ХҮНЭЭСЭЭ ИЛҮҮ МАЛДАА АНХААРААД Ч ХҮССЭНДЭЭ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН УЧИР

2015 оны 08 сарын 17

Монгол Улс 60 сая мал, гурван сая хүнтэй. Гэвч нөхөн сэргэх энэ баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Энэ нь бараг л мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Малаа дэлхийн зах зээлд гаргах гэхээр боомоор боомилж, шүлхийгээр сүрдүүлээд монгол малыг авч хэлэлцдэггүй.

Ганц л шаардлага тавьдаг. Тэр нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл, аюулгүй мал, мах нийлүүлэх. Манай улс тус байгууллагад 1989 онд элссэнээр 189 гишүүн орных нь нэг болсон ч уг шаардлагыг нь өдий болтол хангаж чадаагүй.


Өнгөрсөн онд ОХУ-д 3000 тн мах экспортолсон ч Ховдын Булганд гарсан шүлхийн улмаас тус улс худалдааны хориг тавьж, манай малын махнаас түр татгалзаад байна. Түр гэж онцолсон нь манайхан тус улс руу дахин мах гаргахаар ярьж, хэлэлцэж байгаа юм.

Гахайн мялзан, шүлхий, адууны халуурал зэрэг мал амьтны гоц халдварт зургаан өвчний аль нэг гарсан тохиолдолд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас худалдааны хориг шууд тавьдаг аж.

Малын вакцин, өвс тэжээл, бэлчээр, өвчин, элдэв урамшуулалд хүнээсээ илүү анхаарч, хэдэн тэрбумаар нь зарцуулсан ч ахиц нэг л гарсангүй. Мал, амьтны өвчний үүсгэгчийг ул мөргүй устгах боломжгүй гэдгээр үүнийг хаацайлж болох юм.

Гэвч Засгийн газраас баруун бүсийн малыг эрүүлжүүлж, дэлхийн стандартыг хангуулахаар 2010 оноос хөтөлбөр боловсруулан ажиллаж буй ч баруун аймагт балагт шүлхий гарчихсан. Мөн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ч энэ гоц халдварт өвчин дэгдсэн.

Өнгөрсөн жил гурван аймгийн 13 суманд уг өвчин гарч, улсын нөөцөөс 10.6 тэрбум төгрөг зарцуулж байж хяналтдаа авсан билээ. Богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдварлаж, сум, аймаг, тив дэлхийд ч дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг өвчин учраас манай улс шүлхийд онцгой анхаарч, гарч болзошгүй, эрсдэл өндөртэй бүс нутгийн малыг вакцинжуулж байна.

Тэглээ гээд ч шүлхийг “номхруулж” чадсангүй. Үүний зэрэгцээ хүнд халдварладаг боом, галзуу өвчнөөр өвчилсөн мал өнгөрсөн жилээс 2-3 дахин нэмэгджээ. Мөн сүүлийн үед хонины цэцэг өвчин их гарах болж.

Өнгөрсөн жил хоёрхон тохиолдол бүргэгдсэн бол энэ жил гурван аймгийн долоон суманд уг халдвар гарч, 138 мал өвчилснийг устгасан байна. Энэ нь мөн худалдааны хориг тавигддаг гоц халдварт өвчин.

Цэцэг өвчин Монголд ийн цэцэглэсээр бүх мал сүрэгт, байсхийгээд л айлчилдаг болох аюултайг харуулж байна гэж Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүд үзэж буй. Тиймээс яаралтай хяналтдаа авах шаардлагатай аж.

Малаасаа өвчин авсан малчдын тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Бруцеллёзоор 500 гаруй хүн өвчилж, өнгөрсөн жил зургаан хүн боомын халдвар авсан байх юм. Мал хөрснөөс, малчин малаасаа өвчин авсаар байгааг тоохгүй байж болохгүй нь.

Харин сүүлийн үед энэ асуудлыг хурцаар хөндөж байна. Бидний эрүүл мэнд малчны гарт байгааг ч тэдэнд ойлгуулж эхлэв. Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, сүү, цагаан идээгээ эрүүл, аюулгүй байлгахын тулд жилд давхардсан тоогоор 20-30 сая мал урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байна.

Энэ жилийн вакцинжуулалт үндсэндээ дуусаж байгаа аж. Урьдчилан сэргийлэх энэ ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг зарцуулжээ. Вакцины үнийг улс, үйлчилгээний өртгийг тухайн орон нутгийн төсөвт суулгадаг.

Зөвхөн боом, галзуу өвчнөөс сэргийлж, жилд 2-3 сая малыг вакцинжуулдаг. Гэсэн ч бид амьд мал бүү хэл хэдэн тн ч мах дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь бүтэц тогтолцооны алдаа.

Тодруулбал, өвчтэй малын мах зарах, халдвар гарах, эсэхийг хянадаг газар нь МХЕГ, хэрэгжүүлдэг нь Мал эмнэлэг, үржлийн газар. Өөрөөр хэлбэл, малчны хотноос гарсан мал ширээн дээр мах болж хүрэх хүртэлх бүх үйл явцад Мал эмнэлэг, үржлийн газрынхан хяналт тавих ёстойг “мэддэг” хүмүүс нь хэлдэг аж.

ОХУ гэхэд энэ зарчмыг хэрэгжүүлдэг бөгөөд тус улсын Ургамал, хорио цээрийн албаны мэргэжилтнүүд шалгалтаар ирэхдээ ч манай “гажиг” бүтцийг шүүмжилж, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас ч энэ тогтолцоогоо өөрчлөхийг сануулсан зөвлөмж ирүүлжээ.

Гэвч энэ тогтолцоо өөрчлөгдсөнгүй. Харин Малын эрүүл мэндийн тухай шинэ хууль УИХ-д өргөн барьснаар энэ асуудал шийдэгдэж магадгүй аж. 60 сая малын эрүүл мэнд болон бусад асуудлыг төр дангаараа үүрч хүчрэхгүй болсон тул энэ ачаанаас малчид болон ашиг хүртэгчдэд (мах экспортлогч, арьс ширний ченж) үүрүүлэх санал оруулжээ.

Ойрын таван жилд шүлхий өвчин гаргахгүй байж, эрүүл гэсэн статусаа олон улсын байгууллагаас баталгаажуулж чадвал монголчуудын мөрөөдлийн нэгээхэн хэсэг биелнэ.

Энэ мөрөөдөл биелэхэд хэр ойр байгааг Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич П.Болортуяагаас тодрууллаа.

П.БОЛОРТУЯА: ТӨРИЙН АЧААНААС МАЛЧДАД ҮҮРҮҮЛНЭ

-Монгол малын тооноос илүү чанарт анхаарна гэж байгаа. Малаа эрүүл болгоход хэдий хугацаа зарцуулах бол?

-Малын эрүүл мэндийн асуудлыг чухлаар тавих цаг болсон. Бид 60 сая малаасаа 20 саяыг нь экспортолно гэж ярьж байна. Гэтэл Мал эмнэлэг, үржлийн газар хорио цээрийн нөхцөлөө хангаж чадахгүй байгаа.

Бусад орон хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж, хүнсэнд хэрэглэхэд аюулгүй, тээвэрлэхэд ямар нэгэн асуудалгүй мах авахыг шаарддаг.

Манай хөрш хоёр хөршийн Ерөнхийлөгч “Монголын мал эмнэлэг хорио цээрийн дэглэмээ хангачихвал мах авахад бэлэн” гэдгээ хэлсэн. Гэвч үүнийг хангаж чадахгүй байна.

-Шалтгаан нь юу байна?

-Малын эрүүл мэнд. Монгол Улс өвчин гарсан ч хяналтдаа авч чаддаг чадавхитай, хоёр хөрш рүүгээ халдвар оруулахгүй байх ёстой. Гэтэл бид ингэж чадахгүй байна.

Хэрэгжүүлдэг, хянадаг газрыг нэг байлгах хэрэгтэй гэж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

Бид малчны хотон дахь малаас шинжилгээ авч эрүүл байна гээд явуулахад ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, боом, хонины цэцэг зэрэг халдварт өвчний голомтгүй замаар тууж нядалгааны газарт хүргүүлсэн, эсэхэд хяналт тавьж чадахгүйгээс өвчин гарах тохиолдол цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, мал эмнэлэгт хяналтыг өгөхгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй.

-Үүнийг Малын эрүүл мэндийн тухай хуульд тусгасан гэл үү?

-Тусгасан. Хуулийн төслийг баталбал олон асуудал шийдэгдэнэ. Малын нэг эмч 15-20 мянган мал хариуцаж, тарилга хийж байна. Малын эмчтэйгээ малчид хамтран ажиллах, эрүүл малтай болохын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй.

-Шүлхий өвчин байнга гардаг хэрнээ дэлхийн зах зээлд мах гаргадаг улсууд бий. Эдгээр улсаас туршлага судалдаг уу?

-Шүлхий өвчин гардаг хэдий ч махны экспортоороо дэлхийд тэргүүлдэг Аргентин, Бразил зэрэг улс бий. Тэд манайх шиг бэлчээрийн малтай ч бордоо тэжээл сайн өгч, махны гарцанд нь анхаардаг.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад элсэж, мах гаргах эрхээ бүсчилсэн байдлаар авсан. Бид Өмнөд Америк болон ОХУ-аас туршлага судалж байгаа.

ОХУ, БНХАУ-тай жил бүр мал эмнэлгийн салбарын уулзалт хийдэг. Гурван улсын малын ерөнхий эмч нарын V уулзалт ирэх сарын 11-12 нд Улаанбаатарт болно. Энэ үеэр худалдааны хориог цуцлуулах талаар ярилцах юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл