Э.ЭНХМӨНХ: МОНГОЛ ҮХРИЙН МАХАА ДЭЛХИЙД ТАНИУЛАХЫГ ХҮСДЭГ

2015 оны 09 сарын 23

Хятадын хамгийн олон үзэгчтэй “The Brain” шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, 2014 онд Ой тогтоолтын өсвөр насны ангилалд дэлхийн аварга болсон Э.Энхмөнх оролцохоор болжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өөрийгөө танилцуулахгүй юү?

-“Арвис” дунд сургуулийн ХII ангид суралцдаг. 2013 оны арваннэгдүгээр сараас Оюун ухааны академид суралцаж, хоёр сарын дараа тамирчны түвшний 10 төрлөөр хичээллэж эхэлсэн. Мөн оныхоо гуравдугаар сард Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр олон улсын уралдаануудад оролцох үүд нээгдсэн.

-Ямар амжилт үзүүлж байв?

-Энэтхэг, Филиппин, Хонконгод болсон олон улсын тэмцээнүүдийн дунд насны ангилалд өрсөлдөж хоёр мөнгө, нэг алтан медаль хүртсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-13-нд зохион байгуулсан, 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ухаанаа сорьж, насны ангилалдаа аварга болсон. Монголоос 13 тамирчин оролцож, Ө.Сэнгэсамдан ах нийлбэр оноогоороо 10 улсын 180 тамирчнаас гуравт, би наймдугаарт жагссан.

-Ой тогтоолт шалгах олон төрлөөс алинд нь илүү дуртай вэ?

-Таван минутад 52 хөзөр дарааллаар нь цээжлэх болон сонсголоор ой шалгах төрөлд дуртай. Нэг секундэд англиар цифр хэлж, үүнийг 100, 300, 400 секундэд дарааллаар нь зөв тогтооно гэсэн үг.

-Монгол хүүхдүүд ийм өндөр амжилт үзүүлдгийн нууц юунд байна вэ?

-Оюун ухааны академийн Б.Баасандорж багш “Монголчууд оюуны чадамжаараа дэлхийд тавдугаарт жагсдаг ч үүнийгээ ашигладгаараа хойноосоо тавдугаарт ордог” гэсэн. Монгол хүн аливааг хурдан сурдаг. Т.Энхжин, Э.Пүрэвжав, З.Цэцэгзул, А.Анударь нарын надтай зэрэг шахам хичээллэж эхэлсэн хүүхдүүд дунд насны ангилалд өндөр амжилт үзүүлдэг.

Бид гадаадын олон жил хичээллэсэн, цалинждаг, насанд хүрсэн тамирчидтай хүртэл өрсөлддөг. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Америкт дэлхийн 24 шилдэг тамирчны халз тэмцээн болсон юм. Үүнд дунд насныхнаас зөвхөн Т.Энхжин бид хоёр оролцсон.


-Мэргэжлээ сонгосон уу?

-Хүмүүстэй харилцах соёл, биеийн хэлэмжийн талаар уншиж судлах тусам сонирхолтой санагдаж, сэтгэл зүйч болохыг хүссэн. Даанч энэ мэргэжлийн ажлын байр Монголд ховор болохоор ээж, аав дэмжилгүй, инженер, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах нь ирээдүйтэй гэж зөвлөсөн. Одоогоор мэргэжлээ сонгоогүй байна.

-Ой тогтоолтын спортоор хичээллэснээр амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

-Аливааг өөр өнцгөөс харж, өвөрмөцөөр сэтгэдэг болсон. Утасны дугаар, хүний нэр зүсийг марталгүй тогтоож, хичээлдээ ч сайжирсан.

-Хятадын шоунд оролцохоор болсон гэж дуулсан. Яагаад чамайг сонгосон юм бэ?

-Наймдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлж, Ө.Сэнгэсамдан ах Азийн аварга болж, би насныхаа ангилалд дэд байрт шалгарсан. Хятадын хамгийн олон үзэгчтэй, шинжлэх ухааны шагнал авч байсан шоуны зохион байгуулагчид энэ үеэр бидэнд санал тавьсан юм.

Тэд намайг сонгосон уу, эсвэл манай академиас нэр зааж оролцуулахаар болсон уу гэдгийг мэдэхгүй. Хүний тархи ямар чадамжтайг шалгаж, хүмүүсийг алмайруулах зорилготой шоу юм билээ. Би Европ, Австралийн хүүхэдтэй баг болж, гурван хятад тамирчинтай өрсөлдөнө.

Энэ сарын 28-нд шоуны багийнхан Монголд ирж, миний тухай богино хэмжээний баримтат кино хийнэ гэсэн.

-Багийнхаа гишүүдтэй холбоо тогтоосон уу. Ямар даалгавар өгөхийг нь шоуны үеэр зарладаг уу?

-Шоу ирэх оны гуравдугаар сарын 6-нд болно. Хоёрдугаар сарын сүүлчээр өрсөлдөх төрлийн чиглэл өгнө. Тэр үед л багийнхаа тамирчидтай холбогдоно. Өмнөх шоуг үзэхэд 100 төрлийн шоо эвлүүлэх, оролцогчдод нэг өндөг харуулчихаад 200 өндөгний дотроос ялгуулах, төөрдөг байшингийн дээрээс харсан план зураг тодорхой хугацаанд ажиглуулаад дотогш оруулах зэрэг даалгавар өгч байсан юм билээ.

Зурагтай 200 ширхэг дэвүүр үзүүлж, нугалахад ийм дүрс гарч ирэхийг нь ол гэсэн даалгавар өгсөн нь сонирхолтой санагдсан.

-Шоунаас өмнө ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-ын Сычуань мужид зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа нэгд үгээр байр эзлэх зорилго тавьж, бэлдэж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

Монголын нүүр царай болсон алдартай брэнд бий болгож, дэлхийд таниулахыг хүсдэг. Монголын мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, үхрийн махыг гадаадад импортолдог болох алс холын зорилго бий.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба