Хайрын хэл

2015 оны 08 сарын 16

Ойрын хэд хоног би ажлаасаа болж нэлээд бухимдлаа. Энэ тухай нөхөртөө хэлж, гомдоллов. Намайг аргадаж, тайвшруулах байх гэж бодтол “Чи тэгэх хэрэгтэй, ингэх ёстой байсан” гээд л баахан сургаал айлдах нь тэр.

Уг нь нөхөр минь намайг ганц тэвэрчихсэн бол бүх бухимдал ор мөргүй “хийсчих” байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Сэтгэл минь нэг л гонсгор. Дараа өдөр нь нөхөр маань том тэмцээнээс шагнал хүртсэнээ бахархан ярилаа.

Би аминдаа баярлуулчих санаатай, халамжилж гүйхэд тэрбээр “Худлаа ч хамаагүй магтаад өгөөч” гэж уцаарлах аядав. Бид нэг нэгэндээ хайртай хэдий ч, бие биенээ ойлгох тал дээр арга эвээ нэг л олж өгөхгүй байх шиг. Яг л өөр өөр хэлээр ярьдаг хүмүүс шиг. Энэ байдлаа найздаа хэлэхэд сонирхолтой “нууц”-аа задалсан юм.

Түүний нөхрийг нэгэн албан байгууллага урихдаа бэлэг өгнө гээд хэлчихжээ. Тэгсэн хэрнээ “Бэлэг дуусчихлаа” гээд амлалтаа биелүүлээгүй юм байх. Үүнд нөхөр нь жаахан уурлаж, гэртээ хариад ч тайвшраагүй гэнэ.

Түүнээс хойш тэрбээр нөхрийнхөө хайрын хэлийг мэддэг болж, заавал тэмдэглэлт өдөр гэлтгүй жижигхэн ч хамаагүй бэлэг бэлдээд халаасанд нь шургуулах, цүнхэнд нь хийх зэргээр гэнэтийн бэлэг барьдаг болжээ.

Үүнийг сонссон би эрдэнэс олсон мэт догдлон гэрийн зүг яарлаа. Нөхөр минь магтаал сонсож, харин би тэврүүлж тайвширдаг хайрын хэлтэй гэдгээ ойлгов. Хайрын хэлний талаар илүү ихийг мэдэхээр сэтгэлзүйчээс асуулаа.

Урмын үг, хамтдаа байх, бэлэг, халамж, биеэр мэдрэх буюу хүрэх гэсэн хайрын таван хэл байдгийг олж мэдэв. Хүн бүрт өөрийн гэсэн онцлогтой хайрын хэл бий аж. Өөрийн болон хайртай хүнийхээ тэр хэлийг мэдэхгүйгээс харилцаандаа ахиц гаргаж чаддаггүй гэнэ.

Тиймээс хайртай хүн тань юунд хамгийн их баярлан, догдолж буйг анзаараад нэг үзээрэй. Хичээл зүтгэл гаргаж өгсөн бэлгэнд тань нэг их баярлахгүй хэрнээ чин сэтгэлээсээ хэлсэн хэдхэн үгэнд хүүхэд шиг л хөөрцөглөж мэдэх юм. Намайг ойлгосонгүй гэж бухимдахын оронд хайрын хэлээ “илчилж” яагаад болохгүй гэж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.118 Ih saihan medeelel bna. Bi uuruu bol 5-uuland ni bayarlah yum bna, harin nuhriinhuu yund bayarladgiig odoo boltol 10 jil medeegui, yund ch setgel ni hudulduggui bayarlalaa ch gedeggui, hetsuu yumoo

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл