Л.ЛХАГВА: Монгол эмэгтэйг сансарт нисгэе гэж Ерөнхийлөгчид санал тавья

2016 оны 01 сарын 25

“Хүний их эмч арваад мянга, бага эмч хорь гаруй мянга, хүн эмнэлгийн сувилагчаас эхлээд эм найруулагчийг хүртэл тоолбол нэгэн бумаас багагүй анагаахын албаны ажилтнуудтай Монгол Улсад Л.Лхагвааг зуун мянга дээр нэмэх нь нэг гэгдэх хүн гэж болно.

Учир нь түүнийг их эмч гэвэл тэр ганцаараа биш, хүний гавьяат эмч гэвэл мөн л ганцаараа биш, харин сансрын эмч гэвэл тэрбээр Монголдоо ганцаараа юм” хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв сансарт анх хүн ниссэний 40 жилийн ойд зориулж 2001 онд “Дал” сонинд бичсэн нийтлэлдээ дурдсан байдаг.

Тэр үеэс хойш 15 жил өнгөрсөн ч Л.Лхагва Монголдоо ганц нь хэвээр. Магадгүй олон арван оны дараа ч тэрбээр Монголын цор ганц сансрын эмч хэвээр байх биз.

Төрийн шагналт, академич, хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва “Монголчууд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 1911 онд чинээндээ тултал баярлаж, Монголын иргэн сансарт ниссэн 1981 онд тэр үеийнх шигээ бас их хөөрцөглөсөн түүхтэй.

Ж.Гүррагчааг сансарт нисэх үед төрсөн хүүхдүүд одоо 35 настай. Тэр түүхэн баярт үйл явдлыг өдгөө байнга сануулахгүй бол хойч үеийнхэн сайн мэдэхгүй байж болно” хэмээсэн.

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан гээд л намтар зузаантай түүнээс хувийн амьдрал, ажил, үзэл бодлынх нь тухай өчнөөн шалгаасан ч сонины зай талбайгаас шалтгаалж, ийн сансарт нисэх монгол хүнийг хэрхэн сонгож бэлтгэсэн, тэнд ямар туршилт явуулсан хийгээд энэ салбарын анагаах ухааны тухай ярилцсанаа хүргэе.

-ЗХУ Монголтой ах дүүгийн харилцаатай тул манай иргэн сансарт ниссэн гэж олон хүн ойлгодог. Ер нь яагаад Монгол хүн сансарт нисэхээр болсон юм бэ?

-Тухайн үед гадаадын зарим радиогоор ЗХУ-ын сансрын хөлөгт монгол хүн зүгээр л дайгдаад нисчихлээ гэж ярьж байсан. Монголчууд хүний сансрын хөлөгт гуйж очоод суусан уу гэвэл үгүй.

1965 онд социалист орнуудын Засгийн газрын тэргүүнүүд уулзаж, “Сансрын уудмыг энх тайвны зорилгоор судлахад хүчээ нэгтгэе” гэж тохирсон байдаг. 1967 оны дөрөвдүгээр сард шинжээчдийн бүлэг хуралдаж, аль чиглэлээр судалгаа хийхээ ярилцан “Интеркосмос”-ыг байгуулсан.

1976 оны долдугаар сарын 13-нд “ЗХУ-ын сансрын станцад социалист орны иргэдийг бэлтгэж, нисгэе, эрдэм шинжилгээний туршилт хийе” гэж тохиролцсоноо дараа оныхоо гуравдугаар сард Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүчин төгөлдөр болгосон.

Тэгээд л 1977 оны дөрөв, тавдугаар сард сансарт нисгэх хүн хайх ажил Монголд өрнөсөн. “Интеркосмос” их үр ашигтай хамтын ажиллагаа байсан нь хэдэн жишээ дурдахад ойлгомжтой болно. 1969-1979 онд 20 хиймэл дагуул, өндрийн найман хиймэл дагуул хөөргөсөн.

1978-1988 онд 14 удаа сансарт ниссэн. Анхны жил чех, польш, германчууд, 1979 онд Болгарынх, 1980 онд Унгар, Вьетнам, Куба, 1981 онд Монгол, Румыны сансрын нисэгчид хөөрснөөр социалист орныхны “Интеркосмос”-ын хүрээн дэх нислэг дууссан. Гэхдээ болгарчуудын ниссэн хөлөг станцтайгаа залгагдаж чадалгүй буцсан болохоор 1988 онд дахин ниссэн.

1982 онд Франц, 1984 онд Энэтхэг 1987 онд Сири, 1988 онд Афганистаны нисэгчид ЗХУ-ын хөлгөөр ниссэн байдаг. “Интеркосмос”-ын үндэсний зөвлөл сансрын нисэгч сонгох ажлыг хариуцаж, Монгол руу зааварчилгаа ирүүлдэг байсан.

Олон улсын сансрын нисэгчдийг гурван ээлжээр сонгож, бэлтгэл хийлгэсэн. Америк тивээс Кубынх, Азиас Монголын сансрын нисэгчид анх бэлтгэл хийсэн. Гэхдээ Азиас Вьетнамын нисэгч манайхаас түрүүлээд сансарт нисчихсэн.


-Монголоос анх сонгогдсон дөрвөн хүний гурвыг дунд боловсролтой гэж голж, дахин шалгаруулалт явуулсан гэдэг байх аа?

-Сансарт нисэх монгол хүн хайх ажлыг дээд зэргийн нууцлалтайгаар зохион байгуулсан. Улс төрийн товчоонд энэ ажлыг хэлэлцээд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ахлуулсан комисс байгуулсан.

Эрүүлийг хамгаалах яамны сайдаар даргалуулсан комисс сансрын нисэгч болоход эрүүл мэндийн хувьд тохирох хүн сонгох ажил хариуцсан. Анх байлдааны онгоцны болон иргэний агаарын тээврийн нисгэгч, барилгын, холбооны инженер зэрэг 30 хүнийг сонгон судалж байсан юм билээ.

1977 оны дөрөвдүгээр сард би тэдний материалтай нэг бүрчлэн танилцаж, үзлэг шинжилгээ хийлгэх ажлыг хар толгойгоороо даасан. Эмнэлгийн үзлэгт оруулахад тэднээс дөрвөн хүн тунасны нэг нь дээд, нөгөө гурав дунд боловсролтой. Д.Сүрэнхорлоо Лениградад Иргэний агаарын тээврийн нисгэгчээр суралцсан бол нөгөөдүүл нь сөнөөгч онгоцны нисгэгч.

Тэднийг журам ёсоор ЗХУ-аас нарийн мэргэжлийн эмч нар ирж үзээд сансрын нисэгчээр сонгож болно гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл 1977 оны наймдугаар сард “Интеркосмос”-ын үндэсний зөвлөлийн удирдагчдын зөвлөлгөөн Улаанбаатарт боллоо.

Тус зөвлөлийн дарга, академич Б.Н.Петровт шалгарсан дөрвөн хүнээ танилцууллаа. Тэднийг гарсны дараа тэрбээр “Эрүүл сайхан залуучууд сонгожээ. Гэхдээ дээд боловсролтой хүмүүс хэрэгтэй” гэсэн. Петров гуай тэдэнтэй ярилцаж байхдаа ямар ном уншиж байгааг нь асууж л дээ.

Д.Сүрэнхорлоо сонгодог зохиол, нөгөө гурав орос адал явдалт ном уншиж буйгаа хэлж. Гэхдээ Д.Сүрэнхорлоо илүү даацтай хариулт өгсөн. Ингээд Монголд хоёр дахь шалгаруулалт зохион байгуулах боллоо.

Инженер, эрдэм шинжилгээний ажилтнуудтай газраас хайхаар болж, ШУА-ийн зарим хүрээлэн, Батлан хамгаалах яам, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яам зэрэг хэд хэдэн байгууллагад очсон. Залуучуудын зарим нь кинонд тоглуулах хүн хайж яваа юм гэнэ лээ гэж таамагласан гэдэг.

Сансрын нисэгч сонгох шалгаруулалт гурван үе шаттай. Эхлээд анхан шатны үзлэгээр илэрхий эмгэг олно. Жишээлбэл, ярилцаж байхад “Айн” гэж лавлавал чих хатуу, юм бичээд үзүүлэхэд тонгойж харж байвал хараа муутай гэж дүгнэсэн.

Ийн илэрхий өвчингүй сэргэлэн цовоо улсыг шүүтэл 13 болсон. Мундаг эмч нараар нарийн үзлэг хийлгэхэд Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог шалгарсан. Боловсрол, мэргэжлийн хувьд ярих юм алга.

Ж.Гүррагчаа Н.Е.Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн нисэх хүчний инженерийн академийг онгоцны тусгай тоноглолын инженерээр, М.Ганзориг Киевийн Политехникийн дээд сургуульд дулааны цахилгаан станцын автоматикийн инженерээр төгссөн бол С.Сайнцог В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид сурчээ.

Ийн Д.Сүрэнхорлоотой нийлүүлэн, түрүүчийн жишгээр ЗХУ-ын нарийн мэргэжлийн эмч нарт шалгуулах гэхэд тэднийг шууд аваад ир гэсэн. “Би ямар гээчийн хүмүүс сонгочихсон бол. Сансрын станцад очоод бүгд хасагдчихвал яана вэ. Уг нь тэндээс эмч нар ирээд шалгасан бол сэтгэл тайван байхгүй юу” гэж эмээсэн.

Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгч бэлтгэх төвд 1978 оны нэгдүгээр сард шалгарсан дөрөвтэйгөө очиж, 19-нөөс хоёрдугаар сарын 15 хүртэл 60 гаруй шинжилгээ хийлгэсэн. Сансрын нислэгийн үеийн хүчин зүйлүүдийг загварчилсан нөхцөлд сорьдгоороо гурав дахь шатны шалгаруулалт онцлогтой.

Ингээд эмнэлгийн ерөнхий комисс хуралдаж, С.Сайнцогоос бусад нь тэнцсэн. Түүнийг центрифугийн шинжилгээнд ороход эрсдэлтэй, өвчин нь даамжирна гэж эмч нар үзсэн юм.

Центрифугт суулгаад тухайн хүний биеийн жинг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх жингээр шахдаг шинжилгээ юм.

Монголдоо буцаж ирэхэд Цэдэнбал дарга, ШУА-ийн Ерөнхийлөгч Ширэндэв, Улс төрийн товчооныхон, холбогдох удирдлагууд баяртай угтаж, тэднээс хоёрыг сонгож, ЗХУ-д бэлтгэл хийлгэх ажлыг хариуцсан юм.


-В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нарыг нисэхэд 25 туршилт хийсний анагаах, биологийн салбартай холбоотой 11-т нь та оролцсон юм билээ. Тэр туршилтуудаасаа сонирхуулахгүй юү?

-Тухайн сансрын нисэгчид бас шинжлэн судлагч нэртэй. Гүррагчаагийн сансарт байх хугацаа долоо хоног. Өдөрт нэг гэж тооцвол долоон туршилт хийх болно. Гэтэл манай эрдэмтэд их ухаан зарж, чадлаа харуулсан юм.

Чех нисэгч зургаан туршилт хийсэн бол манай нислэгийн үеэр 25. Тэгэхдээ гадаадынхан сансарт нисэхдээ хийсэн туршилтын багажийг ашиглаж, үр дүнг нь тэдэнтэй хамтарч эзэмшье гэж санал тавьсан.

Олон удаа хийсэн туршилтын үр дүн илүү баталгаатай учир гадаадынхан ч их дуртай зөвшөөрч аппарат төхөөрөмжөө ашиглуулсан. Тухайлбал, Германы “MKF 6” нэртэй газрын зураг авдаг том аппарат ашигласан.

Онгоцтой нь авчирч Монголынхоо газрын зургийг дээрээс авахуулаад, дараа нь сансраас зураг авсан. Ингээд ойроос, сансраас ямар харагдаж буйд нь дүн шинжилгээ хийнэ.

Монголоос зохион байгуулсан туршилтуудыг бэлтгэх ажилд олон эрдэмтэн оролцсон ч “Оддын хотхон”, Байконурын сансрын буудалд очиж санал болгон, бэлтгэхэд хариуцаж ажилласан нь би. Үүнээс гадна тэнд сансрын багийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэсэн.

Анагаах, биологийн чиглэлээр “Биоритм”, “Чацаргана”, “Хүртэхүй”, “Хүзүүвч”, “Цаг хугацаа”, “Асуумж”, “Анкет”, “Чөлөөт цаг”, “Нептун”, “Ажиллах чадвар”, “Цусны эргэлт” туршилт хийсэн. Үүнээс сонирхолтой заримыг дурдъя.

Манайхан биоритм гэдгийг их энгийнээр ойлгодог ч хүний биеийн үйл ажиллагаа цагийн хэмнэлтэй шүтэлцээтэй. Хүний цусны даралт өглөө, өдөр, шөнө өөр хэмжээтэй байдаг.

1977 онд сансрын нисэгч сонгох ажлын хүрээнд олон улсын хуралд оролцож байхдаа ЗХУ-ын нэрт эрдэмтэн, сансрын био хэмнэл судлалыг үндэслэгч Борис Сергеевич Алякринский багштай танилцаж, дээрх судалгаагаа санал болгоход “Ёстой сонин санаа байна.

Үүнийгээ газарт, бас сансарт хийвэл дэлхийд байхгүй судалгаа болно” гэж урам өгч билээ. Ийн туршилтаа хөдлөлзүйтэй буюу Монголд, дараа нь “Оддын хотхон”-д, тэгээд сансарт хийсэн. Өөрөөр хэлбэл хүний бие нутагтаа, өөр газар суурьшихаар, сансарт ямар байдгийг судалсан.

Дэлхийд байхад нь хоёр цагт нэг буюу хоногт 12 удаа биеийн үзүүлэлтүүдийг нь хэмжсэн. Сансарт дөрвөн цагийн зайтай үзэж, шөнийнхийг алгассан.

Хүний биеийн халуун, судасны лугшилт, артерийн даралт, цусанд байгаа биохимийн олон үзүүлэлт зэрэг нь энгийн хэрнээ их үнэтэй мэдээлэл өгдөг.

-Ямар үр дүн гарсан бэ?

-Хүний биеийн үйл ажиллагааны цаг хугацааны горим сансрын нислэгийн үед болон түүний үйлчлэлийг загварчилсан нөхцөлд өөрчлөгддөг. Үүнийг өөрчлөхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ гэх асуудал үүснэ.

Жингүйдлээс болж өөрчлөгдөх био хэмнэлийг яаж хэвийн байлгах вэ. Дэлхийн татах хүчтэй ижлийг сансрын хөлөгт бий болгохгүй бол тэр өөрчлөлт хэвэндээ орохгүй. Ирээдүйд сар, Ангараг, Сугар руу, бүр нарны аймгаас ч нүүж магадгүй гэдэг.

Тийм үед жингүйдээд л нисээд байх хэцүү учир “Биоритм” туршилт их ирээдүйтэй. Дараагийнх нь “Хүзүүвч”. Онгоцоор удаан нисэхэд толгой эргэж, дотор муухайрдгийг хөдөлгөөний өвчин гэдэг. Сансрын нислэг, жингүйдлийн орчинд хүний хөдөлгөөн өөр байдаг.

Огцом толгойгоо эргүүлэх зэрэг хөдөлгөөн тэнцвэрийн аппаратны хямралд нөлөөлдөг. Тухайлбал, нүдний өмнө юм эрээлжлүүлбэл дотор муухай оргидог доо.

Ийм мэдрэмжээс сэргийлэх, хөдөлгөөнийг сааруулж, дэлхийд байдаг горимд оруулах зорилгоор Зөвлөлтийн эрдэмтэд хүзүүний зөөлөвч төхөөрөмж санаачилсныг бид туршихаар болсон.

Гэтэл манай нисэгчид тийм зовиур илрээгүй. Үүний учрыг тайлахаар эрдэмтэд ярилцаад эцэст нь монголчууд багаасаа морин дэл дээр дарцаглаж өсдөгтэй холбож тайлбарласан.

Кубын эрдэмтэдтэй хамтарч “Хүртэхүй” буюу сансарт очиход хүний мэдрэмж өөрчлөгдөх, эсэхийг шалгах туршилт хийсэн. Тухайлбал, нисэгчийн нүдийг боож гарт бөмбөлөг зэргийг бариулаад ямар хэлбэртэйг нь асууж, хурууны мэдрэмжийг шалгасан.

Мөн харааны мэдрэмж шалгаж, тухайн даалгаврыг сансарт илүү хурдан хийв үү, удаан байна уу гэх сэрэл хүлээж авахыг сорьсон. Манай хүнд өөрчлөлт гараагүй. Дэлхийд хоёр галт тэрэг сэлгээ хийж байхыг сансрын нислэгийн үед энгийн нүдээр харсан гэж зарим нисэгч ярьсан удаатай.

Иймээс ЗХУ-ын эрдэмтдийн зохион бүтээсэн “Нептун” хэмээх багаж ашиглан нисэгчийн харааны чадвар сансарт өөрчлөгддөг, эсэхийг туршсан. Үүгээр туршихад зарим сансрын нисэгчийн харааны чадал дэлхий дээрх шигээ, заримынх нь нэмэгддэг гэж тодорхойлсон.

Жанибековын харааны чадал нэмэгдсэн бол манай хүнийх сансарт өөрчлөгдөөгүй. Сансарт тодорхой хэмжээний ачаалал гүйцэтгэхэд сансрын нисэгчийн зүрх, судас амьсгалын тогтолцоо ямар хариу урвал үзүүлэхийг тодорхойлохоор велоэргометр гэх төхөөрөмжөөр “Цусны эргэлт-спринт” туршилт хийхэд нэг их өөрчлөлт гараагүй.

Битүү хязгаарлагдмал орчинд удаан хугацаанд байхад бие махбод сульдан, ажиллах чадвар буурдаг. Ийм үед үзвэр үзүүлэх нь мэдрэл, сэтгэхүйн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг судлахаар “Чөлөөт цаг” туршилт хийсэн.

Монголын комисс Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайг дуудаж, хамгийн сайхан үзүүлбэрийн бичлэг бэлтгэх даалгавар өгсөн.

Цэвэлсүрэн гуай “Талын бэлчээрт”-ийг дуулж ард нь хонин сүрэг налайж, найрал дуучид хоолой нэмж буйг, социализмын үед хориотой хагац нүцгэн охидын бүжиг Долгорсүрэн гуайн дэглэснээр үзүүлж, хэрхэн биеэ халааж буйгаас нь эхлэн уран нугаралт толилуулсан.

Эрийн гурван наадам болон Уртнасан гуайн баримтат киноноос аргаль, янгир, угалзтай гол хэсгүүдийг үзүүлсэн. Аргаль хоорондоо түк хийтэл мөргөлдөхийг сансраас үзэх ямар санагдах бол гэдэг сонин.

Гэтэл ёстой гоё бичлэгүүд байна лээ гэж сансрын багийнхан өндөр сэтгэгдэлтэй байсан. Бүр хожим Монголд ирж, Гүррагчаагаар хөтөчлүүлж, аргаль угалз үзсэн байдаг.

-Сансарт нисэхийн өмнөх болон ниссэн, түүний дараах долоо хоногт тэдэнд чацарганы бэлдмэл өгч судалсан байдаг.

Сансар дахь бодисын солилцоонд чацарганы бэлдмэл хэрхэн нөлөөлсөн бэ. Түүнээс хойших сансрын нислэгт чацарганыг хүнсэнд хэрэглэсэн үү?

-Энэ туршилтад академич Д.Бадгаа, Д.Рэгдэл доктор Д.Уртнасан нарын монгол эрдэмтэн идэвхтэй оролцсон. Чацарганатай сүү болон шахмалаар туршилт хийсэн. Хорт бүтээгдэхүүн саармагжуулах үүрэгтэй, цусан дахь өөх тос бууруулах үйлчилгээтэйг нь илрүүлсэн.

Чацарганы бэлдмэл тухайн үед манай улсын өмч байсан болохоор сансрын нисэгчийн хоолны цэсэнд ороогүй болов уу. Гэхдээ сансрын нисэгчийн хоолны цэсэнд бидэнд мэдэгдэхгүй багтаасан байхыг үгүйсгэхгүй.

-Ааруул, хурууд, аарцыг хоолны цэсэнд багтаах гэж байсан нь яагаад бүтээгүй вэ?

-Хайлмаг, ааруул, хуруудыг туршъя гэж ярьж байсан. Түүнд зориулж, сансрын зурагтай ууттай хурууд хүртэл гаргаж байлаа. Ширэндэв гуай борцыг “Зочны хоол” нэртэйгээр сансрын нисэгчийн хоолонд оруулах санаа гаргасан.

Сансрын нисэгчийн хоолны технологиор ЗХУ-ын мэргэжилтнүүд борц боловсруулан тэдэнд уулгасан. Рэгдэл академич, Уртнасан доктор бид бас шөлнөөс ууж хөлсөө чийхруулсан.

Гэхдээ яг жинхэнэ монгол борцноос жаахан түлэнхий амттай болсон байна лээ.


-Таны бодлоор монгол хүн дахин сансарт нисэх боломж ойрын жилүүдэд олдох болов уу?

-Монгол хүнээ дахин сансарт илгээмээр байна. Өдгөө дэлхийн 38 улс иргэнээ сансарт нисгэжээ. Есөн орон эмэгтэй хүн сансарт илгээж. Манайх сансарт хүнээ нисгэсэн арав дахь орон болсон.

Эмэгтэй хүнээ сансарт нисгэсэн дэлхийн арав дахь орон болж яагаад болохгүй гэж. Эмэгтэй хүнээ сансарт нисгэх ажлыг санаачилж, ажил хэрэг болгоно уу гэж танай сониноор дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал тавья. Сансрын нисэгч бэлтгэх гурван жилийн зардлыг урьд нь ЗХУ-аас даасан.

Одоо өөрсдөө мөнгөө төлөөд явуулах боломж бий. Орчин цагт 20 сая ам.доллартай бол хувь хүн нисэх боломжтой болсон. Манай улс энэ байтугай л өчнөөн төгрөгөө салхинд хийсгэж байгаа юм хойно Монголынхоо нэр хүндийг өргөх үйлсэд яагаад 20 сая ам.доллар зарцуулж болохгүй гэж.

“Та хүнээ хай. Бид хөрөнгөө олъё, холбогдох газартай ярья” гэвэл би сансарт нисгэх эмэгтэйг их хурдан олно. Техник, технологи хөгжсөн энэ цагт нарийн шинжилгээнүүдийг хэдхэн төхөөрөмжийн тусламжтай авах боломж бүрдсэн.

Монгол хүн сансарт ниссэний дараах 35 жилд би олон төрлийн ажил хийлээ. Монгол хүн дахиад сансарт нисээсэй гэж энэ хугацаанд байнга бодсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиоход хоёр дахь монгол хүн сансарт нисчихээсэй.

Дорнодын цаана “Восточный” нэртэй сансрын шинэ буудал баригдаж, энэ онд хөлгөө хөөргөх гээд угсарч байна. Оросоо бараадаад Монголын иргэн нутгийнхаа дэргэдээс нисвэл мөн сайхан аа.

-Тэгвэл ямар шаардлага хангасан эмэгтэйг сонгож, түүгээр аль төрлийн туршилт хийлгэх хэрэгцээ байна вэ?

-Мэдээж эрүүл. Яах вэ ганц шүд дутуу байж болно. Гэхдээ үүдэн шүдгүй бол муухай тийм үү. Орчин үеийн нарийн шинжлэх ухаан буюу электроник инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэй бол сайн.

Даяаршлын энэ үед англи, оросоор ус цас ярьдаг, хятад хэл мэддэг бол монгол эмэгтэйн нэр хүндийг улам өсгөнө. Тэгээд мэдээж өнөөгийн эрдэмтдийн санал болгосон туршилтуудыг хийх байх.

Монголд хийж буй янз бүрийн эмийг ч туршиж болно. Би 1981 онд хийсэн “Биоритм” туршилтаа өндөр түвшинд буюу молекулын үүднээс судална. Сансарт улаан эсэнд ямар өөрчлөлт гарч буйг үзнэ. Гэхдээ цоо шинэ арга барилаар, давтахгүй хийнэ.

-Анагаах, биологийн 11 туршилтдаа үүнийг нэмж хийх байж гэсэн хожуу ухаарал, харамсал төрж байв уу?

-Манай зарим эрдэмтэн сонин туршилт санал болгож, тухайн үед би инээгээд өнгөрч байлаа. Тухайлбал, нэг эрдэмтэн үлийн цагаан оготноо сансарт экологийн орчинтой нь явуулъя гэж санал гаргасан. Оросын эрдэмтэд ийм судалгаа хангалттай хийчихсэн.

Жингүйдлийн орчинд шороо бургиад өнөө хулганууд тоосондоо хахаж цацаад тэр дороо мажийж мэдэх байсан биз. Түүний оронд Монголын өвөрмөц нөхцөлд амьдардаг амьтдаа илгээж болох юм гэж бодогддог.

Одоогийн шинжлэх ухааны түвшинд бол нано хэмжээтэй юм биед суулгаж сансарт илгээгээд олон төрлийн мэдээлэл авах боломж бүрджээ.

-1977 онд сансрын нисэгч шалгаруулахад эмч хүртэл багтсан байна лээ. “Хэрвээ намайг шалгасан бол” гэж бодож байв уу?

-Монгол, Унгар, Румын, Болгар, Кубын сансрын нисэгч хоёрдугаар ээлжээр хамт нарийн шинжилгээнд орж, бэлтгэлээ базаасан. Энэ таван орны эмч нийлж, зарим хүнд шинжилгээнд орж үзье гэж ярилцаж дүрсгүйтнэ ээ бас.

Унгарын 50 гаруй насны эмч “Би центрифугийн шинжилгээнд орно” гэж байна. Орой буудалд хоолоо идэх гэж цуглатал өнөөх эр “Өвчин намдаах эм бий юү. Цээж өвдөөд байна” гэсэн.

Тэр их хүчээр шахахад өнөө муу өвгөнийг хэмхлэх шахаж л дээ. Би маргааш нь тэр шинжилгээнд орохоор төлөвлөж байгаад түүнээс болоод айсан. Эргэлддэг сандал буюу тэнцвэрийн аппарат сорих шинжилгээнд ороод эхний гурван минутад л “онхолдсон”.

-Жингүйдэл хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

-Чиг баримжаагүй болж, толгойгоо доош, дээш харуулж яваагаа мэдэхээ больдог. Газрын татах хүчнээс шалтгаалж бидний биеэр гүйж буй цусны гуравны хоёр бүсэлхийнээс доош хэсэгт төвлөрдөг.

Жингүйдэхээр цус дахин хуваарилагдаж, биеэр жигд тархана. Ингэснээр хамар битүүрч, нүд, нүүр хавдаж, улайна. Сансрын нислэгийн 7-10 хоногт хүний бие дасна. Гэхдээ байнга тийм байдалтай байж болохгүй учир вакуум сийрэг өмсгөл өмсдөг.

Бүсэлхийнээс доош агаарыг соруулж биеэр эргэлдэж буй цусыг дэлхий дээрх газрын татах хүчний үеийнхтэй ижил хэмжээтэй болгодог. Жингүйдлийн үед булчинд ямар ч ачаалал ирэхээ болино.

Ингэснээр булчингийн хэвийн байдал алдагдана. Сансрын нислэгийн үед дор хаяж хоёр цаг хүнд дасгал хийж байж, дэлхий дээрх ердийн дасгалын хэмжээний ачаалал булчиндаа өгдөг.

-Цусанд өөрчлөлт орох уу?

-Цагаан эс цөөрөх магадлалтай. Энэ нь дархлаа буурна гэсэн үг. Эм ууж дархлаагаа бууруулахгүй байх арга хэмжээ авдаг. Хүчил төрөгчийг байнга эрхтэнд хүргэдэг улаан эсийн хэлбэр өөрчлөгдөх, жижгэрэх тал бий.

Гэхдээ булчинд ачаалал өгч, цусны хуваарилалтыг дэлхий дээр байдаг хэмжээнд тогтоовол өөрчлөлт нэг их гарахгүй.


-Ж.Гүррагчааг Монголдоо ирсэн хойно биед нь ямар өөлчлөлт орсныг судалсан уу?

-Ирээд л баяр ёслолд оролцож, нутаг яваад юун үзүүлэх манатай. Баахан давхиж, давхиж ирээд Хоёрдугаар эмнэлгийн хяналтад орсон. Эмч нар хариуцаж байхад би хажуугаар нь зэрэгцэх шаардлагагүй.

Нислэг гуравдугаар сарын 31-нд дуусаж, Улаанбаатарт тавдугаар сарын 1-нд ирсэн. “Оддын хотхон”-д байх нэг сарын хугацаанд би судалгаагаа хийчихсэн.

-Сансрын хөлгөөр их хэмжээний ус ачаалж явах бэрхшээлтэй. Сансрын станцад нөөц ус байхын зэрэгцээ ус ундруулагч төхөөрөмж бий.

Энэ нь хөлгийн агаарын чийгшлээс ус ялган ундны зориулалтаар боловсруулдаг тухай уншиж байсан. Ирээдүйд ундны усгүйдвэл энэ технологийг ашиглах боломжтой юу?

-Хүн анх сансарт нисэх үеэс л ийм бэрхшээлийг судалж ирсэн. Энэ чиглэлийн туршилт үргэлжилсээр байгаа. Мөнгөөр ионжуулж гаргасан ус ариун чанартай, уухад зохимжтой гэсэн дүгнэлт хамгийн сүүлд гаргасан байна лээ.

Нислэг үйлдэж буй нисэгчдэд ачаа тээврийн хөлгөөр ундны ус илгээдэг. Гэхдээ гариг хооронд явах үед их ачаа авч явах боломжгүй. Тийм тохиолдолд дээрх судалгаа үр дүнгээ өгнө. Шээсээ ч уудаг технологи гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Ус ундруулагчийг амьдрал дээр хэрэглэхийг ч үгүй гэхгүй. Сансрын хэрэглээнд нэвтэрсэн аргуудыг дэлхийд олон зүйлд ашиглаж байна.

-Сансартай холбогдсоноор таны амьдралд олон чухал өөрчлөлт гарчээ. Өөр ямар үйл, хэргээрээ бахархдаг вэ?

-Сонин тохиол алийг тэр гэх вэ. Завханы Дөрвөлжин суманд нэгдүгээр ангид дээлээ даахгүй шахам хүү аймгийн онц сурлагатны зөвлөлгөөнд оролцсон. Ээж минь эмч болохоор томилолтоор Ургамал суманд суухаар болоход би тэнд суралцсан.

Гэтэл гуравдугаар ангид бас тэр сумаа төлөөлж аймгийн зөвлөлгөөнд оролцсон. Нэг муу нусгай жаалд хамт оролцсон том ангийнхан аав, ээж шиг л харагдаж байлаа. Тэр их содон санагддаг.

Оюутан байхдаа дуурь, цирк их үздэг байлаа. “Учиртай гурван толгой” дуурьт, циркийн ганц дугуйгаар үзүүлбэр үзүүлдэгт бүр их дуртай. Тэгтэл оюутан болоод анхны шалгалтаа өгөх өдрийн өмнөх шөнөө Эверестийн оргилд ганц дугуйгаар гарч байна гэж зүүдэлсэн.

Маргааш нь өгсөн химийн шалгалтад манай ангийн 31 оюутан унаж, ангийн дарга дунд, би ганцаараа онц авсан. Одоогийн хэллэгээр сенсааци тарьж, би од болсон.

Эверест байтугай шинжлэх ухааны оргил болсон сансар огторгуйтай холбогдсон ажил хийснээ тэр зүүдний зөн, улбаа гэж боддог. Уг нь Монголын олон эмч нарын хэн нь ч очоод сансрын нисэгч сонгох ажлыг хийж чадах байсан.


-Нээрэн, тэр ажилд томилогдохдоо та төгсөөд удаагүй, Анагаахийн дээд сургуулийн туршлага багатай багш байсан гэдэг. Яагаад таныг сонгосон юм бол?

-Би тэрийг мэддэггүй юм. Анагаахын дээд сургуульд багшилж байхдаа 1976 онд “Хүн, сансар, биологи” нэртэй өгүүлэл “Үнэн”-д хэвлүүлж, сонины тэргүүн шагнал авч байлаа.

Тэгээд 1977 оны долдугаар сард монгол хүн сансарт нисэх болсон тухай мэдээ уншиж байсан. Эрүүлийг хамгаалах яаманд гэнэт л дуудагдаад очсон.

-Яагаад сансрын чиглэлээр өгүүлэл бичсэн юм бэ. Өмнө нь сансар, огторгуйг сонирхдог байсан хэрэг үү?

-Багадаа сансрын талаар их уншдаг байлаа. Аравдугаар ангид захирлын нэрэмжит шалгалтын үеэр зохион бичлэг бичүүлсэн юм. Бичих сэдвүүдээс “Сансрыг эзэмшихэд ЗХУ-ын олж буй амжилт” гарчигтайг сонгосон.

Санаанд багтаад байсан хэрэг. Гарчгийг нь тавьчихаад бодож суутал хичээлийн эрхлэгч харчихаад “Ишш, Лхагва минь ямар хүнд сэдэв авсан юм бэ дээ” гэсэн. Надаас өөр хүүхэд тэр сэдвийг сонгоогүй байж л дээ.

Сансрыг сонирхдог байсан ч энэ чиглэлтэй холбогдоно гэж бодож байгаагүй. Бүр хөгжимчин, хөгжмийн зохиолч болно гэж мөрөөддөг байсан.

“Үнэн” сонинд хэвлүүлсэн өгүүллийг хараад л энэ чиглэлийг сонирхдог хүүхэд байна гэж сонгосон болов уу.

-“Зарим хүн намтраа чимэхийн тулд сорви худалдаж авдаг” гэдэг юм билээ. Та эрсдэлтэй шийдвэр хэр их гаргадаг вэ?

-Хүүхэд ахуйдаа өөрийгөө хорлосон хөгийн шийдвэр гаргаж байсан. Наадмаар ээжийн нутагт буюу Увсын Завхан суманд очдог байлаа. Ээжийн дүүгийнх зуудаг нохойтой. Би зуудаг нохойн хурдыг шалгах санаа гаргасан.

Хөл дээр нь гишгэчихээд гэр рүү гүйгээд орно гэж тооцоолсон юм. Нөгөө нохой ч хатавчинд хөлөө жийчихсэн хэвтэж байна. Нэг дэвсчихээд орох гэсэн байдаггүй, гуянаас зуучихсан.

Ээжийн дүүгийн нөхрийн дүү малын эмч. Тэр л цагаан юм барьж давхиж ирээд шарх боосон. Гүнзгий, муухай сорви үлдээгүй.

-Та өдгөө Эм судлалын хүрээлэнгийн захирлын алба хашдаг. Монголд хүмүүсийн идэвхтэй хэрэглэж буй эмийн 75 хувь нь импортынх юм билээ. Энэ тоог багасгахын тулд яах ёстой вэ?

-Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, “Монос” группийн, олон улсын шаардлага хангасан эмийн үйлдвэр ашиглалтад орж байгаа. Ийм үйлдвэр байгуулахад улс дэмжих хэрэгтэй.

Өрөөнд суучихаад хэдэн юм найруулж гаргадаг “хорвоо” өнгөрсөн. Өөрсдийн онцлогтой бүтээгдэхүүн гаргахаас гадна, олон улсад зөвшөөрөгдсөн найрлага, технологийн дагуу эм хийвэл импортоор орж ирсэнтэй адил чанартайг хамаагүй хямд үнээр худалдах боломжтой.

“Монос”-ын үйлдвэрлэдэг эмнүүд дандаа тийм. Гадаадад хийсэн л бол сайн гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнд монголчууд суралцсаны гай бас импортын эмийг дэмжихэд нөлөөлдөг.

-Агаарын бохирдлоос сэргийлдэг эм байдаг болоосой гэж боддог юм. Өдгөө Монголын нөхцөлд ямар эм бүтээх шаардлага байна вэ?

-Бид уушги цэвэрлэж, хор гадагшлуулах цай бүтээсэн шүү дээ. Агаарын бохирдлын хор уушги руу их ордог.

-Тэгвэл та өөрийнхөө эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг вэ?

-Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн болохоор монгол уламжлалаа дагадаг. Кофе, орчин цагийнхны элбэг иддэг янз бүрийн ногоо хэрэглэдэггүй. Монгол хоол, махаа иднэ.

Энэ олон цайнуудаас хамгийн гайгүйг нь олж ууна. Зарим нь хөгц ихтэй. Гэхдээ монголчуудын цай бэлддэг, самарч буцалгадаг технологи хөгц зэргийг устгадаг. Сүүлийн үед хүмүүсийн хэрэглэдэг болсон дүрдэг цайг Монголд судлахад хар тугалга илэрсэн байна лээ. Гойд эм уудаггүй.

Тайвшруулах, бухимдал тайлах бясалгал хийдэг. Энэ тухай “Өөрийгөө эрүүлжүүлэхүй, эмчлэхүй” ном бичсэн. Маш энгийнээр бухимдлаа тайлах нэг арга хэлж өгье. Хоёр гарынхаа эрхий, ядам, чигчий хурууны үзүүрийг нийлүүлээд 15 минут чимээгүй суувал бухимдал тайлагдана.

Нүдээ аньж, эсвэл хээр байгаа бол алсыг ширтэж болно. Тогтмол цагт сэрж, унтдаг. Хоногт 7-8 цаг нойр авах зарлиг өөртөө буулгасан. Орой хариад гол сувгуудаас мэдээ түүж үздэгээс биш нүдээ эрээлжилтэл зурагт ширтдэггүй.

Тэгээд номнуудаа уншдаг. Номыг ганц нэгээр уншихаар уйтгартай тул зэрэгцүүлж хардаг. Ойрын үед миний орон дээр надтай зэрэгцээд таван ном “унтаж” байгаа.

Жорж Сэндийн “Индиана”, “Есөн эрдэнийн орон” яруу найргийн түүвэр, Т.И.Грековагийн “Кремлийн удирдагчдын төвд оточ”, компани гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой хоёр ном уншиж байна.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.242.32 Мундаг. Таниар бахархаж явдаг шүү.
103.57.95.77 Манай улсын анагаахын салбарын том эрдэмтэн шүү. Сайхан ярилцлага болжээ. Бид сансар судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь жилдээ бид нилээд их хэмжээний мөнгийг хиймэл дагуул ашиглахад гадны улсад түрээсийн мөнгө гэж төлдөг. Ядаж ганц хиймэл дагуул хийгээд хөөргөчихвөл бид их хэмжээний мөнгө төлөхгүйгээс гадна мөнгө олох, ХАА, Батлан хамгаалал, Иргэний хамгаалал, Технологийн салбартаа ихээхэн ач холбогдолтой ажлууд хийх боломжтой болох юм даа. Бидэнд энэ талын мэргэжилтэнүүд байгааг дээрх ярилцлага харуулаад байна шүү дээ. Ийм сургамжтай, Монголын түүхэн үйл явдалтай холбоотой ярилцлагыг заавал уншиж, мэдлэгээ арвижуулахыг хүсье.
103.57.95.77 Таны хариулт ...Баяр хүргэе
  • 2017 оны 10 сарын 03
103.57.95.77 Таны хариулт ...Баяр хүргэе
  • 2017 оны 10 сарын 03
103.57.95.77 sanal niilj baina.erdemt humuuseesee sonsdog ter baival ihed ashigtai met
  • 2016 оны 01 сарын 25
183.81.171.135 Yamar heregtei yum be, heden saya dollar iluudeed bn uu?

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба