хэлэхгүй бол дэргэд нь гүнгэрваанд суусан бурхан аятай харагдана шүү дээ. “Эрхэм үзэгчид ээ. Энэ мөчид сэтгэл догдлохгүй байхын арга алга.

Үдшийн гүн харанхуйг зүсэж, шөнөөр ургасан нар шиг зүйрлэшгүй хурц илч туяа цацруулсаар сансрын хөлөг газраас тасарлаа. Эх дэлхий минь баяртай гэж сансрын нисэгчийн догдлон хэлэх энэ мөч бол ер бусын гайхамшигтай юм.

Сансрын түмэн эрхэс од гариг ирмэлцэн гайхаж, хүний оюунаар бүтсэн энэхүү ган шандаст хөлгийн цуурай эх дэлхийн түмэн сонорт дуурсаж, морин дэл дээр өссөн, Монголын адуучны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансрын хөлгийн мөнгөн дөрөөнд ийнхүү дөрөөлөн, найрамдлын хөлгөөр жигүүрлэж явна” гэж тэр үед хэлж байсан санагдана.

Ийн олон улсад дамжуулсан “Время” нэвтрүүлгийн 30 минут дорхноо өнгөрсөн. “Останкино”-гийн буланд жижиг тайз засаж өгөхөд Д.Нарантуяатай хамт долоо хоногийн турш нэвтрүүлэг хөтөлсөн.

Москвад 23.00 цагт нэвтрүүлэг бичиж дуусахад Монголд өглөө нь нэвтрүүлдэг байсан гэнэ лээ. Гуравдугаар сарын 30-нд сансрын нисэгчид газартаа бууж ирэхэд хөтөлсөн үе минь л сэтгэлд хамгийн их хүрдэг юм. Эхлээд станцаасаа бүхээг салж чадаагүйг дуулахад

сансарт болж байгаа үйл явдлын сүүдэр газарт буугаад ирэх шиг бидний сэтгэл барайж байлаа. Ийн хөлөг станцаас салж, зугуухан эх дэлхийдээ буусан. Цэнхрээр будсан хөлөг буухдаа хөөтэй тогоо шиг болдог юм билээ.

Тухайн үйл явдлыг баримтжуулахаар Монголоос олон хүнтэй баг очсон. Тэр багийн дарга Чойжил “Чи Расул Гамзатовыг олоод ир. Монголчуудын мэддэг алдартай хүн манай нислэгийн талаар сэтгэгдлээ хэлбэл үзэгчдэд сонин содон байх” гэсэн.

Гамзатов Москвад ирэхээрээ Горькийн гудамжны 57 дугаар байшинд буудгийг би мэднэ. Гамзатовтой уулзахад тэрбээр “Монгол, Дагистаны ард түмэн морин дэл дээр өссөн. Бидний амьдралд ижил зүйл их бий. Морьтон ардын хүү сансарт ниссэнд их баярлаж байна” гэсэн.

Энэ тухай ярьсныг Юндэндоржийн найруулсан “Сансрын ахан дүүс“ кинонд оруулсныг хассан байна лээ. Шастины ач хүүтэй энэ сэдвээр ярилцсан минь тэр кинонд багтсан байдаг. Би сансартай холбоотой хоёр л уран бүтээл хийсэн. Тухайн шууд нэвтрүүлэгт орохоос өмнө биднийг “Оддын хотхон”-нд аваачиж байлаа.

Тэнд очсон сэтгэгдлээрээ “Оддын хотхон” шүлэг бичсэн. Монголдоо ирээд “Алив хөлөг минь хөөрөөрэй” шүлэг бичиж, Ж.Намсрай ая хийсэн. Сансрын сэдэвт дууны уралдаанд гуравдугаар байрт шалгарсан юм билээ.

Тухайн үйл явдлын өмнөх Сүрэнжавтай, дараа нь нэвтрүүлэг шууд дамжуулсан Сүрэнжавтай хүмүүс өөр харилцаж байлаа. Ганц удаа болсон түүхэн үйл явдалд оролцжээ гэж эргээд бодоход өөрт сайхан санагддаг.

П.БАДАРЧ: ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙД ЗОРЧИХОД АМАРГҮЙ ГЭЖ БОДОЖ, СЭТГЭЛ ЗОВИУРЛАСАН

Би монгол хүн сансарт ниссэнтэй холбогдуулж ганхцан шүлэг бичсэн. Монгол хүн сансарт ниссэн нь өнгөрсөн зууны монголчуудын сэтгэлд мартагдахгүй, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан үйл явдал байлаа. Тухайн үед сансарт хүн ниснэ гэдэг санаанд батгахгүй, шинжлэх ухааны ололт гэгдэж байсан.

Тиймээс Гүррагчааг сансарт нисэхэд монголчууд ямар их сэтгэл догдолж, баяр цэнгэл болсныг би мэднэ. Тухайн үед би Цэргийн дуу бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч байсан. Монгол хүн сансарт гуравдугаар сарын 22-нд ниснэ гэж ард иргэд мэдээ ч үгүй байлаа.

Тэр шөнө “Хаврын 17 учрал” олон ангит киног телевизийн эфир хаах цаг болчихоод байхад л угсруулаад гаргаад байсан санагдана. Телевизийнхэн нислэгийн мэдээ хүлээгээд л эфирээ хаахгүй байж л дээ. Маргааш өглөө нь л Гүррагчаа сансарт ниссэнийг мэдсэн.

101 дэх сансрын нисэгч болоход нь түүнийг их хувьтай хүн гэж боддог байлаа. Хожим ойртож танилцаад, их ёс зүйтэй хүн юм гэж бодох болсон. Энэ нь “суртахуундуулчихсан” ёс суртахуунтай хүн гэдгээс өөр утгатай шүү.

Ертөнцөд хүн яаж амьдрах ёстой, ээж, аав юу гэж сургасан, ямар журам баримтлах ёстойг мэддэг, унаган багаасаа энэ ухаанаа олж шингээсэн гэсэн үг. Энэ үйл явдлын дараа энд, тэнд олон арга хэмжээ зохион байгуулсан.

Улсын циркт сансрын сэдэвтэй уран бүтээлийн тоглолт болсон. Тэгэхэд Монголын зохиолчдын хорооноос “Сансрын сэдэвтэй уран бүтээл хийсэн үү, та минь ээ юу хийх вэ” энэ тэр гэж асууж, шалгаасан.

Ийн би “Эх орны хүлээлт” шүлгээ бичсэн. Тухайн үед хүмүүс бүгд л баярлаж байсан. Хязгааргүй орон зайд зорчино гэдэг онгоцоор тив алгасан нисэж буйтай ижил хэрэг биш, амаргүй гэж бодож, сэтгэл зовиурласан.

Тиймээс л “Нисэхийн хувьд нисчээ. Гэхдээ эсэн мэнд ирээсэй, эх орон, ижий аав чинь хүлээж байна” гэдэг санаагаар ерөөлийн шүлэг бичсэн юм.

Д.ЦООДОЛ: “ГАЗАР САНСРЫН ДУУН”-ЫГ ТҮРГЭН

НИЙТЛҮҮЛСНЭЭРЭЭ ОНЦЛОГ

Намын төв хорооны суртлын хэлтэст байсан болохоор би сансарт монгол хүн ниссэн тухай мэдээлэх хэвлэлийн багт багтсан. Түүнийг нисдэг шөнө бид Москвагаас мэдээ хүлээж, Засгийн газрын ордонд хоносон юм. Яг ниссэнийг нь дуулаад манай багт байсан орос бичээч оргилуун дарс задалж билээ.

Тэр түүхэн цаг мөчтэй холбогдож, баярлаж, хүмүүсийн сэтгэл хөдөлсөн долгионд хөглөгдөөд, босон, суун бичсээр маргааш өглөө нь “Газар сансрын дуун” найраглалаа дуусгасан. Түүнийгээ “Утга зохиол, урлаг” сонинд өгч, нөгөөдрийнх нь дугаарт нийтлүүлж байлаа. Хурдан бичиж, түргэн нийтлүүлснээрээ онцлогтой.

Энэ шүлэг хожим миний “Он жил” ном болон дан найраглалын түүвэрт багтсан. Гуравдугаар сарын 23-ны өглөө тэнгэр цэлмэг, Улаанбаатарт цас жаахан орсон, сансрын нисэгчдийн зурагт хуудас, туг далбаагаар хот өнгө жавхаа нэмсэн байсан.

Энэ үйл явдлын талаар Б.Явуухулан багш “Сансрын хөлөг дахиад л хөөрнө” гэж бичсэн бол ихэвчлэн үргэлжилсэн үгийн бүтээл туурвидаг С.Удвал дарга хүртэл “Ээжийн арван төгрөг” шүлэг зохиож байлаа.

Р.ЭНХБАЗАР: “УГТАГЧИЙН ДУУ”-ГААРАА ХОЁР ШАГНАЛ САНААНДГҮЙ АВСАН

Монгол хүн сансарт нисэхээс жилийн өмнө ийм сэдэвтэй дууны уралдаан зарласан юм. Гэхдээ яг хэн нисэх нь тодорхойгүй болохоор уран бүтээлчдийн дуу нууцлагдмал, зарим нь хоёр ч хувилбараар зохиосон байх.

Би Ж.Гүррагчааг эх дэлхийдээ амжилттай буугаад, нутагтаа ирэхийн өмнөхөн дуугаа зохиосон. Гадаадаас хүндтэй зочид ирэхэд үлээвэр хөгжмийнхнөөр марш тоглуулаад, хоёр хүүхдээр цэцэг өгүүлж угтдаг. Энэ хоёрыг ирэхэд арай өөрөөр угтвал яасан юм бэ гэж дотроо бодоод “Сансрын нисэгч ах аа

Сайн яваад ирэв үү” хэмээх үгээ бичин, “Угтагчийн дуу”-ныхаа аяыг зохиосон. Радиогийн хөгжмийн редакцад ажилладаг байсан болохоор хэрэг болж магадгүй гээд өнөөхөө “Улаан бүч” чуулгынхнаар дуулуулж, төгөлдөр хууртай бичүүлсэн юм.

Гэхдээ үүнийгээ сансрын сэдэвт дууны уралдаанд сойно гэж бодоогүй. Харин П.Сандуйжав үгийг нь бичсэн “Од болон зүрхэнд хоногшлоо” дуугаа уралдаанд уясан. Хөдөө томилолтоор яваад ирэхэд манайхан “Од болон зүрхэнд хоногшлоо” дуу тань уралдаанд тусгай байр эзэлсэн.

“Угтагчийн дуу” тэргүүн байрт шалгарсан шүү дээ” гэдэг юм байна. Уралдааны шүүгчид радиод ирж, сонсоод дүнгээ гаргасан юм байж. Тэр үед манайхан “Угтагчийн дуу”-г бас сонсгож л дээ.

Тухайн онд Улс хувьсгалын 60 жилийн ой болж, уран бүтээлийн уралдаан зохион байгуулахад “Угтагчийн дуу” түрүүлж, Соёлын яамны сайд Д.Цэгмэдийн гарын үсэгтэй баярын бичиг 500 төгрөгтэй өгсөн.

Ингэж “Угтагчийн дуу”-гаараа хоёр шагнал санаандгүй авсан. Тэднийг сансарт нисэж байхад радиогийн дарга Мятав гуай Жанибеков, Гүррагчааг нэг эхийн хоёр хүү гэсэн утгатай дуу хийвэл ямар вэ гэж санал тавьсны дагуу дуу зохиож, ардын жүжигчин Түмэндэмбэрэл гуайгаар дуулуулсан.

“Хэцүүхэн дуу байна. Гэхдээ аятайхан юм. Би дуулж чадах болов уу яах бол” гэсээр дуулж бичүүлсэн нь өдгөө радиогоор хааяа эгшиглэдэг. Дараа нь улсаас Гүррагчааг байраар шагнаснаар бид хөрш болсон. Би баяр, ёслолоор тэднийд ороход “Угтагчийн дуу”, “Ээжийн хоёр хүү”, “Од болон зүрхэнд хоногшлоо” гэсэн гурван дуу зохиож өгсөн гээд гурван хундага хийж өгдөгсөн.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба