Г.СЭДЭДСҮРЭН: 370 ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛЖИРЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2015 оны 08 сарын 07

Манай улс тарвага агнахыг 2005 оноос хориглосон. Гэвч тарвага агнаж, арьс, махыг нь зарж борлуулахын зэрэгцээ хүмүүс тарваган тахлын халдвараар өвчилж, нас барах тохиолдол гарсаар байна. Ховд аймгийн Булган суманд 14 настай хүү тарвага агнан, өвчсөнөөс болж уг өвчний халдвараар нас барсан харамсалтай явдал өнгөрсөн сард гарсан. Жил бүрийн найм, есдүгээр сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг аж.

Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран энэ сарын 1-нээс аравдугаар сарын 15 хүртэл тодорхой газруудад хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ тухайгаа өчигдөр мэдээлсэн юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын хэмжээнд тарваган тахлын голомттой аймаг, сум хэчнээн байдаг вэ. Та бүхний хийсэн шалгалтын үеэр ямар зөрчил илэрсэн бэ?

-Манай улсын 17 аймгийн 157 сум тарваган тахлын байгалийн голомттой. Тэдгээрээс уг өвчний голомт хамгийн ихтэй нь Завхан, Булган, Архангай, Баянхонгор аймаг. Хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нарт дайлгасан ачаанаас тарваганы мах илэрсэн зөрчил өнгөрсөн жилүүдэд их гарч байсан.

Энэ оны зургадугаар сарын 20-ноос хойш нийслэлд 370 ширхэг тарваганы махыг түүхий болон чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэх гэж байсныг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, устгуулсан. Нийслэл рүү тарваганы мах оруулахыг завдсан зөрчил өнгөрсөн оныхоос 53.5 хувиар нэмэгдсэн. Өмнөх онд 198 тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүлж, зөрчил гаргасан 34 хүнийг 12.387.000 төгрөгөөр торгосон.

-Баян-Өлгий аймагт тарваган тахал гарсан гэж үнэн үү?

-Баян-Өлгий аймгийн 6-7 сум тарвагатай ч, тарваган тахлын голомттой бүс нутаг биш. Сүүлийн жилүүдэд казах залуус тарваганы махыг хүнсэндээ хэрэглэх, мөнгө олох зорилгоор нийслэлд оруулж ирж байна.

-Тарваган тахал өвчин аюултайг сэрэмжлүүлээд байхад агнаж, хүнсэндээ хэрэглэх явдал буурахгүй байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Тарваган тахал бол XX зуунд 100, XXI зуун гараад 50 сая хүний амийг авч одсон, 2600 иргэнтэй тосгоныг үндсээр нь устгасан өвчин. Агаар дуслын замаар халдварлавал бүр аюултай. Тарвага агнахыг завдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэн мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн амьтны аймагт учруулсан хохирлыг нь тарвага тус бүрээр тооцно. Засгийн газрын тогтоолоор нэг бурхи 180, нагайг 210 мянган төгрөгөөр үнэлсэн. Үүнийг хоёр дахин нугалж, нөхөн төлүүлдэг.

-Одоо хорио цээрийн дэглэм тогтоосон газар бий юү?

-Байхгүй. Ховд аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоож, вакцинжуулалт хийж дууссан. Хавх, урхи, нохойгоор бариулсан тарвага халдвар үүсгэх магадлал өндөр. Тиймээс ингэж барьсан тарваганы махнаас аль болох татгалзах хэрэгтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл