БУРУУ ТОГЛООМД ДОНТСОНОО БОДИТ АМЬДРАЛ БОЛГОСНЫ ГАЙ

2015 оны 08 сарын 11

-Хоёр жилийн өмнөөс GTA тоглоомыг тоглож эхэлсэн ба одоогоор 30 орчим машин хулгайлсан нь тогтоогджээ-

Автомат тоглоомын газруудад нойр хоолгүй, хонон өнжин тоглодог хүүхдүүд цөөнгүй. Тэдний ингэж явааг эцэг эх нь мэдээгүй байх нь элбэг. “Ангийнхаа хүүхдийнд хичээлээ давтаж хононо” зэрэг элдэв шалтгаан хэлээд эцэг эхээ аргалдаг шигээ тэд амьдралаа ч “аргалчихна” гэж эндүүрдэг нь харамсалтай.

Нэг хоёр цаг, сүүлдээ хэдэн хоногоор ч хамаагүй улайран тоглосоор автомат тоглоом амьдралынх нь бүх л утга учир болсон хүүхдүүд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандах нь буурахгүй байгааг эмч нар ч хэлдэг.

Тэгвэл 15 настай хүү GTA хэмээх машин хулгайлж зугтдаг тоглоомд донтсоноос болж, бусдын машиныг хулгайлан унаж давхидаг “зуршилтай” болжээ. Түүнийг М гэдэг бөгөөд 4-5 найзтайгаа нийлж энэ хэргийг үйлддэг байж.

Тэд өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө цагдаа нарт баригдан, нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгуулж байгаа юм. М нь үеийнхнээ хэсэг хүүхэдтэй нийлж буруу замаар орсноор хичээл сургуулиа орхиж, түлхүүр тааруулан, машин хулгайлдаг “ажилтай” болжээ.

...Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 230 гарсан нь өмнөх онтой харьцуулахад илт өссөн үзүүлэлт аж. Эдгээр гэмт хэргийн 100 гаруйг нь хэн үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа юм...

 

Замын цагдаа зогсоохоор хулгайлсан машинаа хаяж зугтдаг гэнэ. GTA тоглоомд донтоод хоёр жил болж байгаа бөгөөд үүнийгэээ бодит амьдралд хэрэгжүүлээд жил гаруй болжээ. Аав ээж нь хүүгээ цагдаад баригдсан өдөр л ингэж явдгийг нь мэдсэн байна.

Тэд “Ажил гэсээр хүүдээ анхаарал тавиагүй байна. Бидний буруу. Хүүгээ одооноос сайн харж, хандаж, дахин ийм үйлдэл хийлгэхгүй” гэж учирлаж байгаа аж. Сурч боловсрох насандаа хулгайн хэрэгт холбогдон, цагдан байцаагдаж буй М “Машин унах сонирхлоосоо болж ийм алдаа гаргалаа.

Бусдын машиныг унаад хөдөө зугаалгаар явдаг байсан. Буруу зүйл хийсэн хүн хэзээ нэгэн цагт баригддаг юм байна. Гэртээ хичээлээ хийгээд суух юм яав даа гэж харамсаж байна” гэжээ. Олон удаа машин хулгайлсан бүлэг хүүхдүүдийн гол толгойлогч нь М бөгөөд тэрбээр тоглоомд донтсоноос болж машин хулгайлдаг болсноо хүлээн зөвшөөрчээ.

 

Одоогийн байдлаар тэд 30 орчим машин хулгайлж зугтсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагад машинаа алдсан, энд тэндээс олсон гэх гомдол ирсээр байгаа учраас тэд хэчнээн хүний машиныг хулгайлж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь одоогоор эцэслэн гараагүй байна.

Мөн энэ хэрэгт сэжиглэгдэж буй хүүхдүүд ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өөрсдийгөө найзууд гэж хаацайлах эдгээр багачууд бүгд 16 нас хүрээгүй. Ийм хэдий ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Тус хуулийн 21.2-т (Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, санаатайгаар устгах, гэмтээх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах) заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Гэнэн томоогүй, болчимгүй үйлдлээсээ болж арван хэдтэй хүүхдүүд аавын хаалга татах харамсалтай явдал энэ мэт гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг нь мэдэж, анхаарал хяналтаа сайжруулах хэрэгтэйг эндээс харж болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн олонх нь хагас болон бүтэн өнчин, ар гэрийн амьдрал тааруу байдгийг цагдаагийнхан хэлдэг. Хэтэрхий завгүй байдал, үр хүүхдийнхээ хүмүүжилд санаа тавихгүй, ходоодыг нь цатгахыг л илүүд үзэж байгаагаас болж бидний ирээдүй амьдралд хөл тавих насандаа алдаж эндэж буй нь харамсалтай.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 230 гарсан нь өмнөх онтой харьцуулахад илт өссөн үзүүлэлт аж. Эдгээр гэмт хэргийн 100 гаруйг нь хэн үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна.

GTA тоглоомд донтож, бусдын машин хулгайлан, хотын гудамжаар сэлгүүцдэг эдгээр хүүхдүүдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст мөн шалгаж байгаа юм. Учир нь тэд тус дүүргийн нутаг дэвсгэрээс ч мөн адил машин хулгайлжээ.

Тэд насанд хүрээгүй болохоор жолооны үнэмлэхгүй. Иймдээ ч цагдаа зогсоох бүрт хулгайлсан машинаа хаяж, зугтсан ч хашрахгүй ахин дахин машин хулгайлсаар жил гаруй болсон аж. Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн XIII хороонд оршин суух эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Тэдгээр залуус орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, дотор нь байсан эд зүйлс болон машины эд ангийг нь хулгайлж байгаад газар дээрээ баригдсан. Түүнчлэн хоёр жилийн өмнө гэхэд нэр бүхий томоохон сургуулийн оюутнууд машин хулгайлж, түүнийгээ дугаар, бичиг баримтыг нь худалдан аваад, өнгө, загварыг нь өөрчлөн бусдад зардаг байсан нь илэрсэн юм.

Тэд жилд 90 гаруй сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан нь тогтоогдсон байдаг. Энэ мэтчилэн машины эд зүйлс хулгайлах, зарж борлуулах гэмт хэрэг гарсаар байгаа учраас цагдаагийн байгууллагаас автомашинаа дохиололтой болгож, харуул хамгаалалттай газар байрлуулахыг анхааруулж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл