Г.ХОС-ЭРДЭНЭ: НҮҮР ХУВИРГАХДАА АНАТОМИОС НЬ ЭХЭЛЖ СУДАЛДАГ

2016 оны 01 сарын 27

Улбар будаг болсон хуруунууд, саарал үсийг нь хараад л түүнийг уран бүтээлч гэж тааж болмоор. Бий болгосон дүрүүдээ дотроо төсөөлж байх шиг нэг тийш цоо ширтэж ярина.

Бас “Би цаг хугацаатай уралддаг. Надад хийж бүтээх зүйл их байна” гэх шиг өгүүлбэрүүдээ угсруулан хурдан хурдан хэлнэ. Хэдий нүүр хувиргагчаар ажиллаад удаагүй ч түүнийг авьяастай, ирээдүйтэй залуу гэж уран бүтээлчид дүгнэдэг юм билээ.

“Хүүхэлдэй”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Шуугиан таригч”, “Ороолон” киноны нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та уг нь интерьер, дизайнер мэргэжилтэй юм билээ. Хэзээнээс, яагаад нүүр хувиргагч болсон юм бэ?

-Тийм ээ, ШУТИС-ийн интерьер, дизайнерийн ангийг 2008 онд төгссөн. Угийн зурах сонирхолтой болохоор гудамж талбай, айлын хана болон хувцас, машин, хүний биен дээр зурдаг байсан. Гадаад кино үзээд жүжигчдийн нүүрийг бодит юм шиг яаж ийм сайн хувиргадаг юм бол гэж биширч, атаархдаг байлаа.

СУИС, КУДС-д энэ чиглэлээр хичээл заадаг ч жаахан хоцрогдсон системтэй. Мэргэжлийн түвшний сургалтын хөтөлбөргүй, олон жил кинонд ажилласан уран бүтээлчид туршлагаараа хичээл заадаг юм билээ.

Гэтэл өдгөө нүүр хувиргалтын урлаг дэлхийд өндөр түвшинд хөгжлөө. Хар цагаан кинонд нүүр хувиргалтын өө сэв тэр бүр мэдэгддэггүй болохоор дээхнэ үед манайхан аргалаад болоод байж.

Одоо камер, техник төхөөрөмж өндөр хөгжсөн учир тэр үеийнхээр хувиргавал дүрийн царайг ойртуулахад хуурамч нь мэдэгдэнэ. Тиймээс мэргэжлийн түвшний нүүр хувиргагчийн хэрэгцээ манайд байна.

Германд ажилладаг нүүр хувиргагч Цэнгүүн Монголдоо энэ чиглэлээр сургалт зохион байгуулахад нь би суралцсан. Угаасаа зурах дүйтэй болохоор нүүр хувиргах эрдэмд сурахад надад дөхөм байлаа. Тэгээд Германд энэ чиглэлээрээ богино хугацааны сургалтад хамрагдсан.

Ирээд өөрийгөө хөгжүүлэх маягаар найз нөхөд, дүү нараа шарх сорвитой, эсвэл хөгшин мэт будаж, зомбид хувирган цахим хуудастаа нийтэлдэг байлаа. Ингэж нүд хальтрам будахаар зарим хүн муу ёртой гэж шүүмжилнэ.

Гэхдээ урлаг ойлгодог хүмүүс урам өгч, мэргэжлийн уран бүтээлчид олж хараад санал тавьснаар кино урлагтай холбогдсон.

-Анх ямар кинонд ажилласан бэ?

-Би өнгөрсөн жил гаруйн хугацаанд дөрвөн кинонд нүүр хувиргагчаар ажиллалаа. Эхнийх нь “Кино цамхаг”-ийн “Хүүхэлдэй” аймшгийн кино. Энэ бүтээлд хөхөрсөн, няцарсан зулгарсан арьс зэрэг ослын гэмтэл, шарх сорвийг их дүрсэлсэн.

30 гаруй настай жүжигчин Б.Анхбаярыг 60-тай болгосон. Жүжигчин Саранцэцэг эгчийг өвдсөн, үхсэн, дараа нь зомби болсноор дүрсэлсэн. Үүнээс гадна нүд сохлох, гар руу хутгаар зоох зэрэг хүнд хэсгийг үнэмшилтэй болгох гэж бид нэлээд оролдсоноороо Монголдоо анхдагч болсон.


Аймшгийн киноны дүрүүдийг сайн хувиргахгүй, хуурамч гэдгийг мэдэгдүүлээд байвал олон уран бүтээлчийн хөдөлмөрийг баллана. “Хувьсал” продакшны удахгүй нээлтээ хийх “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд жүжигчин А.Ганчимэгийг эрэгтэй болгож нүүр хувиргасан.

Уг кинонд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг нарыг одоо байгаагаар нь болон 1995 онд буйгаар дүрсэлдэг болохоор 20 насаар залуужуулж будсан. Хөгшин хүнийг залуу болгож будах их хэцүү.

Дараа нь Д.Галбаяр найруулагчийн “Шуугиан таригч” кинонд ажиллалаа. Энэ кинонд Галаа ахыг гудамжны архичнаас группийн ерөнхийлөгч болгож нүүр хувиргасан. Хамгийн сүүлд “Ороолон” аймшгийн киноны уран бүтээлчдийг өөрчилсөн.

15 настай охины нүүрнээс хэв авч, тусгай эффект ашиглан шулам болгож хувиргахад нэлээд хүнд техник шаардсан. Энэ нь нэлээд шинэлэг нүүр хувиргалттай болсноороо Монголын аймшгийн бусад киноноос онцлог.

-Манай уран бүтээлчид аймшгийн, уран зөгнөлт кино тэр бүр хийдэггүй боллохоор танд ур чадвараа сорих боломж бага олддог уу?

-Кино театрт сард 6-7 монгол кино нээлтээ хийж буй ч тусгай нүүр хувиргалт шаардсан нь ховор байна. Киноны нүүр хувиргах урлаг Монголд сайн хөгжөөгүй болохоор уран зөгнөлт бүтээлүүд хийхгүй байгаа болов уу.

Ийм төрлийн кино хийхгүй л бол нүүр хувиргагчид хөгжихгүй гэсэн үг. Сайн, муу нь хамаагүй үлгэрийн, зөгнөлт аймшгийн сэдэвтэй кино олон хийж байж л бид хөгжинө.

Инээдмийн кино хийсээр байгаад одоо зураг авах давхардаагүй обьект ч олдохоо болилоо. Найруулагч, уран бүтээлчид шинэ сэдэв, төрөлд хүч соримоор байна. Би нүүр хувиргалт аль болох их хийх кинонд л ажиллаж байгаа.

-Тусгай нүүр хувиргалт хийнэ гэдэг орчлонд байхгүй дүрийг бий болгоно гэсэн үг байх. Тэгэхээр таны дотоод ертөнцөд чухам ямархуу баатрууд амьдарч байгаа бол?

-Бид үлгэрээр баян ард түмэн. 15 толгойтой атгаалжин хар мангас, Хөхөө намжил, болдоггүй бор өвгөн гээд л ардын үлгэрийн баатрыг бид дор бүрнээ өөрсдийнхөөрөө төсөөлдгөөс биш, Шрек шиг тогтсон дүр төрх тэдэнд байхгүй.

Болдоггүй бор өвгөний сахал урт уу богино уу, чих нь ямар вэ, Эрхий мэргэн “Бөгжний эзэн” киноны харваач шиг цагаан үстэй юү, эсвэл тэс өөр үү гээд л үлгэрийн баатруудыг би дотроо бүтээчихсэн.

Биежүүлэх л дутуу. Монгол хүүхдүүд удахгүй өөрийн гэсэн баатартай болох байх аа.


-Найруулагчид зөгнөлт, үлгэрийн сэдэвт кино хийхгүй байна гэж та хэлсэн. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлээд, та хүлээж залхвал өөрөө тийм кино хийхээр зориглох болов уу?

-Миний төлөвлөсөн том зорилгуудын нэг энэ. Яг ойрын хугацаанд боломжгүй л дээ, их бэлтгэл хэрэгтэй. Санаа нийлсэн залуучуудтай хамтраад үлгэрийн кино хийхээр төлөвлөсөн. Манайхан зохиолоо бичиж байгаа. Нэг л өдөр гарах байх.

-Шарх, сорвийг хэрхэн дүрсэлдэг вэ. Гэмтлийн эмнэлэгт очоод ч юм уу өвөрмөцөөр судалгаа хийж байв уу?

-Арьсны цаана яг юу, ямар байрлалтай буйг анатомиос нь эхэлж судалдаг. Гал, хүчил гээд юунаас болсноосоо шалтгаалж түлэнхийн шарх хүртэл ялгаатай байдаг. Сорви үлдэх, эсэх, тэр нь хүнхэр үү, гөлгөр үү гэдгээс шалтгаалж шархаа дүрсэлнэ.

Мэсэнд зоолгох, дүрүүлэх, зүсүүлэхэд үүсэх шархны ялгаа болон түүний шинэ, нэг хоносон, хуучирсан нь ямар болдгийг судална. Энэ бүхнийг интернэтээс харахын зэрэгцээ бусдын шарх, эмээ өвөө нарын үрчлээг байнга анзаарч явдаг.

Үхсэн хүн бас зайлшгүй харах хэрэг гарна. Нүүр хувиргалтын алдартай сургуулиудын сургалтын хөтөлбөрт өөд болсон хүнийг судлах хичээл багтаж, оршуулгын газарт оюутнуудаа хонуулж, төрсөн сэтгэгдлээр нь бүтээл хийлгэдэг юм билээ.

Зохиож хийвэл үнэмшилгүй болдог. Кинонд шархыг аль болох бодиттой нь дөхүүлж дүрсэлдэг. Гэхдээ уран сайхан болгох үүднээс бага зэрэг хэтрүүлэг нэмдэг. Түүнээс биш, сэлмээр цавчихад кинонд дүрсэлдэг шиг их цус садардаггүй.

-Хувиар тооцвол нүүр хувиргалт тухайн дүрийг амилуулахад хэр их нөлөөлөх вэ?

-Жүжигчин ямар дүрд тоглож буйгаас шалтгаална. Шулам болголоо гэхэд хүнээс гажууд, энэ ертөнцийн биш хөдөлгөөн хийж байж дүр амилна. Тэгэхээр уран бүтээлчийн ур чадвар, нүүр хувиргалт 50, 50 хувь тэнцүү гэж болно.

Гэхдээ тусгай нэмэлт материал ашиглах болбол нүүр хувиргалт жүжиглэлтээс ч илүү чухал.


-Миний мэдэхээр та “Х-ТҮЦ”-ийн тавьсан “Махчин могойн байшин” хүүхдийн жүжигт ажилласан. Тайзны уран бүтээлд хэр их оролцдог вэ?

-УДЭТ, Хүүхэлдэйн театр, “Х-ТҮЦ”, “Маск” продакшнтай хамтарч ажилладаг. Хамгийн сүүлд “Ромео, Жульетта” жүжгийн уран бүтээлчдийн ерөнхий будалтыг хийлээ. Жүжигчний ангийнханд нүүр будах хичээл ордог.

Тиймээс жүжигчдийг хэдэн удаа будаж, заагаад өгчихвөл дараа нь өөрсдөө будаж чаддаг. Гэхдээ гол дүрүүдийг нүүр хувиргагч будна л даа. Харин кинонд ажиллахад заавал өглөөнөөс орой зураг дуустал хамт байх шаардлага гардаг.

-Олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-2014 онд Германд болсон үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний боди арт буюу биен дээр зурах урлагийн төрөлд оролцсон.

Манай Мэргэжлийн үсчин гоо сайханчдын холбооноос энэ төрөлд 2006 онд л нэг оролцсон юм билээ. Туршлага дутсан болохоор би уг тэмцээнд оролцоод ихийг сурсан.

-Боди арт чиглэлээр ажиллахад модель олох, биен дээр нь зурахын аль нь илүү хэцүү вэ?

-Боди артыг сэтгүүлийн нүүр чимэх, тэмцээн, сурталчилгааны зорилгоор болон уран бүтээл талаас хийдэг.

Сүүлийн үед боди арт Монголд хөгжиж байгаа болохоор охид харин ч залуу насандаа ганц удаа сэтгүүлийн нүүрэн дээр гаръя гээд биен дээрээ зуруулахаас дургүйцдэггүй.

Зурахаасаа өмнө энэ бол ийм, тийм урлаг гээд тайлбарлаж өгдөг. Эхний таван минутад тэд ичиж байгаад дасдаг юм.

-Боди арт чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн цаас нь хүний бие. Тэгвэл тэр “цаас”-нд шалгуур байдаг уу?

-Тухайн уран бүтээлч ямар сэдэвтэй зураг бүтээхээс шалтгаалж, тарган, туранхай, өндөр нам моделио сонгодог.

Эмэгтэй хүн хувцасгүйгээр хэрхэн гоё харагдах вэ гэдгийг л илэрхийлэх зорилгоор боди арт шоу, тэмцээн зохион байгуулдаг болохоор модельд 180 см-ээс дээш өндөртэй, галбирлаг байх шалгуур тавьдаг.

-“Сити” дээд сургуульд багшилдаг гэсэн үү?

-Гоёлын гоо засал болон театрын нүүр хувиргалтын хичээл ордог. Материал нь Монголд ховор, өндөр үнэтэй болохоор киноны тусгай хувиргалтын хичээл заадаггүй.

-Та машин дээр бас зурдаг гэсэн. Монголд машин дээрээ уран зурагтай хүн өдрийн од шиг ховор. Монголчууд урлагийн энэ төрөлд тийм ч дуртай биш гэсэн үг үү?

-Сонирхсон хүмүүсийн машин дээр хүссэн зургийг нь 2013-2014 онд зурж өгдөг байлаа. Одоо ч гэсэн захиалбал зурдаг. Манайхан машинаа хэдхэн жил унаад сольдог болохоор зураг тэр бүр зуруулаад байдаггүй болов уу.

Би ч гэсэн өөрийнхөө машин дээр ийм, тийм зураг зурна гэж төлөвлөсөн хэрнээ амжихгүй байна. Зуръя гэхээр машинаа сольчихоод байгаа.

-Машин дээр юу дүрслэх илүү тохиромжтой вэ?

-Юу зуруулах нь тухайн хүний сонголт. Хүмүүс ихэвчлэн нутгаа, компаниуд брэндийнхээ бэлгэ тэмдэг, сурталчилгааг зуруулдаг. Спорт машин эрч хүч мэдрүүлдэг болохоор байгаль гэхээсээ гал дөл зэрэг цоглог, тод өнгөтэй бүтээл зурвал зохицдог.

Том оврын машинуудад ширэнгэ, ан амьтан, олны танил хүмүүсийн хөрөг, гитар гээд л юу дуртайгаа зуруулахад тохиромжтой.

-Таны зорилго юу вэ?

-Мэдээж Холливудын кинонд ажиллах мөрөөдөлтэй. Гэхдээ тэнд энэ урлаг өндөр хөгжсөн, надаар дутахгүй. Тиймээс нүүр хувиргах урлагийг Монголдоо мэргэжлийн түвшинд хүргэхийг хүсэж байна.

Үүний тулд өөрөө мундаг байх шаардлагатай. Гадаадад мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө бий.

-Тэгвэл ойрын хугацаанд юу хийх вэ?

-Найруулагч Б.Чингүүний драмын кинонд ажиллана. Баян нь ядуурсан, чинээлэг нь хоосорсон дүрүүдийн нүүр хувиргалт хийх байх.

“Боловсрол” телевиз олны танил хүмүүсийн дүрийг хувиргадаг гадаадын шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Тэр шоунд оролцох болохоор кинонд ажиллуулах хүсэлтүүдээс татгалзаж байгаа.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.161.116 Шавиар ормоор бна холбогдож болохуу
112.72.11.67 mundag ymaa uran bvteeld ni undur amjilt hvsie

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба