НЭГДСЭН СТАНДАРТТАЙ БОЛЧИХВОЛ ХҮҮХДИЙНХЭЭ НҮДИЙГ ДАРАХ ШААРДЛАГАГҮЙ

2016 оны 04 сарын 27

Хүүхдүүдээ телевиз үзэхэд “Том хүний кино” гэж дуу алдаад яаран сандран суваг солих эцэг, эхчүүдтэй бишгүй л таарч байв. Тэгэх тусам хүүхдүүд нь “Юу байдаг юм бол” гэж сонирхож буй нь харцнаас анзаарагдана. Би ч гэсэн ялгаагүй хүүхэд байхдаа аав ээжийнхээ “үзэж болохгүй” гэсэн хоригт эргэлзэн, айх гайхах зэрэгцдэг байлаа. Гэтэл одоо хүүхдүүд алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун явдалтай киног ч тоолгүй үздэг болж.

Яагаад гэхээр телевизүүдийн өргөн нэвтрүүлэгт насны ангилал, таних тэмдэг, тэмдэглэгээний нэгдсэн стандарт байхгүй учраас тэр. Хэдийгээр зарим телевизийн нэвтрүүлэг, киноны үеэр нас заасан таних тэмдэг, тэмдэглэгээ гардаг ч үүнийг нь хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Телевиз бүрийн таних тэмдэг өнгө, хэлбэр хэмжээ, насны ангилал нь өөр байдаг учраас үзэгчид төөрөгдөлд ордог. Тиймээс хүүхэд үзэж болох, эсэхийг хараад л мэдэх нэгдсэн тэмдэг, тэмдэглэгээтэй болох хэрэгтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглахад тавигдах шаардлага” гэсэн стандартын төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачилжээ. Уг төслийг судлаач, хуульч Л.Галбаатар боловсруулсан юм. Ингэхдээ Монгол Улсын болон Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ, Сингапур улсын эрх зүйн зохицуулалтыг үндэслэн, ижил төстэй харилцааг зохицуулж, холбогдох мэргэжилтний саналыг тусгасан аж.

Нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны төлөвшилд сайн, муу хоёр талаар нөлөөлдөг мэдээллийн хүчтэй зэвсэг, айл бүрийн хойморт залрах телевизээр хүүхдийн насанд нь тохирсон кино, нэвтрүүлэг үзүүлэх, ойлгомжтой таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах цаг хэдийнэ болжээ. Улс орон өөрийн онцлог байдлаас хамааран харилцан адилгүй тэмдэг, тэмдэглэгээ ашигладаг. Харин манай улс зөвхөн нөхцөл шаардлагын улмаас ийм тэмдэглэгээг ашиглахыг үүрэг болгож байж.


Хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1996 оны хуульд тусгагдаагүй нэг зарчим Хүүхдийн эрхийн тухай 2016 оны хуульд шинээр орсон. Энэ хуулийн 4.1.5-д “хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах талаар тусгасан байдаг. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил болон мэдээллийн замбараагүй орчинд хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах нь маш чухал гэж судлаачид үздэг.

Насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлгийг хүүхэд хамт суугаад үздэг явдлыг зогсоох эхний алхам бол энэ стандарт. Уг стандартын төслийг боловсруулсан судлаач, хуульч Л.Галбаатар “Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцэх гэж байгаа “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага” стандартын төсөл батлагдсанаар хүүхдийг зохистой мэдээллээр хангах, зохисгүйгээс хамгаалахад нэн чухал алхам болно. Цаашид цахим орчинд хүүхдийг зохисгүй мэдээллээс хамгаалах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй” гэж ярьсан юм.

“Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглахад тавигдах шаардлага” хэмээх төслийг Стандартчиллын үндэсний зөвлөлөөр нэгдүгээр сарын 27-нд хэлэлцүүлсэн ч бүдэрсэн. Шалтгаан нь хүүхдүүдээс юу үзэхийг хүсэж буй талаарх судалгаа дутуу байна гэж үзсэнтэй холбоотой. Харин энэ сарын 28-нд хэлэлцүүлэх шинэчилсэн төсөлдөө энэ бүхнийг тусгажээ.

Тус стандартын төсөлд насны ангиллыг хэрхэн тусгасан талаар товч сонирхуулахад, тодорхой ангилалд хамаарахгүй буюу соёл, боловсролын нэвтрүүлэг болон өдөр тутмын мэдээнд тусгайлсан тэмдэглэгээ тавих шаардлагагүй гэж үзэж буй аж. Харин насны ангиллыг 3-18 нас хүртэл дөрвөн хэсэг болгон хуваажээ. Стандартын төсөлд хүүхдийн байгууллага, телевиз, БСШУЯ, Хууль зүйн яам зэрэг 13 байгууллагаас санал, хүсэлт авсан байна.

Тухайлбал “Монгол HD” телевиз таних тэмдэг, тэмдэглэгээний өнгө болон загварыг телевизүүд өөрсдийн брэнд болсон өнгө, логотой уялдуулах, сургуулиас өмнөх насны буюу зургаагаас доош насныханд зориулсан нэвтрүүлэгт 2+ гэсэн тэмдэглэгээ оруулах санал өгсөн ч Л.Галбаатар судлаач хүлээн аваагүй аж. Стандартчиллын үндэсний зөвлөгөөнөөс 21+ ангиллыг хасахыг санал болгосныг +18 –тай адил гэж үзэн, хүлээн зөвшөөрчээ. Харин Хүүхдийн төлөө үндэсний газар таних тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлэг эхлэхээс дуусах хүртэл байрлуулах санал тус тус гаргажээ. Үүнийг насны ангиллаас хамааран харилцан адилгүй байхаар тусгасан байна.

Аймшиг, харгислал, шашны харгис үзэл, номлол, архи, тамхи, бэлгийн харилцаа, садар самуун явдал, гэмт хэргийн үйлдлийг өөгшүүлсэн буюу сурталчилсан илэрхийлэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах үйлдэл зэргийг харуулсан нэвтрүүлэг, киног хүүхдэд үзүүлэхгүй байхыг чухалчлан оруулсан байна. Насны ангилал болон тэмдэг, тэмдэглэгээ ямар өнгө, дүрс хэлбэртэй байх талаар хүмүүсээс санал авсны үндсэн дээр ногоон, яагаан, цэнхэр, шар өнгө сонгожээ.

Энэ төслийн хүрээнд Австралийн Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан “Хүүхдийн телевиз үзэлтийн судалгааны тойм”-д дурдсанаар 0-14 насны хүүхдүүд өглөө 07.00-09.00 цагт, орой 19.00-20.00 цагт телевиз хамгийн их үздэг. Мөн өдөрт хамгийн ихдээ нэг цаг 54 минут буюу 114 минут телевиз үздэг байна. Энэ нь 2011 оноос хойш хүүхдүүдийн телевиз үзэх цаг 33 минутаар багассан болохыг харуулж байгаа аж. Гэвч ноцтой нэг зүйл нь, 2013 оны байдлаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд буюу 0-4 насныхан том хүүхдүүдээс илүү ихээр телевиз үздэг нь тогтоогджээ.

Олон улсын жишгээр манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийн стандарттай болох цаг тун удахгүй. Гэхдээ хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг өөр нэг хэлбэр нь интернэт. Хүүхдүүд гар утаснаасаа интернэтэд орон, насандаа тохироогүй мэдээлэл авч, оюун санаагаа бохирдуулж байна. Тиймээс цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар ажиллах нь дараагийн алхам болох нь.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл