“ЧӨТГӨРИЙН УРИЛГА”-аас татгалз

2015 оны 08 сарын 12

-Ерөнхийлөгч өө, хэлсэн амандаа хүрнэ үү-

Эрүүл мэндээрээ хохирох, эд хөрөнгөгүй хоосрох, эрх чөлөөгүй хоригдон, амиа алдах гэсэн гурван зам л тэднийг хүлээж байдаг. Өөр ямар ч сонголт, ирээдүй байхгүй. Яг хар дарсан зүүд мэт. Энэ бол хар тамхи хэрэглэгч, мансуурагчдын амьдрал.

Тэдэнд ийм л гурван зам байдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагын судлаачид хэлж байна. Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхож, эсвэл хор уршгийг нь мэдсээр байж хэрэглэсэн аль нь ч ялгаагүй эцэстээ өвчний үүр, өрийн үүд болдог нь гашуун үнэн.

Цаашлаад ялтны ширээний ард сууж, үхэхээс өөр сонголтгүй болдог. Хэн нэгнийг айлгаж, сүрдүүлэх, эсвэл хий дэвэргэх гэсэндээ ингэж бичсэнгүй. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн 99 хувь нь энэ буруу зуршлаасаа салж чаддаггүй гэсэн тоо баримт үүнийг нотолно.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтын байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ярьж хэлсээр атал цагаан тахлын цар хүрээ улам тэлсээр байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар 93 хүнийг хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан, хууль бусаар олборлосон 34 хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Өмнөх оны хагас жилийн байдалтай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт. Өнгөрсөн сарын 27, 28, 29-нд буюу гурван өдөр дараалан хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, 27-ны өдөр 21 настай эрэгтэй Б, 28-нд 28, 30, 32, настай эрэгтэй Н, Б, М нар мансуурч эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн 29-ний өдөр 20-той Э, А нар эмнэлгийн хашаанд мансуурч байгаад цагдаагийнханд баригдан шалгагдаж буй.

Гэтэл үүний өмнө нэгэн дуулиан дэгдсэн нь хууль хяналтынхан өөрсдөө хүртэл хар тамхинаас нэг их хол байж чаддаггүйг илчилсэн явдал.

Үндэсний их баяр наадмын дараахан буюу долдугаар сарын 16-нд цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ төрийн албанд ажилладаг хоёр хүн хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хэрэгт шалгуулж буй талаар сэтгүүлчдэд сэжүүр атгуулсан.

Тэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан болох нь олон нийтэд ил болсон.

Энэ хэргээс үүдэн анхаарал татаж буй нэг асуудал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг шүүн таслах ажиллагаанд дээрх хүмүүстэй холбоотой хэрэг нөлөөлөх вий гэсэн хар төрүүлж буй.

Учир нь Л.Гансүх нарын холбогдох хэргийн шүүгч нь Х.Идэр. Гэтэл Х.Идэрийн төрсөн ах болох Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа. Үүнээс харахад хар тамхи монголчуудыг аалзны тор мэт хэрээд эхэлжээ.

Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи дамжин өнгөрүүлэгч төдий байсан бол өнөөдөр хэрэглэгч, тээвэрлэгч, борлуулагч болсон нь бодит үнэн. Хар тамхийг баячуудын хүүхдүүд, урлаг соёлын алдартнуудын зугаа цэнгэл мэтээр төсөөлөх цаг ард хоцорчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдээс эхлээд, баян ядуу, эрэгтэй эмэгтэй, эгэл жирийн иргэн, эрх мэдэлтнүүд ч ялгаагүй энэ тахалд хэдийнэ нэрвэгдсэнийг цагдаагийн байгууллагынхан хүлээн зөвшөөрч байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэсэн хүн дахин хэрэглэх гэж шунан донтдог. Хар тамхины хор хөнөөлийг бүх хүнд таниулах хэрэгтэй.

Ойр тойрныхноос чинь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, түүж, борлуулж байгаа сэжиг ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаарай. Ингэвэл хар тамхинд гүнзгий донтохоос нь өмнө сэргийлж чадна.

Манай иргэд гадаад улсаас хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар зөөвөрлөж байна. Ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудын хар тамхины хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлүүд хууль эрх зүйн мэдлэггүй, буурай орнуудаас зөөвөрлөгч, тээвэрлэгч сонгох тохиолдол бий.

Богино хугацаанд их хэмжээний мөнгө олох ахархан бодол, анхаарал болгоомжгүй байдлаасаа үүдэн гэмт хэргийн золиос болж, хилийн чанадад ял эдэлж байгаа монголчууд цөөнгүй. Сүүлийн жилүүдэд Хятадаас ICE буюу мөс оруулж ирэх тохиолдол гарч байна.

Энэ нь Монголд үйлдвэрлэдэггүй, химийн аргаар гаргаж авдаг мансууруулах төрлийн хүчтэй бодис. Үүнийг хууль бусаар улсын хил нэвтрүүлж, худалдаж байгаа болон манай улсад ургадаг хар тамхины ургамлыг бэлтгэж, боловсруулж, хэрэглэх худалдах гэмт хэргүүдэд холбогдсон хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэв.

Мөн тэрбээр “ОХУ-аас манай улсад оруулж ирсэн анданте хэмээх эм нь мансууруулах бодист ордог учраас Монгол Улсын эмийн бүртгэлээс хасаж, Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулсан.

2000 оны үед монгол залуус энэ эмийг хэрэглэж, мансуурсан тохиолдол удаа дараа гарсан учраас цагдаагийн байгууллага судалгаа хийж, Эрүүл мэндийн яаманд хандсанаар хасуулж чадсан.

 

Үүнийг ОХУ-д эмийн сангуудаар худалддаг. Тиймээс ийм төрлийн эмийг хэрэглэсэн, худалдан авсан, тээвэрлэсэн, борлуулсан тохиолдолд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил ял шийтгэл эдлүүлнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасны дагуу 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм” гэж анхааруулсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсийн 10 гаруй хувь нь эмэгтэйчүүд.

Ялангуяа хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, худалдах гэмт хэрэгт эмэгтэйчүүд голдуу холбогддог байна. Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй энэ тахалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч анхаарлаа хандуулж буй.

Тэрбээр 2012 оны гуравдугаар сард болсон “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтад хэлсэн үгэндээ “Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монгол Улсын төрөөс өршөөл үзүүлэхгүй.

Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар нэг ч уучлал үзүүлэхгүй.

Хүн алсан хүнтэй адилхан жигшиж, ялыг нь дуустал эдлүүлнэ. Шүүх прокурорын байгууллага ийм чиглэл авч байна гэж ойлгоорой. Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгүй” хэмээн ширүүхэн хэлсэн.

Мөн хар тамхины гэмт хэрэгт оролцож, зөөвөрлөж ирээд ард түмнээ хордуулах гэж байгаа нь “чөтгөрийн урилга”. Тэр бол найзын биш, үхэлд дуудаж байгаа “чөтгөрийн урилга”. Ингэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид энэ асуудлыг ярилцсаны дараа би Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргана.

Ингээд ажлын хэсэг байгуулж, Үндэсний хөтөлбөр боловсруулж батална. Хар тамхины талаар бие даасан хуультай болно. Үндэсний хороо ажиллуулна.

Ажлын албыг нь бий болгож, төсвийг хэрхэн гаргахыг хуульчлан баталж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо ямар байхыг тодорхой болгож өгнө” хэмээсэн.

Ерөнхийлөгчийн үг газарт хоосон буудаггүй байлтай. Өнөөдөр, яг одооноос хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй бол цөөхөн хэдэн монголчууд хар тамхи хэмээх тахалд нэрвэгдэж дуусах нь. Манай улсын хүн амын олонх нь залуус.

Гэтэл хар тамхи, мансууруулах бодист холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн олонх нь 25-30 насныхан. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоогоор дээгүүрт ордог хоёр улстай бид хөрш.

Тиймээс үүний эсрэг авч хэрэгжүүлэх хууль хяналт хөрш орнуудаас илүү гарч байж, энэ гэмт хэргээс ард иргэдээ “аварч” чадна. Тэгвэл хөрш улсуудад энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял оноодгийг сонирхоход, ОХУ-д хар тамхи, мансууруулах бодисыг их хэмжээгээр хадгалах, хэрэглэсэн тохиолдолд 8-20 жилийн ял сонсгодог бол, урд хөршид хот муж болгонд нь харилцан адилгүй хууль үйлчилдэг юм байна.

50 гр геройн авч явсан бол цаазаар авах ял оноодог аж. Харин манайд хар тамхины бие даасан хууль ч алга. Хуультай болгож, хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулна гэж хэлснээ Ерөнхийлөгч мартаагүй л байгаасай.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл