Ц.МӨНХБАТ: Б.БУЛГАНЫГ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

2016 оны 04 сарын 22

Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар Төв аймгийн Цагдан хорих байранд очиж С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзсан мэдээлэл олны анхаарал татаад байна. Түүнийг эрчүүдтэй хамт хорьсон, бүх зүйл нь олны нүдний өмнө ил байна гэж ярьсан. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн яриаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон, уншсан. Энгийн хүн сонсоход сэтгэл сэртхиймээр, арай ч дээ гэхээр, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх мэдээлэл цацсан. Тухайлбал, “Эрчүүдтэй хамт хорино” гэдэг байж боломгүй асуудал. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Төв аймгийн Цагдан хорих байр нь 20 орчим өрөөтэй.

Тэдгээрийн нэг өрөөнд Б.Булган ганцаараа, харуул хамгаалалтын хяналтан дор байгаа. Иймд айж санаа зовох шаардлагагүй. Цагдан хорих 461 дүгээр ангид дан эмэгтэйчүүдийг хорьдог нэг жигүүр байдаг. Харин орон нутагт тийм боломжгүй учир эмэгтэйчүүдийг цагдан хорих бол дээр дурдсанаар тусгайлан өрөө гаргаж оруулдаг.

Ер нь эмэгтэйчүүдийн цагдан хорих байр дангаараа байх шаардлагатай гэвэл хөрөнгө мөнгийг нь гар татахгүй, шийдэх хэрэгтэй. “Бүх зүйл нь олны нүдэнд ил байна” гэж гишүүний ярьсныг тодруулахад, Б.Булганыг хорих өрөөний хажуугаар өнгөрөх хөдөлгөөнд зохих хязгаарлалт хийснээс гадна хаалт хийж өгсөн байгаа.

-Төв аймгийн Цагдан хорих байранд танай байгууллагаас хяналт, шалгалт хийсэн. Б.Булганы хоригдож байгаа нөхцөл яг ямар байв. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн юм уу?

-Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр олон нийтийн анхаарал татаж буй энэ асуудлыг шалгаж эхэлсэн ч одоогоор шалгалтын дүн хараахан гараагүй байна. Би холбогдох албан тушаалтны хамт энэ сарын 20-нд Төв аймгийн Цагдан хорих байранд биечлэн ажиллаж, ахуй нөхцөлтэй холбоотой зарим асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авлаа. Тухайлбал, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Б.Булганыг ойрын хугацаанд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэх ажлыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба өнөөдөр (өчигдөр) зохион байгуулж байна.

Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлээгүй. Зарим сайтад Б.Булганы биеийн байдал маш хүнд байгаа гэсэн нь худал болохыг хариуцлагатай хэлье. Энэ талаар өнөөдөр (өчигдөр) өмгөөлөгчид нь мэдэгдсэн. Нөгөө талаар эрүүгийн хэрэг нь нууцын зэрэглэлд байсан ч шалгагдаж буй хүний хоригдох нөхцөл бусадтай яг адилхан байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Мэдээж шалгалтын дүнг үндэслэн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдана.

-Буруутай албан тушаалтан гэдгээ тодруулахгүй юу?

-Шалгалтын дүн гараагүй болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй. Хорих байрны дотоод журам зөрчсөн асуудал гарсан.

-ШШГЕГ-ыг Тагнуулын ерөнхий газрын дарамтанд ажиллаж байна гэх мэдээлэл бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэрэв энэ үнэн бол утгагүй зүйл. Нэг зорилго, чиглэлтэй төрийн байгууллагууд хоорондоо хүндэтгэлтэй харилцан, уялдаа холбоотой хамтарч ажиллах нь чухал. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь бусдын дарамтанд орох нь бүү хэл, 95 жилийн түүхтэй хүчирхэг бүтэц гэдгийг хэлье. Тэгэхээр дээрх мэдээлэл үнэнд нийцэхгүй. Харин зарим албан хаагчийг айдаст автуулж сэтгэл зүйд нөлөөлж, хууль ёсны эрх, үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүргэснийг үгүйсгэхгүй.

-ХЭҮК-ынхон хүний эрх гэхээр л хорих ангиудаар “тоглолт хийдэг”. Ялангуяа хүүхдийн эрх зөрчигдөж буй өөр олон салбар байна. Хүний эрхийн үндэсний комисс дуугардаггүйг юу гэж үзэх вэ?

-Би эсрэгээр нь ХЭҮК-ынхны шалгалт, судалгаа, шийдвэрлэсэн асуудал их гэж боддог. Харин комиссын гишүүн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээн авахгүй гэсэн хуулийн заалттай.

Үүнээс болж эрүүгийн хэргийн талаарх асуудлыг холбогдох газар харьяаллаар шилжүүлэхээс өөр аргагүй. Миний бодлоор ХЭҮК-ын эрх хэмжээг эрс нэмэгдүүлэх, комиссын гаргасан илтгэл, зөвлөмж, шаардлагыг төрийн бүх шатны байгууллага анхааралдаа авч, ажиллавал үр дүнгээ өгөх нь ойлгомжтой.

-Манай улсад ял эдлүүлэх нөхцөлд хүний эрх зөрчсөн асуудал цөөнгүй юм шиг санагддаг?

-Хуульд зааснаар прокурор нь баривчлах, хорих болон бусад төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, сэжигтэн, яллагдагч, ялтны хууль ёсны эрх хангагдаж буй байдалд төрийн хяналтыг хэрэгжүүлдэг албан тушаалтан юм. 2016 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хяналтын чиглэлээр 188 удаа шалгалт хийж, 3005 удаа танилцан, 481 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 75-ыг бичиж, 51 хүнд сахилгын арга хэмжээ авахуулсан.

Мөн 29 ялтан, хоригдогчийн хууль ёсны эрхийг сэргээсэн. Торгох ялын биелэлт 33.6 хувьтай байна. Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхад чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг зөвхөн прокурорын хяналтын хүрээнд биш, ХЭҮК, ШШГЕГ болон төрийн бусад байгууллагатай хамтран авч, үр дүнг тухай бүр тооцож байна.

-Таны эрдэм шинжилгээний бүтээлүүдээс харахад хорих ялын талаар нэлээд судалсан байсан. Манай улсад хорих ялын хэрэгжилт, өнөөгийн байдал ямар түвшинд байна?

-Хууль тогтоомжийн зөрчилдөөн, хийдэл, цоорхой зэргийг судалж, шийдвэрлэх арга замыг хайх, санал дэвшүүлэх талаар судалгаа шинжилгээний ажилд хуруу нэмээд 10-аад жил болжээ. Хорих ялын тухайд бусад ялаас илүү гүнзгийрүүлж, нэлээд “дотор” нь орсон шүү. Улсын хэмжээний 25 хорих ангид 4000 гаруй хүн ял эдэлж байна. Энэ ялыг эдлүүлэх боломж, харуул хамгаалалт, хүн хүч, техник хэрэгсэл, зохион байгуулалт харьцангуй сайн байдаг. Асуудал бол бий шүү.

Ялтныг ажлын байраар хангах боломж улирлын чанартай байдгаас тэдний авьяас, хүч хөдөлмөр, ур чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Төр засгаас энэ талаар тодорхой бодлого зоригтой гаргаж хэрэгжүүлэх нь ялтны эрүүл мэндийг сайжруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, цалин хөлстэй болгох, хохирол нөхөн төлөх, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахад томоохон хүчин зүйл гэж боддог.

-Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалыг цагдан хориод сулласан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг цагдан хорьж буйг эсэргүүцсэн хүн цөөнгүй. Бага насны хүүхэдтэй эхчүүдийг ингэж хорих нь зүйд нийцэх үү?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсвэл оргон зайлсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн бол хөхүүл хүүхэдтэй байсан ч цагдан хорьж болохоор заасан байдаг. Дурдсан нөхцөл байхгүй бол цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхийг хуулиар бас хориглодог.

Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хуульд заасан үндэслэлээр цагдан хориод, тэгээд олон нийтийн эсэргүүцэл гарахаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд бусдын даалтад өгчихдөг тоглоом аятай юм байж болохгүй гэж боддог байх. Тэгэхээр манай хуулийнхан ямарваа шийдвэр гаргахдаа бий болсон буюу ирээдүйд гарч болох үр дагавар, нөхцөлийг сайтар судалж тооцож байвал зүгээр.

-Гадаадад ял эдэлж байгаа монголчуудыг эх оронд нь авчирч ял эдлүүлэх талаар ямар ажил хийж байна. Он гарнаас хойш хэчнээн ялтан солилцсон бэ?

-2016 оны эхний гурван сарын байдлаар гадаадын 12 улсад манай 100 иргэн хорих ял эдэлж байна. Тухайлбал, БНХАУ-д 60, БНСУ-д 15, Казахстанд дөрөв Америк, Орост тус бүр гурав гэх мэт. Ял эдэлж байгаа хүн өөрөө хүсэлт гаргавал эх орондоо шилжүүлэн авчрах асуудлыг УЕПГ хариуцаж байна.

Он гарсаар ялтан шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй. Учир нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллагаа хийгдэж байна. Гадаадын долоон оронд 63 иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тэдгээрийн 45 буюу 71.4 хувь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна.

-Манайхан хар тамхины хэргээр гадаадад ял эдлэх нь цөөнгүй, ялтан шилжүүлэхэд тулгамдсан асуудал юу байна?

-Гадаадад хорих ял эдэлж байгаа хүмүүсийн дунд хар тамхины хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн 26 хүн байна. Ялтан шилжүүлэхэд манай улсын Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангийн ял шийтгэлийг харгалзан хэрэв хөнгөн бол татгалзах хандлага бий. Бид хүнээ авахын тулд дахин хүсэлт гарган хөөцөлддөг.

-Цагдан хоригдож байгаа хүмүүс өлсгөлөн зарлах нь цөөнгүй. Ингэж өлсгөлөн зарласнаар амиа ч алдаж болно. Эрх баригчид, хууль хүчнийхэн ийм байдалд бүр дөжирсөн. Энэ мэтээс харахад гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийн эрх хэтэрхий зөрчигдөж байгаа харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Өлсгөлөн зарлах яав ч сайн зүйл биш л дээ. Өлсгөлөн зарласан шалтгаан нь олон янз. 2016 оны эхний гурван сарын байдлаар 44 хүн өлсгөлөн зарласан байна. Өлсгөлөн зарласан нь үндэслэлтэй бол тавьж буй шаардлагыг нь заавал шийдвэрлэх ёстой гэж үздэг. Сүүлийн үед нэг буруу практик ажиглагдаад байна. Энэ бол гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдчихоод байхад өлсгөлөн зарлан, амь насаараа дэнчин тавьж батлан даалтад гарах асуудал.

Ийм хандлага цаашид дэлгэрвэл аюултай. Мальтын тунхаглалд (1991 он) өлсгөлөн зарлах нь улмаар амь насаа алдах нь тухайн хүний эрхийн асуудал гээд хэрэгсэхгүй гэж заасан байдаг. Манайд бол арай өөр, гэмт хэрэгт холбогдсон ч гэсэн эцсийн шатанд түүний эрүүл мэнд, амь насыг нь хамгаалахын төлөө байна. Сүүлийн таван жилийн байдлаар судалгаа хийхэд өлсгөлөн зарласан хүмүүсээс амиа алдсан тохиолдол гараагүй.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.29.41.89 оюунгэрэл их сонин.торийн хун жоохон ухаантай баймаар .ногоон нуден лам гэж онгорсон уе руугээ их буугаар буудсан ном бичсэн гэж байгаа. ер нь дэвэргэнэдээ дэиэргэнэ.
182.160.39.116 Энэ нөхөр ажлаа огт хийдэггүй Улсын цалин зүгээр идэж суудаг гар байна ш де. Хорих газруудаараа ойрхон явж байж тэдний ажилд хяналт тавина биз дээ Нэг ч удаа явж үзээгүй хүний яриа байна
43.242.243.122 iluu dutuu yumnuud tsagdaagiin baiguullagiin ajliig hiilgemeer bnaa.ter hun hamgiin boditoi,nudeeree harsan tsor gants gerch..tegeed bas nas undur eejeesee hurtel tusdaa gantsaaraa amidardag gej baigaa.tuuniig gants hudagt olon emegteichuudtei hamt horih heregtei.ugiin gantsaaraa baigaad surchisan zojig bolchihson hund gantsaaraa neg uruund baih ni magadgui olon huuhnii heruul.haraal,daramtand baisnaas deer setgel amar baidag biz.buruutai uguig medehgui ch ter hun udii olon jil bolohod gants udaa l 14 honog saatuulagdsnaas uur yum baihgui gej sonsson.odoo iluu yumnuud hunii erh gej hashgirahsaasaa umnu hergiig ilruulehed zai bolood uguusei
202.21.106.146 Гишууд унэн хэлсэн байна,сая л мэдээлэл гарснаас хойш хязгаарлалт,хаа
121.164.151.175 2 nastai huuhed huhuul huuhed shuu dee Ehiinhee huhiig idej l bval huhuul yun boliyo ch geh shig
104.228.158.165 oyungerel unen helsen bn, uruuniih ni urduur yavahad hyazgaarlalt hiisen gedeg chn il bdg ni unen, tiimees ter bur hun yawahiig horigloson gesen ug.
104.228.158.165 oyungerel unen helsen bn, uruuniih ni urduur yavahad hyazgaarlalt hiisen gedeg chn il bdg ni unen, tiimees ter bur hun yawahiig horigloson gesen ug.
202.9.40.135 Xoxuul bishee. 2 nas hurch baigaa huuhdiig hohuul gehee boliyoo.
202.9.40.135 Huuhuuld orno ehiinhee huhiig iddeg ehiihen engerees suu garch l baival huuhuul ehd orno
  • 2016 оны 04 сарын 23

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл