Эх орны хөвгүүд эр цэрэг болсноо баталж, тангараг өргөлөө

2015 оны 08 сарын 12

Ч.Болортуяа

Эрдэм номд шамдан суралцсан 1000 оюутан эр цэрэг болсноо батлан Чингисийн талбайд өчигдөр тангараг өргөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжин, хоёр дахь ээлжийн цэргүүдээ ийнхүү “өлгийдөн” авсан нь энэ. Энэ жил 66 их, дээд сургуулийн 1000 оюутан уг хөтөлбөрт хамрагдан цэргийн эрдэмд суралцжээ.

Нар, салхинд ойр байсан гэсэн шиг тосон бор царайтай 1000 цэрэг төв талбайд ярайтал зоссон нь бахдалтай. Тэд тав таваараа зэрэгцэн жагсаж, цэргийн тангаргаа өргөн, гарын үсгээ зураад, тов хийтэл ёслох нь хэзээний цэрэг болсныг нь илтгэх мэт. Ээжийн эрх хөвгүүд дөрвөн сарын хугацаанд  цэргийн амьдралыг чамлахааргүй мэдэрч, аавын олон хүүтэй мөр зэрэгцэн их зүйл сурсныг нь тангараг өргөх энэ ёслолоос харж болохоор байлаа. Цэрэг нөхдөө төлөөлөн МУИС-ийн оюутан, онц буудагч Ц.Золбаяр “Дөрвөн сарын өмнө захны даавуугаа оёх гэж хурууныхаа өндгийг хатгаж байсан бол одоо уранхай цоорхойгоо нөхөж чаддаг боллоо. Гурван км газар гүйгээд хөлөө холгосон атал 10 км-ийг ч ажрахгүй туулж байна. Компьютер тоглоом, киноноос л харсан галт зэвсгийг өөрсдөө задалж, угсарч сурлаа. Цэргийн бэлтгэл сургуулилалт хийснээр бие бялдраа хөгжүүлэв. 110 кг жинтэй найз минь 80 кг болсон нь гайхалтай. Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор ажиллахыг эндээс ойлголоо. Эх орон дуудсан цагт эр цэрэг бид бэлэн” гэв.

Тангараг өргөх энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцсон юм. Тэрбээр  “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэхийн зэрэгцээ их, дээд сургууль төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн онд 418 оюутан хамрагдсан бол энэ жил хүрээгээ тэлж, орон нутгийн оюутнууд ч оролцлоо” гэж давуу талыг нь онцолсон бол Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Цэргийн тангараг өргөнө гэдэг ердийн ёслол биш, Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлэхээ эх орондоо тангараглаж байгаа гүн хүндэтгэл юм. Цаашдаа сургалтын чанарыг сайжруулан, материаллаг баазаа бэхжүүлнэ” гэв.

Чингисийн талбайд цугласан оюутан цэргүүдийн ар гэрийнхэн бололтой хоёр эмэгтэй “Миний хүү тамхи татахаа больжээ” гэхэд нөгөөх нь “Бие бялдар нь чийрэгшин, сэтгэл санаа нь тогтвортой болсон байна билээ” хэмээн ам уралдан ярих нь чихэнд таатай. Тиймээс тэдний төлөөлөл болгон нэгэн аавын сэтгэгдлийг сонслоо. Түүнийг Ш.Доржпалам гэдэг бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. “Миний хүүг Энхсүх гэдэг. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд сурдаг.  Хоёр сар хээрийн бэлтгэлд гарч, хал үзэж, амьдралд хэрэгтэй зүйл ихийг сурсанд нь аавын хувьд баяртай байна. Хоёр удаа эргэлтээр очсон. Дарга цэргээ хүндэтгэж байгаа байдал, найз нөхөдтэйгөө харилцаж буйг нь харахад төлөвшсөн байна лээ. Би өөрөө цэргийн хүн хэдий ч хүүгээ хүсэл сонирхлынхоо дагуу амьдраасай гэж бодож байна” гэлээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.127 Эднүүс, яг энэ хувцастайгаа Бээжинд жагсаалд оролцоно гэсэн шүү.
103.10.21.42 Цэргүүдийн энэ муухай хувцасыг сольж болдоггүй юм байх даа??? Хоёрдугаар дайны үеийн Зөвлөлт Холбоот Улсын цэргийн хувцасны загвар шүү дээ.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл