Заавал...

2015 оны 11 сарын 29

Автобус хүлээгээд бээвийж зогсохдоо “Амьтад шиг ичээнд нуугдаж, дулаарахаар ажлаа хийдэг байсан бол гоё” гэж найзуудтайгаа ярилцан, дараагийн цалин буухаар дулаан хүрэм авах юм шүү гэж бодлоо.

Гэсэн ч чадсангүй ээ, аахар шаахар асуудал тулгарчихлаа. Дараагийн цалин буух үед төрсөн өдөр минь таарна, бас гар утас, интернэт, кабелийн төлбөр гэсээр хүрэм авах мөнгө лав үлдэхгүйдэг ээ. Тэгсээр идэр ес ч эхэлж, энэ хүйтэнд дасчихна.

Дараа жил, дараа жил л яг хүрэм авна аа. Өнгөрсөн жил ч бас ингэж бодсон. “Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа” гэсэн шүлгийн мөр хаанаас ч билээ уншсан санагдана.

Хаашаа алга болчихдог нь мэдэгддэггүй мөнгөө дэмий үрж байхаар яаж ийгээд шавхаад ч болтугай дулаалчихвал уг нь амьд хүн аргатайсан. Өвөл жам ёсоороо болох нь ойлгомжтойгоос л хойш эртнээс л төлөвлөх байж гэж толгойгоо шаав.

Сар шинэ дөхөхөд зарим хөгшин энэ ч хүү ууц, тэр ч охин минь бэлгээ бэлдэнэ гэж, үр хүүхэд муутай нэг нь тэтгэврийн зээл авч тэвдэж байхад миний эмээ, өвөө бидэндээ багахан шиг дараа болохоо аль хэдийнээс тооцоолчихно.

Эмээ ээж минь нуруун дээрх ачааныхаа талыг аль зунаас л бага багаар хугасалж, Цагаан сарын бэлгээ базаачихаад, юмны үнэ тэнгэрт тулсан баярын улирлаар сэтгэл амар суудаг юм. Ер нь дараа гэж хойшлуулснаар асуудал шийдэгдэхгүй, маргааш гэж аргацааснаар ажил илүү хялбар болохгүй.

Үндэснийхээ баяраар дээлээр гоёсон хүмүүсийг харж бахдаж, би ч гэсэн дараа жил заавал өмсөнө дөө гэж хэчнээн ч жил бодов. Хүрэм авах ч дүүрч, одооноос л мөнгөө хямгадаж, ирэх Цагаан сараар заавал дээл өмсөх юм шүү. Заавал...

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба