Б.ЖАВХЛАН: БУЦАЖ БАЙГААТАЙ НЬ БИШ, ИРЖ БУЙТАЙ НЬ УУЛЗАХ ГОЁ ЮМ БИЛЭЭ

2015 оны 08 сарын 21

Манай сонины өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны дугаарт “Амь сөрсөн алба, гал сөрсөн дайчин” хэмээх нийтлэл хэвлэгдсэн билээ. www.mongolnews.mn сайтад тавьсан нийтлэлийн маань дор уншигчдын бичсэн олон сэтгэгдлээс АНУ-ын Виржиния мужид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг монгол залуугийнх анхаарал татсан юм.

Тус мужид байрладаг “Fairfax county fire and rescue department”-ийн 1500 хүнтэй ам бүлд багтсан монгол аврагч Баатаржавын Жавхлангийн ярилцлагыг хүргэе.

-Та АНУ-ын Вашингтонд болсон Цагдаа, гал сөнөөгчийн дэлхийн тоглолтод оролцсон монголчуудад туслахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Бас Монголын аврагч, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг хүнд байна гэсэн байсан. Виржинияд аврагч, гал сөнөөгчийн ажлын нөхцөл ямар байдаг вэ?

-Эндхийн гал сөнөөгчид хамгаалалтын багаж хэрэгсэл сайтай. Гэхдээ хамгийн орчин үеийн сайн нь байдаг гэж яривал худал болно. Гал унтраах машин, техник хэрэгсэл, хувцас их үнэтэй учраас шинээр гарсныг нь тэр болгон аваад байдаггүй.

2008 оноос Америкийн эдийн засаг хямарч, одоо хүртэл нэг л өөдөлж чадахгүй байгаа. Танай сайтад тавигдсан нийтлэлийг уншаад гал сөнөөгч, аврагчдаараа бахархсан. Элэг нэгтэндээ чадах хэрээрээ туслахыг хүссэн. Гэвч тэр тэмцээнд Монголоос гал сөнөөгч оролцоогүй.

-Та эх орноосоо гараад хэр удаж байна. Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр Алиса минь дунд сургуульд хөгжмийн багш. Бид гурван хүүхэдтэй. Том хүү Зориг ес, дундах Бүүвэй маань долоон настай. Бага охин Ану гуравтай.

Би Улаанбаатар хотод 1977 онд төрсөн. 97 дугаар сургууль төгсөөд испани хэл сурч байгаад 1999 онд Америк явсан. 2004 оноос Виржинияд амьдарч байна.

-Гадаадын иргэдийг аварч, хамгаалах үйлсэд амь хайрлалгүй зүтгэж яваа таниар бахархаж байна. “Fairfax county fire and rescue department”-д ажиллах болсон түүх сонирхолтой байна.

-Аврагч, гал сөнөөгч болно гэж бодож байгаагүй. Энэ байгууллагад ажилд орохоос өмнө Вашингтонд лообий хийдэг нэг компанид ажилладаг байлаа. Ширээний ард өдөржин суух нь надад хэцүү санагдсан.

Тэгээд эрүүл мэндэд тустай, залуу хүнд тохирох ажил хийхээр зорьж, энэ байгууллагад хүсэлт гаргасан. Жил гаруй шалгуулж байж тэнцсэн дээ. Манайх 40 гаруй анги, 1500-гаад ажилтантай, Америктаа бол аврах, гал сөнөөх чиглэлээр томд тооцогдох байгууллага.

-Ийм удаан хугацаанд шалгаруулдаг гэхээр босго өндөртэй байх нь?

-Тийм ээ. Эхлээд математик, англи хэлний шалгалт өгнө. Тэнцвэл үнэн, худал ярьж буйг шалгадаг төхөөрөмж ашиглан ярилцлага авдаг. Дараа нь сэтгэл судлаачийн асуултад хариулна.

Биеийн тамирын шалгалт өгч эдгээрт тэнцсэн нь ажиллах эрхтэй болдог.

Монголд түргэн тусламжийн эмч гэж байдаг даа. Тэр ажлыг бид энд хийдэг. Хос мэргэжилтэй гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд бидний ажил өвдөж, бэртсэн хүн, цогцос, өтгөн шингэнтэй зууралддаг хүнд хөдөлмөр. Гэхдээ хүний амь аврахыг юутай ч зүйрлэшгүй.

-Хамгийн эрсдэлтэй 10 ажлын эхэнд гал сөнөөгч ордог юм билээ. Америкт ажиллахын давуу тал болон Монголынхоос ялгаатай нь юу байна вэ?

-Аврагч, гал сөнөөгч бол залуу хүний л хийх ажил. Манай аврагчдын дунд үе мөч нь өвддөггүй хүн бараг л байхгүй. Гал түймэр, осолд өртсөн хүнийг үргэлж өргөж, үүрч явдаг болохоор нуруу их өвддөг.

Виржиниягийн аврагч, гал сөнөөгчдийн ажлын 10 хувь нь гал унтраах бол 90 хувь нь аврах үйл ажиллагаа, түргэн тусламжийн үйлчилгээ байдаг. Монголд түргэн тусламжийн эмч гэж байдаг даа. Тэр ажлыг бид энд хийдэг. Хос мэргэжилтэй гэсэн үг.

Ний нуугүй хэлэхэд бидний ажил өвдөж, бэртсэн хүн, цогцос, өтгөн шингэнтэй зууралддаг хүнд хөдөлмөр. Гэхдээ хүний амь аврахыг юутай ч зүйрлэшгүй.

Би нэг удаа зам дээр төрөх гэж байсан бүсгүйг эх барьж авсан. Тэр мэдрэмж үнэхээр сайхан байсан. Энэ хорвоогоос буцагсадтай голдуу ажилладаг хүн ирж байгаатай нь уулзах гоё юм билээ.

-Америкийн гал сөнөөгчид хувцас хэрэглэл сайтай учраас гал түймэртэй “нүүр тулж” ажилладаг гэж сонссон.

-Тийм тал бий. Гэхдээ энэ нь бас гай болох үе ч байна. Том байшин барилга руу орчихоод гарч чадалгүй амиа алдсан тохиолдлууд байдаг л даа. Гэхдээ миний мэдэхээр энд ийм явдал болж байгаагүй. Буруу тактик, буруу үнэлгээ, хэт их яарснаас болж л тийм харамсалтай явдал болдог.

Гал түймрийг их, бага гэж хэлэх боломжгүй. Ганц өрөө байр шатах, эсвэл Калифорнид гараад байгаа ой хээрийн түймэр аль аль нь аюултай.

-Хасах 30-40 хэмийн хүйтэнд Монголын гал сөнөөгчид “мөсөн хүн” болсон ч ажиллах ёстой байдаг. Үүн шиг бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Өвөл гал унтрааж явахад хувцас норж, мөстөх тохиолдол бий. Гэхдээ Монголын өвөлтэй харьцуулашгүй шүү дээ. Манай энд хамгийн хүйтэндээ хасах 15 хэм болдог. Хоёрдугаар сард өвдөг татсан их цас орох нь сайхан.

-Хэчнээн хүний амь аварч, хэр хэмжээний эд хөрөнгө хамгаалснаа тооцож байсан уу?

-Тэр болгоныг тоолно гэж байхгүй. Манай ажлаас гаргадаг сэтгүүлд л энэ талаар тоо баримт нийтэлдэг юм.

-Аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг монгол хүн “Fairfax county fire and rescue department”-д таниас өөр бий юү?

-Надаас гадна хоёр монгол эмэгтэй сайн дурын гал сөнөөгчөөр ажилладаг. Гэхдээ мэргэжлийн гал сөнөөгч монгол хүн Америкт надаас өөр байдаг гэж сонсоогүй.

-Монголынхоо талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Эх орноо яаж хөгжүүлмээр байна вэ?

-Монголтой холбоотой мэдээлэл байнга уншдаг. Гэхдээ би жирийн л нэг гал сөнөөгч учраас ийм том сэдвээр худал яриад дэмий (инээв).

-Ном унших нь таны хообий юу. Фэйсбүүктээ номны талаар мэдээлэл их оруулсан байна лээ.

-Тийм ээ. Ном унших дуртай. Саяхан хэвлэлтээс гарсан “Анхилуун ургамлын увидас” гэдэг эмийн ургамлын тухай их сайхан ном бий. Уншиж үзээрэй. Миний нэг ярилцлага хэвлэгдсэн юм.

Монголд байхад манайх олон номтой байлаа. Бүгдийг нь уншсан даа. Маркс Лениний ботийг хүртэл үлдээлгүй уншсан. Сүүлийн үед хоол хүнс, эмийн ургамал, боловсролын тухай ном сонирхдог болсон. Яг одоо “Chasing the scream” гэдэг ном уншиж байна.

-Монголчууддаа сурсан мэдсэнээрээ туслах эрмэлзэл таны бичсэн зүйлээс их мэдрэгддэг.

-Өдөр бүр хийдэг ажлын минь нэгээхэн хэсэг нь өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хүргэх. Чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй гэхчлэн өдөрт дор хаяж хоёр хүнийг эмнэлэгт хүргэж өгдөг. Мөн янз бүрийн хавдартай хүмүүс ч байдаг.

Ялангуяа чихрийн шижин тахлын хэмжээнд хүрсэн. Тиймээс би энэ тухай уншиж судалж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Найз нартаа хэрхэн эрүүл хооллох, бас эмийн ургамлын тухай заах хообийтой.

“Амин тос” гэдэг цахим хуудас хөтөлж байна. Үүндээ эмийн ургамал, хэрхэн эрүүл хооллох тухай бичдэг. Чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдруудын ихэнх нь хоол хүнсээ буруу хэрэглэснээс үүдэлтэй шүү дээ.

-Виржиниягийн монголчууд цагаан сар, наадмаа сайхан тэмдэглэдэг юм билээ?

-Энд монголчууд олон. Тийм учраас үндэсний баяруудаа эх орондоо байгаа юм шиг л тэмдэглэдэг. Манай энд зун их халуун, чийгтэй байдаг ч жил бүр наадмаа тэмдэглээд, эрчүүд нь барилдаад л орой нь дискоддог.

Миний том хүү энэ жилийн барилдаанд үзүүрлэсэн шүү. Монголдоо хэзээ ирэх вэ гэж асуухад тэрбээр “Болдог бол энд байгаа монголчууд бүгд л нисээд очмоор байгаа шүү дээ. Гэвч болохгүй байна” гэж хариулсан нь нэг л гунигтай санагдсан.

Гэвч тэрбээр маргааш (өнөөдөр) эх орондоо ирэхээр болсон. Учир нь эмээгийнх нь бие муудаад найдваргүй болсныг эгч нь түүнд дуулгажээ.

Энэ удаа тэрбээр ганцаараа ирэх бөгөөд ирэх жилээс хүүхдүүд нь аавынхаа нутагт хөл тавьж үзэх юм билээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл