Э.ХҮРЭЛБААТАР: Уншигчид миний нийтлэлээр амьсгалахад машиныхаа түлхүүрийг эргүүлж, исгэрмээр санагддаг

2015 оны 09 сарын 21

“Сэтгүүлчид бусад салбарынхнаас бага, яаж амьдралаа болгодог юм бэ гэмээр цалинтай. Анх сэтгүүлч болчихоод автобусны мөнгөгүй үргэлж алхахаар гутлын ул дороо цоорчихно. Уландаа өргөстэй юм уу гэж эхнэр гайхдаг. Сард гурван гутал элээнэ.

Тооцож үзэхээр энд тэндээс мэдээ авсаар өдөрт 20 гаруй км алхсан байдаг. Гэсэн ч сайн нийтлэл бичвэл тэр өдөртөө л сэтгэл санаа үүлгүй тэнгэр шиг цэлмэж, тэр тухайгаа эхнэртэйгээ гангар гунгар ярилцан харих хамгийн гоё” хэмээн саяхан БАЛДОРЖ шагнал хүртсэн Э.Хүрэлбаатар хэлсэн.

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн хэлсэн нь энэ буюу. Э.Хүрэлбаатартай ярилцсанаа хүргэе.

-БАЛДОРЖ шагналыг “Өдрийн сонин”-ы Хүрэлбаатар авсан гэх цуу яриа ёслолын ажиллагаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө тарсан. Та энэ тухай дуулсан уу?

-Би жилд 20 гаруй удаа хөдөө явдаг хэрнээ энэ жил сууриндуу өнжсөн. Шалгаруулалтын сүүлийн шатанд ямар нийтлэлээ өгөх вэ гэж бодож, бодож бөгтөр бөхөнгийн тухай болон Хануйн бага сургуулиас бичсэн сурвалжлагаа өгсөн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургууль 1950-иад оны үеийн дүнзэн байшинтай. Ангиар нь оруут 200 литрийн торхнуудыг гагнаж хийсэн зуухтай, ханаар дүүрэн хүүхдүүдийн бүтээлийг наасан, хэдий хуучин загвартай ч бүх юм нь сэтгэлээс бүтсэн халуун дулаан санагдсан.

20 гаруй хүүхэдтэй сургуулийн нэг анги гурав, дөрвөн сурагчтай. Тэд хичээлдээ их сайн, аймгийн олимпиадад олон удаа түрүүлж байжээ. Энд Улаанбаатарт очиж үзсэн хүүхэд нэг ч байхгүй. Гуравдугаар ангийн нэг сурагч “Улаанбаатарыг дэлхийн хамгийн том хот гэж боддог” гэснээр нь гарчигласан сурвалжлага юм.

“Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” нийтлэлээ шилдэг 10-т багтана гэж горьдсон ч гран при хүртэнэ гэж бодоогүй. Шагнал гардуулах ёслол эхлэхээс цагийн өмнө хувцсаа өмсөж байтал ажлын ах “Хүрлээ чи үг хэлж магадгүй юм байна. Дотроо бодож байгаарай” гэж утасдсан.

2013 онд шилдэг 10-т багтсан ч тухайн үед Ховдын Алтай, Үенч, Булган суманд сурвалжлагатай яваад очиж чадаагүй. Өмнө нь очиж байгаагүй болохоор шилдэг 10-т багтсан хүмүүс үг хэлдэг юм болов уу гээд нэг их юм бодоогүй. Монголын нэр нөлөө бүхий хүмүүс ярайтал суучихаж. Шилдэг 10-ын нэрийг сүүлээс нь эхлэн дуудаж, Б.Ганчимэг эгч нэлээд хойгуур орохоор нь “Би яана даа” гэж айсан ч урилга өгсөн юм чинь шагнал авсан байх гэж бодсон.

Эхний байруудыг зарлаж эхлэхэд зүрх өөрийн эрхгүй савлаж, гарын хөлс урссан. Тэр үед л “Миний цагаан зээрийн тухай цуврал нийтлэл сайн болсон шүү дээ, би түрүүлсэн юм биш байгаа” гэж бодогдоод болдоггүй. Нүдээ аниад тонгойсхийгээд сууж байтал яг миний нэрийг дууддаг юм байна. Үнэхээр их баярласан. Энэ шагналыг авахсан гэж хааяа гэгээн мөрөөддөг байлаа.

-Дараагийн мөрөөдөл юу вэ?

-Нийгмийг донсолгосон маш нууц асуудлыг “дэлбэлж”, ил гаргамаар байна. Сэдэв нь байгаа, судалгаа хийгээд, сэтгэлдээ зураад явж байна. Бүтэх, үгүйг нь мэдэхгүй ч мөрөөдөж л явна даа.

-Шагналынхаа мөнгөөр юу хийхээ төлөвлөсөн үү?

-Намайг өдий зэрэгт өсгөж, хүмүүжүүлсэн ижий, аав минь Төв аймгийн Эрдэнэсант сумын Тольтынхоо аманд намаржиж байгаа. Тэдэндээ туулах чадвар сайтай, өндөр, зөөлөн явдалтай машин авч өгөхсөн гэж дээхнээс бодсон юм. Ачааны жижиг тэрэгтэй ч хот руу явахад тохь тух муутай. Зун ач, зээ нараа хамж нутаг буцахдаа хүний машин гуйдаг юм.

-Та шагнал аваад баяртай байна. Харамсалтай нь энэ мөчид ч гэсэн цагаан зээр үхэж л байгаа. Танд юу бодогдож байна вэ?

-Үнэхээр өр эмтрэм, зүрх шимширмээр. Ашиг хонжоо харж, хоногийн хоолоо байгалиас үнэгүй хүртэх гэж улайрч байгаа тэр анчид оюун ухаант хүн хэрнээ араатны авиртай, яг л зээр барьж байгаа чоно шиг санагдсан. Одоо яг л ангийн улирал эхэлж байна. Цагаан зээр агнахыг бүр зогсоож, хамгаалахсан гэх бодол төрж, эмзэглэж байна.

-Сэтгүүлчийн нийтлэл олон нийтэд хүрч, хуулийн хэрэгжилт, бодлогод нөлөөлөх нь бий. Хүмүүс уншаад ямар өрөвдөлтэй юм бэ гэж бодоод л өнгөрөхөөс биш, амьтны эрхийг хамгаалахсан гэж жагсах ч юм уу тодорхой ажил тэр бүр хийдэггүй. Уншигч ямар үүрэгтэй бол?

-Хүн бид байгалийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Хууль бус ан хийж буй нөхдийг хууль хяналтын байгууллагад мэдэгдмээр байна. “Нөхөр минь ажил хийж хүнсээ худалдаж ав, байгалийн хишгээс хэчнээн жил хүртэх гэсэн юм бэ, үүнд хэмжээ хязгаар бий. Чамд ийм сайхан тэнэгэр уудам эх орон заяаж байхад яагаад түүнд зэрлэг хандаж байгаа юм бэ” гэж малчид нэгэндээ шаардлага тавиасай.

Хууль хяналтын байгууллагынхан зөвхөн өрөөндөө суугаад байлгүй, газар дээр нь ажиллаасай. Хялганы өвс найгасан Дорнод Монголын шаргал талд л цагаан зээр байна. Хамгийн харамсалтай нь монголчууд зээрээ үргээж, хоёр хөршийнхөн хилээ нээж үй олноор нь оруулсаар байна. Орос, хятадууд зэрлэг амьтдад зориулж тэндээ цөөрөм, байгууламж хүртэл хийгээд эхэлчихлээ.

-Амьтан хайрладаггүй сэтгэхүйг нь өөрчлөх боломжтой болов уу?

-Ядуу айлын тогоонд цагаан зээрийн мах буцалж байвал би буруутгахгүй. Харамсалтай нь Монгол Улсын нэр хүндтэй уяачид, компанийн захирлууд адуучдаасаа малынхаа махыг харамлаж, цагаан зээрээр хүнс хийж өгч байна. 2000 мал хотлуулчихсан айл бага гэртээ цагаан зээрийн мах тэвхийтэл өрчихөөд түүнээсээ хоол хийж байгаа нь харамсалтай.

Хамгийн гол нь захиргааны байгууллагууд болон холбогдох хүмүүсийн дунд төсвийн мөнгө халааслах сүлжээ бий болж, шүлхийгээр далимдуулж цагаан зээрийг хэлмэгдүүлж байна. “Цагаан зээрээ идээд бай. Дорнод Монголын сайхан тал нутгийн өвсийг тэд дуусгалаа. Шүлхий өвчин тараалаа” гэж тэд малчдад ухуулга хийдэг.

Насаараа хөдөлмөрлөж өсгөсөн малнаас нь устгаад байхаар малчид өөрийн эрхгүй цагаан зээрийг үзэн ядаж эхэлдэг. Буруу ойлголтыг нь засах хэрэгтэй. Араатан шинжтэй хүмүүст байгалийн хууль эргээд үйлчлэх байлгүй дээ.

-Та 1987 онд төрсөн юм билээ. Энэ салбарт ажиллаад 10 жил болж байгаа гэсэн. Тэгэхээр 18 настайгаасаа сурвалжлагчаар ажилласан гэсэн үг үү?

-Би багадаа шүлэг бичих гэж оролддог, аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцдог байлаа. Манай ах Бат-Орших МҮОНР-д ажилладаг юм. Хотод ахынд ирэхээр Цагдаагийн ерөнхий газраас ийм мэдээ аваад, Төрийн ордонд очиж УИХ-ын тийм гишүүнтэй уулзаад, энэ бөх, тэр алдартнаас ярилцлага аваад гэж ярихад нь их гоё санагдаж, долдугаар ангиасаа л сэтгүүлч болохыг хүссэн.

Хоёрдугаар дамжаандаа “Нийгмийн толь” сонинд ажилласан. Анхнаасаа эрэн сурвалжлах чиглэлээр бичих ёстой байсан юм шиг ээ. Нийгэм эдийн засгийн хэлтэст байсан хэрнээ дандаа аливааг шүүмжилж бичдэг байсан.

-Эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг хүн бусдын алдаанаас их суралцдаг байх.

-Ганган хувцас, гоё машинтай, сайхан ажилтай, боловсролтой залуучууд Монголд олон бий. Тэдэнд ганцхан дутагдал байна. Харын сэтгэлээс, хэдхэн секунд уураа тэвчиж чадаагүйгээсээ болж гэмт хэрэгт холбогдож амьдралдаа хар толбо үүсгэж байна. Гэмт хэрэг ийм тийм үр дагавар авчирдаг гэдгийг уншигчдад ойлгуулах зорилгоор бид мэдээлдэг.

Цагдаагаас мэдээлэл авснаа, гэмт хэргийн мэдээг бусдаасаа түрүүлж гаргаснаа зарим сэтгүүлч эрэн сурвалжилж байна гэж ойлгодог. Монголд энэ чиглэл ерөөсөө хөгжихгүй, нууцад нэвтэрч, эрэл хайгуул хийхгүй байна. Тухайлбал, Хятадад тарьдаг төмсийг юугаар борддогийг хавар нэг очиж, намар дунд нь ажиллаад ч юм уу, хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлах хэрэгтэй байна.

-Бусдын булхайг илчилдэг болохоор шүүхэд дуудагдахаас эхлээд утсаар загнуулах зэрэг дарамт ихтэй байх. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-“Аятайхан байгаарай, ална шүү” гэж утсаар сүрдүүлнэ, эсвэл “Яг одоо бөө, ламаар чамд хараал хийлгэж байна” гэж сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдоно. Тэр бүхэнд бухимдаад айгаад байвал сэтгэлд сэвтэй учир тоохгүй өнгөрдөг.

-“Халуун пийшин дээр нэг удаа суусан муур хүйтэн байхад нь ч гэсэн дахиж суудаггүй” гэдэг юм билээ. Танд хэзээ ч дахиж оролдохгүй гэж боддог сэдэв бий юү?

-Бидний бичсэний ард олон хүний хувь тавилан бий. Тиймээс бүх эх сурвалжаас мэдээлэл авч бичихгүй бол нэгийнх нь үгээр үг хийж, гэмгүй хүнийг нийгмээр үзэн ядуулах аюул байдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

-Тэгвэл мэргэжил нэгтнээсээ хэзээ хамгийн их ичиж байсан бэ?

-Манайханд нэг алдаа байна. Өөрсдийгөө хийж бүтээж чадаж байна гэж дотроо үнэлж болно л доо. Гэхдээ олон хүн цугларсан үед өөрийгөө магтаж, би ийм ч зүйл бичсэн, тийм ч мэдээлэл анх олсон гэж дөвийлгөхөөр нь санаа зовдог. Үнэхээр л бусдаас тасархай сайн бичсэн бол хүссэн хүсээгүй тэр хүнийг нийгэм даяараа мэднэ шүү дээ.

-Та залуу, халуун насаа сэтгүүл зүйд зориулж яваа. Гэртээ долоогоос илүү хоног тогтолгүй хөдөө орон нутгаар явдаг гэсэн. Сэтгүүл зүйгээс ямар хариу хүсэж байна вэ?

-Мэдээж, хүн бүрт хүндлэгдсэн мундаг сэтгүүлч болохыг хүсэлгүй яах вэ. Энэ мэргэжилдээ би үнэхээр хайртай. Салбар бүрийн сайн муу хүнтэй уулзаж, найз нөхдийн хүрээгээ тэлдэг. Монгол Улс даяараа зөвхөн миний нийтлэлээр амьсгалж, баярлаж гуних мэдрэмж хамгийн гоё. Тийм үед машиныхаа түлхүүрийг эргүүлээд, редакцдаа исгэрээд явмаар санагддаг.

“Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж нэрт сэтгүүлч Ц.Балдорж гуай хэлсэн байдаг. Үйл явдлын нэг үзүүрээс нь барьчихаад мөрөөр нь хөөдгөөрөө цагдаатай төстэй. Цагдаагийн нэгэн хурандаа дуудаад “Чи өмнө нь цагдаа байсан уу. Би хэргийн газар очихоор л “Өдрийн сонин”-ы сэтгүүлч хүмүүстэй уулзаад байна гэдэг. Дараа нь бичсэнийг чинь уншихаар хэрэгтнийг яаж барих вэ гэж миний мөрдсөнтэй адил арга барилаар хөөсөн байдаг” гэсэн.

-Хөдөөгүүр явахад хүндрэл бэрхшээл нэлээд тохиолддог биз?

-Үйл явдлын талаар сонсоод шууд л автобусанд суугаад аймаг орж, тэндээсээ сум, сумаасаа баг, орон нутаг руу морь, мотоцикль, машин гээд тааралдсан унаагаараа очно. Одоо “3G” сүлжээ ашигладаг болжээ. Хэдхэн жилийн өмнө бол мэдээгээ редакц руугаа илгээх боломжгүй, нөүтбүүкт бичсэнээ банкны сүлжээгээр явуулах гэхээр гацаад болдоггүй байсан.

Говь-Алтайн Дэлгэр сумын нутгаас алт гарч, хүрз, жоотуутай нинжа нар бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нартай байлдах шахам болоход дунд нь зогсож байлаа. Орон нутгийн хөлчүү залуус хотоос ирсэн гэж агсамнах бол наад захын л асуудал.

-Өдөр тутмын сониныхны хувьд өглөөний шуурхай хурал хамгийн гоё, бас аймаар. Тэнд л бусад сэтгүүлчээсээ магтаал сонсож, бас алдаагаа хэлүүлдэг. Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-Эрэн сурвалжлахаас гадна өөр чиглэлээр бичиж чаддаг гэдгээ үзүүлж, хүчээ сорихоор Минжийн хангайд 10 гаруй хоног явж сурвалжлага бэлтгэсэн. Хөвчийн хар хочтой, 20 гаруй жил байгаль хамгаалагчаар ажилласан хүнтэй уулзсан юм. Тэр хүн Монголын тайгын нууцыг дэндүү сайн мэддэг, хилийн тагнуулынхан, төр засгийнхан судалгаа хийх бол зөвхөн түүгээр газарчлуулдаг юм билээ. Монгол хэчнээн сайхан хөвчтэйг тэнд л мэдэрлээ.

Шуугисан усанд том том загас сэлээд л, “Бэмби” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг олон төрлийн амьтад ойд цугларсан байсан. Уулын хойд энгэрт бамбаруушаа дагуулсан баавгай явж байхад энд туулай дэгдэж, тэнд хэрэм гүйлдээд яг л үлгэрийн орон. Байгаль хамгаалагчид хууль бус анчдын бууг хурааж, буудалцаж заримдаа тэдэнд барьцаалуулдаг юм билээ.

“Хөвчийн хар аа чамайг ална” гэж модон дээр, урцных нь ханан дээр энд тэндгүй бичсэн байсан. “Хөвчийн харыг хаа таарсан газар нь өчиггүй бууд” гарчигтай тэр сурвалжлагыг дүрслэл сайтай, тийм хүн байдгийг нээж гаргасан нь сайшаалтай гэж хүмүүс магтсан. Өглөөний хурал ч хэцүү шүү.

Өөрт тааруухан санагдсан материалыг хэн юу гэх бол гэж шаналаад, гайгүй хийсэн дээ гэж бодсоныг нь шүүмжлэхээр хаалгаар биеэ даахгүй шахам гарна. Хурлын үеэр бүх сэтгүүлч миний бичсэнийг дэлгэчихсэн уншиж суухыг харах сайхан санагддаг шүү.

-БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ж.Гангаа агсны тухай дурсахгүй юу. Та хоёрт ямар нэгэн нандин холбоо байв уу?

-Хоёулаа Төв аймгийнх. Анх уулзахад нутаг ус ярьж, манай Төв аймгийнхан нутгархах үзэлгүй тийм ээ гэж байлаа. Гангаа ах аймгийн заан, би бөхийн хорхойтой, хүүхэд байхдаа барилддаг байсан болохоор тэр сэдвээр их ярилцдаг байсан.

Нийтлэлдээ сэтгэл хөдлөлөө оруулж бичихээр “Яг байгаагаар нь бич” гэж захиж, хөдөө явах болоход ноорхой хувцастай, хийморьгүй харагдсан нэгэн ч нутгийнхаа нөлөө бүхий хүн байж магадгүй гэж зөвлөж байлаа. Нунж дорой нэг эр таарахад ахын хэлсэн үг бодогдож уулзахад үнэхээр сумынхаа ИТХ-ын төлөөлөгч байж билээ.

-Таны эхнэр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч. Та хоёр оюутан байхдаа нэг ангид суралцаж, магистраа хүртэл хамт хамгаалсан юм билээ. Яагаад өөр өөр газар ажилласан юм бэ?

-Нэг дор ажиллавал хүмүүс хувь сэтгүүлч гэж харахаас илүү гэр бүл гэх өнцгөөс хандана. Оюутан байхад тийм зүйл ажиглагддаг байсан. Эхнэр минь онц сурдаг, би залхуу байлаа. Өөрөө хичээгээд хийхээр Энхмартаар бичүүлсэн гэж хүмүүс харддаг байсан.

-Юу хийж бүтээгээгүй бол өвгөн болсон хойноо харамсах вэ?

-Эрх мэдэлтэй, хөрөнгөтнүүдийн талд шүүхийн шийдвэр гарч, эрх нь зөрчигдсөн, хамгаалах аргүй хохирсон хүн олон байдаг. Би болон манай сонин тийм хүмүүсийг хамгаалж, хууль бус хэргийг олон нийтэд ил болгох гэдэг. Аль болох олон хүний буруу эргэсэн хувь тавиланг зөв голдиролд нь оруулахсан гэж хүсэж байна.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.171 hanuin dund surguuliin suragchdiig uneheer nudend haragdtal saihan bichsen bnlee unshaad bur neg deer ue ruu yavchihsan uym shig setgegdel turj bsan amjilt husye
49.0.186.177 Мундаг сэтгүүлч, хувь хүн талаасаа ч мундаг, эрхэм нэр нэгт ахдаа амжилт хүсье
202.131.235.234 Amjilt amjilt
103.10.23.45 amjilt
202.55.183.108 Mundag setguulch bna bayr hurgii
112.72.11.134 цаашдын ажилд нь амжилт хүсье

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба