Э.БАТХҮҮ: ӨР ЯАХ ВЭ, БАРАГДААД Л ДУУСНА. ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ Л ЯВБАЛ БОЛЛОО

2015 оны 12 сарын 07

“Шинэ үе” продакшны жүжигчин Э.Батхүүтэй ярилцлаа.

-Тан руу залгахад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэдэг юм билээ. Та хэр эх оронч вэ. Эх оронч хүн ямар байх ёстой вэ?

-Эх оронч шүү. Барьдаг байсан бүх дугаараа Монгол Улсын төрийн дуулал, “Халуун элгэн нутаг” эгшиглэдэг байхаар тохируулдаг. Эх орны төлөө сэтгэл, зүтгэл гудамжинд хог хаяхгүй байхаас л эхэлнэ.

Эх оронч гээд л учиргүй бослого, хөдөлгөөн зохион байгуулах нь гол биш. Ухамсраа төлөвшүүлж, зөв бодолтой болж байж эх орныхоо төлөө тодорхой зүйл хийх болов уу.

- Өдий хүртэл эх орныхоо төлөө юу хийсэн бэ?

-Эх орныхоо төлөө ийм, тийм юм хийсэн гэх гавьяагүй. Гэхдээ гудамжинд хог хаяж буй хүмүүсийн өөдөөс хэдэн үг хэлж, шаардлага тавьчих зориг зүрхтэй. Газар шорооноос минь хумсалж, гэмтээхэд эмзэглэдэг.

“Ви. Ай. Пи авто кровн” клубт байхдаа “Ривер бийч”-ээс Зайсангийн гүүр хүртэлх хог цэвэрлэлцэж, бид мөнгөөрөө хогийн сав авч байршуулсан. Заавал албан ёсны аян, сайн үйлсийн хөдөлгөөнд дуудагдаж биш, санаачилгаараа, зүрх сэтгэлээрээ багахан ч гэсэн зүйл хийх сайхан.

Архангай аймгийн Хайрхан сумын 90 жилийн ойд зориулж, бас сурч байсан 75 дугаар сургуулийнхаа хашаанд хэдэн мод тарьсан.

-Таныг өөд болсон гэх мэдээлэл хэдэн сарын өмнө гарсан. Саяхан зууны манлай дуучин Б.Сарантуяаг өөд болсон, реппер Жийг Хархорин захаас хулгай хийсэн гэх мэдээлэл ч тархсан.

Цахим хуудсынхаа хандалтыг ихэсгэх зорилготой ийм худал мэдээ түгээгчидтэй учраа олсон уу?

-Арга хэмжээ авахуулна гэж хөөцөлдөх нь хаашаа юм бэ, эвгүй л юм билээ. Нэг өдөр жүжигчин Н.Ариунболд багш залгаад “Хүүе, чи зүгээр үү” гэж хэлээд хэсэг чимээгүй болсноо “Тэр хачин мэдээллээ янзлуулаач” гэчихээд утсаа тасалсан.

Удалгүй ээж залгаж, бөөн л юм болсон. Тэр мэдээлэл гарснаас хойш утас байн байн дуугарсан. Найзууд намайг амьд байна уу гэж шалгаж, “Зүгээр үү” гэж асуух гэхээр өөр хүн утсыг нь авбал яана гэж санаа зовсон уу, дуудлага авах гэхээр л тасарчихаад байлаа.

Нээрэн би үхчихвэл араас санаа зовж, үгүйлэх хүмүүс байдаг юм байна шүү гэдгийг тэр үед ойлгосон.

Фэйсбүүк, цахим хуудсуудад надтай холбоотой олон худал мэдээлэл гардаг. “Татар ажиллагаа”-нд тоглосныхоо дараа хүүдээ дуучин Амархүүгийн нэрийг бэлгэдэж өгсөн ч гэх шиг. Би хаа хамаагүй хүний нэр хүүхдэдээ өгөх ч хүн биш.

Манай лам багш хүүдээ бат, хүү-гийн нэгийг оруулж нэр өгөөрэй гэсний дагуу найман хувилбар будаанд хийж сонгосон юм. Тэр кинонд тоглож байхдаа эхнэртэйгээ танилцаагүй байсан.

Муухан таньдаг эмэгтэйтэй зургаа даруулсныг авч, аппликейшнээр янзалж дээр нь би чамд хайртай гэж бичээд “Батхүүгийн шинэхэн хайр” гарчигтай нийтэлсэн байсан. Хүнтэй хамаагүй зургаа даруулахаас ч эмээж эхэллээ.

Тийм байдлаар хэн нэгнийг үхүүлж, гүжирдэж олсон мөнгө хэр үр шимтэй байдаг юм бол доо.

-“20 жил тамхитай үерхлээ, одоо болилоо” гэж цахим хуудастаа бичсэн байсан. Тамхинаас гарч чадсан уу?

-Жил гаруй татаагүй ч өнгөрсөн зун кинонд ажиллахдаа стресстэж, өөрийн эрхгүй тамхи, кофетой нөхөрлөсөн. Он гарахаар тамхинаас гарах санаа бий.

-Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг түрүүн багш гэсэн. Та “Шинэ үе” продакшнд ажилладаг болохоор багш гэсэн үү?

-“Мюзик холл” сургуульд ангийн багш минь байсан юм. Багш “Газар дээр ганц шавьтай хүн. Тэр нь Батхүү” гэдэг.

-Та “Ганган төгс”, “Хамгийн сайхан бүсгүй” кинонд оролцож байгаа тухайгаа өмнөх ярилцлагууддаа дурдсан байсан. Тэр бүтээлүүд олонд хүрсэн үү?

-“Хамгийн сайхан бүсгүй” киног хийж байсан залуу “Чи энэ кинонд ажиллана шүү” хэмээн зохиолоо өгөөд таг болсон. Дараа нь хийхдээ дүрүүдээ сольсон байна лээ. “Ганган төгс” төсөл тодорхой шалтгааны улмаас түр зогссон.

-Жүжигчин, найруулагч болоод хэр удаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хийснээ дүгнэхгүй юү?

-Сургуулиа төгсөөд 14 жил болжээ. 2002 оноос УДЭТ-т туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж, гурван жилийн өмнө чөлөөт уран бүтээлч болсон. Өнгөрсөн онд “Шинэ үе” продакшнд орсон.

Санаж, зорьсондоо бага багаар хүрч л явна. Өөрийн гэсэн дэлгэцийн уран бүтээл хийе гэж бодсондоо хүрлээ. “Би үүгээрээ бахархаж явдаг шүү дээ” гэж хэлчихээр зүйл ховор юм. Би залуу, хийх юм их байна. Энэ идэр насанд яг л юмыг ойлгож ухаарч эхэлдэг бололтой.

-“Мөрөөдлийн театр”-ын Эрхэмбаяртай хамт жил хагасын хугацаанд УДЭТ-т цалингүй ажиллаж байж үндсэн ажилтан нь болсон юм билээ. Тэр хугацаанд санхүүгийн хувьд хүндрэлтэй байв уу?

-Тоглолтод оролцоход цөөхөн хэдэн төгрөг өгдөг байсан. Хүсэл, мөрөөдөл минь театрт байсан болохоор эд материал, мөнгөний шунал тухайн үед байгаагүй.

Тайзан дээр гарч, мундаг уран бүтээлчидтэй хамт ажиллаж, юм сурна гэдэг илүү чухал байлаа. Тэгээд ч ганц бие, ээж аавтайгаа хамт амьдардаг байсан болохоор хоол, хувцас бэлэн, бэрхшээл байгаагүй.

-Тэгж их хүсэж, УДЭТ-ын өндөр босгыг давсан хэрнээ яагаад гарчихсан юм бэ?

-Гурван жилийн өмнө 600-700 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Дээр нь цаг наргүй ажиллана. Тэр хэмжээний мөнгөөр ар гэрээ тэжээнэ гэдэг амьдралаа төвхнүүлж чадаагүй хүнд хэцүү байлаа.

Тэгээд л өөрийн гэсэн орон зайг үүсгэж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд театраасаа жилийн чөлөө авсан. Тэр хугацаанд кино, бас бус зүйл хийж байгаад ажилдаа орох хугацаагаа дахин нэг жилээр сунгах хэрэг гартал боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Хэдэн жилийн дараа ч амьдрал нь дээшлээгүй бахь байдгаараа байна гэдгийг мэддэг, цалин, ажилдаа сэтгэл дундуур явдаг хүн олон. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?

-Мөнгөнөөс болж ажлаа хая гэж хэлж чадахгүй. Ажлаа дурлаж сонгосон бол мэргэжилдээ үнэнч байх чухал. Гэхдээ мэргэжилдээ үнэнч байх нь амьдралаа золиосол гэсэн үг биш.

Юм бүхэн хоёр талтай учир би тэдэнд зөвлөж чадахгүй, өөрсдийн зүрх сэтгэлийн дуудлагаа л дагах хэрэгтэй болов уу.

-Ч.Найдандорж “Олон жил УДЭТ-т ажиллалаа. Боломж олгоё” хэмээснээр “Хүний хөнжил битгий сөх” жүжгийг та найруулсан юм билээ. Тэр боломжоо хэр ашиглаж чадсан гэж боддог вэ?

-Надад үнэхээр том боломж олгосон. Тэр жүжиг үзэгчдэд хүрсэн үгүй нь хамаагүй. Хамгийн гол нь бие дааж жүжиг найруулна гэдэг надад чухал сургалт, амьдралд минь том шалгуур болсон.

Жүжиг найруулснаар зориг орж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшаа алхахад түлхсэн. Туслах найруулагчаараа ажиллаад л байсан бол би өдийд кино найруулж чадаа ч уу, театраас гаръя гэж бодоо ч уу.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, бүр сюрреалист жүжиг найруулж явсан хүн хошин урлагийн продакшнд ажиллах ямар байна вэ?

-Нэг хэсэг сайтуудад “Шинэ үе” продакшнд жүжигчний орон зай дутсаныг Батхүү ашиглах гэв үү” гэх зэргээр мэдээ бичсэн байна лээ. Жүжигчин хүн төрөл бүрт өөрийгөө сорих шаардлагатай.

Хошин төрөл жүжигчнийг илүү задалж, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Бэлэн зохиолын дагуу, найруулагчийн тавилтаар жүжигт ажилладаг бол хошин урлагийнхан зохиолоо өөрсдөө гаргаж, түүнийгээ баяжуулдаг.

-Үзэгчид инээгээд л кайфтай байна уу?

-Шоолсон уу, эсвэл үнэхээр таашаал хүртэж инээв үү гэдэг ялгаатай. Алиалж балайраад нэг удаа инээлгэж болох ч хоёр дахь удаагаа үзэгчид хөхрөхгүй. Тиймээс кино, драм, хошин урлагийн аль нь ч бай хамгийн чухал нь үнэн байх.

-УДЭТ-т ажиллаж байхдаа хүсдэг, зорьдог байсан нь одоо өөрчлөгдсөн үү?

-Театрт байхдаа жүжиг тавихсан, кино найруулахсан гэж хүсдэг байсан. Одоо жүжиг найруулах гэхээсээ дахиад дэлгэцийн бүтээл хийхсэн гэж бодож байна.

Мэдээж тайзны бүтээл хийх хүсэл хэзээ ч арилахгүй, зорилгоосоо няцахгүй. Зүгээр л миний төлөвлөгөөний байрлал жаахан өөрчлөгдсөн гэх үү дээ.

-Найруулагч өөртөө ямар дүр тохирох, эсэхийг мэддэг үү?

-Надад Ромеогийн дүр хэзээ ч ирэхгүй.

-Сайн жүжиглэж чадвал будаад өөр болчихдог юм биш үү?

-Жульеттаг анхны харцаар дурлуулж чадах залуу царайлаг байх хэрэгтэй. Над шиг онигор амьтан ур чадвараараа тэнцэх ч дүр төрхийн хувьд таарахгүй. Найруулагчийн өнцгөөс өөрийгөө ямар дүрд тохирохыг хэлэх гэхээр яагаад ч болохгүй.

Харин энэ дүрд ингэж ажиллахсан, дүр төрхөө ингэж өөрчилнө гэдэг сэтгэлд багтаж байна, чадна даа гэх зориг ямар ч уран бүтээлчид байдаг.

Тэр утгаараа хэн нэгнээс ур чадвараараа дутна гэж айдаггүй, ямар ч дүр өгсөн хувирчихна л гэж боддог. Зориг, залуу нас байна, үзээд алдая л гэнэ.

-“Анхаар дотор чимээгүй” кинонд яг байгаагаараа тоглосон юм шиг санагдсан.

-Түүнийг гурван жилийн хугацаанд хийсэн. Зураг авчихаад дараа жил нь “Батхүү ах аа, зургаа үргэлжлүүлж авъя” гэсэн. “Ямар зураг вэ, өө нөгөө киноных уу” гээд бүр мартчихсан байсан.

Анх дүрээ гаргахдаа юу бодож байснаа мартчихсан, үс хүртэл зөрчих гээд урт хугацааны зайтай зураг авах хэцүү юм билээ. Найруулагч хүн найруулагчийнхаа дүрд тоглоно гэдэг бас хэцүү.

Оюутан байхдаа ямар байснаа бодож, сэтгэл хөдлөлөөр аливаа ажил руу дайрдаг, бүгдийг хийчихнэ гэсэн омголон зангаа санаж тоглосон. Тэр кино миний амьдралыг зөгнөчих шиг болсон.

“Эр хүн болгож өгөөч” киноны санхүүгийн асуудал шийдэгдэхгүй үйлээ үзэж байж хийсэн ч шатсан.

-Тэр киног сарын өмнө цахим сүлжээнд байрлуулсан байна лээ. Арга хэмжээ авсан уу?

-Бусдаас хэдэн төгрөг зээлэн барин, олон хүн хөлсөө урсган байж бүтээснийг хэдхэн товчлуур дараад талаар болгоно гэдэг аймшигтай. Цахим сүлжээгээр цацаж, сиди болгон зарснаар миний орлогоос хумсалж байгаа хэрэг.

Би ном ёсоор нь мөнгөө авсан бол өрөндөө өгнө шүү дээ. Манай киноны сидиг зарж байгаа залууд “Миний хийсэн кино. Заруулмааргүй байна” гэхэд “Та ав, ав” гэсэн. Хаанаас авсныг нь асуухад “Нарантуул” захад худалддаг гэсэн.

Тэнд нь очиж асуухад “Бөмбөгөр” худалдааны төвөөс авдаг хэмээсэн. “Бөмбөгөр”-өөс хайгаад олоогүй. “За больё. Нэг нөхрийг барьж авлаа гээд дахиад л өөр хүн худалдаж л таарна. Ингэж яваад нэмэргүй” гэж бодоод, хүчин мөхөстсөн.

-Одоо та өртэй юү. Тайван унтаж ч чаддаггүй байх даа.

-Нуугаад яах вэ, нэлээд хэдэн сая төгрөгийн өртэй. Утас дуугарахад хэн залгаж байгаа бол доо гэж түгшинэ. Гэхдээ би өртэй яваадаа гутрахгүй байна. Би бусдын мөнгийг идэж ууж дуусгаагүй.

Хийсэн бүтээл байгаа нь сайхан. Би нүүр бардам байна. Өр яах вэ, барагдаад л дуусна. Өвчин зовлонгүй л явбал боллоо.

-“Татар ажиллагаа” киноны үргэлжлэлийг хийх болов уу?

-Хоёрдугаар ангийг нь Колягийн аавынд, Улаан-Үдэд байгаагаар эхлүүлье гэж киногоо дуусгасны дараа ярьж л байсан. “Херо” энтертайнментийнхан, жүжигчин Г.Эрдэнэбилэг үргэлжлэлийг нь хийе гэж яриад л байгаа.

-Тэр киноны зураг авах үед болсон сонирхолтой явдлуудаас дурсахгүй юү?

-Миний унадаг пулёмёт ачсан “А-69” машин жинхнээсээ унтардаг юм. Явж байгаад нэг газар зогсоох л юм бол асахгүй. “Хөөе, түрээд өгөөч ээ” гэж хашгирдаг байлаа. Машин хулгайлах үеийн хэсэг их сонирхолтой.

Гитарчин Өлзий-Орших ах “Роллс ройс” машины жолооч болж тоглодог. “Роллс ройс”-ын эмблем доошоо хураагддаг гэдгийг бид хоёр мэддэггүй байсан. Зураг авч байхад би эмблем дээр нь дарж доош оруулчихаад сандарсан.

Өөжгий ах ч шоконд орж, зураг авалтаа үргэлжлүүлж “Чи машин яаж байгаа юм бэ” гээд л. Жүжиглэж байхдаа Өөжгий ах руу харахад өөдөөс хэлээ гаргасан. Би ч дотроо “Хүний машин эвдчихсэн юм биш байгаа” гэж их айсан шүү.

Нэг өвөө камер анзаараагүй, намайг л холоос ажиглаад байж. Тэгээд жинхнээсээ машин хулгайлчихлаа гэж бодоод хойноос хөөсөн. Тэгж бидний төлөвлөөгүй өвөө өөрөө зурганд орсон хэсгийг кинондоо оруулсан.

-Одоо та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх онд дэлгэцийн уран бүтээл гаргахаар зохиолоо янзалж байна. Санхүүгийн асуудал шийдэгдвэл инээдмийн кино гаргана даа.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.47 mundag baina, bayar hurgey. ta nar eejeesee ih avyas uvluj avchee

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба