М.Уянсүх: БИ НЭР АЛДРЫН ХААНААС хүн чанарынхаа боол байхыг илүүд үзнэ

2015 оны 12 сарын 01

“Дэлхийн яруу найргийн түүвэр”-т шүлэг нь багтсан уран бүтээлчдээс шилдэг зургаад багтсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Дархан хотод аж төрдөг яруу найрагч М.Уянсүхтэй цахимаар холбогдож ярилцлаа.

-Таны жинхэнэ нэрийг Сүхбаатар гэж дуулсан. Яагаад Уянсүх нэртэй болчихсон юм бэ?

-Миний жинхэнэ нэр М.Сүхбаатар гэдгийг утга зохиолын хүрээнийхэн одоо бараг бүгд мэддэг болжээ. Увс аймгийн “Тулга” сонины эрхлэгчээр ажиллаж байсан найз Г.Бадамсамбуу “Зүс бүгэг андууд” ном хэвлүүлэхийн өмнөх жил хотод ирж, бид манай эгчийнд шөнөжин ярьж хоносон юм.

Ид “шатаж” явсан үе л дээ. Тэгэхэд Бадмаа “Яруу найрагч хүнд Сүхбаатар нэр зохихгүй. Чи Уян гэдэг нууц нэртэй болчих. Гарын үсгээ таталсан ч гоё шүү дээ” хэмээдэг юм байна. Би дотроо жаахан эгдүүцээд хоцорсон. Явсных нь дараа бодож байтал нээрэн ч Уян гэдгийн ард аавынхаа өгсөн нэрний Сүхийг залгачихмаар санагдаж, бичиж үзтэл болмоор байсан.

Энэ нэрээрээ анх 1991 онд “Үндэсний дэвшил” сонинд “Цагийн салхи” нийтлэл хэвлүүлэхэд О.Дашбалбар агсан уншаад тухайн үед “Үндэсний дэвшил” сонин, “Уран зөгнөл, адал явдал” сэтгүүл эрхлэн гаргаж байсан З.Эрдэнэбатаар дамжуулж надтай уулзмаар байгаагаа хэлүүлсэн.

Яагаад ч юм бэ би тэр үед уулзахаас зугтсанаа одоо бодохоор гайхдаг. О.Дашбалбар агсан надаас хэт өндөрт байсан болохоор сүрдсэн ч байж мэднэ. Түүнтэй бүр сүүлд нь, 1996 онд нүүр тулж уулзсан даа. Энэ нь өөрийгөө яруу найрагч гэж тоож эхэлсний дараах анхны уулзалт гэвэл зохих байх.

Түүнээс биш, анх 1988 оны өвөл соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Норов багшийн бичсэн захиаг түүнд хүргэхээр МЗЭ-ийн хороон дээр очиж уулзаж байлаа. Тэгэхэд миний гурван шүлгийг үзээд “Яах вэ, чи бичих л хүн байна. Энэ шүлгийг чинь авлаа” гэсэн. Өөр юм хэлээгүй.

Тэгтэл их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 2-ны “Утга зохиол, урлаг” сонины дугаарт М.Сүхбаатар нэрийн дор миний “Ардын дуу” шүлэг нийтлэгдчихэж. Төв хэвлэлд жинхэнэ нэрээрээ нийтлүүлсэн миний анхны шүлэг тэр юм даа.

-Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөөд яагаад хотод үлдээгүй вэ?

-Би хотод үлдэх нь байтугай анхнаасаа оюутан болох ч дургүй байсан. Би Увсын Хяргас сумын уугуул боловч Улаангом хотод төрж, Хархираагийн ууланд өссөн хүн л дээ. Аравдугаар ангиа төгсөөд нутагтаа үлдэж, “Хархираа” амралтанд жирийн ажилчин болохыг хүсдэг байлаа. Гэвч зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу ээж минь зөвшөөрөөгүй юм.

Ээжийнхээ хүслийг дагаж оюутан болж, төгсмөгцөө нутаг руугаа яарсан. Уул, ус минь намайг даллаад байсан хэрэг. Яг үнэндээ бол би нэгдүгээр дамжаанд байхдаа Хархираагийн уулсаа санагалзан байж “Нартай бороо” анхны шүлгээ бичсэн юм. Өөрийн мэдэлгүй л биччихсэн. Тэр үеийг хүртэл өөрийгөө шүлэг бичнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа.

Харин сайн уншигч байсан. Учир нь миний төрсөн эгч М.Цэндхүү Увс аймгийн номын санд номын санчаас эрхлэгч болтлоо насаараа ажилласан. Шинэ ном гарах, “Утга зохиол, урлаг” сонины дугаар ирэх бүрт надад уншуулах гэж авчирна. Намайг багад А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, П.Хорлоогийн “Алт, Мөнгө хоёр” өгүүллэгийг уншиж өгдөг байсныг нь цээжлээд нөгөө “Түмний нэг” киноны Чимэд багш шиг худлаа дуржигнуулж ээжийгээ инээлгэдэг байлаа.

Тэгсээр сургуульд орохоосоо өмнө уншиж сураад номонд хорхойсож, нэг эхлүүлсэн бол дуусгахаас нааш санаа амрахгүй. Орой ээж гэрлээ унтраах гэж, би ном унших гэж зөрчилдөнө. Ээжийг гэрэл унтраачихвал би хашгирч, нэг бол чангаар дуулна.

Ээж тэсэлгүй инээд алдаад гэрлээ асаадаг. Шинэ ном олдсон шөнө манай гэрэл асаалттай хонодогсон. Хот, хөдөө урт хугацааны томилолтоор явдаг аавыг гэртээ байхад тэгж эрхэлж чадахгүй л дээ. Одоо эгч минь тэтгэвэртээ гараад нутагтаа амьдарч буй.

Нутагт минь намайг харуулдаж суугаа цор ганц хүн. Бас ааваас минь өөрцгүй хүргэн ах бий. Бусад ах, дүү Дарханд байгаа.

-Таныг чансаатай уран бүтээлч гэдэг ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ нь Дарханд амьдардагтай холбоотой юу. Улаанбаатарт үлдсэн бол таны амьдрал, уран бүтээлд хэрхэн нөлөөлөх байсан бол?

-1988 онд сургуулиасаа жилийн чөлөө авч нутгийнхаа Давст, Завхан суманд хэдэн сар багшлахдаа “Аврал эрсэн сургууль” нэртэй эсэргүү нийтлэл бичээд аймгийн Боловсролын хэлтэст дуудуулж, байцаагдаж байлаа.

Төгсөх дамжаанд байхдаа “Шинэ дэвшил” хөдөлгөөнд элсэж, Монголын үндэсний дэвшлийн намын гишүүн болж, анхны их хуралд тавих намын даргын илтгэлийг Ш.Алтангэрэл багш тэргүүтэй хүмүүстэй хамтарч, гурван шөнө нойргүй хонож бичилцсэн.

Тэгээд анхдугаар их хуралд оролцохоор Улсын циркийн зүг сургуулийнхаа оюутан гишүүдийг тэргүүлэн, алхаж байлаа. Тухайн үед би одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Үгийн хур” утга зохиолын нэгдлийн эрхлэгч байсан юм. Хавар нь төгсөөд Увс руугаа явж, уран бүтээлийн амьдрал руу эргэлтгүй шимтсэн дээ.

Уран бүтээлийн зүг чигийг тодоор зааж өгсөн багш бол манай сургуулийн декан байсан, Монгол Улсаас ОХУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Ш.Алтангэрэл. Түүний гадаадын уран зохиолын талаар уншсан анхны лекц одоо ч цээжинд бий.

Хотод үлдээгүй нь миний л тавилан. Надтай хамт явсан зарим “мүднякууд” (МҮДН-ынхан) гайгүй албан тушаалд байгаа сураг дуулдах л юм. Хотод үлдсэн бол би ч гэсэн хурган түшмэл болсон байхыг үгүйсгэх газаргүй шүү дээ. Ингээд бодохоор утга зохиол бол миний мэдлээс гадуур надад ногдсон зам.

Чи сая намайг чансаатай уран бүтээлч гэлээ. Миний уран бүтээлийн чансааг хэн ч тогтоогоогүй шүү дээ. Зарим судлаач үгээ хэлсэн боловч миний өмнө цаг хугацааны шалгуур өнөд хэвээрээ л байна. Тэгээд ч би олны анхаарлын төвөөс аль болох хол байхыг хичээдэг. Надад хүний анхаарал татах юм байхгүй.

-Тэгвэл Дархан хот таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Бурхантын хөндий, шүншигтэй, абшигтай нутаг. Энд би бараг бүх номоо бичлээ, бичсээр байна. Яруу найргийн “Намрын тунгалаг усан”, өгүүллэгийн “Аниргүй там” түүврээ бэлэн болгочихсон, ирэх онд хэвлүүлнэ.

Хүмүүс роман их бичдэг болж. Гэтэл 300 гаруй хуудастай “Аниргүй там” роман минь нэг л биш санагдаж, дотроос нь гурван өгүүллэг аваад, бусдыг нь устгачихлаа.

-Орос хэлний багш мэргэжилтэй гэсэн. Одоо ямар ажил хийдэг вэ?

-Төгсөөд мэргэжлээрээ хоёрхон жил ажилласан буюу Увс аймгийн Зүүнхангай суманд багшилсан. Дараа нь аймгийнхаа “Тулга”, Ховдын “Алтайн өглөө” сонинд ажилласан. Ховдод байхдаа 1996 оны өвөл аймгийн сонинг “Цацал” нэртэйгээр гаргаж, дараа нь “Ховдын мэдээ” болгосон.

Ууж, идэж ажлаасаа халагдаад, шарандаа “Ховд таймс” чөлөөт сонин гаргаж эхэлтэл аймгийн дарга нар эмээж, урьдын албанд буцааж томилсон хөгжилтэй түүх ч бий. “Янзага” хэмээх Б.Болдтой нийлж тус аймгийн сонин, телевизийг жинхэнэ утгаар хөл дээр нь босголцсон. Дарханд 2002 онд ирж нэг хэсэг ажилгүй байсан ч зүгээр суугаагүй.

“Асагч сарны шүлгүүд”, “Жаргах нарны туяа”, “Хэтийн заяат Ойрадын хязгаар”, “Хязгааргүйн дуулал”, “Яруу найрагч он цаг” номуудаа бичсэн. Намайг энд ирэхтэй зэрэгцэж, миний анхны бие даасан “Уйтгарт ертөнцийн хязгаарт сэвэгнэх хуучин өвс мэт шүлгүүд” номыг Монголын зохиолчдын эвлэлээс эрхлэн гаргахад мөн ч том урам авсан даа.

Тэр үед МЗЭ-д Х.Чилаажав, Ц.Буянзаяа хоёр голлох байр суурьтай байсан тулдаа л тэр шүү дээ. Одоо би ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байна.

Үүнийг би бурхны томилгоо гэж хүлээн авсан. Өмнө нь олон газар ажилласан ч гэсэн хамт олон дунд байхын сайхныг энд ирээд мэдэрч явна.

-Тайваньд болсон дэлхийн яруу найрагчдын хурлын сонин сайхнаас хуваалцахгүй юү?

-ЮНЕСКО-гийн дэргэдэх “Дэлхийн урлаг, соёлын академи”-аас тус хурлыг зохион байгуулдаг юм. Олон улсын нэр хүндтэй утга зохиолын доктор, профессорууд, Нобелийн энх тайвны шагналтан, ЮНЕСКО-гийн төлөөлөл гишүүн нь юм билээ.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай хоёр дэд Ерөнхийлөгчийнх нь нэг. Удирдах зөвлөлд нь яруу найрагчид олон байгаа учир сүүлийн үед яруу найрагт түлхүү анхаарал хандуулах болсон гэж ойлгож байна. 35 дугаар их хурлын Ерөнхийлөгч нь Тайваний алдарт яруу найрагч Юй Си. Тэрбээр Тайваны Дао И гэгээнтнээр өргөмжлөгдсөн, Г.Мэнд-Ооёо найрагчтай сэтгэлийн барилдлагатай анд юм билээ.

Биднийг Номхон далайн зүүн эргийн наран ургах зүгт байдаг бага хөлгөний сүмдээ угтаж, баруун эргийн Жанхуа боомтод үдсэн. Энэ их хурлын үеэр “Дэлхийн урлаг, соёлын академи”-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит “Гарамгай яруу найргийн төлөө” алтан медалийг А.Эрдэнэ-Очир хүртэж, “Дэлхийн яруу найргийн түүвэр”-т багтсан миний шүлгүүд шилдэг зургаад шалгарлаа.

Нууцаар санал хурааж, хамгийн сүүлчийн өдөр тодруулдаг болохоор батламж нь хараахан ирээгүй байна. Нэр дуудахад итгэмгүй санагдаж байлаа. Хүн гэгч дэргэдэхээ хардаггүй харалган амьтан юмсанж. Би Д.Нямсүрэн найрагчид зориулж, “Хамгийн сайхан бүхэн хажуу дэргэдээс эхэлдэг” гэж шүлэг бичсэн хэрнээ хажуудаа байгаа орчуулагчаа харалгүй, олон жил хайжээ.

Зулай гишгэж төрсөн эгч минь миний хайсан хүн байж. Яруу найрагч орчуулагчтайгаа хамт төрнө гэдэг ховор тохиолдол гэж хүмүүс ярьцгааж байна. Эгч М.Өнөрхүү Дархан хотын “Монгол-Оюу” сургуулийн гадаад хэлний тэнхмийн эрхлэгч. Намайг түүнээр шүлгээ орчуулуулж байгааг сонсоод “Дунд сургуулийн багш яруу найраг хөрвүүлнэ гэж юу байх вэ” гэх хүн таарч л байсан.

Тэрбээр дүүгийнхээ дотоод сэтгэлийг мэдэрч орчуулсан тулдаа л миний шүлгүүд үнэлэгдсэн байх гэж бодож байна. Миний шүлгүүд аль ч улс, үндэстний ямар ч хүнд байдаг дотоод сэтгэлд ойр буух учир өөр хэл рүү хөрвөхдөө дөхөм байсан болов уу.

Зарим хүн намайг Тайваниас ирсний дараа өөр нүдээр харах гээд байх шиг санагдсан. Өнөө муу Уянсүх байдгаараа л байгаа шүү дээ. Тэгээд ч би нэр алдрын хаанаас хүн чанарынхаа боол байхыг илүүд үзнэ.

-“Зүс бүгэг андууд” бүлгэм Монголын яруу найрагт үзэгдэл болсон, модернизмын эхлэлийг тавьсан тухай утга зохиолын хүрээнийхэн ярьдаг. Та тэр бүлгэмээ одоо хэрхэн дүгнэдэг вэ?

-Бидний ид халуун насны дүрэлзсэн нэг хором. Тэгсэн хэрнээ түүх болоод үлдчихэж. Гэхдээ бид ямар нэг тодорхой “изм” тунхаглаагүй гэж би хувьдаа боддог. Бидний хамтын шүлгийн түүвэр цаанаасаа л тэгж бүтэх тавилантай байсан мэт.

“Зүс бүгэг андууд” ном 1991 онд хэвлэгдсэн байтал 1995 он хүртэл Ц.Цэнд, Т.Баянсан хоёр нүүр тулж уулзаагүй явсан гээд бод доо. Одоо болтол бид бүгдээрээ нэг дор цуглаж үзээгүй явна. Гэтэл тэрнээс өмнө манай Б.Пүрэвсүрэн тэнгэрт хальчихлаа.

-Тэр үеийн яруу найргийн тухай бодол одоо өөрчлөгдсөн үү?

-Яруу найргийн тухайд би анхнаасаа нэг л бодолтой явсан минь одоо ч хэвээрээ. Өөрийгөө нээх, бусдад танигдах. Гэтэл өдөр ирэх тутам энэ бодолдоо эргэлзэж байна. Хүн насан турш өөрийгөө хайгаад ололгүй дуусдаг гэдэг үнэн юм шиг ээ.

-Та бүтээлүүдээ 100-300-хан хувь хэвлүүлдгийн учир юу вэ. Одоо үеийнхэн унших цаг нь болоогүй гэж бодсоных уу?

-Нэгдүгээрт, улиг болсон мөнгөгүйн зовлон, хоёрдугаарт, хүмүүс унших, эсэхэд нь эргэлзсэнтэй холбоотой. Танил биш хүний зүгээр л хэвлүүлээд дэлгүүрт тавьчихсан номыг олон нийт тэр бүр худалдаж авахгүй шүү дээ. Би бас өөрийгөө сурталчлах дургүй. Чадах ч үгүй юм билээ.

-Тэгвэл таны хүсэл юу вэ?

-Нам гүмхэн сууж, өөрийгөө туурвих...

-Танд өөрийгөө давтах айдас байдаг уу. Ер нь уран бүтээлчийн айдас гэвэл юуг хэлэх вэ?

-Айдас гэдэг өнө мөнхийн зүйл. Уран бүтээлч хүн өөрийгөө олохгүй төөрөлдөх вий гэхээс айдаг гэж би боддог юм. Өөрийгөө давтаж байна уу, үгүй юу гэдгээ нэг их шинжээд байдаггүй л дээ.

Учир нь сэтгэлд бүрэлдэж ханасан тэр зүйлээ л гадагшлуулдаг. Давтсан, эсэхийг хүмүүс хэлэх байх. Давтлаа гэхэд юу нь муу гэж.

-Зураачийн хамгийн том дайсан нь өөрийнх нь муу зургууд гэдэг. Одоо бодох нь ээ, өөрийнх гэхээсээ ичдэг шүлэг байдаг уу?

-Байхгүй ээ. Гэхдээ хэвлүүлсэн номнуудаа эргээд харахад сэтгэлд нэг л дутуу санагдаад байдаг юм. “Саран гүний тэнгис”, “Ухамсрын урсгал” хоёроо л гайгүй гэж тоодог доо.

-Хуучин толгойноос шинэ юм гардаггүй гэж хаанаас ч билээ уншсан юм. Та шүлэг, яруу найраг бичихдээ хэрхдэг вэ?

-Ийм, тийм шүлэг бичнэ гэж бодож бичсэн удаа тун ховор доо. Ганц нэг тийм тохиол бий. Ихэнх шүлэг өөрөө бичигддэг. Зүгээр л юм бодоод алхаж явахад толгойд бичигдээд байдаг юм. Зарим нэг нь намайг хэт бардаж байна гэж бодож магадгүй. Гэхдээ үнэн нь энэ.

-Танд уран бүтээлчдээс хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

-Уншсан ном бүр миний багш гэж би хэлнэ. Анхны багш бол намайг багад авга ах Г.Бандийн ярьж өгдөг байсан шидэт үлгэрүүд.

Хамгийн их нөлөөлсөн нь “Цовдлогдсон Прометей”, Галидасын “Үүлэн зардас”, А.С.Пушкины “Ахмадын охин”, Лу Синий “Намрын шөнө” өгүүлэг, Р.Акутагавагийн “Рашёмон”, Д.Намдагын “Үрэгдсэнийг хүлээгч” гээд л хөвөрнө.

Ямар ч муу номонд нэг сайн өгүүлбэр бий гэдэгт би итгэдэг. Тиймээс хэний ч бай, олдсон номыг алгасалгүй уншдаг даа.

-“Болор цом” наадмын талаар бодлоо хэлнэ үү?

-Би 1996 оноос хойш оролцсон. Энэ наадам өөрийгөө бараг л булшилчих шахаад байна. Анхнаасаа үзэгчдэд зориулсан наадам шүү дээ. Сонсож суугаа хүн шууд хүртэх тийм л шүлгүүд энэ наадмын амин сүнс.

Гэтэл П.Бадарчийн “Тэмээ”, Ц.Чимиддоржийн “Сэлбэ”, Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, Б.Ичинхорлоогийн нөгөө алдартай дөрвөн мөрт шүлгүүд шиг нь үзэгчид шууд сонсож, хүртэх бүтээлүүд байхгүй болчихоор юу болох вэ.

Бас дээр нь шүүлт нь үзэгчдэд эргэлзээ төрүүлдэг болсон. Хотоос дайжиж, хөдөөгүүр зохион байгуулах боллоо. “Болор цом”-ын жинхэнэ үзэгчид хотод л бий.

“Болор цом” бол нэг төрлийн яруу найргийн цэнгүүн шүү дээ. Гэхдээ Д.Урианхай, Б.Галсансүхийн шүлгүүдийг хүлээж авч байгаагаас үзэхэд бас ч гэж “Болор цом”-ын үзэгчдийн мэдрэмж өөр болсон нь харагдаж байгаа.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба