Б.Гүнбилэг: Сонгуулийн тойрог том байх ёстой

2016 оны 04 сарын 28

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээс тодрууллаа.

-Пропорциональ буюу хувь тэнцүүлэх системийн талаар Үндсэн хууль дүгнэлт гаргачихлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийг батлахдаа хууль тогтоогчид пропорциональ системээр УИХ-ын сонгууль явуулахгүй гэж үзсэн байна гэдгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байна.

-2012 онд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд гомдол гаргасан байдаг. Тухайн үед пропорциональ тогтолцоо болно гээд шийдчихсэн биз дээ?

-Иргэдийн гаргасан гомдолд үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт болон тогтоолыг харахад маргааны агуулга нь жагсаалтаас шилжин орох тухай заалтуудыг хүчингүй болгох, эсэх байдаг. Пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гээд Цэцэд өгөхөд маргаан үүсгээгүй гэж ярьж байгааг хэлж мэдэхгүй.

2012 оны гуравдугаар сарын 28-ны Цэцийн дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ “Улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигч өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байна” гэсэн байдаг. Тэгэхээр энд 28 нэр дэвшигчийн тухай дурдаад, пропорциональ тогтолцоо байж болно, мөн уг тогтолцооны дагуу тэдгээр нэр дэвшигч санал өгч болно гэсэн санаа уншигдаж байна.

-Тэгэхээр Үндсэн хуулийн цэц хүчин төгөлдөр байгаа шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж болдог юм уу?

-Үндсэн хуулийн цэцийн өмнө нь гаргасан шийдвэр дараа нь гарсан шийдвэрийнхээ дагуу хүчингүй болж болно. Энэ бол Цэцийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ийм богинохон хугацаанд хийсэн дүгнэлтээ өөрчилж байна гэж шүүмжилж байгааг бол буруутгах аргагүй.

-Нэгэнт пропорциональ систем болохгүй гээд шийдчихвэл мажоритар системээр 76 тойрогт өрсөлдөхөөр болно. Энэ нь зөв үү?

-Буруу. Жижиг 76 тойргоор өрсөлдвөл ухралт болно. Пропорциональ системийг шүүмжлээд байгаагийн нэг тал бол намын жагсаалтыг намын даргын нөлөөтэй гаргадаг. Тухайн сонгуульд эдийн засгийн боломжтой хүмүүс намдаа өндөр хандив өгвөл дээгүүр жагсаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэддэггүй, санаанд оромгүй хүмүүс жагсаалтад ороод ирдэг.

Мажоритарын нэг муу тал нь тухайн жижиг тойрогтоо олон ноёд, вангууд үүсчихдэг. Тэр ноёд нь цөөхөн сонгогчтой учраас тэдэнд бэлэг сэлт тараах, ямар нэг байдлаар амлалт өгөх зэргээр тархийг нь угааж хүмүүсийг өөртөө татна. Энэ нь ноёдын цуглаан шинжтэй болдог. Жижиг мажоритар хэнд ашигтай вэ гэхээр одоогийн гишүүдэд л ашигтай.

-Тэгвэл таныхаар хамгийн зөв хувилбар юу байж болох вэ?

-Хэрэв пропорциональ нь буруу гэж шийдвэл мажоритар тогтолцоогоор сонгууль хийж болно. Ингэхдээ сонгуулийн тойрог том байх ёстой. Тухайлбал, нэг тойрогт дор хаяж 4-5 мандаттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хоёр аймгийг нийлүүлчихвэл хүмүүс бүгдээрээ таван хүнд санал өгөхдөө аль нэг талд нь хавтгайрах боломжгүй, өөр өөр намыг сонгох боломжтой.

Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.69 олон талаас нь сайхан ойлгомжтой тайлбарласан б
43.242.243.212 main bayr omchtei neg hunii daranguilalgui komunizm

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл