Түймэрт “бэлэглэх” газар нутаг тийм их бил үү

2016 оны 04 сарын 14

Өнгөрсөн оны хавар зүүн гурван аймагт ихээхэн хэмжээний хээрийн түймэр гарч, есөн хүн түлэгдэн, 8000 орчим мал хорогдож, 6.5 сая га газар хуйхлагдсан. Тэр жил ой хээрийн түймэр 354 удаа дэгдсэн бол энэ хавар мөн л энд тэнд түймрийн утаа суунаглан, мал, амьтад хамар хатгах юмгүй болоод байна. Ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь хүний буруугаас болж гардаг гэж албаныхан хэлдэг. Тиймээс ухамсарт хүмүүн бид л анхаарал болгоомжтой байж, байгаль эхээ хайрлан хамгаалж чадвал ой, хээрийн түймрийг багасах, гаргахгүй байх хамгийн том нөхцөл бүрдэх юм. Хуурай өвс наранд хэт халах, аянга буухаас өөрөөр байгаль өөрийгөө галдан шатаадаггүй.

Харин бид л шашны янз бүрийн зан үйл хийх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмаа бүрэн унтраалгүй орхих, ил задгай гал түлэх зэргээр түймэр тавьсаар байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Богд хан уул Богины аманд хээрийн түймэр гарч, 0.5 га газар шатсан. Гал гарсан шалтгаан нь шашны зан үйл хийж байсан хүн дээл, хувцсаа шатааснаас үүдэлтэй байж.

Мөн талийгаачийн хойноос зул өргөн орхисноос гал алдах тохиолдол цөөнгүй. ОБЕГ болон цагдаагийн байгууллагаас ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулдаг ч ийм үйлдэл багасдаггүй гэнэ. Энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад ой, хээрийн түймэртэй холбоотой 11 хэрэг бүртгэгдсэний наймынх нь эзнийг тогтоогоод байгаа аж. Уржигдар л гэхэд Архангай аймгийн Ихтамир сумын Шар хавтгай гэдэг газарт ойн түймэр гарав.

ОБЕГ-аас түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт заавар, зөвлөмж өгч байгаа юм. Өнгөрсөн онд онцгой байдлын хан парк шинэчлэл хийж, гал унтраах зориулалтын автомашин, багаж төхөөрөмж чамлахааргүй болсон. Гэвч стандартын дагуу байх ёстой гал унтраах автомашины хангалт улсын хэмжээнд ердөө 55 хувьтай байна.

Ой, хээрийн түймрийн үед манай гал сөнөөгчдөд дутагддаг зүйл нь хүнд даацын автомашин гэдгийг онцгойгийнхон хэлж байна. Ялангуяа, ойн түймрийн үед шатсан модыг автоматаар зүсэж, зөөх техник төхөөрөмж хэрэгтэй байдаг гэнэ. Тиймээс өнгөрсөн онд БХЯ байлдааны зориулалттай БМП маркийн зургаан хуягт тээвэрлэгч авч, дотор нь усан хөөрөг, шахуурга, гурван тонны багтаамжтай ус тээвэрлэх сав байрлуулан, ой, хээрийн түймэр унтраахад хэрэглэж байгаа юм.

Монголчлох маягаар бүтээсэн уг машинаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хуваарилсан бол үлдсэнийг нь Сэлэнгэ, Хөвсгөлд хүргүүлэх юм байна. Бас нэг асуудал нь онцгой байдлын албанд нисдэг тэрэг байдаггүй нь морь, машин явах боломжгүй, өндөрлөг газарт гарсан түймэр унтраахад нэлээд хүндрэл учруулдаг гэнэ.

Түймэр гарахаас сэргийлэх аргыг хүн бүр мэддэг, мэддэгээ хэрэгжүүлдэг байвал бид ниргэсэн хойно хашгирахгүй шүү дээ. Оч үсрэхэд л түймэр дэгдэх хавар, намрын цагт ногоон бүс, хөдөө явахдаа анхаарал болгоомжтой байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Жил бүр ингэж хэдэн сая га газраа түймэрт тавиад туучихвал үр хойчдоо юу үлдээх вэ.

Ч.БОЛОРТУЯА

ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.Галбадрах: Гал унтраах автомашины хангалт улсын хэмжээнд

55 хувьтай байна

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаас ой, хээрийн түймрийн талаар тодрууллаа.

-Энэ хавар ой, хээрийн түймэр хэдэн удаа гарч, хэр хэмжээний хохирол учраад байна вэ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангүй цөөн гарсан гэх мэдээлэл байна.

-Одоогийн байдлаар таван аймгийн 13 суманд ой, хээрийн түймэр 17 удаа гараад байна. Хоёр нь ОХУ-аас хил даван орж ирсэн. Хилийн цэргийн застав болон онцгой байдлын алба хаагч, сум, орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраасан. Өнөөдрийн (дөрөвдүгээр сарын 12) байдлаар улсын хэмжээнд түймэр гараагүй байна. Он гарснаас хойш түймрийн улмаас дөрвөн гэр, нэг саравч шатаж, 120 мал хорогдсон. Өнгөрсөн оны өдийд улсын хэмжээнд 63 удаа түймэр гарсан. Үүнтэй харьцуулахад энэ хаврын түймрийн тоо дөрөв дахин цөөн байна. Гэхдээ хуурайшилт их байгаа учраас өнгөрсөн оныхоос ч олон түймэр гарахыг үгүйсгэхгүй.

-Ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин буурсан нь урьдчилан сэргийлэх ажил сайн хийсний үр дүн үү?

-Энэ өвөл цас ихтэй, хүйтэн байсан болохоор түймрийн гаралт, давтамж харьцангүй бага байна. Гэхдээ дөрөвдүгээр сард хуурайшилт их учир иргэд хөдөө явахдаа галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Мөн ОБЕГ-ын дэд даргын баталсан ой, хээрийн түймэр унтраах албаны бэлтгэл, бэлэн байдал, алба хаагчдын хувийн бэлтгэл хангуулах зорилготой удирдамжийн дагуу арга хэмжээ авч ажилласны үр дүн.

-Урьдчилан сэргийлэх ажлыг БОНХАЖЯ хариуцах үүрэгтэй ч онцгой байдлын алба хаагчид газар дээр нь очиж, түймрийг унтраадаг. Тиймээс танай байгууллага ой, хээрийн түймрээс сэргийлэх, цаг алдалгүй, хохирол багатай унтраахад хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Улсын онцгой комиссын 2016 оны гуравдугаар сарын 10-ны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд БОНХАЖЯ, БХЯ, ЦЕГ, ОБЕГ, бүх аймаг, сумын Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн.

Мөн ОБЕГ-ын даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 албан даалгаврыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, авто баазын дарга нарт хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, гарсан түймрийг цаг алдалгүй, хохирол багатай унтраахаар ажиллаж байна.

-Өнгөрсөн онд онцгой байдлын алба автомашин, техник хэрэгслээ нэлээд шинэчилсэн. Ой, хээрийн түймэр унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүртээмж сайжирсан уу?

-Монгол Улс, Австри улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Австрийн “Розенбаур” компаниас гал унтраах тусгай зориулалтын 16 автомашин, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-аас гал унтраах тусгай зориулалтын 22, нийт 38 автомашин, техник тоног төхөөрөмжийг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд хүлээн авч төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагуудад өгсөн. Ингэснээр онцгой байдлын албаны парк шинэчлэл 1.3 дахин өссөн. Тэдгээр автомашины 12 нь ой, хээрийн түймэр унтраах зориулалттай.

Аврах, гал унтраах ангид мөрдөгдөж байгаа стандартаар онцгой байдлын албаны гал унтраах автомашины бэлтгэл, бэлэн байдал Монгол Улсын хэмжээнд 55, Улаанбаатар хотод 70 орчим хувьтай хангагдсан.

-Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хувьд бусад орны жишигт нийцсэн үү?

-БНСУ, Австри улсаас оруулж ирсэн 38 автомашин олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй. Ер нь ой, хээрийн түймэр унтраах арга барил тухайн улсын хөгжил, эдийн засгийн чадавх, техникийн хүчин чадлаас шалтгаалдаг. Манай алба хаагчид өмнөх жилүүдийг бодвол үлээгч аппарат, рло, цахилгаан хөрөө гэх мэт багаж хэрэгслээр хангагдаж байгаа. Харин ургаа мод хөрөөдөх, зөөх, зам харгуй гаргах гэх зэрэг хүнд даацын автомашин техник багаж, хэрэгсэл байхгүй.

-Ой, хээрийн түймэрт маш их хэмжээний ус ашигладаг. Саарал ус ашиглах боломж бий юү?

-Энэ талаар тодорхой судалсан зүйл алга. Манай улс ой, хээрийн түймэрт газрын гүний ус ашиглаж байгаа.

-Шашны зан үйлээс болж түймэр гарах нь түгээмэл юм байна. Энд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь иргэдийн болгоомжгүй, хайрамжгүй байдлаас дэгддэг. Тиймээс иргэд ногоон бүс, хөдөө орон нутагт зорчихдоо авто машиныхаа аюулгүй байдлыг ханган, асаасан гал, шүдэнзээ унтраах, шашны зан үйл хийх гэж байгаа бол гал унтраах хор, ус авч явах хэрэгтэй. Мөн малчид дуу чимээнээс нь түвэгшээж, цахилгаан үүсгүүрээ гэрээсээ хол өвсөн дунд тавьчихдаг. Олон цаг ажилласан мотороос өвсөнд гал авалцах тохиолдол цөөнгүй.

Ч.БОЛОРТУЯА

Энэ хавар ОХУ-аас хоёр түймэр орж ирснийг хилчид унтраажээ

Манай оронд хуурайшилт ихтэй үед хил орчмоор түймэр гарах нь их. Өнгөрсөн жил ОХУ, БНХАУ-аас манай улс руу түймэр орж ирж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан бол манай талаас ч хил давуулан түймрээ алдсан хэд хэдэн тохиолдол байдаг. Энэ он гарсаар хил орчимд нөхцөл байдал ямар байгаа талаар ХХЕГ-ынхнаас лавлалаа. Тус газрын Хил хамгаалалтын хэлтсийн гаргасан мэдээгээр өнгөрсөн сарын 17-ноос хойш Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсгээр ой, хээрийн түймэр дөрвөн удаа гарч, хил хамгаалах байгууллагаас 138 албан хаагч, 21 автомашинтай очин унтраажээ.

Хэнтий, Дорнод аймаг дахь улсын хилээр ОХУ-аас хил давж, ой хээрийн хоёр түймэр орж ирснийг тухайн бүс нутаг дахь хилийн цэргийн ангийн 21 алба хаагч, долоон автомашинтайгаар томилогдон унтраасан гэнэ. Сүхбаатар аймаг дахь улсын хил орчимд гуравдугаар сарын 17, 30 болон энэ сарын 8-нд тус бүр нэг удаа хээрийн түймэр гарсан бол Дорнод аймгийн нутаг руу энэ сарын 6-нд ОХУ-ын талаас түймэр орж иржээ. Хэнтий аймгийн нутаг руу өнгөрсөн сарын 18-нд ОХУ-ын талаас ойн түймэр “зочилсон” бол маргааш нь тухайн бүс нутагт өөр түймэр гарсныг унтраасан гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Г.РАВЖАА

БАЙР СУУРЬ

Иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймэр гардаг

Н.МӨНХБАЯР (Мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч):

-2016 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймэр цагдаагийн байгууллагад 11 бүртгэгдсэн. Үүнээс найман хэргийн шалтгаан, эзнийг тогтоон, шалгаж байна. Өнгөрсөн 2015 оны нэгдүгээр улиралд ой, хээрийн 48 түймэр гарсан. Энэ нь 2016 оныг бодвол цас бага орж, хуурайшилт ихтэй байснаас үүдэлтэй. Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж түймэр ихэвчлэн гардаг. Жишээлбэл, айлууд үнс нурмаа унтраалгүй хаях, хуурайшилт ихтэй нутагт зорчихдоо оч баригчгүй тээврийн хэрэгсэлтэй явах, амарч, зугаалахдаа уусан архиныхаа шилийг хээр хаяж явсны дараа түүн дээр нь нар тусаж түймэр гарах тохиолдол олон.

Мөн гуравдугаар сард төдий л дулаараагүй байдаг тул мал хариулж явсан хүмүүс дулаацахаар гал түлээд түүнийгээ унтраалгүй орхидог. Энэ онд хамгийн том түймэр Дорнод аймгийн Матад суманд гарсан. Түүнээс болж 58 мянган га талбай шатлаа. Өнгөрсөн намар хадаж, бэлтгэсэн өвсөө хурааж байсан иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байхдаа дэгдээсэн болохыг тогтоосон. Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлд ой, хээрийн түймэр гаргавал оноох хариуцлагыг тусгасан байдаг. Үүнд хүний амь хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Харин ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол таван жил хүртэлх хорих ял шийтгэдэг. Ой хээрийн түймэр санаатай тавьсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй. Харин өнгөрсөн 2015 онд түймэр санаатай тавьсан гурван хэрэг гарсан.

Түймрийн голомтод очихдоо хугацаа алддаг тал бий

Х.ТӨМӨРХУЯГ (Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын дарга):

-Бид хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээ авч байна. Бүх суманд сэрэмжлүүлэг тарааж, анхааруулга хүргүүлж байгаа. Гэсэн ч өнөөдрийн байдлаар зургаан түймэр гарчихаад байна. Намрын түймэр аянга гэх мэт байгалийн хүчин зүйлээс хамаардаг бол хаврын түймэр олон шалтгаантай. Хүний санамсар болгоомжгүй байдлаас ч болж гардаг. Хамгийн сүүлд Эрдэнэцагаан суманд түймэр гарлаа. Хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй байна.

Дээрээс нь манай аймаг тал ихтэй учир түймэр хурдан дэгддэг. Мөн хуурайшилт ч үүнд нөлөөлж буй байх. Цас их орсон ч зарим сум хуурайшилт ихтэй байгаа учир түймэр гарах эрсдэл өндөр байна. Сумдад гал унтраах анги байхгүй учир түймэр гарсан даруйд унтраах боломж тун ховор. Тухайлбал, Эрдэнэцагаан сум аймгаас 200 гаруй километр зайтай. Тиймээс тус суманд онцгой байдлын анги байгуулах гэж байгаа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

БНХАУ Ой, хээрийн түймэр унтраах тусгай албатай

БНХАУ хилийнхээ дагуу 200 метр өргөн шороон зурвас татсан байдаг бөгөөд түүнийхээ наагуур галд тэсвэртэй, удаан шатдаг модлог ургамал тарьж, ой, хээрийн түймрээс сэргийлдэг байна. Мөн тус улс үйлдвэрлэгч орон учраас гал түймэр унтраах техник, тоног төхөөрөмж сайтай. Хүн хүчний хувьд ч хангалттай төдийгүй ой, хээрийн түймэртэй тэмцэх үүрэгтэй Ой, шугуйн улсын хороо гэсэн тусдаа албатай аж. Энэ алба зөвхөн ой, хээрийн түймэр унтраах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

ОХУ-д ойн түймэр их гардаг. Тэр үед шатаж буй мод, бутлаг ургамлыг хөрөөдөн, зөөж, унтраах зориулалтын хүнд даацын техник хэрэгсэл ашиглан, түймрийг “дарж” авдаг юм байна. Мөн нисдэг тэргээр түймэр унтраах нь элбэг. Томоохон гол, мөрөн ихтэй учраас онгоцоор ус тээвэрлэх нь давуу тал болдог гэнэ. Манай хоёр хөрш хээрийн түймэр унтраах арга барил багатай, харин ойн түймэр унтраах арвин туршлагатай аж.

Ч.ТУЯА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ц.Чулуунбаатар: Цахим ертөнц дэх элдэв зар, мэдээллээс болоод ой руу явах иргэд олширдог

БОНХАЖЯ-ны Ойн бодлогын зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодрууллаа.

-Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хаврын улиралд гуравдугаар сарын 15-наас зургадугаар сарын 10, намар есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10-нд хуурайшилтын түвшин өндөр зэрэгт хүрдэг. Энэ үед түймэр гарах эрсдэлтэй гэсэн үг. Дэгдэж буй түймрийн дийлэнх нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс эхтэй байдаг. Хуулийн хүрээнд БОНХАЖЯ он гарсаар хэд хэдэн ажил хийсэн. Тухайлбал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын тухай БОНХАЖ-ын сайдын А/80 тоот тушаал гарлаа.

Үүнийг түймрийн эрсдэл өндөртэйд тооцогддог 15 аймаг, нийслэлийн ЗДТГ, байгаль орчны болон тусгай хамгаалалттай газруудад хүргэсэн. Эл тушаалд түймрийн улирал эхэлж буйтай холбогдуулан хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс байнгын жижүүр ажиллуулж, мэдээ мэдээлэл цаг алдалгүй, тогтмол хүргэж байх тухай тусгасан. Мөн ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүдээс түймэр гаргахгүй байх баталгаа гаргуулан, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх даалгавар өгсөн.

Ой хээрээр явах хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах, хориглох тухай асуудлыг ч аймгийн Засаг дарга нарт тавьж, зөвлөмж өгч буй. Цагдаа болон орон нутгийн онцгой байдлын албадтай яам хамтарч, иргэдэд ухуулга сурталчилгаа хийн, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар зэхэж буй. Энэ мэт олон ажил хийхээр төлөвлөөд, эхнээс нь хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Ой хээрт явахдаа галын аюулгүй байдал хангах нь чухал. Машин техникийнхээ галын аюулгүй байдалд ч анхаарах хэрэгтэй.

Энэ сарын 12-нд БОНХАЖ-ын сайдын 02 тоот албан даалгавар гарлаа. Үүнд, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг ойн болон галын аюулгүй байдал, Гамшгийн тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавихыг даалгасан. Түймрийн аюулыг зэргээр ангилан, хуурайшилтын зэргийг нь тогтоосон хүснэгтийг тус албан даалгавартаа хавсарган явуулсан.

-Түймэр унтраах багаж хэрэгсэл, хүн хүчний нөөцөд хяналт тавьдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүс нутгийн түймрийн аюулын зэргээс шалтгаалаад тухайн орон нутгийн Онцгой комисс бэлтгэл хийж, нөөцөд байгаа багаж төхөөрөмжөө засаж бэлтгэдэг.

-БОНХАЖЯ түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахаас гадна нөхөн сэргээх ажлыг хариуцдаг. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна?

-Бид түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулаад зогсохгүй түймэрт нэрвэгдсэн газар нутгийг нөхөн сэргээж, ойжуулдаг. Үүнийг улсын болон орон нутгийн төсвөөр жил бүр тодорхой төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэдэг. Байгаль нөхөн сэргээдэг хүмүүсийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаар орон нутагт зөвлөгөө өгдөг. Энэ жилийн хувьд эдийн засгийн байдал хүндхэн байгаатай холбоотойгоор ойжуулах, нөхөн сэргээх ажлын төсөв багассан.

Өмнөх жилүүдэд тэрбум гаруй төгрөг тогтмол зарцуулдаг байсан юм. Сүүлийн таван жилийн статистик мэдээгээр ойн түймрийн тоо, талбайн хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад 70-80 хувиар багассан байна. Энэ нь түймрийн аюулаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарч буйн үр дүн.

-Иргэдэд хандан юу гэж зөвлөх вэ?

-Олон жилийн байдлаас харахад дөрөв, тав, зургадугаар сард хамгийн их түймэр гардаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ үеэр хөдөө, тэр дундаа ой, хээрийн бүсэд явахдаа сэрэмжтэй явах хэрэгтэй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим ертөнцөд бугын эвэр, чив худалдаж авах тухай зар их явах болсон нь ой руу зорчих иргэдийн тоо нэмэгдэхэд хүргэж буй. Зөвхөн буга ч биш, бусад ховор амьтны эд, эрхтэн худалдаж авах тухай зар, элдэв мэдээллийн ул мөрөөр хөдөөг зорих нь ихэслээ. Тиймээс ой руу зорчих хүмүүсийн хөдөлгөөнийг хориглох, хязгаарлах нөхцөл зайлшгүй үүсэж буйг ухамсарлах хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд үүнд хяналт тавьж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.52 Байгаль экологи улс төрчдийн пиарын сэдэв болхоос үнэн сэтгэлээсээ гаслаж гангинана гэж байхгүй.Багажгү
203.194.114.109 Îé õýýðèéí ò¿éìýðòýé òýìöýõ òºðèéí áîäëîãî íýí äàðóé øààðäëàãàòàé áàéãàà.¯¿íä òºð çàñàã àíõààðëàà õàíäóóëàõ öàã íü áîëñîí.ÎÁÅÃàçàð

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл