ЭЛЭГНИЙ ВИРУС ТАРААГЧ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

2016 оны 04 сарын 15

Монголчуудын нас баралтын хоёрдогч шалтгаан нь хорт хавдар бөгөөд үүний 44 хувь нь элэгний хавдар. Элэгний хавдраар нас барсан хүний тоогоор манай улс дэлхийн дунджаас найм дахин их. Энэ мэтчилэн тоо дурдаад байвал айдас төрөм. Гэхдээ элэгний С вирустэй хүмүүст найдвар төрүүлсэн “Харвони” эмийг манай улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард оруулж ирсэн нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар 1550-иад хүн уг эмийг хэрэглэн, үр дүнг үзээд байгаа юм.

Бас нэг сайн мэдээ нь АНУ-ын “Гелайд сайнс” компани “Харвони” эм үйлдвэрлэх эрх, технологио Энэтхэг, Пакистан, Египетийн 14 компанид өгсөн. Харин манай ЭМСЯ-ны Эмийн зөвлөл АНУ-ын “Mylan” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Софосбувир/ Ледипасвир (“Харвони” эмтэй адил) эмийг эмийн бүртгэлд оруулсан байна. Монголд зарагдах үнэ нь 250 ам.доллар аж.

“Харвони” эмийг хэдий хөнгөлөлттэй үнээр АНУ-аас оруулж ирж буй ч монголчууд 1200 ам.доллар буюу ойролцоогоор 2.5 сая орчим төгрөг, шинжилгээ, эмчилгээтэй нийлээд гурван сая гаруй төгрөг хэрэгтэй болж байгаа юм. 500.000 төгрөгийн цалинтай хүн зургаан сарынхаа мөнгийг хураан байж гурван сар уух эм авна гэсэн үг. Гэтэл гурав биш, зургаан сар уухаар болбол жилийнхээ цалинг бүхэлд нь зориулна. Гэхдээ ингээд өвчнөөсөө салж байвал сайн хэрэг. С вирусийн эмчилгээ хийлгэж байгаа хүн эмийг тасалж болохгүй бөгөөд хэрэв ингэвэл мутац үүсэх аюултай гэнэ. Тийм учраас бэлэн мөнгөтэй болсны дараа л эм авч уувал илүү найдвартай. Гэхдээ зарим хүн цалин, тэтгэврийн зээл авч “Харвони”-г ууж байгаа гэсэн.

С вирусээс гадна элэгний А, В, D вирустэй хүн манай улсад цөөнгүй. Гэхдээ элэгний вирусийн халдварыг ахуйн замаар авах нь бага бөгөөд эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр дамжин халдвар авах нь их байгааг мэргэжлийн эмч нар хэлдэг. Тодруулбал, манай улсад вирусийн ариутгал хангалттай биш. Мэс засал, үр хөндөлт, шүд авахуулах, шивээс, зүү заслын замаар голлон халдвар авч байна. Эмчлүүлэх гэж яваад вирус тээнэ гэдэг харамсалтай. Тиймээс эмнэлгийн байгууллагаас халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн эрх, эрүүл мэндийг хамгаалах газар манай улсад хэрэгтэй санагдана. Нэгэн жишээ хэлэхэд, Япон улс чухал эмнүүдээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг. Үүнд элэгний вирусийн эм багтдаг байна.

Тус улсын иргэд эрүүл мэндийн боловсрол сайтай учраас Засгийн газраа шүүхэд өгсөн гэнэ. Яагаад гэхээр цусны донор, цус юүлэх, мэс ажилбар, шүд авахуулах зэргээр эмнэлэг дамжин халдвар авсан учраас эмчилгээний асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газраасаа шаарджээ. Тэд шүүхэд ялснаар эмчилгээг нь хөнгөлөх шийдвэр гарсан аж. Тиймээс эрүүл мэндийн аль нэг байгууллага, эмч сувилагчид найдахын оронд өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо сайжруулж, эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх үедээ нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа, эсэхэд хяналт тавих нь чухал болж.

Элэгний үрэвсэлтэй болсон нэгэн найз маань сар бүр эрүүл мэндийн даатгалд 15-20 мянган төгрөг төлдөг ч улсын эмнэлэгт хэвтэнэ гэдэг аз сорьсон хэрэг учир халааснаасаа мөнгө гарган хувийн эмнэлэг бараадсан. Энэ мэтээр эрүүл мэндийн даатгал төлөөд ч ашиг тусыг нь хүртэж чаддаггүй хүн олон. “Харвони” эмийг хөнгөлөх талаар яригдаж эхэлсэн ч 2016 оны төсөвт тодотгол хийхээс наашгүй гэнэ.

Хатуурал, хорт хавдар үүссэн хойно нь вирусийг эмчлээд ямар ч үр дүнгүй учраас эрүүл, эсэхээ шалгаад нэг үзээрэй.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ж.АМАРСАНАА: Монголд хамгаалалтын анагаах ухаан хөгжиж болохгүй

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа “Харвони” эм оруулж ирэхээр санаачилсан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай элэгний өвчлөл, эрүүл мэндийн салбарын талаар ярилцлаа.

-Жилд 900 орчим монгол хүн элэгний хатуурлаар нас бардаг. Элэгний өвчлөл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэж ярих болсон. Элэгний өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

-Эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад монголчуудыг үхэлд хүргэж буй өвчний нэгдүгээрт зүрх судас, хоёрдугаарт хорт хавдар ордог. Гэхдээ нийт хорт хавдрын бараг тал нь буюу 44 хувийг элэгний хавдар эзэлж байна. Үүн дээр элэгний хатуурлын өвчин нийлэхээр нас баралтын хоёрдогч шалтгаан болж байгаа юм.

-Манай улсад элэгний өвчинтэй хэчнээн хүн байна вэ?

-Таван хүн тутмын нэг нь элэгний архаг үрэвсэлтэй. Элэгний С вирустэй хүмүүсийн 20 хувь нь элэгний хатуурал болон хавдраар нас барах магадлалтай гэж үздэг. Гэтэл манай улсад элэгний С вирустэй байх магадлалтай хүн 450 мянга байна. Харин элэгний В вирустэй хүн 300 мянга орчим байна гэж үздэг. B вирустай хүмүүсийн 1/3 нь элэгний өвчнөөр нас бардаг.

Харин элэгний шинэ эм “Харвони”-ийг манай улс оруулж ирснээр С вирусээр хүн нас барах магадлал харьцангүй буурах юм. Гэсэн ч В вирусийн хувьд зовлон ихтэй хэвээрээ л байна. В вирусийн эмчилгээ хийсэн ч вирусийг бүрэн устгадаггүй, үржлийг нь түр зогсоодог юм.

...Таван хүн тутмын нэг нь элэгний архаг үрэвсэлтэй. Элэгний С вирустэй хүмүүсийн 20 хувь нь элэгний хатуурал болон хавдраар нас барах магадлалтай гэж үздэг...

-С вирустэй хүн В вирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй гэдэг. Үүнийг тодруулахгүй юу?

-Ер нь С вирустэй хүн В-гийн халдвар авах боломжтой. Тиймээс В вирусийн вакцин хийлгэх хэрэгтэй. Мөн шинжилгээ өгч В вирусгүй бол урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь найдвартай.

-2015 оны сүүлчээр “Харвони” эм манай улсад орж ирсэн. Энэ эмийн үйлчилгээнд хүмүүс ам сайтай байна. Үр дүн ямар байгаа бол?

-Эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Үр дүн 100 хувьд их ойрхон очсон. Эхний ээлжинд 1600 хүн уух эм орж ирснээс 1550-иад өвчтөн хэрэглэсэн. Зарим нь уг эмийг гурав биш зургаан сараар уух шаардлагатай байгаа. Эмчилгээнд ороод дууссан хүмүүс нэг жил хяналтад байх ёстой.

-Уг эм 1200 ам.долларын үнэтэй. Үүн дээр шинжилгээний зардлыг нэмээд гурван сая гаруй төгрөг хэрэгтэй. “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх асуудал юу болж байна вэ?

-Эмийн үнийг хөнгөлөх талаар ярьж байгаа ч шийдэгдээгүй хэвээрээ. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс эмийн үнийг хэдэн хувиар хөнгөлөх тухай шийдвэр гараагүй байна. Шийдвэр гарсны дараа хөнгөлөх мөнгийг төсөвт суулгах хэрэгтэй. Тиймээс төсвийн тодотгол хийсний дараа энэ асуудал шийдэгдэх байх. Харин В вирусийн эмийг 2015 оны улсын төсөвт тодорхой хэмжээнд суулгаад өгчихсөн учраас үнийг нь 40-80 хувь хөнгөлсөн.

-Та 2012-2014 онд эрүүл мэндийн дэд сайдаар ажилласан. Эрүүл мэндийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эрүүл мэндийн салбарт чөлөөт өрсөлдөөний хөрс бий болгох нь хамгийн чухал гэж боддог. Ийм өрсөлдөөн байхгүй учраас тусламж үйлчилгээний чанар, өвчтөнд хурдан шуурхай үйлчлэх асуудал яригдаж байгаа юм. Хэрэв надад боломж олдвол эрүүл мэндийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгоно. Тусламж, үйлчилгээний үр дүнгүүдийн мэдээллийн ил тод байдлаас чөлөөт өрсөлдөөн эхэлдэг. Аливаа мэдээллийг ил тод болгоогүй байж шударга өрсөлдөнө гэж яриад ч хэрэггүй.

Тухайлбал, эмч, сувилагчдын ажлын туршлагын талаарх мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл , Амарсанаа гэдэг эмч ямар чиглэлээр мэргэшсэн, энэ хүн ямар чадвартай, хэчнээн хүн эмчилсэн, хэд нь амжилттай болсон зэрэг мэдээллийг үйлчлүүлэгчдэд ил тод харуулах юм. Тэгээд ирэхээр өрсөлдөөн өөрөө бий болно.

Эрүүл мэндийн салбар хором бүр хөгжин, шинэ эм, тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Хөгжилтэй орнуудад “Да винчи” роботыг мэс засалд ашиглаж байна. Манай улс ийм роботоо байг гэхэд түргэн тусламжийн нисдэг тэрэг аваад өгчих хэрэгтэй. Мөн шинэ гарч байгаа сайн эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд шуурхай оруулах нь зөв. Дээхнэ үед манай улсад шинэ эм 10 жилийн дараа л оруулж ирдэг байсан. Бид харин сүүлийн үеийн шинэ эмүүдийг богино хугацаанд эх орондоо оруулж чадлаа.

-Ирэх есдүгээр сард хэрэгжих Эрүүгийн хууль эмч, эмнэлгийн ажилтнуудад халтай байна гэж салбарынхан нь үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэн нэгний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан, амиа алдсан тохиолдолд эмч буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял өгөхөөр тусгасан. Тэнсэн харгалзах ялгүй болсгосон. Урьд энэ тохиолдолд гурван жил хугацаагаар хорих ял оноодог байсан. Мөн хохирол барагдуулах төлбөрийн хэмжээ тодорхой биш байсан бол 20-80 сая төгрөгийн төлбөр төлөхөөр болж байна. Энэ нь сайн зүйл биш. Яагаад гэхээр эмч хүн хэзээ ч санаатайгаар хүний аминд хүрдэггүй. Эдгээе гэж зүтгээд л ур чадвар дутах юм уу, санамсаргүй алдаанаас болж хүний аминд хүрэх тохиолдол бий. Ер нь эмч нарын эсрэг хатуу хууль гаргаад байвал хамгаалалтын анагаах ухаан хөгждөг.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмч нар хамгийн наад захын аюулгүй, өөртөө хал балгүй эмчилгээ хийгээд л зогчихдог. Тухайлбал, өөрийгөө 150 хувь дайчилж чадвал хүний амь аварч чадахаар байлаа ч тэгж зүтгэхгүй гэсэн үг. Ингэж байгаад шоронд орохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Хамгаалалтын анагаах ухаан хөгжвөл хэн ч хождоггүй. Өөрөөр хэлбэл, эмч, өвчтөн, улсад ямар ч ашиггүй гэсэн үг. Харин эрүүл мэндийн салбарт хөндлөнгийн хяналтын системийг хөгжүүлэх хэрэгтэй. Гадаадын оронд Ижил мэргэжлийн эмчийн хяналт гэсэн баг ажилладаг.

Элэгний вирус ихэвчлэн эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр дамжин халдварладаг. Мөн эрүүл мэндийн салбарын өөр нэг гажуудал нь резидент буюу дадлагажигч эмч нараас эмнэлгүүд төлбөр авч байна. Энэ бол зөвхөн манай улсад л байдаг гаж тогтолцоо. Томоохон эмнэлгийн гол ажлыг резидент эмч нар л гүйцэтгэж байна шүү дээ. Түүнчлэн манай улс эрүүл мэндийн байгууллагын үр дүнг тооцохдоо маш сул, эмнэлгүүдэд олгох санхүүжилт буруу явагдаж байна.

Улсын эмнэлгүүдэд төсвөөс мөнгө олгохоос биш тэнд юу болж байна, хэдэн хүн эмчилснээс хэчнээн нь эдгэрч, хэд нь хүндрэл гарсан зэргийг уялдуулж тооцдоггүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.18.61 bitgii tenegt ene emiig onon sangiin terguun anh sanaachilsan

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл