Х.ХАДХҮҮ: ЗАНАБАЗАР ЭРЭГТЭЙ БУРХДЫГ ЯАГААД ЭМЭГТЭЙЛГЭЭР ДҮРСЭЛДЭГ ЮМ БОЛ ГЭЖ ИХ ГАЙХДАГ БАЙСАН

2016 оны 01 сарын 20

Хүнээс их хөдөлмөр шаардаж байж, гоо биеийг олдог ч ганцхан хайнга хөдөлгөөнөөс болж үнэ цэнэтэйгээ хамт хогийн саванд орж мэдэх зүйл бол шаазан урлал.

Тиймээс ч эргэн тойрныхноосоо анхаарал шаардаж, өөрийгөө нандигнуулдаг. Магадгүй үүгээрээ шаазан гэдэг хүмүүний мөн чанартай ижил мэт. Тэгвэл энэ хэврэг хэрнээ үнэ цэнэтэй зүйлээр урлагийн бүтээл туурвидаг Монголын цор ганц гэж хэлж болох урлаачтай ярилцлаа.

Х.Хадхүү өнөөдөр Улаанбаатар хотын музейд “Монголын орчин үеийн шаазан урлаг” үзэсгэлэнгээ дэлгэж буй. Тэрбээр 50 гаруй бүтээлүүдээ энд 10 хоног толилуулах юм.

-Таны үзэсгэлэн юугаараа онцлог вэ?

-Би 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөнөөсөө хойш шаазангаар тасралтгүй уран бүтээл хийж байна. Энэ миний хоёр дахь үзэсгэлэн. Надад уран бүтээлийн нэг онцлог бий.

Өндөр гэгээн Занабазарын тигийг баримтлан, хэрхэн шаазангаар гоё урлаж болох вэ гэдгийг эрэлхийлдэг. Социализмын үед Шаазан, ваарны үйлдвэрт олон нийтийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байлаа.

Технологийн хөгжлөөс шалтгаалаад ч тэр үү, тухайн үед урлагийн хэмжээнд хүрэх бүтээгдэхүүн тэр бүр хийдэггүй байж. Тэгвэл шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж буй өнөө үед шаазангийн техник, технологи бас өөрчлөгдсөн.

Ингэснээр бидэнд шаазангаар тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл хийх боломж бүрджээ.

-Өндөр гэгээн уран бүтээлээ шаазангаар хийж байсан болов уу?

-Түүнийг нотлох баримт Монголоос олдоогүй ч хийсэн байх магадлалтай. Монгол Манжид дагаар ороход Энх-Амгалан хааны ордонд Өндөр гэгээн номын багшаар нь сууж байсан. Тухайн үед уран цутгуурын аргаар гайхамшигтай бурхдаа урлаж байхдаа шаазангаар хийсэн байж магадгүй гэж би боддог.

Хятад шаазангийн хөгжлийг олон улсад Юань гүрний үеэс эхтэй гэж ярьдаг. Үнэндээ Монголын эзэнт гүрний үед Хятадын шаазан урлал их хөгжсөн. Үүнийг нарийвчлан судалбал сонирхолтой юм билээ.

-Та яагаад Занабазарын сургууль, дэгийг баримталдаг юм бэ?

-Тэр монгол хүний гоо сайхныг магтан дуулж, сонгодог урлагийн түвшинд хүргэсэн. Өндөр гэгээнийг Монголын урлагийн төлөөлөл гэж дэлхийд үздэг.

Манай уран бүтээлчдийн олонх нь Орос, барууны орнуудад суралцсан болохоор жинхэнэ монгол үндэснийхээ онцлогоор туурвиж, сонгодог урлагийн хэмжээнд хүргэсэн нь түүнээс өөр үгүй. Энэ бол тухайн цаг үе, нийгмийн онцлог байх.

Харин одоо Занабазарын хийцийг хөгжүүлж, цааш дэлгэрүүлэхийн тулд яг дуурайж, металлаар хийх нь сонин биш болжээ.

Түүний тигийг баримтлан шаазангаар урлавал ур хийц талаасаа тохиромжтой, өвөрмөц гэж би бодож байгаа.

-Та Шаазан, ваарны үйлдвэрт ажиллаж байсан уу. Энэ технологийг хаана сурсан бэ?

-Миний багш Сэрээтэр Чехословакт Ваар, үйлдвэр урлалын дээд сургууль төгссөн болохоор шавар хэмээх байгальд хоргүй, гайхамшигтай материалаар хэрхэн баримал барихыг анх заасан.

Шавь нараа чиглэл, чиглэлээр нь хөгжүүлдэг байлаа. “Чи шаазан урлалын чиглэлээр дагна. Энэ төрлөөр бэлдсэн хүн Монголд ховор учир чи шинэ үеийн төлөөлөл болох учиртай” гэж зөвлөсөн.

Тэгээд л би сургуулиа төгсөхөөсөө өмнөхөн Шаазан, ваарны үйлдвэрт дадлагаар ажиллаж байлаа. Мөн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд очиж, Өндөр гэгээний туурвисан гайхамшигт баримлуулдыг хуулбарлах арга техникт суралцсан.

-Шаазангаар урладаг хүн Монголд олон уу?

-Надаас өөр байхгүй гэж хэлж болно. Шаазан гэдэг амар эд биш. Эх загвараа шавар болгохын тулд эхлээд гипсээр бүгдийг нарийвчлан салгаж хэв авдаг.

Тухайлбал, хүн дүрсэлнэ гэхэд гарын бугуй, сарвуу, мөрийг тусад нь, хөлийг өвдөг, гуя зэргээр салгаж, хамгийн багадаа 20 хэв авдаг. Шаазангийн шавраа олон хоног бэлдэнэ. Гурил шиг нарийн ширхэгтэй болгоод устай холиод хэвэнд цутгана.

Дараа нь үүссэн хэлбэрээс доголдлыг нь засна. Энэ бүхнийг яг үйлдлээр хийхэд амар ажил биш. Би уг үзэсгэлэнд тавьж буй 50 гаруй бүтээлдээ гурван жил зарцуулсан. Үнэн голоосоо дуртай болохоор л энэ төрлөөр дагнадаг юм.


-Бурхныг зурахад тэнгэрээс эхэлж, хамгийн сүүлд нүдийг нь дүрсэлдэг номтой юм билээ. Шаазангаар урлахад тусгай ёс баримталдаг уу?

-Бурхан гэдэг утгаараа мэлмийг нь хамгийн сүүлд нээдэг ёс журмаа дагадаг.

-Бурхан урлаачид тусгай абшиг хүртэж, энгийнээр хэлбэл бурхан бүтээх эрх авч, сэтгэлээ ариусган бясалгасан байх учиртай гэж дуулсан.

-Угаас уран бүтээлчид бүтээлээ хийж эхлэхээрээ түүндээ уусан шингэж, ертөнцөөс тасардаг бясалгагч гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлээ хийж эхлэхээр тархи “ажиллахаа байж”, бүгд зүрхний гүнээс ундардаг.

Тэгэхээр уран бүтээлчид бурханлиг шинжтэй юм болов уу. Ялангуяа бурхан бүтээх үед ямар нэг бүтэлгүй зүйл тохиолдсон ч харааж зүхэлгүй, энэ бүхэн миний л алдаа эндэгдэл гэж бодож, залруулдаг.

Би зөвхөн бурхан гэлтгүй бүх төрлийн зүйл шаазангаар туурвидаг болохоор ч тэр үү, бурхны абшиг авдаггүй. Бурхан аравнайлах зэрэг шашны олон шат дамжлага байдаг ч надад хамаардаггүй.

Уран бүтээлчийн бурханлиг зүрх сэтгэлийн гүнээс урссан онгод хойморь бүтээлд нь шингэдэг гэж боддог юм.

-Бурхнаа худалдах уу гэж олон хүн танаас асуудаг байх. Ер нь бурхныг зарж, мөнгө олох нь шашинд хэр нийцтэй вэ?

-Шаазангаар хийхэд хагарчих гээд их хэцүү. Тавыг ноороглож байж ганцыг хийдэг, хэцүү технологитой. Бас цор ганцыг хийдэг болохоор хүмүүст миний бүтээл үнэтэй санагддаг байх.

Шаазан бүтээлийн цуглуулгатай, тодорхой хүрээний хүмүүс надтай холбоотой байдаг. Олон нийтэд зориулж жижиг хэмжээний бурхан, өдөр тутмын амьдралын хэрэгцээний зүйл урлаж, амьдралдаа нэмэрлэдэг юм.

-Занабазарын төрхийг таван өөрөөр дүрсэлсэн нь бий. Та ч тэр дагуу урлажээ. Гэхдээ таны онцлог юу байв?

-Баруун хүрээний гурван сургаал, хоёр зэргийг анхааран авахыг эрхэмлэгч шавь нар нь түүнийг баруун мутартаа дүүрэн тарагтай гангар шаазан барьснаар дүрсэлсэн байдаг. Би малгай өмсгөж, Богд төрхтэй болгож дүрсэлсэн.

Угаасаа анхдугаар Богд малгайгүй бол энгийн харагдана. Өөр нэг дүрд нь түүнийг шавь хувцастайгаар насны бумба барьснаар дүрсэлсэн байдаг. Үүнийг дүрсэлсэн бар зургийн дардас байдаг ч баримал хаана ч байдаггүй юм.

-Та ахуй амьдралдаа ёс заншил, уламжлал хэр их баримталдаг вэ?

-Уран бүтээлч хүн баригдмал сэтгэлгээтэй, хүлээстэй амьдралтай байвал гараас нь юм гарахгүй. Аливаа хүлээснээс аль болох ангид байж гэмээнэ амар тайван, чөлөөтэй байдаг. Бүтээлээ хийж байхад хүүхдүүд минь орилолдоод, мөргөлдөж байсан ч тоодоггүй.

Байх ёстой юм байдгаараа, хөгжих ёстой юм нь хөгжиж, бүгд жамаараа л болдог. Аливааг заавал дуусгах ёстой гэж учиргүй их зүтгэдэггүй. Дуусахгүй бол тэр л биз, хүлээнэ. Нэг л өдөр дуусгана.

Нийгэм ийм хурдтай хөгжиж байхад миний энэ байдал олон хүнд сонин санагдах байх. Гэхдээ яг үнэндээ бид мөхөл рүүгээ л яарч байна. Нэг амсхийгээд мод, голын урсгалыг ажиглаж, шөнийн одтой тэнгэрийг хар л даа, гоё шүү дээ.

Тэд хаашаа ч явахгүй, өөрчлөгдөхгүй хэрнээ гоо сайхнаа хадгалж байгаа биз дээ. Хүн яагаад тийм байж болохгүй гэж.


-Шаазангаар урлахаас гадна өөр чиглэлээр бүтээл хийдэг үү?

-Монгол зургийн аргаар зурдаг. Энэ бүтээлүүдийг хийхийн тулд бас эхлээд янз бүрээр зохиомжилж зурж үзнэ. Нэгэнт би Өндөр гэгээнийг судлах гээд, бүтээлийг нь бүрэн дүүрэн мэдэж, бусдад мэдрүүлэхээр зорьсон нь үнэн л юм бол түүний технологийг сурах ёстой.

Тиймээс 1990-ээд оны сүүлээс 2012 он хүртэл металл цутгуураар бүтээл хийж байсан. Тэгж, өөрийн биеэр туршиж мэдрэхгүйгээр зүгээр харчихаад л ийм, тийм гэж худлаа мэдэмхийрч болохгүй шүү дээ.

-Түүний тигийн дагуу туурвихаар Өндөр гэгээн иймэрхүү хүн байж дээ гэж дотоод сэтгэлийг нь ойлгож, мэдэрдэг үү?

-“Би бурхан бүтээх ямар хэрэгтэй юм бол” гэхэд багш “Чи хийгээд л үз. Болохгүй бол орхичихно биз” гэж билээ. Тэгээд Чойжин ламын сүм музейд суугаад дадлага хийж байлаа. Хүмүүс наймаа хийж байхад би тэр хэцүү амьдралаас тасарч бүтээлдээ анхаарсан.

Гурван сарын хугацаанд бодол их өөрчлөгдөж, надад олон сонин мэдрэмж төрсөн. Эрэгтэй бурхдыг яагаад эмэгтэйлэг байдалтай, бүсгүй хүн шиг гоё биетэйгээр дүрсэлдэг байсан юм бол гэж их гайхсан.

“Гэгээрсэн хүн эмэгтэйлэг байдаг” гэж хожим шашины тухай номоос уншсан. Будда бурхныг уян налархай биетэйгээр дүрсэлсэн байдаг. Будда уг нь 80 гаруй насалсан юм билээ. Гэтэл хэзээ ч нас ахисан дүрээр нь бүтээдэггүй. Магадгүй босоод алхаж буйгаар нь дүрсэлсэн бол бас л эмэгтэй хүн шиг уян налархай харагдах байсан болов уу.

Урлагийнхан эмэгтэйлэг шинжтэй болдог гэж би ч гэсэн боддог. Уран бүтээлдээ уусаад эхлэхээр намуухан, зөөлөн аястай болдог.

-Тэгвэл бурхныг заавал ном журмаар, тиг баримтлан хийх ёстой юу?

-Уг нь нийгэм хувьсаж байхад бурхан урлах чиглэл бас өөрчлөгдөх хэрэгтэй. Олон хүн миний энэ үгэнд дургүйцэх байх л даа. Гэхдээ нуулгүй хэлэхэд 21 Дарь эхийг европ төрхтэй, бүр хар арьстайгаар хийвэл ямар болох вэ гэж би боддог.

Буддаг ямар ч хөдөлгөөнтэйгөөр, юу ч хийж байгаагаар дүрсэлж болно гэж боддог. Хэвшмэл үзэлд баригдаад шашины чиглэлийн уран бүтээлчид нийгмээсээ хоцроод байна.

Уг нь ямар ч урлаг нийгмээсээ түрүүлж алхан, уриалах ёстой. Би лам биш болохоор тэгж дүгнэж байна.

-Тэгвэл та шашины уран бүтээлийг хүссэнээрээ туурвибал хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэж эмээгээд байна уу?

-Эсэргүүцэл их тулгарна байх. Гэхдээ энэ бүхнийг давж, хийнэ ээ. 21 Дарь эхийг Өндөр гэгээний тигээр, өөрийн арга барилаар хийж сурсан юм чинь, өөр төрхтэйгөөр хийж яагаад болохгүй гэж.

Бурхны төвд, хятад, япон, энэтхэг хийц бас их өөр. Японд Буддаг тарган, гүзээтэйгээр дүрсэлдэг бол Энэтхэгт бурхдаа европ төрхтэй хийдэг. Уран бүтээлч энэ бүхнийг олон талаас шинжилж, судалж байж хийх хэрэгтэй.

Огт байхгүй юм хийх боломжгүй. “Мартагдсан хуучин юмыг шинэ юм” гэдэг дээ. Дэлхийн гайхамшигтай өвийг судалбал сонин, содон санаа их гарч ирнэ.


-Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол ахуйг дүрсэлсэн шаазан бүтээлүүд хийнэ дээ. Ардын хувьсгалын анхны долоо, Бямбын Ринчен зэрэг олны хүндэлдэг, алдартай хүмүүсийн хөргийг шаазангаар урлахаар төлөвлөж байна.

-Шаазан, ваарны үйлдвэр хаагдсанаас хойш Монголд энэ чиглэлийн урлаг зогссон гэдэг.

Гадаадын нарийн хийцтэй хэрнээ хямд үнэтэй шаазан эдлэл манайд элбэг болсон цагт энэ урлагийг дахин сэргээхийн тулд хэрхэх ёстой вэ. Монголд хөгжүүлэх хэрэгцээ бий юү?

-1990-ээд онд Хятадаас “будаатай аяга” орж ирснээс хойш Монголд Шаазан, ваарны үйлдвэрлэл зогссон. Шаазан урлал хөгжсөн улсынхан бусад орныхоо тэр салбарын зах зээлийг эзэлдэг тавилантай.

Монголын зах зээлийн нөхцөлд хурдан хөрвөх чадвартай үйлдвэр байгуулах нь илүү чухал. Шаазангийн томоохон үйлдвэрийн хэрэгцээ энд байхгүй. Монголыг гадаадад сурталчлах зорилготой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн жилд 1000 гаруйг үйлдвэрлэдэг жижиг цехүүд байж болно.

Одоо япон, солонгосууд хүртэл шаазан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг Хятадаас хангадаг. Тиймээс Монголд шаазан урлалыг урлагийн түвшинд хүргэх нь илүү чухал.

Монгол үндэсний ахуй амьдрал, хөгжил дэвшил, ард түмний гоо сайхны үзэл зэргийг шаазангийн урлалаар илэрхийлэхийг хүссэндээ би энэ чиглэлээр дагнадаг.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.106 Бурханыг эрэгтэй эмэгтэй гэж ярих нь буруу л даа. Урлал технологид нь баяр хүргэе. Шашны мэдлэгээ дээшлүүлээрэй
27.123.214.106 Бурханыг эрэгтэй эмэгтэй гэж ярих нь буруу л даа. Урлал технологид нь баяр хүргэе. Шашны мэдлэгээ дээшлүүлээрэй
59.166.184.81 Aviyaslag zaluu yumaa. Sain baina
205.206.129.196 gaihaltai goy hiijee.zahialgaar hiij boloh bolow uu tuhailbalasdag gereltei shaazan goyol cnimeglel . basshzaazan fehg shyi .. torson odriin sonirholtoi beleg ,haluun tsai hiiheer dotroos dyrs todordog cn yum uu yg todordog g m ..
205.206.129.196 gaihaltai goy hiijee.zahialgaar hiij boloh bolow uu tuhailbalasdag gereltei shaazan goyol cnimeglel . basshzaazan fehg shyi .. torson odriin sonirholtoi beleg ,haluun tsai hiiheer dotroos dyrs todordog cn yum uu yg todordog g m ..
72.161.112.119 Hynii bied horgui materialaar shaazan hiij baigaa chin sain hereg, yndesnii hev mayagiig ih haruulsan ayaga tavagnii ij byrdel hiivel goyo baih daa. 21 dar ehiig yun har zagaan aristan bolgoj zurah bodol baij bolomgui yum shuu, huvzasnii mood zagvar bish, tiim yy? Tyyhee sain medej baival tiim teneg bodol orohgui. Deel huvzas ch gesen mongolchuuddaa ilyy zohij baidag. Gegeersen erchyyd emegteileg baidag gedeg ch hudlaa, er burhad bol dandaa zel zaluu dyreeree baidag sh dee, hyyhderhyy haragddag. Hogshin burhan gejh baihgui uchraas. Delhiin suut humuus, Chingis haan emegteileg bish shyy.

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба