Б.Шинэбаяр: Нуулгүй хэлэхэд эротик кинонд ч тогломоор байна

2015 оны 11 сарын 24

Бүдүүвтэр хоолой, бага зэргийн ширүүн төрх, дунд зэргийн нуруунаас нь болоод түүнийг Ромеогийн дүрд тохирох, эсэхэд эргэлзсэн хүн цөөнгүй.

Гэвч тэрбээр өвөрмөц тавилтай жүжгийн, Монголын гурав дахь үеийн Ромео байж чадлаа. 2013 онд СУИС төгссөн, “Аав” киноны дүрээрээ олны нулимсыг дуслуулсан Б.Шинэбаяртай уулзахад царай нь цонхийж, хоолой нь сөөжээ.

Өчигдрийн тоглолтын үсний гелиэ ч арилгаагүйгээс нь үзэхэд түүний бие тааруу байгаа бололтой. Тэрбээр хатгаа туссан гэнэ. Юу ч тохиолдсон уран бүтээлээ нэгдүгээрт тавих ёстой харгис урлагийн хатуу хөтүүгээс амсаж эхэлж буй нь энэ.

Гэхдээ аз болж УДЭТ энэ жүжгээ дөрвөн хоног завсарлажээ. Тус театрт хоёр дахь жилдээ студи ангийн жүжигчнээр ажиллаж буй түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Алдар нэр, хожим дурсагдах хүсэл, үзэгчдийн алга ташилтаас авах таашаалын аль нь таныг жүжигчин болоход илүү нөлөөлсөн бэ?

-Ижий, аавынхаа буяныг эдэлж, би өдий зэрэгтэй яваа. Тиймээс ямар нэг уран бүтээлд ажиллахдаа Баасанбуугийн Шинэбаяр гэж овог нэртэйгээ дуудуулах дуртай.

Энэ нь аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг биш ч гэсэн багахан ч болов баярлуулж, “Ийм хүү төрүүлсэн шүү дээ, миний хүү мөн дөө” гэж бодогдуулна. Тэр хэрээрээ миний сонгосон мэргэжлийг ойлгож, хүүгээрээ бахархаж эхэлнэ.

-Тэгвэл тоглосон киноны тань нээлтийн үеэрх алга ташилт, жүжигт тоглосны дараах алга ташилт ялгаатай юу?

-Ялгаагүй мэдрэмж. Бүр үнэхээр мундаг хэсгүүдтэй бол хүмүүс киноны дундуур алга ташдаг л даа. Гэхдээ ихэнх тохиолдолд дууссан хойно нь үзэгчид алга ташдаг.

Харин жүжгийн үеэр хүний сэтгэл хөдөлгөсөн мөч бүхэнд алга нижгэнүүлдэг. Алга ташилт их ид шидтэй. Нурмайчихсан байхад сэргээж, сандарвал урам зориг хайрладаг.

-“Ромео, Жульетта”-гийн нээлтийн өмнө өөртөө юу гэж хэлж зоригжуулав. Энэ жүжгийг нэлээд олон өдөр дараалан тоглож байна. Нээлтийн өдөр авсан мэдрэмж дараах тоглолтуудынхаас өөр үү?

-Нээлтийн тоглолтыг ахмад жүжигчид, 1966, 1996 онд тоглосон “Ромео, Жулетта”-гийн уран бүтээлчид, театр судлаач зэрэг урлагийнхан гол төлөв үзсэн. Бидний тоглосон нь өмнөх хоёртойгоо харьцуулагдах нь ойлгомжтой. Оюутан байхдаа өөрийгөө “Ромеогийн дүрд тохирохгүй.

Бүдүүн, баргил хоолойтой тул Отелла, “Гуравдугаар Ричард” жүжгийн Бекингем ван зэрэгт тохирно” л гэж боддог байлаа. Энэ дүрийг аваад баярлахаасаа илүү би ямар том хариуцлага хүлээх нь вэ гэж их айсан. Хүн баярлахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.

Тоглолтод орохоосоо өмнө “Тайзан дээр гарч л байгаа бол өөрийгөө харуулах ёстой. Энэ дүрд тоглож л байгаа бол өөрийгөө Ромео гэж төсөөлж бүхий л бололцоогоо дайчлах ёстой. Надаас өөр хэн ч биш” гэж хэлж, итгэж, үнэмшсэн.

Нээлтийн тоглолтын үеэр тэр бүх мэдрэмж давхцахын дээдээр давхацсан. Эхний өдөр тайвширч чадахгүй байсаар жүжгээ төгсгөсөн дөө. Гэхдээ сүүлдээ чөлөөтэй болж эхэлсэн л дээ. Тоглолт бүрийг шинэлэг, анхных юм шиг байлгаж, тоглолт бүрээс нэгийг хайж олох ёстой.

Түүнээс биш, нээлтийн дараах тоглолтыг жирийн үзэгчид үзнэ гэж хайнга хандаж, доромжилж болохгүй. Урьдын сандрал, жүжгээс мэдэрсэн бүхэн хэвээрээ.


-Яагаад таныг Ромеод сонгосон гэж бодож байна вэ?

-Найруулагчийн л шийдэл. “Намайг яагаад Ромеод сонгосон юм бол гэж бодож үзсэн үү” хэмээн найруулагч надаас асууж байсан. Би их бодож, олон гаргалгаа олсон. Гэхдээ үүнийг одоо хэлж болохгүй. Аажмаар тайлагдах байх.

-Илт мэдэгдэхгүй ч бусад эрэгтэй залуу жүжигчдээс атаархлын өнгө аяс мэдрэгдэж байна уу?

-Үгүй. Дотроо атаархаж л байгаа биз. Гэхдээ тэр нь уран бүтээлчийн цагаан атаархал байх.

-Хэн нэгэн бүсгүйг Ромео шиг тийм хүчтэй хайрлаж байв уу?

-Үхэхээс ч буцахгүй болтлоо хайрлаж байгаагүй ээ. Ромео, Жульетта хоёр 20 гаруй настай байхдаа уулзсан бол хор уутлаа, амь насаа гаргуунд нь гаргаж хайрлах байсан, эсэх нь эргэлзээтэй. Би их хүчтэй хайртай учирвал үхэх нь хаашаа юм бэ, сайхан хайрлаж, байгаа бүхнээ зориулна.

-Хосууд арга билэг шиг нийлж, биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж байж сайхан амьдарна гэдэг. Ирээдүйн эхнэр нь ямар байвал дутууг тань нөхөж чадах вэ?

-Цаг завтай байвал (Инээв). Эхнэр нь амттай хоол хийж, хувцас угааж, үйл мэтгэдэгтээ биш, нэгнийгээ ойлгодогт л гэр бүлийн бат бөх амьдралын нууц байдаг болов уу.

Миний мэргэжлийг ойлгодог, итгэдэг хүн надтай учирвал сайхан. Ажлын ачааллаас болж оройтоход ойлгож, эсрэг хүйсний хамтрагчтайгаа харилцахад хий дэмий хардалгүй, итгэдэг байх нь чухал.

-Хамтрагч гэснээс О.Дөлгөөнтэй жүжгийн үеэр хэд хэдэн удаа үнсэлцдэг хэсэг бий. Энэ жүжгийг олон өдөр дараалан тавьсан учир өдөр бүр л үнсэлцэж байгаа. Хэчнээн хамтрагч ч гэсэн ямар нэгэн байдлаар холбогдож байгаа. Ямар мэдрэмж төрж байна вэ?

-“Дурлаж байна уу, хүмүүс үнсэлцэхэд төрдөг мэдрэмжтэй адилхан уу” гэж зарим хүн асуух юм. Үнсэж байгаа нь жинхэнэ л дээ. Гэхдээ мэдрэмж төрдөггүй шүү дээ. Бид хоёрын ажил шүү дээ.

Дөлгөөнөө Жульетта байсан бол, би Ромео байсан бол яах байсан бэ гэдэг утгаар хандаж, тайзан дээр хэдэн цагийн турш тэдний дүрд хувирч байгаа. Тиймээс хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Дөлгөөний нөхөртэй жүжгийн дараа танилцсан. Урлаг ойлгодог, гоё залуу байна лээ.

-Олон шалтгаанаас болж театрыг цөөнгүй жүжигчин орхисон. Та УДЭТ-т хэр удаан ажиллах бодолтой байна вэ. Театрынхандаа, үзэгчдэд юу амлах вэ?

-Театр оршин тогтнож байгаа нөхцөлд би тэнд ажилласаар байна. Би Ромеод тоглоод нэг чухал зүйлийг ойлгож, их баярласан. Монголд ганцхан байдаг, Улсын драмын эрдмийн театр гэдэг урлагийн том байгууллагын түүхийг бичилцэж яваадаа их баярлаж байна.

Театрын түүхийг өнгөрсөн үеийнхэн, одоо цагийнхан, ирээдүй хойчийнхон цөм ярина. Театрын түүхийг бичилцэнэ гэдэг миний хувьд их үнэ цэнэтэй, бахархууштай. Энд хүссэн хүн бүр орж чадахааргүй өндөр босготой.

Босго өндөртэй гэдэг нь театрт ажилд орж тэнцэх, үгүйг хэлсэн хэрэг биш. Гол нь хэзээд бэлэн, дүрд тоглоход баримлын шавар шиг уян хатан байх ёстой гэсэн утгатай гэж ойлгодог.

-Б.Балжинням, И.Нямгаваа, Б.Баатар нарын найруулсан “19”, И. Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, Б.Чингүүний “Учрал” кино, Наранбаатарын “Ромео, Жулетта” жүжигт тоглолоо. Найруулагчдаас хэн нь танд илүү өгөөжтэй байсан бэ?

-Өөрсдөө жүжигчин болохоор ч тэр үү Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд ах “Аав” кинонд жүжигчидтэйгээ илүү тулж ажилласан. Би хүүхэдгүй болохоор тэр кинонд таван настай хүүхэдтэй “учраа олж”, хөтөлж тоглоно гэдэг хэцүү байсан. Юу ч тохиолдсон жүжигчид киноны зураг авах ажлаа үргэлжлүүлдэг бол хүүхдүүд “Миний нойр хүрээд байна. Унтлаа” гээд шууд л хэлнэ.

“Ганцхан удаа бичлэг хийчихье” гэхээр уйлдаг. Тэгээд л зураг авахаа маргааш болтол хойшлуулах хэрэг гарна. Өлгийтэй хүүхэд тэврэхэд хайр урсаад л байсан. Зодуулсан юм шиг нүүр будалттай байсан болохоор хоёр настай охины дүрд тоглосон хүүхэд надаас жийрхсээр байгаад таарсан даа.

Хүүхэд яг өөрийнхөөрөө, гэгээлэг, ямар ч толбогүй цагаан цаас гэсэн үг. Хүүхэдтэй хамтран тоглох гоё ч нөгөө талаар хэцүү юм билээ. Тэр бүрт Эрдэнэбилэг, Цэрэнболд ах зааж зөвлөсөн.

-Аав болоход бэлэн үү?

-“Аав” кинонд тоглосноос хойш аав болохыг хүсэж, мөрөөдөөд байна. Гэхдээ эхнэр болох хүнтэйгээ одоо танилцлаа гэж бодоход биенээ таньж мэдэхийн тулд хоёр, гурван жил зарцуулна. Юу, юуны туханд хүрэлгүй хүүхэдтэй болно гэж байхгүй.

Бүрэн гүйцэд биш юм аа гэхэд бие биенийхээ муу чанаруудыг мэдэлцсэн байх хэрэгтэй. Тэгж байж л хүнээс сайныг нь олж харна. Хүн ямар ч хүнтэй уулзсан сайныг нь олж харвал ажил хөдөлмөр, амьдрал илүү урагшилдаг юм шиг ээ. Хүн бүр л муу талтай шүү дээ.

-Ажиглах нь ээ, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар нар аав, ах зэрэг дунд насныхны, туслах дүрд тоглох болж, шинэ үеийнхэн төрж байна. Таны бодлоор театрын шинэ үеийнхэн ямар байх ёстой бол?

-Бидэнд ахмад, дунд үеийнхнээсээ суралцах зүйл их бий. Ах нарын хийх гэж байсан зарим үйл нь, хүссэн нь цаг үеэс шалтгаалж биелээгүй. Түүнийг нь бид үргэлжлүүлж, нөхнө.

-Мэдээж олон кино үзэж, жүжиг, зохиол уншсан байх. Тэдгээрээс тантай адилхан дүр байна уу?

-Байдаг. Гэхдээ миний дотоод ертөнц ийм, тийм учир өөрийгөө тэр дүртэй адилтгаж боддог гээд хэлчихээр би дэлгэсэн ном шиг болчих гээд байна. Өөрийгөө ийм, тийм хүн гэж хэлэлгүй нууцалмаар байна.

-Киноны санал ирж байна уу. Ямар кинонд тоглохоос татгалзана гэж боддог вэ?

-Миний тоглосон, өнгөрсөн зун зургийг нь авсан кино ирэх онд нээлтээ хийнэ. Бас нэг киноны санал ирсэн ч найруулагчтай нь ойлголцож чадаагүй. Жүжигчин л болсон хойно төрөл бүрийн бүтээлд заавал гол дүр ч гэлтгүй, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө эвдсэн дүрд тоглохыг хүсдэг.

Үргэлж драмын төрлийн кинонд тоглоод байвал үзэгчдийг уйдаана шүү дээ. Инээдмийн кино, нуулгүй хэлэхэд эротик кинонд ч тогломоор байна. Гол нь хэн, хэрхэн найруулах вэ. Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол чухал.

-Тэгэхээр шинэ найруулагчтай ажиллахгүй гэсэн үг үү?

-Ямар өнцгөөс найруулахыг нь асууж, ярилцана. Би бусдыг голох түвшний хүн биш л дээ. Гэхдээ анхнаасаа чанартай бүтээлүүдэд тоглосон гэж боддог.

-Уран бүтээлээс гадна юунаас аз жаргал, таашаал мэдэрдэг вэ?

-Алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч болно. Тухайлбал, найзуудтайгаа уулзаж, тэд “Миний найз” гээд л надаар бахархахад нь аз жаргал мэдэрдэг. Гэхдээ багын найзууд шүү. Хүн амжилттай явах тусам найзаас олон хүн байдаггүй юм байна.

Бас нэг мэдэхэд л олон багштай болчихдог юм байна. Дунд сургуулийн, надтай дуугарч, сүжирдэггүй байсан багш хүртэл “Шавьдаа хайртай шүү” гэх жишээтэй. Хүнд олон найз байх хэрэгтэй байх л даа. Гэхдээ ухаантай байж, учрыг нь ялгаж салгаж байх хэрэгтэй.

Инээсэн болгон нөхөр, уурласан болгон дайсан биш. Магтаалд ташааралгүй, шүүмж, зэмлэлийг өөртөө шингээж байгаад илүүг хийх ёстой.

-Хип хоп хамтлагтай байсан гэсэн үү. Энэ нь жүжигчний мэргэжлийг сонгоход хэр их нөлөөлсөн бэ?

-Их нөлөөлсөн. Урлагийн хүн болно гэдгээ багаасаа л мэдэрдэг байсан. Намайг сурагч байхад орц бүр хамтлагтай, амтай болгон шахам үглэдэг байлаа. Манай орц гэхэд л хоёр хамтлагтай байсан.

Найзуудтайгаа хамтлаг байгуулж, нэг хэсэг дуу, клип гаргана гэж хийрхэж хичээлээ тасалж байсан ч боловсролгүй бол ганц сонирхлоо хөөгөөд хоолоо олж идэж чадахгүй гэдгийг удалгүй ойлгосон.

Лудакрис, Ти. Ай, Нэлли нараас үлгэр жишээ авч, тэдэн шиг кинонд тоглодог хэрнээ хип хоп үглэдэг болно л гэж боддог байлаа. Манай хамтлагийн хайрын сэдэвтэй дуу хүртэл нийгэм рүү хандсан үгтэй. Бид зургаан дуу, нэг клиптэй. Хип хоп үглэснээр дууны үг бичихээс эхлээд ихийг сурсан. Одоо ч сонирхлоо үргэлжлүүлнэ гэж боддог.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.67 shan yriltslaga bn amjilt
202.70.46.210 uhaalg l um
202.70.46.210 uhaalg l um
202.70.46.210 uhaalg l um

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба